8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Өөрийгөө буудсан хошуучид хагалгаа хийж, Асралт хайрханы замд гэрэлт хөшөө босгосон өдөр

2018-03-12 18:40:00

Дэлгэр Монгол оронд минь хавар айлчилж, хамаг амьтан, уул ус сэргэж ирлээ.Энэ тэндгүй цас хайлж, хүн амьтаны нуруу тэнийж байна. Мөн үүнээс гадна өнөөдөр Хөвсгөл аймагт анхны бороо орлоо. Уншигч таньд анхны бороотой өдрийн мэнд хүргэж, бороотой холбоотой онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

Амьдрал тэр чигтээ гоо үзэсгэлэн. Анзаараарай. Жижигхэн хүүхэд, инээмсэглэж буй хүн, борооны үнэр, салхийг мэдэр. Амьдралдаа байгаа сайхан зүйлсийг бүгдийг нь ашиглаж мөрөөдөлтэйгээ тэмцЭшли Смит

Зарим хүмүүс бороонд алхдаг бол зарим нь зүгээр л нордог. Рожер Миллер

Бороо орохгүй бол хэзээ ч солонго татахгүй. Гилберт К.Честертон

Байгалиас гардаг гурван гайхалтай чимээ бий. Борооны чимээ, салхи модод сэрчигнүүлэх чимээ, далайн ус давалгаалах чимээХэнри Бестон

Ямар ч ширүүн бороо нэг л дуслаас эхэлнэ. Манал ал-Шариф

Яруу найраг гэдэг бол бороо орж байхад гадаа зогсож буй нэгэн аянгын гэрлийг хүлээхтэй ижил юмЖэймс Дикей

Үргэлжлүүлэн та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

 

Байр, суурь : Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол яг ямар шийтгэл хүлээх вэ?

Өнгөрсөн долоо хоногт иргэд, олон нийтийн дунд дуулиан тарьсан асуудал бол 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол 450 мянган төгрөгөөр торгох тухай байв. Энэ дуулиан иргэд олон нийт болоод хуульчдыг хоёр хувааж нилээн маргаан боллоо.

Манайханы хувьд “Хүчиндүүлсэн хүүхэд нас бараагүй л бол 14-16 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол буруутай этгээдийг 450 мянгаас 5.4 сая төгрөг хүртэл мөнгөөр торгох, хүчиндсэн бол 1-5 жилээр хорих ял оноохоор шийдвэрлэсэн” гэж шуугисан. 

Харин Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр доорх тайлбарыг өглөө. 

Тэрбээр “Хуучин хууль ямар зохицуулалттай байсан шинэ хууль нь яаж өөрчлөгдсөнд маш бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Эрүүгийн хуулийн хүчиндэх гэмт хэрэгт бага насны буюу 14 түүнээс доош насны хүүхэд хүчиндсэн бол 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж бичсэн байгаа. Ямар нэгэн байдлаар торгох заалт байхгүй. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заагдсан хамгийн хүнд таван шийтгэлтэй гэмт хэргийн нэг. Бусдын амь насыг санаатайгаар хохироосон, эх орноосоо урвасан хэрэгтэй адил шийтгэнэ. 14 буюу түүнээс доош насны хүүхэдтэй тохирсон, тохироогүй хамаагүй биед нь хүрсэн төдийд л дуусгавар болохоор хуульд бичигдсэн. Ял шийтгэлийн бодлого үйлийг шинэ хуулийн концевцоор маш хатуу заасан. 14-18 настай хүүхдийг хүчиндвэл найм хүртэлх жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Үүнд торгох заалтгүй, тэнсэхгүй. Хүнд гэмт хэрэгт тооцно” гэж тайлбарлав.

Мөн Хууль зүйн сайд асан, хуульч Х.Тэмүүжин мөн ийм тайлбарыг хийсэн билээ. Тэгэхээр биднийг нэг хэсэг хоёр тал болгон хэрэлдүүлсэн уг асуудлын үнэн мөн нь энэ болж таарах нь.

Харин бид мэдээллийг шүүн тунгаах хамгийн энгийндээ интернэтээс Эрүүгийн хуулиа сөхөөд харчих чадваргүй болтлоо бусдыг даган баясдаг болсныг энэ үйл явдал тодоор харуулав.

ХУУЛЬ

Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 12 дугаар зүйл. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох: 12.5.1-д “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Н.Цэрэнбат: Зайсангийн амтай холбоотой хэрүүлийг БОАЖЯ хийхгүй ээ, хот нь шийдвэрлэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд "Засгийн газрын тогтоолоор Зайсангийн аманд оршин суурьшиж байгаа иргэдийг тусгай хамгаалалтын газраас хасах, Улаанбаатар хот руу шилжүүлэх нэгдсэн том ажил яамд хооронд эхлүүлсэн байгаа. Ер нь гадна дотны хөрөнгө оруулалтаар Зайсангийн аманд олон барилга баригдсан үүний хэрүүлийг БОАЖЯ хийхгүй ээ. Хот нь аваад асуудлаа шийдвэрлээд явах ёстой. Засгийн газар 2018 оныг төрийн албан хаагчдын сахилга батыг сайжруулах жил болгон зарласан байгаа. Энэ хүрээнд БОАЖЯ-ны харьяа агентлагууд нээлттэй хаалганы өдөр зарлахаар ажиллаж байна. Сайдын ажлаа авснаас хойш Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан байгаа. Бидэн дээр ирж буй санал гомдлын бараг 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой асуудал байдаг. Тиймээс яамнаас тусад нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана" гэлээ.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цэвэрлэх байгууламж баригдах асуудал яагаад удаашраад байгаа юм бол?

-Барилга, хот байгуулалтын яаман дээр ажлын хэсэг гарсан байгаа. Манай яамны зүгээс байгаль орчны үнэлгээ хийх асуудлыг нь хариуцан ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгүүдийн ажил хэвийн үргэлжилж байгаа.

-Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн асуудал бий юу?

-Ийм төрлийн зөвшөөрлийг 20 орчим ААН-д өгдөг. Жил бүр нэгэнд нь их өглөө. Нөгөөд нь бага өглөө гэх хэл ам гардаг. Аль болох асуудлыг нээлттэй явуулах зарчим баримтална. Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. ААН-үүд өөрсдөө Монгол төрийн бодлогыг хүндлэх хэрэгтэй. Асуудлуудаа бид нэгтгээд, хаана хаана ямар асуудал байгааг эрэмбэлж, шийднэ.

-Цаашид шонхор барих зөвшөөрөл дээр хязгаарлалт тавих уу?

-Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон байгаа. Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбогдолтой асуудал огт яригдаагүй.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ?

-Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжуудын биелэлт улс орон даяар маш муу хэрэгжиж байгаа. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зориулалтын бусаар зарцуулдаг. Үүнээс үүдээд маш их асуудал үүсдэг. Бид энэ асуудлаа цаашдаа зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа. 

Д.Сугарыг хамгаалсан хуулийн заалт

ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг “Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан болон МИАТ-ын мөнгийг угаасан гэх хэд, хэдэн томоохон хэрэгт нэр холбогдсон ч хариуцлагаас мултарсан гэж олон нийт ярьдаг. Ямар сайндаа л “Сугардаг Сугар” хочтой болох вэ дээ. Маш их хэмжээний мөнгөний хэрэгт үргэлж холбогддог ч сугараад л үлдчихдэг зан нь түүнийг ийм хочтой болгож орхижээ

Түүний энэ байдал бүр даамжирч одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн болоод улсын хамгаалалтад “яг, таг” хөдлөшгүй ороод авчээ. 

Тодруулбал, түүнийг доорх хуулиас шалтгаалан хуулийн байгууллагаар шалгаж, хариуцлага хүлээлгэх ямар ч боломжгүй байгаа юм.

 Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-д “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэж заажээ.

Чухам хуулийн энэ заалт бий учраас л тэрбээр “Би буруугүй. Буруутай нь тогтоогдвол өөрөө 461 рүү” яваад очно гэж зоригтой яриад сууж байгаа байх.

Чухам энэ хамгаалтад орох гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон ч байж мэднэ. 

Гэхдээ Үндсэн хуулийн цэц өөрөө гэмт хэрэгт нэр холбогдогчдыг хамгаалдаг газар болсон юм биз. 

Б.Номиндалай: Удирдах дээд байгууллагын гаргасан шийдвэр хариуцлагыг хүлээхэд бэлэн байна

БӨХИЙН ТӨЛӨӨ СЭТГЭЛТЭЙ ХҮН БҮХНЭЭС ХҮЛЦЭЛ ӨЧИЖ, УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА.

Улс аймгийн цолтой дөрвөн бөхөөс допинг илэрсэн асуудал шуугиан тариад байгаа. Сэргээшийн асуудалд нэр холбогдсон бөхчүүд эхнээсээ тайлбар хийсэн. Тэгвэл аймгийн арслан Б.Номиндалай өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийж, уучлал  хүсчээ.

Тэрбээр “Сайн байцгаана уу? Бөхдөө хайртай, бөхөө дээдэлдэг монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. "Допингийн эсрэг үндэсний төв"-өөс зарласан мэдэгдэлтэй холбоотой тайлбар хүргэе.

Миний бие бага наснаас эхлэн ядрах, сульдах, стрессдэх зэрэгт биеэр улаан юм туурдаг эмгэгтэй байсан юм. Эмнэлэгт үзүүлэхэд "ПСОРИАЗ" хэмээн оношлосон бөгөөд төдийгөөс өдий хүртэл эмчлүүлж, эмнүүлсээр ирсэн. Псориаз өвчтэй хүмүүс спортын замналаа олон жил үргэлжлүүлсэн түүх байдаггүй юм билээ. Ачаалал их авч, сульдах төдийд сэдэрдэг учир арга ч үгүй юм. Гэвч миний бие бөхийн спортод үнэн сэтгэлээс дуртай, нөгөө талаар өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийг хүссэн учраас хүнд хэцүү өвчнөө хайхралгүй, хэцүү бэрхэд сөгдөлгүй бэлтгэл сургуулилтаа хийж, хичээсээр ирснийг миний гэр бүл, хамт олон, найз нөхөд, багш нар маань сайн мэднэ.

Өвчнөө эмчлүүлэхээр "Арьсны өвчин судлалын үндэсний төв"-д удаа дараа хэвтэж, олон чухал барилдааныг эмнэлгийн өрөөнд өнгөрөөсөн үе надад бий. Энэ өвчинд сайн, тус нэмэртэй гэсэн эм тариа, тос гээд бүхий л зүйлийг хэрэглэж өдийг хүрсэн нь хүссэнээрээ бэлтгэлээ хийж, зорьсондоо хүрэх гэсэн сэтгэлийн минь илэрхийлэл юм. 2017 оны намраас бэлтгэл сургуулилтаа чанартай сайн хийхээр зорьж, хэсэг хугацаанд ачаалалтай бэлтгэл хийхэд дархлаа суларч, өвчин эргэн сэдэрсэн билээ. Энэ үед дархлаа дэмжиж, псориазын эсрэг эмчилгээ хийгдэж байсан Үүнд: КЕНАЛОГ тариаг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн юм. Гэвч мэдлэг мэдээлэл, сэрэмж болгоомжгүйн гайгаар ДЭҮТ-өөс авсан допингийн шинжилгээнд уг эмчилгээний тарианаас хориотой эмийн бодис илэрчээ. Хэдийгээр өвчнөө эдгээхийн тулд арга мухардаж, сайн гэсэн болгоныг хэрэглэсэн нь үнэн боловч хариуцлагагүй, болгоомжгүй хандсан нь миний буруу юм. Эмчлүүлж байгаа тухайгаа хариуцсан албаны эмч нарт мэдэгдэж, эм тариа маань хориотой бодисын жагсаалтад ордог эсэхийг лавлаж байгаагүй нь ч миний алдаа юм. Тиймээс бөхдөө хайртай, монгол бөхөө дээдэлдэг ард олон, дэмжигч байгууллагууд, найз нөхөд, гэр бүл, ахан дүүс, бөхийн төлөө сэтгэлтэй хүн бүхнээс хүлцэл өчиж, уучлал гуйж байна.

Нэгэнт миний буруу, миний хайхрамжгүй байдлаас болсон тул удирдах дээд байгууллагын гаргасан шийдвэр хариуцлагыг хүлээхэд бэлэн байна.Та бүхнийг хүндэтгэсэн: Б.Номиндалай” гэжээ.

Өөрийгөө буудсан хошуучид эмч нар "МИ-171" нисдэг тэргээр очиж хагалгаа хийжээ

УЛСЫН МӨРДӨН БАЙЦААХ ГАЗРЫН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧИД ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Э өөрийгөө буудсан хэрэг энэ сарын 9-ний үүрээр гарсан. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар очиход Хошууч Б.Э өөрийн өрөөнөөсөө гарч, хурлын танхим руу ороод ухаан алдсан байдалтай унасан байжээ. Тэрээр тусгай хэрэглээний гар буугаар  эрүүн доороосоо буудаж, сум баруун нүдний доод хэсгээр нэвт гарсан гэсэн дүгнэлт гарсан байна. Аймгийн түргэн тусламжийн төвийн эмч нар түүнд цаг алдалгүй хагалгаа хийсэн бөгөөд мөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар  МИ-171 нисдэг тэргээр очиж хагалгаа хийсэн байна. Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зургаан эмч очиж хагалгаа хийжээ. Хагалгаа амжилттай болсон ч өвчтөн өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна. Мөн Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид Өмнөговь аймагт хэргийн газарт ажиллахаар очжээ. Хэргийг  холбогдох албаныхан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Архины хордлогын улмаас нас барагсдын тоо 15.5 хувиар өсчээ

Цагдаагийн байгууллагаас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд архидан согтуурсанаас үйлдсэн гэмт хэргийг бууруулах, тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.

Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

 Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ:

 Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс, 4012 буюу 12,4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.

 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86497 хүн саатуулагдсан. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0,31 хувь нь насанд хүрээгүй хүн байна.

 Цагдаагийн байгууллага нь Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг, шинжилгээ, оношлогоонд   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсээс авсан судалгаагаар 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсныг өмнөх онтой харьцуулахад 15,5 хувиар өссөн байна.  /2016 онд 308 хүн архины хордлогоор нас барсан/

 Нийгэмшлийн орчны нөлөөллийг бууруулах, уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулах. Ялангуяа, өсвөр үе, залуучуудыг согтууруулах ундааны хэрэглээнээс хол байлгах нь ирээдүйн эрүүл Монголыг бий болгох зорилготой юм.

 Архидан согтуурахтай төрийн болон төрийн бус байгууллага тэмцэх нь төдийлөн үр дүнтэй биш бөгөөд иргэдийн өөрсдийн зөв дадал хэвшил, идэвхи, санаачлага зайлшгүй шаардлагатай байдаг тул анхаарна уу.

Э.БЭХБАЯР “А” зэрэглэлийн ОУТ-ээс 12 дахь алтан медалиа зүүв

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ өнөөдөр ОХУ-ын Улаан-Үд хотод эхэллээ. 23 дахь удаагийн удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. 
ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Хангарьд” спорт клубийн тамирчин, МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр 57 кг-ын жинд түрүүлж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Улаан-Үдэд нийт таван барилдаан хийсэн бөгөөд тэгшитгэлд спортын мастер Б.Төгсийг 10:0-ээр, 1/8 шигшээд Б.Түмэнцогтыг 12:1-ээр, шөвгийн наймд ОХУ-ын АШТ-ий хошой хүрэл медальт Якутын Арыйаан Тютринийг 4:2-оор, хагас шигшээд Тувагийн Белек-оол Кужугетийг 3:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт Тувагийн Хуреш-Оол Дондук-Оолыг 2:1-ээр тус тус ялсан юм. 
Ийнхүү Бэхээ гавьяат Герман, Испанийн Гранпри, Дан Колов, Динмухамед Кунаев, Дмитрий Коркин, Тахтийн цом, “Монголиа Опен”, Буриадын ОУТ гээд ДБНХ (UWW)-ны календарт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ээс 12 дахь түрүүгээ хүртэж байна. 
74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, МУГТ Пүрэвжавын Өнөрбат, 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул нар мөнгө, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай, 86 кг-д тус спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн нар хүрэл медаль хүртэв. Г.Мандахнаран, О.Үйтүмэн, Б.Батмагнай нар дөрөв, П.Өнөрбат гурав, Ө.Батзул анхны медалиа Буриадад “зүүцгээсэн”. Ялангуяа Б.Батмагнай 65 кг-ын жинд сүүлийн дөрвөн жил дараалан хүрэл медаль хүртсэн нь ховорхон амжилт. 
Өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд 65 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга Буриадын Даши Шарастепановт 97 кг-д "Мэргэд хангай" клубийн тамирчин спортын мастер Б.Одсүрэн Эрхүүгийн Алдар Хамаевт оноогоор цэвэр, 74 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин З.Сумъяабазар Дагестаны Магомед Дибиргажиевт 2:2-оор будлиантайхан ялагдлаа. Маргааш 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн барилдаан боллоо.

Амь эрсэдсэн 17 уулчинд хөшөө босгожээ

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрт хайрханд амжилттай авираад буух замдаа байгалийн гамшигт 17 уулчин амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл амь эрсэдсэн 17 уулчин нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн хэсэг уулчид нэгдэн Асралт хайрханы замд гэрэлт хөшөө босгожээ. Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү оргилд гарч байв.

Хаана байна, өнөөх сайхан амлалтууд Э.Бат-Үүл дарга аа

Гэр хорооллын айлууд орон сууцанд орж, хотын захиргааг төвөөсөө нүүлгэн, ажилдаа метрогоор зорчиж, бүгдээрээ “тансаг” амьдарна аа гэж нэг улстөрч сонин, телевизээр байнга ярьдаг байв.

Тэр бол хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл. Түүний хэлснээр бол Улаанбаатар утаанаас салж, хашааныхан нь паартай байшинд халуун хүйтэн устай “жаргаж” суух байв. Гэтэл Улаанбаатарчууд утаатай, түгжрэлтэй, хашаатай, ууртай хэвээрээ. Улсын баатар маань төв талбайдаа гэр хорооллын айл өрхүүдийн эрх ашгийг хамгаалж жагсаал зохион байгуулав. Ямар ичгэвтэр “хэрэг” вэ.

Угтаа бол гэр хорооллыг бараг л “диваажин” болгоно гэж иргэдийгуран үгээр хуурсан Улсын баатраас жирийн иргэд амлалт нэхэж жагсвал гайхах хүн үгүй. Учир нь Э.Бат-Үүлд 2012-2016 онд хотын даргаар ажиллаж байхад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрх мэдэл бүгд түүний гарт төвлөрч байлаа. Гэвч гарт баригдаж, нүдэн харагдахаар ажил хийсэнгүй. Уран цэцэн ярьсаар л байв. Э.Бат-Үүл дарга 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хэвлэлийн хурал хийж,“Монголын дахин төлөвлөлт дэлхийн түүхэнд бичигдэх амжилт тогтоох нь” гэж хэвлэл мэдээллийнхэнд яаран зарлав.

Хотын дарга маань “Япон, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнууд дахин төлөвлөлтөө хийх гэж мунгинаж байхад Монгол Улс энэ ажлыг маш хурдтай хийж байна “ гэж онгиров. Монгол Улс дахин төлөвлөлтөөр бараг л “Гиннес”-ийн амжилт тогтоох нь холгүй ярьсан нь хэвлэлийн хуудаснаа түүх болон үлджээ. Улсын баатар маань үргэлж шулуун шударга байх тухай сургаж, өөрийн намын болоод МАН-ын нөхдийг “худалч”, “хулгайчаар” нь баруун солгойгүй цоллосоор байна. Иргэд ч түүнийг шулуун үгтэй, шударга хүн гэж итгэдэг байсан цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Түүний хүү Б.Чулуудайн “Грандлайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож, таван тэрбумыг халаасалж, ажлаа ч олигтой хийгээгүй гэх гомдол өнгөрсөн хугацаанд Э.Бат-Үүлийн чихийг хангалттай “халууцуулсан”. Энэ тухай Э.Бат-Үүл дарга тайлбарлахдаа “...Болиод өгөөч, наадахаа цуцалчих” гэж би хүүдээ хэлсэн. Уг нь тэнд дөрвөн компани өрсөлдсөн юм. Дараагийн компани ээлжээ хүлээж байгаа шүү дээ яваад орчих л доо гэсэн чинь иргэд намайг тоогоогүй.

Сүүлдээ хүү маань “Ааваа би бизнес хийж болохгүй юм уу” энэ тэр гээд өөдөөс том том юм яриад байсан. Би хүүгийнхээ эрхийг хязгаарлах ч хаашаа юм, их зовлонтой...” гэжээ. Өөрөөр хэлбэл, “Баяраа өөрөө ширээнээс унасан юм билээ” гэдэг шиг иргэд нь заавал хотын даргын хүүгийн компанитай хамтарч ажиллана гэж Э.Бат-Үүлийг хайчин галд оруулчихсан бололтой. Шударга ёсны тухай хамгийн чанга хашгирах хэрнээ бодит байдал дээр хүүдээ тендер “бэлэглэж” суусан. Хүүгийнх нь компани оффшор бүсэд данстай байсан Э.Бат-Үүлд одоо итгэх хүн байна гэж үү. Хашааны газрыг үнэгүйдүүлж байна” хэмээн хамаг чадлаараа хашгирч байгаа түүний цаад зорилго нь 2020 оны сонгууль. Гэр хорооллын эмзэг асуудалд дөрөөлж тэр хотын дарга болсон.

Тиймээс одоо энэ сэдвээ сэвж, ирэх сонгуульд нэр дэвших, албан тушаалд очих сонирхолтой байгаа нь тодорхой. Мэдээж, түүний хамгийн сайн чадах ажил бол жагсаал, цуглаан шүү дээ. Одоогийн нийслэлийн удирдлагуудын зүгээс хашааны газраа барьцаалж, орон сууцны урьдчилгаагаа авах боломжийг бүрдүүлээд байгаа. Түүнчлэн хотын төвлөрлийг сааруулахын тулд хотын захиргааг 2019 онд багтаан яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргаад буй юм. Э.Бат-Үүлийн ятгалгаар жагсагчид энэ шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн удирдлагуудад таван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ. Өмнө нь Э.Бат-Үүл “дахин төлөвлөлтийг улстөржүүлж байна” гэж байнга гомдоллодог байв.

Одоо харин хариугаа авч байгаа мэт нийслэлийнхний ажлыг юу ч байсан нүдээ аниад эсэргүүцэхээр шийдсэн бололтой. Түүний жагсаал, цуглаан ч яахав. Хүмүүс нэг үеэ бодвол аливааг ялгаж, салгадаг болсон цаг. Харин одоо болтол хариулт тодорхойгүй асуулт олон байна. Хэзээ бид таны хэлсэн шиг хашаандаа хаустай, халуун, хүйтэн устай, газар нь тэрбумын үнэд хүрч “галзууртлаа” баяжих вэ Э.Бат-Үүл дарга аа,

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэд
Бат-үүл зөвийг ауруутгаж,бурууг зөвтгөх л арга барилд мэргэшсэн анархист нөхөр шүү дээ,
2018/03/12 66.181.186.108