8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Цэрэнбат: Зайсангийн амтай холбоотой хэрүүлийг БОАЖЯ хийхгүй ээ, хот нь шийдвэрлэ

2018-03-12 13:34:16

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд "Засгийн газрын тогтоолоор Зайсангийн аманд оршин суурьшиж байгаа иргэдийг тусгай хамгаалалтын газраас хасах, Улаанбаатар хот руу шилжүүлэх нэгдсэн том ажил яамд хооронд эхлүүлсэн байгаа. Ер нь гадна дотны хөрөнгө оруулалтаар Зайсангийн аманд олон барилга баригдсан үүний хэрүүлийг БОАЖЯ хийхгүй ээ. Хот нь аваад асуудлаа шийдвэрлээд явах ёстой. Засгийн газар 2018 оныг төрийн албан хаагчдын сахилга батыг сайжруулах жил болгон зарласан байгаа. Энэ хүрээнд БОАЖЯ-ны харьяа агентлагууд нээлттэй хаалганы өдөр зарлахаар ажиллаж байна. Сайдын ажлаа авснаас хойш Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан байгаа. Бидэн дээр ирж буй санал гомдлын бараг 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой асуудал байдаг. Тиймээс яамнаас тусад нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана" гэлээ.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цэвэрлэх байгууламж баригдах асуудал яагаад удаашраад байгаа юм бол?

-Барилга, хот байгуулалтын яаман дээр ажлын хэсэг гарсан байгаа. Манай яамны зүгээс байгаль орчны үнэлгээ хийх асуудлыг нь хариуцан ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгүүдийн ажил хэвийн үргэлжилж байгаа.

-Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн асуудал бий юу?

-Ийм төрлийн зөвшөөрлийг 20 орчим ААН-д өгдөг. Жил бүр нэгэнд нь их өглөө. Нөгөөд нь бага өглөө гэх хэл ам гардаг. Аль болох асуудлыг нээлттэй явуулах зарчим баримтална. Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. ААН-үүд өөрсдөө Монгол төрийн бодлогыг хүндлэх хэрэгтэй. Асуудлуудаа бид нэгтгээд, хаана хаана ямар асуудал байгааг эрэмбэлж, шийднэ.

-Цаашид шонхор барих зөвшөөрөл дээр хязгаарлалт тавих уу?

-Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон байгаа. Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбогдолтой асуудал огт яригдаагүй.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ?

-Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжуудын биелэлт улс орон даяар маш муу хэрэгжиж байгаа. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зориулалтын бусаар зарцуулдаг. Үүнээс үүдээд маш их асуудал үүсдэг. Бид энэ асуудлаа цаашдаа зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл