Орхон аймагт өвсний гарц тааруу, өвөлдөө цас их унасны улмаас өвөлжилт хүндэрсэн. 3 дугаар сарын байдлаар цасны зузаан 16-27 см, нягт нь 0.18-0.22 гр/см/кв, хөрийн зузаан нь 4-5 см, хунгарласан газартаа 48 см зузаантай байгаа нь мал бэлчээрт гарах боломжгүй болж цагаан зудын нөхцөл байдал үүссэн гэсэн үг. 3 дугаар сарын 2-ны байдлаар 2032 толгой мал хорогдсоноос адуу 63, үхэр 815, хонь 583, ямаа 571 толгой мал хорогдсон мэдээтэй байна. Нийт хорогдсон малын 43.2 хувийг бод, 56.7 хувь нь бог мал бөгөөд тэр дундаа нийт хорогдсон малын 40.1 хувь нь үхэр байна.
Малчид 11 сарын эхээр малаа нэмэгдэл тэжээлд оруулан тэжээсэн тул бэлтгэсэн өвс, тэжээлээ зарцуулан дуусч өвс тэжээлийн дутагдал үүссэн тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр нөөцөлсөн өвсийг 100 хувь олгожээ. Тус аймагт 3 дугаар сарын 25-аас эхлэн мал төллөж эхлэх бөгөөд урьдчилсан тооцоогоор 56.7 мянган толгой мал төллөхөөс гүү 4.3 мянга, үнээ 9.5 мянга, эм хонь 22.7 мянга, эм ямаа 20.1 мянга төллөх юм байна.
Түүнчлэн сар шинийн үеэр Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн бөгөөд түүнээс хойш хорио цээрийн дэглэм тогтоож халдвартай малыг устгаж, бусдыг нь вакцинжуулсан. Хорио цээрийн дэглэмийг чанд сахин ажилласны үр дүнд дахин мал нэмж өвчлөөгүй тул 3 дугаар сарын дунд үеэс эхлэн хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг бууруулах боломжтой болох аж.