Амжилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Д.Цогтбаатар: Манай яамнаас H2 визтэй холбоотойгоор маш тодорхой зөвлөмжийг гаргана
АНУ-ын дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан билээ.
H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Энэ визний тухайд ажиллах хүчний квотын хязгаарлалт байхгүй. Визийг хэдийд ч мэдүүлэх боломжтой.
H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм. Энэ виз нь ажиллах хүчний квотын хязгаарлалттайгаараа H-2А визээс ялгаатай.
Дээрх хоёр ангиллын виз мэдүүлэгчдэд англи хэлний мэдлэг шаарддаггүй. Үндсэн гол шаардлага нь тухайн виз мэдүүлэгч нь эх орондоо зайлшгүй буцаж очно гэдгээ нотлох хэрэгтэй байдаг.
H-2B
АНУ-ын Конгрессоос хөдөө аж ахуйн бус, ажиллах хүч дутмаг салбарт жил бүр 66 мянган ажиллах хүчийг гадаадаас авахаар тогтоодог. 66 мянган ажиллах хүчийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа жилийн есдүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд хоёр тэнцүү хувааж, хагас жилд 33 мянгыг авах зарчмаар виз олгодог. Энэ жилийн хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр эхний 33 мянган ажиллах хүчийг авч дууссан. Харин үлдсэн 33 мянган ажилтанд 2018 оны гуравдугаар сарын 1-нээс хойш виз мэдүүлэх эрх үүссэн. Тэгвэл АНУ-ын Элчин сайдын яамнаас залруулга гаргаж, Н-2В визний дэлхийн хэмжээнд олгогдох дараагийн дугаар болох 33,000 нь дөрөвдүгээр сарын 1 болгон залруулсан билээ.
АНУ-ын Элчин сайдын яамнаас H-2 визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой гэж зөвлөж байна.
.Цогтбаатар: Гадаад харилцааны яамнаас H2 визтэй холбогдуулан маш тодорхой зөвлөмж гаргана
Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэлээр тайлбар өглөө.
Тэрбээр "Визний асуудал нь маш хянуур, техникийн ажил юм. Манай талаас туршлага дутаж байна. Иргэд өргөдлөө хэнд, хэрхэн өгөхөө мэдэхгүй байна. Тэгэхээр H2 визийн тухайд гадаад яамны вэб сайтаараа дамжуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Визээ хэрхэн мэдүүлж, хаана хандахаас эхлээд бүхий л зөвлөгөөг өгнө. АНУ-ын гаднаас ажиллах хүч авах зөвшөөрөлтэй компаниуд бий. Тус компаниудтэй зуучлагч компаниар дамжуулан холбогдох боломжтой. Гаднаас ажиллах хүчин авах компаниуд нь АНУ-ын Хөдөлмөрийн яамныхаа вэб сайтад байгаа. Тэр компаниудтай нь иргэдээ холбох зөвлөгөөг манай яамнаас өгөх болно. Мөн манай яам Хөдөлмөрийн яамтай хамтарч ажиллана. Иргэд ажиллах хүч авах компаниудтай шууд харилцаж болох ч зуучлах компаниудтайгаа холбогдвол илүү шуурхай юм байна гэж ойлгосон" гэлээ.
Н-2 виз мэдүүлэх ерөнхий журам
(H-2A, H-2B визний төрөл хоёуланд нь хамаарна)
Алхам 1
Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин сайдын яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.
Алхам 2
H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана. Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горилогч нь АНУ-ын виз мэдүүлнэ.
Алхам 3
Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч танд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрх гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.
Алхам 4
I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банканд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана.(http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).
Алхам 5
H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).
Алхам 6
Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно. Визний ярилцлаганд ирэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.
Алхам 7
Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.
Алхам 8
Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ.
Анхааруулга: H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг бөгөөд ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яам цуцлах эрхтэй.
Юу анхаарах ёстой вэ?
Ашиг олох зорилгоор “АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна”, “Визэнд зуучилна” гэх залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэж байгаа билээ. Хэрвээ та АНУ-д түр хугацаагаар ажиллах сонирхолтой бөгөөд дээрх визэд хамрагдахыг хүсвэл таныг ажилд авахыг хүссэн компани болон зуучлагч байгууллагаа АНУ-аас олох хэрэгтэй юм.
Ө.Бат-Орших: ТАМОКСИФЕН гэдэг эмийг уусан чинь хориотой эмийн бодис гэж гарлаа
Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээлсэн.
Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илрээд байгаа юм. Үлдсэн нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулсан байна.
Тэгвэл уг асуудлаар Улсын гарьд Ө.Бат-Орших өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.
Тэрбээр “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонхи нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” гэжээ.
Б.Содномдаржаа: Намайг бөхийж байна гэж бодож байвал эндүүрэл. Би Монгол орныхоо уул усанд л бөхийдөг юм
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа хорих ангиас ар гэрийнхэндээ захидал бичжээ. Түүний бичсэн захидлыг товчлон нийтэлж байна.
Сайн байцгаана уу.
Хамгаас хайртай аав ээж хоёртоо болон ханийнхаа аав ээж хоёрт, хань ижил хайрт хүүхдүүддээ, хайрт ач хүүдээ, зулай зулайгаа гишгэж төрсөн зуун жилдээ хэзээ ч салахгүй дөрвөн хөөрхөн дүүдээ болон хань ижил, үр хүүхэд болон хоёр эгчдээ болон, хань ижил үр хүүхэд, ханагар сайхан таван ахдаа, хань ижил үр хүүхдэд нь ханийнхаа дөрвөн дүү, эгч болон хань ижил үр хүүхэд, ах дүү, анд найзууд ард түмэндээ бүгдэд нь эрүүл саруул сайн сайхныг хүсэн ерөөж шинэ оны баярын мэндийг төрсөн нутаг Төв аймгийн Баянчандманын зүүн урдхан талд байгаа Тайширын ам тахир Соёот, 405-р ангиас болхи миний бие Б.Содномдаржаагаас мэнд хүргэж байна. За ингээд бүгдээрээ тарган сайхан өвөлжиж байна уу? Та бүгдийн минь биесүүд бүгд сайн биз дээ? Миний бие сайн байна. Та бүгдийгээ маш их санаж, өдөр шөнөгүй бодож зүүдэлж, цаг ямагт та нартаа сэтгэлийнхээ дээжийг өргөж явдаг юм аа. Сая 1-р сарын 22-нд хайрт ээж, Даваакаа, Эрка,Үйлсээ,Баатар хань, хүү Даваахүү, Мягмархүү, Эрдэнэхүү, Ариунзул, Халиунаа, Даваагэрэл гадаа бас орж чадаагүй Цэеэ дүүдээ намайгаа гээд зорьж ирсэнд маш их баярладаг. За ингээд тэр ээж дүү нартайгаа эргэлтийн 3 цагийг хамт өнгөрөөж, энд тэндэхийн сонин хачин зүйлийг яриулж, маш сайхан болоод, та хэдийн маань явах цаг болон богинохон хугацаанд хүнд ямар их сайхан байдаг гэж санана. Та хэдийн маань сайхан энерги надад, миний биед шингэдэг. Тэр шингэсэн энерги миний биед байнга шингэнэ. Тийм л сайхан байдаг. Одоо хүртэл та хэдийн маань ярьж байсан, инээж байсан, бүх сайхан үйл хөдөлгөөн чинь надаас гарахгүй байна.
Хоёр аавдаа хэлэхэд би монголын шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүртэл маш их итгэж байсан. Би тэр өдөр шууд гарна гэсэн маш их итгэлтэй байсан. Тэгтэл хүнийг ондоо зүйл ангиар ахин хохироолоо. Энэ ажиллагаа хуулийн дагуу явуулаагүй, дөрвөн байцаагчийн буруу ажиллагааг дэмжиж, тэр ажиллагааг ноцтой дэмжиж туслалцаа үзүүлсэн хоёр прокурорын үгэнд манай монголын шүүхийн бүрэлдэхүүн итгэж, гэмгүй хүнийг ахиад л хохироох талдаа оруулсан. Манай өмгөөлөгч тухайн үед надтай хамтарч ажиллан үнэн шударгаар ярьсан бол би өөрөө хэлж ярих юмаа ямар ч шүүх хуулийн өмнө ярих байсан. Та хэдийгээ 2017 оны 7-р сарын 20-ны өдөр ирэхэд би, намайг эрүүгийн хуулийн 91,21 91,24 гэсэн зүйл ангиар яллаж байна гэж хэлж байсан.
Энэ зүйл ангийн утга нь юу гэвэл, Амгаланбаатар Содномдаржаа хоёр энэ хэргийг үгсэн нийлж зохиож төрийн дайсан болж, худлаа хэрэг зохиож, төрийг хуурч байна гэдэг үгийг энэ дөрвөн байцаагч гаргасан. Яагаад гаргасан гэвэл энэ анхны байцаагч хорих ажиллагаагаа өөрөө явуулж, гүйцэтгэх ажлын өөрийнхөө хүнийг өөрөө наад Содномдаржаадаа өрөөн дотроо байж байхдаа сайн хэлж, энэ гурван хүний өөдөөс нь дайр! Тэхгүй бол чи ямарч гэмгүй хүн цаазаар авахуулах гээд байна. Хайран сайхан хүүхдүүд ч, хайран сайхан амьдрал хүнд гутгүүлж үхэж байсан доор өөрсдийг нь гүтгэ гээд л доор гүйцэтгэх ажлын залуу хэлнэ. Дээр гарвал байцаагч өөрөө ятгана. За энэ хоёр хүний үгийг 18 өдөр сонсож суугаа хүн төрийн цагдаа хүн худлаа хэлж хүнийг хэрэгт хийхгүй. Энэ Бархасбадь гэдэг хүн худлаа хэлэх хүн биш, гэтэл нь надад бодогдуулж, тийм хэмжээнд хүртэл намайг ятгаад, тэр нэг аюултай 2015 оны 9-р сарын 18-ны өдөр ингэж сэтгэл санаа хямарсан үедээ надад нэг л мансууруулах эм дээр нь өгөхөөр би хүний үгийг ёстой нэг тоть аятай хэлдэг болчихдог юм байна лээ. Тэгээд болоо! Тэгж хэлүүлж аваад л одоо чи нар үзэхгүй энэ хэрэгт бүх оролцсон хүнээ хэл гээд л шууд тулгадаг. Та бүхнийгээ ирэх болгонд би энэ хүмүүсийн хорлосон бүгдийг ярьдаг. Сая ирэхэд чинь хүртэл ярьсан. Ингээд хооронд нь ямарч хэрэг хийгээгүй хүмүүсийг алсан болгоод шалгаж байх хугацаанд нөгөө хэрэг нь таарахгүй болохоор ахиж байцаалт явуулсан. Энэ ахиж байцаалт явуулсан гэдгийг би 2017 оны 10-р сарын 24-нд ирэх өдөр чинь хэлж байсан. Байцаалт 2016 оны 1 -р сарын 28-нд явуулсан. Би 1998 онд цэргийн комиссоор орсоноо хэлсэн. Тэгээд удалгүй 2016 оны 2-р сарын 14-нд Бямбажав байцаагч ирээд за Содномдаржаа чи цэргийн комиссоор орсон байна. Чи их азтай хүн юм. одоо чи бурхан номоо уншаад тайван ч сууж бай гээд явсан. Тэгтэл 2016 оны 3-р сарын 11-нд Бямбажав байцаагч ирээд л чамайг тэнэг юмуу гээд жаахан ажиллагаа явуулсан чинь чи өөрөө маш айхтар хүн байна. Та нарын хийсэн худлаа хэргийг чинь мэдэж байна. Та нар төрийг хуурч худлаа хэрэг зохиохгүй шүү. Та нарын үгсэн нийлсэн чинь нотлогдсон гээд намайг загнаад тэгээд л яваад өгсөн. Удалгүй 2016 оны 4-р сарын 8-нд Бархасбадь гэдэг байцаагч ирээд чи цэргийн комиссоор орсон гэдэгээ ямар сайн мэдэж байна вэ гэсэн. Би тэгэхээр нь 1994 оноос хойш би цэргийн комиссоор жилд 2 удаа ордог байсан. Жил болгон би ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас хасагддаг байсан. Харин 1998 оны 10-р сард би цэргийн комиссоор орсоноо, энд байх хугацаандаа өдөр болгон бодоод олсон юмаа гэсэн. Би удалгүй 2016 оны 4-р сарын 10-ны үеэр байцаагч Бархасбадь гэдэг хүн пилакрафик гэдэг шинжлэх ухааны шинжилгээ аваад явсан. Тэр шинжилгээнд надад таарах юм байхгүй болохоор намайг ахиад оруулах шинжлэх юм байвал оруулаад өг. Би эндээс гармаар байна гэсэн. Тэгээд 2016-оны 6-р сарын 2-нд манай өмгөөлөгч Л.Мөнхтөр гэдэг хүн ирээд энэ хүний үгэнд ороогүй бол гэртээ харих байлаа. Чи цэргийн комиссоо ямар сайн мэддэг юм гэсэн. 2016 оны 7-р сарын 17-нд Бархасбадь байцаагч ирээд намайг дуудаад, чамайг одоо шар хаданд аваачиж хэвтүүлнэ. Төрийг хуурсан гэж хэлсэн.
Би тэгэхээр нь та намайг анхнаас нь, миний байсан өрөөнд Амгаланбаатарыг оруулахгүй, өөрийнхөө гүйцэтгэх ажлын хүнийг оруулахгүй хуулийн дагуу явуулсан бол би гэртээ 2015 оны 9-р сард эндээс гараад явах байлаа. Таны энэ ажиллагаанаас болж би хохирч байна. Та намайг өмгөөлөгч Мөнхтөр /эмэгтэй/ хүнтэй анх байцаалт авсан бол би таны өмнө биш хүүхдүүдийнхээ өмнө байх байлаа. Өнөөдөр би хохирч байна гэсэн. Тэгээд байцаагч явсан. 2016 оны 7-сарын 20-ны үеэр Бархасбадь байцаагч ирээд миний гарын үсэг 1-20 хүртэл тоо бичүүлж аваад явсан-. 2016 оны 8-р сарын 11-нд өмгөөлөгч Мөнхтөр ирээд намайг чи ер нь цэргийн комиссоор орсоноо ямар сайн мэдэж байна гэсэн. Би тэгэхээр нь 1998 онд би яг 24 настай цэргийн комиссоор орсоноо сайн санаж байна гэсэн. Тэгээд Бархасбадь байцаагч саяхан ирээд миний гарын үсгийг олон дахин бичүүлээд аваад явлаа гэсэн чинь за тэр Амгаланбаатар та хоёрыг хоорондоо захиа бичиж, хоорондоо харилцаж байсныг чинь шалгаж байгаа юм гэсэн. Шууд л яриаг нь харахад бас л энэ хэдэн байцаагч шиг л Амгаланбаатар бид хоёрыг хэрэг зохиосон гэж шууд хэлчих гээд байсан. Эрхгүй намайг нэг юм ёс болгож өмгөөлж байгаа болохоор шууд тулгаж хэлж чадахгүй байсан. 2016 оны 9-р сарын 6-нд тагнуулын дөрвөн байцаагч ирээд Бархасбадь чамд байр өшөө ямарч юм заагаагүй шүү, Бид хэд гэрчилнэ гээд хэлээд явсан. 2016 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-н хүртэл тэр худлаа хэргийн материалтай танилцуулж тэр үед өмгөөлөгч 3 өдөр надад харагдаад ахин харагдаагүй. Тэр хэргийн материал дээрээс надад 1 дүгээр 2 дугаар хавтаст хэрэг дээр байгаа анхны алтан гурван гэрч Б, Д, Б гурван хүний мэдүүлгийг дэвтэр дээрээ хуулж аваад сэтгэл санаа амарч ахин би хэргийн материал үзэхгүй гээд сүүлийн хоёр хоног очоогүй. 2016 оны 11-р сарын 14-нд Батжаргал прокурор ирээд хэргийн материалтай танилцсан биз дээ гэсэн. Тэгэхээр нь би тэр худлаа хэргийн материалтай танилцсан. Юу ч таарахгүй гэсэн. Тэгтэл Амгаланбаатар та хоёр хэрэг зохиосон. Тагнуулын дөрвөн байцаагч чинь чамайг Амгаланбаатарын зохиосон хэрэгт холбоотой байх гэж үзэж байгаа. Прокурорын зүгээс ч бид санал нэг байна гэсэн. Тэгээд зүйл анги нь 91-ийн 21, 91-ийн 24 гэдэг зүйл ангиар чамайг сэжиглэж байна. Чи ойлгохгүй бол 2002 оны хуулиар 141 дүгээр зүйл анги 5 жилийн хугацаагаар хорино гэсэн. Би тэр үед, энэ хэргүүдийн аль аль хэрэг нь надад хамаагүй гэсэн. Тэгтэл Батжаргал прокурор Амгаланбаатар Паарын хэргээ өөрөө дааг. Тэр паарын хэрэг чамд хамаагүй. Ийм л байна. Шүүх хурлаас өмнө би ирж уулзаж магадгүй. За баяртай. Шүүх хурал дээр уулзъя гээд л явсан даа. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Л.Мөнхтөр гэдэг өмгөөлөгч ирээд надтай уулзсан. Би прокурорын хэлсэн үгийг хэлсэн. Намайг 5 жилийн хугацаагаар хорино гэнэ. Энэ одоо юу болж байна вэ? Гэтэл өмгөөлөгч маань надад харин үнэхээр худлаа ярьсан. Юу яриад байгаа юм. Цаазын ялтай байж, чи одоо тэр хэргийн материалыг сайн уншихгүй. Тэр гэрч гээд байгаа хүмүүсийн хэлсэн ярьсан юмыг шүүх хурал дээр сайн хэлээрй гээд яваад өгсөн. Ингэж л манай өмгөөлөгч нүүрээ буруу харуулсан юм даа. Байцаагч прокурорууд нь та хоёр худлаа хэрэг зохиож төрийг хуурч байна гэж яриад байхад манай өмгөөлөгч Мөнхтөр огт мэдээгүй юм шиг надтай харьцаж байгаа юм.
2016 оны 12-р сарын 14-нд тагнуулын Болд байцаагч, Мөнхтөр хоёр ирсэн. Тэхэд Болд байцаагч надад чи энэ Амгаланбаатарыг бага байхад нь сайн зодож хүмүүжүүлж өгсөн бол ийм хэрэг болохгүй байлаа гээд явсан. Тэгэхэд манай өмгөөлөгч “Содномдаржаа чи сайхан ном уншаад байж бай! гээд яваад өгсөн. За ингээд хэлмэгдэлтийн шүүх хурал 2016 оны 12-р сарын 21-нд хуралдсан. Энэ хугацаанд би шүүх бүрэлдэхүүнийг одоо үнэн мөнөө шалгуулж аваад гэртээ хүүхдүүд болон хань та бүхэндээ очино доо гэж маш их бодож байсан. Тэгтэл аль хэдийнээ шүүхийн байгууллагын хүмүүст прокурорын байгууллагын Батжаргал, Сандагсүрэн хоёр нөгөө тагнуулын дөрвөн байцаагчийн буруу ажиллагаа хийсэн 91-ийн 21, 91-ийн 24 гэдэг худлаа хэргээ байцаагч прокурорууд үгсэн нийлж, амьдралын төлөө үр хүүхдээ тэжээж яваа гэмгүй хүмүүсийг ахиж хохироосон нууцын нууц гэдэг ялаар одоо хүртэл хохироож байна. Өөрсдөө хүрч ирээд надтай уулзаад Амгаланбаатарын зохиосон хэрэгт чамайг оролцсон гэж үзэж байна гэж удаа дараа хэлээд, би өөдөөс нь би энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй гэж яриад байхад улаан цайм жинхэнэ буруутай хүнээ тогтоохгүй гэмгүй хүнийг одоо хүртэл хэлмэгдүүлж явна. 2016 оны шүүх хурал дээр Батжаргал прокурор миний урд ирээд манай гар утасыг надад харуулаад утасаа таньж байна уу гэсэн. Би өөдөөс нь та түрүүн надтай уулзахдаа ондоо юм надтай яриад байсан гээд хэлсэн. Тэгтэл надтай юу ч дуугараагүй ширээндээ очоод суусан. Шүүх хурал дээр манай өмгөөлөгчийн худлаа жүжиглэж байгаа нь үнэхээр одоо өмгөөлөгч, прокурор, байцаагч энэ гурван хүмүүс нийлж жинхэнэ хэрэг зохиосон Амгаланбаатарыг тухайн үед 2016 оны 12-р сарын 27-ны тэр өдөр ялгаж салгаж өгөх байтал, гэмгүй хүнийг гэмтэн болгох гэж энэ хуулийн хүмүүс үгсэн нийлсэн. Яг ийм үед жирийн хэлмэгдэж яваа иргэн хүн ямар ч арга байхгүй болдог юм байна лээ.
Өмгөөлөгчөө хараад энэ юу болж байна вэ? гэхээр хоорондоо хуйвалдсан хүмүүс юм чинь надад юу хэлэхэв. Ингээд хэрэг хийгээгүй хүнийг шүүх хурлаас гарангуут тагнуулын ажлын хүмүүс “одоо чамд үнэнээ хэлэх боломж байгаа гэж үнэхээр муухай хэлж байгаа юм. За ингээд худлаа шүүх хуралд ороод юу ярих вэ гэж бодсон. Тэгээд хүн гэдэг амьтан үнэхээр муухай юм даа гээд бодож суух үед сайхан сэтгэлтэй сайн хүн зөндөө байдаг. Ёстой муухай хүмүүс чамтай учирлаа даа гэж нэг сайхан сэтгэлтэй хүн, зүүдэнд маань орж ирсэн. Тэр хүн надад зүүдэнд маань бүгдийг хэлж өгсөн. Тэгээд 2 дахь шүүх хурал болоход өмгөөлөгч маань хүрч ирсэн. Би өмгөөлөгчөө одоо энэ хүн надад юу гэж , хэлэх бол гэсэн, бас л нөгөө гэрчүүдээ бич гэсэн. Би бас л өмгөөлөгчийн үгэнд ороод л бичсэн. Тэгээд өргөдөл, гомдлоо 2017 оны 1 сард давж заалдах шүүхэд өглөө. Өмгөөлөгчийнхөө хэлсэн ёсоор. Тэгтэл 2017 оны 3 сарын 2-ны үед өмгөөлөгч маань хүрч ирээд одоо дөхөж байна, ахиад бич гэсэн. Одоо юугаа бичих юм бэ гэсэн чинь нөгөө дөхөө ахиад бич гэв. Би бас л үгэнд нь ороод бичлээ. Тэгээд шүүх хурал 2017 оны 3 сарын 14-нд болсон. Би дотроо үнэхээр монголын шүүх үнэн зөв шийдэх юм бол намайг одоо л баараа байхгүй гаргана гэсэн. Шүүх хурал болсон. Батжаргал, Сандагсүрэн хоёр бас л 91-ийн 21,91-ийн 24 гэдэг худлаа ялаа шүүх дээр хэлсэн. Шүүгч ямар үндэслэлээр энэ хүмүүсийг яллаж байгаа вэ гэж Батжаргал прокурорыг нэлээн юм асууж сандаргасан. Тэр үед Батжаргал прокурор асуултанд хариулж чадаагүй ширээндээ суусан. Тэгээд л шүүх хурал тэр үед шийдэж чадаагүй. Тэгээд бас л шүүхээс нэг хүн ирээд давж заалдах өргөдлөө бич гэсэн. Тэгээд ахиад нөгөө нэг л хуучин бичдэг юмаа бичсэн. Ингээд байж байтал 2017 оны 4 сарын 21-нд намайг гавалж аваад дамжин, дамжингаас гянданд ирээд 10 гаруй хоног байсан. Өмгөөлөгч Л.Мөнхтөр ирээд, ирсэн өдөр нь 2017 оны 5-р сарын 2-нд юм байна “чи энэ гяндангийн албан хаагчдын үүрэг даалгавраас гарч болохгүй шүү" гэсэн. Бас л нөгөө гэрч гээд байгаа бүх хүнээ бич. Одоо дөхөж байна. Танайхан ахиад өмгөөлөгч авах юм ярьж байна. Өмгөөлөгч авч байтал зай ч байна, лай ч байна! Ингэж хэлээд яваад өгсөн. Үнэхээр жүжиглэж чадаж байгаа юм шүү. Тэрнээс хойш улсын ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат гэдэг хүн ирсэн. 2017 оны 6 сарын 19-нд Амгаланбаатар та хоёр хамгийн сүүлд хэзээ уулзсан? Хэдэн оноос хойш мессеж бичсэн? Нөгөө байцаагчдын асуусан үгсэн нийлсэн гэдэг асуултыг тавиад байсан. Энэ Эрдэнэбат гэдэг хүнийг ирэхээр би за энэ хүн үнэн зөвөөр нь ялгаж шалгаж шүүхэд танилцуулах байх гэсэн. Харин ч нөгөө хоёр прокуророо дэмжээд явсан байсан. Тэрнээс хойш энэ гянданд би ямар ч ялгүй хүн гэж тэмцэл гаргаж гяндангийн 72-д 2 удаа орсон. Сахилга гэсэн үг. Ингээд 2017 оны 9 сарын 1-нээс Амгаланбаатар бид хоёр хоорондоо юм ярьж эхэлсэн. Бид хоёр маш эвтэй эхэлж ярьсан. Тэр өдрөө би Амгаланбаатарыг худлаа хэргээ боль гэж загнаад, тэгэхэд худлаа биш ээ гэж хэлж байгаа хүнтэй би юу ярих вэ дээ. Энэ хүнтэй миний хувьд маш эвтэй хэрэлдэхгүй багадаа болж байсан. Энэ тэнд өвс хадланд явж, хоол ундаа идэж уух гээд л хуучин амьдралаа их ярьсан. Энэ хүн хэдийгээр хүн хорлож байгаа ч гэсэн хүн гэдэг утгаараа энэ хүн болж өнгөрсөн амьдралыг эмээ өвөөгийн би өөрийнхөө, аав ээж дүү ах эгч ард түмэнээ бүгдийг нь ярьж байсан. Харин 2017 оны 10 сарын 25 бид хоёр энэ худлаа хэргээс болж хэрэлдээд Амгаланбаатарт энэ байцаагч прокуроруудын хэлж ярьж байсан чи бид хоёрыг энэ хэргийг үгсэн нийлж зохиож төрийг хуурсан гэж яриад байна хүмүүс, энэ ямар учиртай юм бэ гээд хэлсэн. Тэрнээс хойш дуугараагүй. 2018 оны 1 сарын 10-ныг гаргаад дуугарч эхэлсэн. Тэгээд 2018 оны 1 сарын 22- нд ээж дүү нар, хань хүүхдүүд маань ирээд би 3 хоногийн уулзалтанд гарсан. За ингээд 3 хоногийн уулзалтанд гараад манай хэдэн хүүхдийн дуу уулзалтын байранд хадаж өгсөн. Ингээд гурав хоног дуусаад би байдаг өрөөндөө орсон. Тэр өдөр 2018 оны 1 сарын 25 -ны өдөр. Би өрөөндөө ороод байж байтал Амгаланбаатар надад таны хүүхдүүдийн дууг би 3 хоног сонслоо. Дүү нь маш олон хүнийг гомдоож уйлуулж, маш муухай хорон санаа гаргасан. Засдаггүй алдаа гэж байхгүй. Миний зүрх сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү. Би одоо өргөж авсан аав ээжтэйгээ уулзана. Би хүсэлтээ өгсөн гэж надад сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү. Би одоо өргөж авсан аав ээжтэйгээ уулзана. Би хүсэлтээ өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд л би тэр өдөр Амгаланбаатарт, за сайн байна гэж хэлсэн. Надад тэр үед сайхан санагдаж хүн ингээд сайн сайхан замдаа орох нь зөв гэж бодсон. За ингээд 2018 оны 1 сарын 26-наас бид хоёрыг ондоо ондоо газар хийгээд ахиж би Амгаланбаатартай уулзаагүй. Ямар ч байсан энэ хүний санаа сэтгэл зөв замдаа орлоо гэж бодож байна. Эргэлтээр 3 хоног эхнэр хүүхдүүдтэйгээ цуг байх хугацаанд ямар сайхан байсан гэж санана. Зулаа маань ямар өндөр болсон юм бэ. Аавыгаа маш их санаж, надтай зөндөө юм ярьсан. Нэг шөнө Очирваань ах, Зандаа ах, Цэрэнжав ах Цэрэнхүү ах Лхагва-Очир ах нар маань бүгд зүүдэнд зэрэг орж ирсэн. Бааваа маань сая хоёр өдөр дараалан зүүдэнд орж ирсэн, надад лам дээл өмсгөөд аваад явж байна гэж, бас Бямбаа ахын пэд Амгаа дүү маань хааяа хааяа зүүдэнд орж ирдэг. Та нарыгаа бүгдийг нь зүүдэлдэг. Хайрт эхнэр хүүхдүүд дүү нараа маш их зүүдэндээ боддог. Аав минь үнэхээр хүнд буруу санадаггүй, хүнд маш их итгэдэг, хүнд чадлынхаа хэрээр тус болъё гэж бодож явдаг. Болхи хүү чинь анхны худалч хуулийн буруу аргаар ажиллагаа хийдэг дөрвөн байцаагч хулгайчтайгаа үгсэн нийлж хүнийг хохироосон ч үнэн шударга, үнэн явдаг аль ч үеэс ялан дийлж ирсэн билээ. Энэ аюултай анхны байцаагч нарыг би боддог юм. Өөрсдөө анхнаасаа мэдэж энэ хүмүүсийг хооронд нь зохион байгуулалттай хэрэлдүүлж, гэмгүй хүмүүсийг хооронд нь алаан болгоод бах таваа хангаж аваад, болохгүй таарахгүйг мэдэж байсан мөртлөө янз янзын хорлох ажиллагаа маш их хийсэн. Ингээд биш болохоор нь 91-ийн 21, 91-ийн 24 гэдгээр энэ Амгаланбаатар, Содномдаржаа энэ хүмүүс үгсэн нийлсэн байна гэж прокурор Батжаргал гэдэгхүнд өөрсдийнхөө буруу хийсэн ажлаа гэмгүй хүмүүс рүү гүтгэж, энэ худлаа зохиомлыг Амгаланбаатартай намайг холбож өдий хүртэл хохироож хорьж, хүнийг сэтгэл санааны дарамт 2016 оны 12 сарын 27-ноос 25 жил гэж ял өгч тэрнээс хойш 2017 оны 4 сарын 21-нээс гяндан гэдэг газраа хүний аль ч улсын хууль цаазанд байхгүйгээр хүч түрэмгийлж ахин худлаа хэрэг хүлээлгэх гэж улайран зүтгэж байна. тэгээд ч зогсохгүй 2017 оны 8 сард бас л монголын хуулийн дээд хэмжээ 20 жил болсон гэж хүнийг бас л хуурч өөрсдөө ярьж хэлээд байгаа мөртлөө өдий хүртэл байлгаж байдагт нь гомдож суудаг юм. Энэ нь хүний амьдралд ганц олдох ховорхон аз завшаан, эрдэнэт хүний биеийг олсон энэхэн цаг хугацаанд энэ хэсэг бүлэг хүмүүст доромжпуулж, хуулийн нэрийг барьж дээрэлхэж байдагтай нь үнэхээр дургүй хүрдэг. Би энэ хуульч хүмүүсийг 2015 оны 8 сарын 31-нээс хэн хэн гэдэг хүмүүс хүнийг яаж хорлож гүтгэж байгааг маш сайн мэднэ. 2015 оноос над дээр ирж байгаа байцаагч хүний ярьж байгаа зүйл юу гэвэл махны үнэ маш хямдхан, гадаа цас их орж байна, зуд боллоо, зун нь ган болж байна гэх. Гяндангийн хоол хүн идэх арга байхгүй харанхуй, хааш хаашаа 2 м газар цонх байхгүй өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт шахалт хийх, өрөөнд хүн оруулж өөдөөс нь дайр гэж ятгах, хажуугийн өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт хийх, эхнэр маань төрөөгүй байхад, эхнэр чинь төрсөн. Энэ хүмүүсийг хэлчихээд эхнэр хүүхдэдээ 04 гэхчлэн янз янзын сэтгэл санааны болон бие эрүүл мэндээр хорлох ажиллагаа маш их явуулдаг юм байна даа гэж яс махандаа шингэтэл дотороо бодож суудаг юм аа. Энэ бүгдийг би хуулийн байгууллагын прокурор Батжаргалд хэлдэг байлаа. Тэгэхэд тэр хүн ямар ч дарамт шахалт байхгүй, хуулийн дагуу явж байна гэдэг. Ингээд л яахав хэлмэгдэж байгаа хүн хохирно. Төв аймгийн мөрдөнд сар гаруй шүд өвдлөө. Би дарга нартхэлэхэд хэн ч тоохгүй. Тэгэхээр нь нойтон салфетик дээр бактер устгана гэж бичсэн байна, тэрний шингэн усаар амаа зайлах юу байхав шүү дээ. Тэгтэл Содномдаржаа амиа хорлох ажиллагаа хийсэн гээд л бичлэг хийгээд шүүх прокурорд өгдөг юм байна лээ. Тэгэхэд 2015 оны 9 сарын 1-нээс 9-р сарын 5-ны хооронд хоёр хүнтэй намайг өрөөндөө хэрэлдэж зодолдоод алалцаад байж байхад хэзээ хойно Содномдаржаад ямар ч дарамт шахалт байхгүй гэж ерөөсөө ингээд л гэмгүй хүнийг хохироож чадаж байгаа юм даа. Энэ хуулийн хүмүүст анх харуулсан үнэн зөвөөр нь байцаалтыг явуулсан бол хөөрхөн хэдэн алаг үрдээ, ханьдаа, хайртай бүхэндээ очоод хүүхдүүдтэйгээ бужигнаад байж байх сайхан хугацааг хулгайч хуулийн доор ажиллаж байгаа энэ дөрвөн байцаагчид болон “янзын сайн” өмгөөлөгч эгч Мөнхтөр гэсэн хүмүүст хүний эрх чөлөө гэдгийг харуулсан даа. Аав минь, хүү нь ямарч дарамт шахалт байсан миний зориг одоо бол мохохгүй, зориг шалгасан газар зөөлөн номхон над шиг хүнийг хуулийн байгууллагын доор ажиллаж байгаа ямар ч хүмүүс болон хулгайч хүмүүс хүртэл дээрэлхдэг юм байна. Аав минь, хүү нь Бурханы сургаалаар ер нь явахыг бодож хэрэгжүүлж, эхнэр хүүхдүүд болон бүх л хүмүүстэй зөөлөн сайхан харьцаж явдаг.Ийм газар бол зөөлөн номхон байвал ийм л байдалд ордог юм байна. Хүнд хорлуулах, даа ялангуяа би араатанд бариулж идүүлсэн бол яахав. Тэхэд хуулийн доор ажиллаж байгаа тангараг өргөсөн байцаагч поркурор хүмүүст л хорлуулж байна. Намайг энд дуугүй явбал донгио, жаахан дуугарвал дуутай явна гээд 72 гяндангийн сахилгат 3 хоног хийнэ. Ноднингоос хойш хүн ирж байцаалт авах байх, өмгөөлөгч ирэх байх гээд их харлаа. Яг одоо хүү нь Монгол Улсын шүүхэд өргөдөл гомдлоо бичээд, энэ буруу ажиллагаа хийсэн Бямбажав, Бархасбадь ба прокуроруудын хийсэн хуулинд байхгүй алдааг нь бичээд сууж байна. Энэ хүмүүс намайг төдийгөөс өдий хүртэл аль ч орны хууль цаазанд байхгүй хохироож байна гэдгийг үнэн зөвөөр нь бүх бичээд өглөө. Бас нийслэлийн прокурор Батжаргалд өөрт нь өөрийнх нь ярьж хэлж байсан үг өгүүлбэрийг бичлээ. Гомдлоо өглөө. Би анх энэ Батжаргал гэдэг хүнд энэ хүн үнэнээр шалгаж өгнө гэж маш их итгэж явжээ. Бас намайг өмгөөлсөн Мөнхтөр гэдэг хүнд үнэн цагаанаараа шударга ажил төрлөө хийвэл сайн байна гэдэг үгээ хэлж санал хүсэлтээ бичлээ. Манай өмгөөлөгч энэ хүмүүстэй анхнаасаа үгсэн нийлээгүй бол би аль хэдийн та бүгдийнхээ дэргэд очоод хөдөлмөр хийж хөлсөө гаргаж, тэр хөлснийхөө дуслаар талхаа олоод хүүхдүүдээ тэжээгээд явах байв. Хугацаа 2015 ондоо байсан юм. Монгол Улсын хууль Монгол Улсын хуульчид жирийн нэг амьдралын төлөө үр хүүхдээ өсгөж хань ижил аав ээжүүдээ, ах эгч дүү нараа, ард түмнээ гэсэн сэтгэлтэй эгэл нэгэн эр хүний үнэн үгэнд итгэдэг юм уу? Аль эсвэл хуулийг аль ч орны хуулинд байхгүйгээр хуулийг буруу аргаар ашигладаг энэ тагнуулын Бархасбадь, Болд, Бямбажав, Баттөмөр ба энэ хүмүүстэй үгсэн нийлсэн прокурорын газрын Батжаргал, Сандагсүрэн болон, намайг худлаа өмгөөлж байгаа өмгөөлөгч Л.Мөнхтөр гэдэг хүмүүст итгэх үү гэдгийг Монгол Улсын шүүх үнэн зөвөөр нь шүүнэ гэдэгт цаг ямагт итгэдэг билээ би. Хүү нь 2015 оноос өдий хүртэл намайг байцааж байгаа, өмгөөлж байгаа хянаж байгаа намайг байцааж байгаа, өмгөөлж байгаа хянаж байгаа прокурор, харж байгаа албан хаагч дарга цэрэг, хоригдол, хуульч, хүмүүсийн яриаг энэ хүмүүс юуны тухай яриад намайг яагаад хийгээгүй хэрэгг холбоод байгааг яс махандаа шингэтэл мэдээд гомдоод л сууж байдаг юм аа. Миний аав ээж хоёр минь хүүгийнхээ биеийг төрүүлсэн болохоос ухааныг төрүүлээгүй нь хүний жам. Хүү нь ямар ч хэрэг хийгээгүй болохоор үнэнч шударгаар шүүх шүүнэ, тэр цагийг би хүлээгээд л сууж байдаг. Би 2016 оны шүүх хуралд орохдоо одоо л шударга шүүх гаргана даа гэж маш их баярлаж итгэж байсан. Дараагийн шүүх хурлаар бас л итгэж байсан. Дараагийн шүүх хурлаар бас л итгэж, тэрнээс хойш өдий хүртэл итгээд л сууж байна. Одоо би энэ захиаг бичиж суухдаа бас л итгээд л бичиж сууна даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор хүний хэлсэн ганц сайхан үгэнд маш их баярладаг юм билээ. Тэр сайхан үгийг би Төв аймгийн мөрдөнд байхдаа сонсож, энд тэнд сайн хүмүүс байдагаараа байж, байх газраа байж л байна гэж бодсон. Бас тэр Төв аймгийн мөрдөнд байсан, хоригдож байсан хүмүүс намайг бүгд таньдаг, хажуугаар гарахдаа дандаа сэтгэлийн дэм өгч, нүд ирмэх, эрхий хуруугаа гозойлгож янз янзын сэтгэлийн дэмээр, сайн сайхан сэтгэлтэй эрчүүд тусалдаг байсан. Надтай тэр хүмүүс ярих юм бол арга хэмжээнд орно. Энд харин би 2017 оны 8 сард шүүх хурлаар үнэн зөв шийдэхгүй болохоор нь өлсгөлөн зарлана гээд 1 хоносон. Тэгтэл энэ ангийн дэд дарга нь надад харин сайн сайхан үг хэлж намайг өлсгөлөн зарлахыг болиулсан.
Аав ээж хоёр минь хүүгийнх нь сэтгэл зүрх, сүнс аль хэдийн та хоёрынхоо дэргэд болон хайрт хань Энхүүш болон хөөрхөн алаг хэдэн хүүхдүүд болон, ах эгч дүү ханийнхаа аав ээж бүх хайртай гэсэн бүхэнтэйгээ хамт байгаа шүү. Энд шоронгийн өрөөнд миний хоосон дан бие маань байгаа. За ингээд ханийн маань аав бие нь сайн биз дээ. Аав манай хэдэн хүүхдийг бүгдийг нь өсгөж өглөө дөө. Маш их буянтай хүн юм аа. Тэр олон хүүхэд бужигнаж байхад аавд сайхан байдаг байх гэж боддог. Ядарсан цагт ах дүү нар аав ээжүүд л тус болдог юм. Аав ээж хоёр байшингаа том болгосон нь цагаан сараар хүн ирж золгохоор чөлөөтэй сайхан байгаа даа. Хүү нь аав ээжүүдтэйгээ бүгдэнтэй нь яг одоо золгох юмсан. Сая ханийгаа, намайгаа гээд хэдэн хүүхдээ чирээд надад 3 хоног өөрийнхөө гарын хоол цайг хийж өгөөд, намайгаа халамжилж хайрлаж байгаад явахад маш их баярласан. Домбо шиг гурван охин, торх шиг нэг хүү гаргаж өгсөнд маш их баярладаг. Хоёулаа зөндөө хүүхдүүдтэй болно. За ингээд удахгүй болох Монголынхоо цагаан сарын баярын мэнд хүргэж сар шинэдээ та бүгд минь даяар олноороо сайхан шинэлээрэй гэж та бүгдэдээ мэндчилж байна. Ааваа хүү нь хэзээ ч энэ худалч хуулийн өмнө бөхийхгүй. Намайг бөхийж байна гэж бодож байвал эндүүрэл. Би Монгол орныхоо уул усанд л бөхийдөг юм аа.
Өвөрхангай аймгийн төвд шүлхий гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр батлагдсан тул аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Энэ хүрээнд хот хоорондын зам дагуух худалдаа, үйлчилгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. Мөн халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэн даруй хийж гүйцэтгэх гэж байна.
“Жи тайм” сүлжээний хохирогчид хэргийн материалтай танилцах боломжтой боллоо
“Жи тайм” сүлжээтэй холбоотой асуудлын мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Уг хэргийн талаар Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгээс тодрууллаа.
П.Эрдэнэбилэг "Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасан. Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулах ажиллагаа энэ оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн. Иймээс тус хэргийн хохирогч, иргэний харилцагч нар ирж хэргийн материалтай танилцахыг иргэдэд дуулгая. Дашрамд дурдахад, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээр байгуулсан гэрээний хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй. Мөн гэрээ байгуулаагүй байгаа зарим улс орнуудтай гэрээг байгуулах шаардлага бий боллоо. Учир нь гэрээ байгуулаагүй орнуудтай харилцах, мэдээлэл солилцох боломжгүй байгаа юм. Харин сүлжээний гэмт хэргийн хор уршиг эрсдлийн талаар цагдаагийн байгууллагаас олон нийтийн хэрэгсэл ашиглан сэрэмжлүүлэг мэдээлэл бүхий ярилцлага, богино хэмжээний шторкыг цацаж байгаа. Гол нь иргэдийн өөрсдийн ухамсар чухал. Хор уршиг эрсдлийг огт тооцож үзэхгүй юм. Зөвхөн ашиг хонжоо л гэж хараад байна. Мөн зарим хүмүүс хуулиар хориглосон мэдээлэл бүхий сурталчилгааг цахим орчинг ашиглан богино хугацаанд явуулж олон хүнийг хохироож буй. Иймээс мэргэжлийн байгууллагууд ч гэсэн цахим орчны хяналтыг сайжруулж, анхаарал хандуулах нь зүйтэй юм" гэлээ.
Баярын өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага бүртгэгджээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, нийслэлд найман эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хүнд хөнгөн гэмтэл авсан аж. Мөн жирийн өдрүүдтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
“Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ... тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ...байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Хайртай дотно хүмүүсээсээ хүндэтгэл хүлээх, цаашлаад нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, тэгш оролцооны талаар үзэл бодлоо илэрхийлэх өдрөө эдгээр эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, согтуу нөхөртөө зодуулж, нулимс, гомдол тээн бусдаас тусламж хүсэж суужээ.
Цэцийн гишүүнийг шалгуулдаг болгоно гэв
УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Цэцийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газраас гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцагчаар татах, шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуулиар заасан хариуцлага ногдуулах, орон байр албан тасалгаанд нь үзлэг нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлсийг хураан авахыг хориглоно” гэсэн Цэцийн хуулийн заалтыг хүчингүй болгохоор хандах гэж буйгаа мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр “УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд би энэ заалтыг хүчингүй болгохоор Хууль зүйн байнгын хороонд хандана. Би даваа гаригт Эрдэнэтийн иргэдтэй уулзаж Эрдэнэт үйлдвэрийн 51 болон 49 хувийн асуудлаар мэдээлэл өгнө. Ш.Батхүү тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн 2013 онд мэдэгдсэн. Гэтэл Д.Сугар нь ганц ТӨХ-ны дарга бус маш олон төрийн компаниудын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан юм байна лээ. Тэгэхээр энэ хүн төрийн компаниудын ТУЗ-ын даргын хувьд энэ мэт асуудлыг мэдэж байсан гэсэн үг. Тэгээд одоо Д.Сугарыг Эрдэнэтийн асуудалтай холбогдуулан шалгах гэсэн боловч Цэцийн гишүүнийг шалгаж болохгүй гэх дээрх хуулийн заалт тээг, дэгээ болж байна. Тийм учраас дээрх заалтыг хүчингүй болгохоор ажиллана. Д.Сугарыг шалгах ёстой. Цаашлаад тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас нь эхлээд шалгах ёстой. Монголын Эрдэнэт үйлдвэр Хятадын мэдэлд очихоор байна. Буруутай хүмүүсээр нь өрийг нь төлүүлэх ёстой, маш баян хүмүүс шүү дээ” гэв.
Төрийн албан хаагч өөрийгөө буудсан хэрэг гарчээ
Өмнөговь аймагт Төрийн албан хаагч өөрийгөө буудсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Тус аймгийн Даланзадгад сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга өөрийгөө бууджээ. Өөрийгөө буудах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд амь нас хохироогүй аж.
Увс аймгийн Нэгдүгээр цогцолбор сургуульд мөнгөн ус алдагдсан уу
Увс аймгийн Нэгдүгээр цогцолбор сургуульд мөнгөн ус алдагсан гэх хэргийн талаар иргэн С.Анхбаяр ийнхүү цахим хуудастаа нийтэлсэн байна. Энэ хэргийг талаар эцэг эхчүүд анхааруулга гаргаж, хүүхдүүдээ хичээлд явуулахгүй байх, мөнгөн ус хаанаас хэрхэн алдагдсан талаар тодруулах ажлыг яаравчилж хийхийг анхааруулжээ.
Тэрбээр "Хэрэв танай хүүхэд Цогцолбор 1-р сургуульд сурдаг бол маргааш хичээлд нь явуулахгүй байхыг анхааруулъяа. Бага сургуулийн 2-р ангид мөнгөн ус алдагдсан байх магадлалтай тул шинжилгээний эцсийн дүн гартал хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож анхааруулгыг хүлээн авна уу!!! Холбогдох байгууллагууд мөн албан ёсооор энэ талаар мэдээлэл хийж удаа дараа гарч буй мөнгөн ус алдагдсан хэргийн эздэд хэрхэн хариуцлага хүлээлгэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар тодорхой мэдээлэл хийхийг хүсье!!!" хэмээн бичжээ.
Энэ талаар тус сургуулийн захиргаанаас тодруулахад одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөс татгалзсанн юм.
Увс аймгийн Цогцолбор 1-р сургууль нийт 77 бүлэгт 2415 сурагч, 116 багштайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг аж.