Ардчилсан нам энэ сарын 5-ны өдөр ҮБХ-ндоо ротаци явуулж 116 гишүүнээ Үндэсний бодлогын хорооноосоо хассан. Тэдний дунд Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр байсан билээ. Тэднийг жилийн 3 сая төгрөгийн татвараа төлөөгүй, намын үйл ажиллагаанд идэвхгүй хандсан, оролцоо багатай гэсэн үндэслэлээр хассан гэдэг. Харин тэдний оронд С.Эрдэнэ даргын хүмүүс орсон хэмээн АН-ын зарим гишүүд ярьж буй.
Тэгвэл уг асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тайлбар хийлээ.
Тэрбээр "Баабарын ярианд би тайлбар өгөөд байх шаардлагагүй. Баабар гуай улайм цайм худлаа ярьж нийгэмд ташаа мэдээлэл түгээх гэсэн явуургүй оролдлогоо болих хэрэгтэй. Баабар өөрөө ч цэвэр ариун хүн биш. Тэр хүн Ардчилсан намын буянаар төрийн өндөр албан тушаалд очиж, алба хашиж байсан. Гэтэл ардчилал руу нулимж болохгүй. Энэ намын буянаар Баабар аманд орсон үгээ чөлөөтэй хэлж байгаа шүү дээ. Иргэн хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэн өгсөн юм бэ. Хэрэвзээ социализм коммунизмын үе байсан бол энэ хүн Зүүнхараад мод ачаад явж байх байсан. Өнөөдөр эрх чөлөөгөө зөв эдлэх хэрэгтэй" гэлээ.
Харин Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр нарын хувьд Үндэсний бодлогын хорооныхоо гишүүн болохын тулд намынхаа дотоод сонгуульд ахин орж өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Ардчилсан намаас дотоод сонгуульд өрсөлдөх гишүүддээ өнөөдөр сонгуульд өрсөлдөх эрхийн үнэмлэхийг нь гардуулсан юм.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд орохын тулд 76 тойргийн 123 мандат дээр 146 гишүүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль гуравдугаар сарын 25-нд болох юм.
Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд санал өгөх, оролцох эрхтэй билээ.
Т.Хулан