8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.БЭХБАЯР “А” зэрэглэлийн ОУТ-ээс 12 дахь алтан медалиа зүүв

2018-03-12 11:51:00

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ өнөөдөр ОХУ-ын Улаан-Үд хотод эхэллээ. 23 дахь удаагийн удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. 
ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Хангарьд” спорт клубийн тамирчин, МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр 57 кг-ын жинд түрүүлж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Улаан-Үдэд нийт таван барилдаан хийсэн бөгөөд тэгшитгэлд спортын мастер Б.Төгсийг 10:0-ээр, 1/8 шигшээд Б.Түмэнцогтыг 12:1-ээр, шөвгийн наймд ОХУ-ын АШТ-ий хошой хүрэл медальт Якутын Арыйаан Тютринийг 4:2-оор, хагас шигшээд Тувагийн Белек-оол Кужугетийг 3:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт Тувагийн Хуреш-Оол Дондук-Оолыг 2:1-ээр тус тус ялсан юм. 
Ийнхүү Бэхээ гавьяат Герман, Испанийн Гранпри, Дан Колов, Динмухамед Кунаев, Дмитрий Коркин, Тахтийн цом, “Монголиа Опен”, Буриадын ОУТ гээд ДБНХ (UWW)-ны календарт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ээс 12 дахь түрүүгээ хүртэж байна. 
74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, МУГТ Пүрэвжавын Өнөрбат, 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул нар мөнгө, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай, 86 кг-д тус спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн нар хүрэл медаль хүртэв. Г.Мандахнаран, О.Үйтүмэн, Б.Батмагнай нар дөрөв, П.Өнөрбат гурав, Ө.Батзул анхны медалиа Буриадад “зүүцгээсэн”. Ялангуяа Б.Батмагнай 65 кг-ын жинд сүүлийн дөрвөн жил дараалан хүрэл медаль хүртсэн нь ховорхон амжилт. 
Өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд 65 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга Буриадын Даши Шарастепановт 97 кг-д "Мэргэд хангай" клубийн тамирчин спортын мастер Б.Одсүрэн Эрхүүгийн Алдар Хамаевт оноогоор цэвэр, 74 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин З.Сумъяабазар Дагестаны Магомед Дибиргажиевт 2:2-оор будлиантайхан ялагдлаа. Маргааш 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн барилдаан боллоо.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
57 кг (24 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 
2. Хуреш-Оол Дондук-Оол (ОХУ, Тува) 3. Алексей Мантатов (ОХУ, Буриад), Арыйаан Тютрин (ОХУ, Якут) 
65 кг (21): 1. Баяр Цыренов (ОХУ, Буриад) 2. Эдуард Григорьев (ОХУ, Якут) 3. Батчулууны Батмагнай (Монгол), Даши Шарастепанов (ОХУ, Буриад)
74 кг (15): 1. Арсалан Будажапов (ОХУ, Буриад) 2. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 3. Магомед Дибиргажиев, Магомедрасул Газимагомедов (хоёул ОХУ, Дагестан)
86 кг (10): 1. Даурен Куруглиев (ОХУ, Дагестан) 2. Пүрэвжавын Өнөрбат 3. Оргодолын Үйтүмэн (хоёул Монгол), Канат Бердыев (Казахстан)
97 кг (7): 1. Игорь Овсянников (ОХУ, Красноярск) 2. Өлзийсайханы Батзул (Монгол) 3. Алдар Хамаев (ОХУ-ын Эрхүү)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment