8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ДОХ-ын 1 тохиолдол шинээр бүртгэгдэж, Ш.Батхүүг цагдан хорьсон өдөр

2018-03-13 18:40:00

Өнөө шөнө Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулсан байна. Мөн үүнээс  гадна Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд "Каунти" дунд оврын автобус 28 зорчигчтой Хустайн давааны орчим өнөөдөр 06.00 цагийн үед онхолдсон байна.Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Иймд хууль бусаар зорчигч тээвэрлэлтээс татгалзаж, гэрээтэй, баталгаатай, даатгалтай, GPS-ийн хяналттай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг тус газраас анхааруулжээ. Иймд та бүхэн нийт нутгаар цасан шуурга шуурах тул хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна. Ингээд өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

С.Эрдэнэ: Баабар өөрөө ч цэвэр ариун хүн биш

Ардчилсан нам энэ сарын 5-ны өдөр ҮБХ-ндоо ротаци явуулж 116 гишүүнээ Үндэсний бодлогын хорооноосоо хассан. Тэдний дунд Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр байсан билээ. Тэднийг жилийн 3 сая төгрөгийн татвараа төлөөгүй, намын үйл ажиллагаанд идэвхгүй хандсан, оролцоо багатай  гэсэн үндэслэлээр хассан гэдэг. Харин тэдний оронд С.Эрдэнэ даргын хүмүүс орсон хэмээн АН-ын зарим гишүүд ярьж буй.

Тэгвэл уг асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тайлбар хийлээ.

Тэрбээр "Баабарын ярианд би тайлбар өгөөд байх шаардлагагүй. Баабар гуай улайм цайм худлаа ярьж нийгэмд ташаа мэдээлэл түгээх гэсэн явуургүй оролдлогоо болих хэрэгтэй. Баабар өөрөө ч цэвэр ариун хүн бишТэр хүн Ардчилсан намын буянаар төрийн өндөр албан тушаалд очиж, алба хашиж байсан. Гэтэл ардчилал руу нулимж болохгүй. Энэ намын буянаар Баабар аманд орсон үгээ чөлөөтэй хэлж байгаа шүү дээ. Иргэн хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэн өгсөн юм бэ. Хэрэвзээ социализм коммунизмын үе байсан бол энэ хүн Зүүнхараад мод ачаад  явж байх байсан. Өнөөдөр эрх чөлөөгөө зөв эдлэх хэрэгтэй" гэлээ. 

Харин Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр нарын хувьд Үндэсний бодлогын хорооныхоо гишүүн болохын тулд намынхаа дотоод сонгуульд ахин орж өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Ардчилсан намаас дотоод сонгуульд өрсөлдөх гишүүддээ өнөөдөр сонгуульд өрсөлдөх эрхийн үнэмлэхийг нь гардуулсан юм. 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд орохын тулд 76 тойргийн 123 мандат дээр 146 гишүүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль гуравдугаар сарын 25-нд болох юм.

Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд санал өгөх, оролцох эрхтэй билээ. 

С.Ганбаатар: Одоогийн Үндсэн хууль олигархиудад үйлчилдэг

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, дэд дарга С.Ганбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус нам нь Шинэ дээд үндсэн хуулийн үзэл баримтлалыг боловсруулахаар иргэдээс санал авч байгаа. Шинэ дээд үндсэн хуулийн үзэл баримтлалыг боловсруулж батлуулах саналд улс төрийн зарим нам нэгдсэн байна. Тиймээс үүнийг олон нийтэд мэдэгдэж маргааш МҮАН, ИЗНН, Ногоон нам, МАХН зэрэг дөрвөн нам хамтран тунхаг бичигт гарын үсэг зурахаар болжээ. Ингэснээр тэд Шинэ дээд үндсэн хуулийг батлуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлж буй энэ юм.  

Энэ үеэр МАХН-ын дэд дарга С.Ганбаатараас зарим асуултад хариулт авлаа. 

-  Шинэ дээд үндсэн хуулийн талаар иргэд төдийлөн сайн ойлголтгүй байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

-  Одоогийн Үндсэн хууль олигархиудад үйлчилдэг. Өнөөдөр үйлчилж буй Үндсэн хуулийн үр дүнд Монгол улс 25 тэрбум долларын өрөнд орчихсон, уул, уурхайн баялагаа хэдхэн гэр бүлд алдчихсан байна. Мөн ядуурал, ажилгүйдэл газар авч цааш явах замгүй болтлоо доройтлоо. Энэ бол өнөөдөр үйлчилж буй Үндсэн хуулийн үр дүн. Тэгэхээр бид энэ байдлыг өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй. Шинэ дээд Үндсэн хуулийн цаад мөн чанар бол уул, уурхайн баялаг болон төсвийн мөнгөнөөс хулгай хийдэг даварсан дарга нарыг хазаарлаж өгөх юм. Өнөөдрийн үндсэн хуулиар даварсан дарга нарыг тэтгэж, хамгаалж байнаҮндсэн хууль ард түмний төлөө үйлчлэх ёстой. Тэгэхээр иргэд өөрсдөө дарга нарыг шүүдэг хууль хэрэгжихгүй байгаа учраас Монгол орон даяар дүүрэн хулгайчид байна. Ард түмэнд эрх мэдлийг нь буцааж өгөх гэж Үндсэн хуулиа шинээр өөрчлөх гэж байна. Уг ажилд ард түмнийхээ дэмжлэгийг авахаар ажиллаж байгаа. 

-   Шинэ үндсэн хуулийг боловсрууллаа гэхэд УИХ-аар хэлэлцүүлж, батлуулж чадах уу? 

-   Энэ 76 гишүүн үндсэн хуулийг баталдаггүй юм. Баталгаажуулж , ёслол хийдэг болохоос бус баталдаггүй. Ард түмний дунд санал асуулга явуулаад дэмжсэн тохиолдолд 76 баталгаажуулна. 76 шууд үндсэн хуулийг батлах, санаачлах, өөрчлөлт оруулах эрхгүй. 

-    Хэзээ боловруулж дуусах төлөвлөгөөтэй байгаа вэ? 

-  Ард түмнээр хэр хугацаанд хэлэлцүүлж дуусна тэр үед л боловсруулна. Бид ард түмнээр хэлэлцүүлсний дараа 76 гишүүнээс санал авахгүй, баталгаажуул гэж тулгана. 

- МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Ингэхдээ мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуультай харшилж байна гэсэн тайлбарыг өгсөн. Энэ талаар тайлбар өгнө үү?

-  Үндсэн хуулийн төслийг ямар ч хувь хүн, байгууллага, нам, улс төрийн хүчин ярьж, ард иргэдээсээ санал авах эрхтэй. Үүнийг хорьсон зүйл ямар ч хуульд байхгүй. МАХН 21-р зууны хоёрдугаар их хурлаа ард түмний өмнө нээлттэй, ардчилсан байдлаар нийт гишүүдтэйгээ хамтарч хийсэн. МАХН-ын их хурлын баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийн талаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Бүртгэлийн ажил явагдаж байгаа. Улсын дээд шүүх бүртгэх асуудлыг хэлэлцэхээс эвлэлдэн нэгдсэн намын дотоод асуудал руу оролцох ёсгүй. Ойрын үед бүртгэлийн үйл ажиллагаа амжилттай явна гэж бодож байна.

-  МАХН-аас өнгөрсөн онд аливаа сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан бол намаас хасна гэж дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлж байсан. Энэ удаагийн дүрэмд энэ өөрчлөлтийг тусгасан уу?

- МАХН-ын дүрмийн өөрчлөлтөд улс төрийн намын тухай хуулийн дагуу бусад намуудын дүрмийн адил зүйлийг тусгасан. Шинэ дүрэмд МАН, АН-ын дүрэмд заагдсан улс төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, хамт олны дүрэм, журам зөрчсөн нөхцөлд хариуцлага тооцно. Түүний хамгийн том хариуцлага нь намаас хасна гэсэн заалт бийЭнэ дагуу л дүрэм шинэчлэн найруулан баталсан.

-    Шинэ дүрмээ бүртгүүлчихвэл О.Баасанхүү гишүүнийг намаас хөөх үү? 

- О.Баасанхүү гэх хувь хүний асуудал намын их хурлаар яригдаагүй. Манай нам түүнд ач холбогдол өгөхгүй байгаа. 

-  Танай намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба ял эдэлж байна. Энэ хүний асуудалд та бүхэн яаж хандаж байгаа вэ? 

- Өндөр албан тушаалтай байсан хүмүүс хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээж буй асуудалд мэргэжлийн өмгөөлөгч нар ажиллана шүү дээ. Улс төрийн намын ажил биш гэхдээ найз нөхдийн холбоогоор холбогдох зүйл байна. 

Он гарсаар ДОХ-ын 1 тохиолдол шинээр бүртгэгджээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2018 оны эхний хоёр сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 6003 болж, өмнөх оны мөн үеэс 430 (6.7%)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 416 (21.4%)-гаар, трихомониазаар өвчлөгчид 179 (21.0%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид16 (5.2%)-гаар, тэмбүүгээр өвчлөгчид 52 (5.0%)-оор буурсан нь голлон нөлөөлжээ.  Улаанбаатар хотод 2018 оны хоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 252 болжээ.

2016 онд 308 хүн архины хордлогоор нас баржээ

Цагдаагийн байгууллагаас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд архидан согтуурсанаас үйлдсэн гэмт хэргийг бууруулах, тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.

Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

 Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ:

 Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс, 4012 буюу 12,4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.

 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86497 хүн саатуулагдсан. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0,31 хувь нь насанд хүрээгүй хүн байна.

 Цагдаагийн байгууллага нь Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг, шинжилгээ, оношлогоонд   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсээс авсан судалгаагаар 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсныг өмнөх онтой харьцуулахад 15,5 хувиар өссөн байна.  /2016 онд 308 хүн архины хордлогоор нас барсан/

 Нийгэмшлийн орчны нөлөөллийг бууруулах, уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулах. Ялангуяа, өсвөр үе, залуучуудыг согтууруулах ундааны хэрэглээнээс хол байлгах нь ирээдүйн эрүүл Монголыг бий болгох зорилготой юм.

 Архидан согтуурахтай төрийн болон төрийн бус байгууллага тэмцэх нь төдийлөн үр дүнтэй биш бөгөөд иргэдийн өөрсдийн зөв дадал хэвшил, идэвхи, санаачлага зайлшгүй шаардлагатай байдаг тул анхаарна уу.

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж илрүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсаныг эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, 34 настай, эмэгтэй А нь тус шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ хоёр ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг тогтоожээ. 

Өнгөрөгч хоёрдугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хуурамч 20 мянгатаар гүйлгээ хийсэн, гуравдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч 10 мянгатын дэвсгэртээр үйлчлүүлсэн хэргийг харьяалах цагдаагийн хэлтсүүдэд шалгаж буй.  

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. 

Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах 

1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. 

Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Д.Трампаас манай Ерөнхийлөгчид хариу захидал бичив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас хариу захидал ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан юм.

Төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бичсэн дээрх захидлыг бүрэн эхээр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу хаягласан захидлыг хураангуйлан хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН БИЧСЭН ЗАХИДАЛ:

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Танд болон Таны гэр бүлд шинэ жилийн мэндчилгээ хүргэхийн ялдамд Монгол-Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэе.

Монголын ард түмэн АНУ-ыг “чөлөөт ертөнцийг манлайлагч үндэстэн” хэмээн харж, Америкийн хүч чадал, энх тайвныг тогтоох, хамгаалах эрмэлзэл, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг эрхэмлэн дэмжих үйлс нь хэзээ ч зогсохгүй гэж найддаг.

Өнөөгийн нөхцөлд хоёр орны эдийн засгийн харилцаа хангалттай хэмжээнд бус байна. Манай гадаад худалдаанд америкийн эзлэх хувь хоёр хувьд ч хүрэхгүй байгаа юм. 1990 оноос хойш АНУ-аас Монголд 300 гаруйхан сая долларын л хөрөнгө оруулалт хийгдсэн нь цаашид үүнийг сайжруулах боломж байгааг илтгэж байна. Монголыг “ардчиллын баян бүрд”, “ардчиллын үлгэр жишээ” гэх мэтээр хөөргөх нь эдийн засгийн хөгжилд дорвитой нэмэр болохгүй байна. Үүний улмаас Монголын энгийн ард иргэд ардчилалд итгэл алдарч, бидний сонгосон сонголтод эргэлзэж эхлэхэд хүргэж байна. Өнөөдрийг хүртэл хоёр орны эдийн засгийн харилцаа хангалтгүй түвшинд байж ирсэнд эрс өөрчлөлт гаргаж, хөгжлийн санхүүжилтийн шинэлэг арга замуудыг ашиглан Монгол Улсыг эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд Таныг тусалж чадна гэж бид найдаж байна.

Монголд Америкийн эдийн засгийн бодитой дэмжлэг чухлаар шаардагдаж байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг бидэнд олгоно уу хэмээн танаас хүсэж байна. Энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой байх юм.

Манай хоёр орны иргэд хоорондоо чөлөөтэй зорчих нь бидний харилцааг цаашид хөгжүүлэх онцгой чухал ач холбогдолтой тул Монгол Улсын иргэд Америкт түр хугацаагаар зорчиход визний шаардлагаас чөлөөлж өгөхийг Танаас хүсэж байна.

Мөн Таныг Америкийн компаниудыг Монголд хөрөнгө оруулах, улс төрийн тогтвортой байдлыг эдийн засгийн өсөлтөөр хангахад нь манай улсад дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Монгол Улс ардчилсан замаар замнасан 27 жилийн түүхийн туршид АНУ Монголын итгэлт “гуравдагч хөрш” байж ирсэн. Манай улсын гадаадтай харилцах харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гуравдагч хөрш хэмээх нэр томьёог анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкер 1990 онд Монголд айлчлах үедээ хэлж байсан юм. Төрийн нарийн бичгийн дарга Бэйкерийн хэлсэн энэхүү үг Монголын гадаад бодлого дахь нэгэн чухал ойлголт болон төлөвшсөнийг энэ дашрамд дурсахад таатай байна.

Манай хоёр орон ардчиллын нийтлэг үнэт зүйлс, стратегийн сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэн ажилласаар ирсэн. Таны тунхагласан гадаад бодлогод Ази дахь тууштай ардчилал, бүс нутагт Америкийн итгэлт түнш байж ирсэн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг дэмжих сонирхол тодорхой байр эзэлнэ гэдэгт би итгэлтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч нар Монгол Улсад өнгөрсөн 27 жилийн туршид бодлогоор анхаарал тавьж, тусалж дэмжиж ирсэн уламжлал ноён Ерөнхийлөгч таны үед ч үргэлжилж, шинэ агуулгаар баяжина гэж бид итгэж, хүлээж байгаа. Үндэстэн бүр тусгаар тогтнол, эрх чөлөөгөө батжуулах эрхтэй бөгөөд Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа бүрэн олж авахад ноён Ерөнхийлөгч таныг дорвитой дэмжлэг үзүүлнэ гэж хүлээж байна.

Төгсгөлд нь би Америкийн эрдэмтэн Жак Уэтерфордын үгийг эш татмаар байна. Монгол улс, АНУ хоёр газар зүйн байрлалын хувьд хол хэдий ч “… орчин үеийн технологийн ачаар ардчилсан үзэл санаа, хөгжил дэвшлийн төлөөх итгэл үнэмшлээ харилцан солилцсон хөрш зэргэлдээ орнууд юм”.

Манай хоёр улс хөгжин цэцэглэх болтугай” гэжээ.

ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЗАХИДЛЫН ХАРИУ ХОЁРДУГААР САРЫН 28-НД ИРСЭН БӨГӨӨД АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМП ЗАХИДЛЫНХАА ЭХЭНД:

“Зул сар болон шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж захидал ирүүлсэнд Танд талархал илэрхийлье. Мэланиагийн нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Таны гэр бүлд болон Монголын ард түмэнд 2018 онд эрүүл энх, сайн сайн бүхнийг хүсэн ерөөж байна. Мөн Манай Засгийн газар Монгол Улстай түншлэлийн үнэт харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө тэмдэглэе. Америкийн Нэгдсэн Улс Монгол Улсын итгэлийг олсон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд бүс нутгийн болон олон улсын сорилтуудыг шийдвэрлэхээр хамтран ажиллахад Монгол Улс дэмжлэг үзүүлдэгт талархлаа илэрхийлье” гэсэн байв.

Мөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Доналд Трамп цааш нь бичихдээ хоёр орны эдийн засгийн харилцаа бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна гээд худалдаа, хөрөнгө оруулалтаа шударга, харилцан ашигтай хэлбэрээр өргөжүүлэх арга замыг эрэлхийлэхдээ таатай байх болно гэдгээ дурджээ. Ингэхдээ АНУ-ын Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагууд Монгол Улстай ялангуяа хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаа гэжээ. Мөн удахгүй хэрэгжих Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ Улаанбаатарт эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж үзэж байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп захидлынхаа төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Вашингтон хотноо тохиромжтой цагт хүлээн авахдаа таатай байх болно гэдгээ хэлж, 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөжээ.

Х.Нямбаатар: Таван настай хүүхдийнхээ дансанд  500 сая төгрөг, өөрийнхөө дансанд нэг сая ам.доллартай шүүгч бий

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцлоо. Нэвтрүүлгийн үеэр гишүүн нэгэн ноцтой баримт дэлгэлээ. Тодруулбал, “Таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг, өөрийнхөө дансанд нэг сая ам.доллартай шүүгч бий. Намайг ингэж хэлсэний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргах байх. Тэглээ гээд би зогсохгүй. Цаг нь болохоор АТГ-т шалгагдаж байсан энэ асуудлыг баримттай ил болгоно” хэмээн хэллээ. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой хэд хэдэн баримт байгаа ч энэ удаад дэлгэхгүй хэмээн хэллээ. 

"Ингэхэд Улаанбаатарыг хаана байдгийг мэдэх хүн байна уу?"

Хойд Солонгос, АНУ-ын удирдагч нарын уулзалтыг ирэх тавдугаар сард багтаан зохион байгуулахаар тохиролцсон гэсэн мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа. Тус мэдээлэлтэй давхцаад хоёр орны удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт хаана болох вэ гэсэн асуулт мөн дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд  энэ талаар таамаг төдий мэдээлэлүүд  гаргасаар байна. Одоогийн байдлаар Дональд Трамп Ким Жон Ун нарын уулзалт хаана хэзээ болох нь тодорхойгүй байна. Ингээд энэ талаар дэлхийн томоохон хэвлэлүүдийн бичиж буй нийтлэлүүдийг товчлон хүргэж байна.

Энэ талаар Thediploment.com сайтад мэдээлэхдээ тус дээд хэмжээний уулзалт Хоёр  Солонгосын хилийн заагт байрлах цэрэггүй бүсэд болно гэсэн мэдээлэл гаргасан байна.

Харин “Тона Илбо” сонинд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-тай энхийн гэрээ байгуулж, дипломент харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа талаар бичсэн байна.

Мөн өчигдөр New York Times, Newsweek зэрэг дэлхийн томоохон хэвлэлд Хойд Солонгос, АНУ-ын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах орны нэгээр Улаанбаатар хотыг нэрлэсэн байна. Тус мэдээлэлд манай улсыг Хойд Солонгос, АНУ-тай хоёулантай нь сайн харилцаатай, төвийг сахисан орон хэмээн тодотгосон байна.

Харин Los Angeles Times сонинд Өмнөд Солонгосын Чэжү арал, Сингапур, Гуамын аралд тус уулзалтыг зохион байгуулах нь зөв хэмээн бичжээ. Харин тус дээд хэмжээний уулзалыг Монгол Улсад зохион байгуулах нь зохимжгүй гэжээ. Тодруулбал, тус нийтлэлд хэдийгээр Монгол Улс төвийг сахисан найрсаг орон ч гэсэн дэлхийн томоохон удирдагч нарын уулзалтын сүр жавхланг бууруулж магадгүй юм.Ингэхэд Улаанбаатарыг хаана байдгийг мэдэх хүн байна уу?  гэсэн таагүй мэдээлэл гарчээ.

Мөн үүнээс  гадна Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Хойд Солонгос, АНУ-ын удирдагч нарын уулзалтыг өөрийн нутагтаа зохион байгуулах санал тавьсан хэмээн “The Sun” мэдээлжээ. Тус мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “ “Санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Улаанбаатар хотод уулзаж болно. Монгол Улс бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан нутаг дэвсгэр юм. Бид Япон ба Хойд Солонгосын уулзалт зэрэг олон чухал уулзалтуудад түлхэц болж байсан. Монгол орны хойшдын үлдээх өв бол Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ юм” гэсэн санал тавьсан гэжээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ
 

Сүхбаатар аймгийн ИТХ өчигдөр хаалттай хуралдаж,  аймгийн Засаг дарга З.Энхтөрийг хангалтгүй ажилласан хэмээн огцруулсан байна. Мөн тус хуралдаанаар   2004-2008 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогтын нэрийг дэвшүүлсэн байна. Улмаар ИТХ-ын олонхийн саналаар Р.Эрдэнэцогтыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтсон байна.

Т.Мөнхтунгалаг: Ш.Батхүүг нэг сар хорино

2018-03-13 09:18

АТГ-аас Ш.Батхүүг өчигдөр орой 20.00 цагийн үед баривчлан, хорьсон талаар мэдээлэл хүргэсэн. Энэ талаар АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад " Ш.Батхүүг цагдан хорьсон нь үнэн. Цагдан хорих шаардлагатай гэж үзсэн учраас хорьсон.Шинэ хуулиар нэг сар хорино. Энэ хугацаа цаашаа сунгагдаад явах магадлалтай" гэв.  


ШУУРХАЙ:  Ш.БАТХҮҮГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

2018-03-13 08:17

АТГ-аас Ш.Батхүүг өчигдөр орой 20.00 цагийн үед баривчлан, хорьсон байна. Түүний хэрэгт холбогдуулан С.Анхбаяр гэгчийн гэрт нэгжлэг хийж, шаардлагатай эд зүйлийг хурааж битүүмжилсэн мэдээлэл гарч эхэллээ. Ш.Батхүүгийн хувьд "Эрдэнэт" үйлдвэр болон УБТЗ нийгэмлэгийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 110 сая ам.долларыг зээлсэн асуудлаар Монголын Засгийн газрыг 51 сая ам.долларын өрөнд унагасан хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment