8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Уранбилэг: Монголд анхны “ОРД” хүүхдийн уран бүтээлийн арт галерейг нээгээд байна

2018-03-14 09:17:00

 Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн дарга Д.Уранбилэгтэй ярилцлаа. 

-Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьд өнгөрөгч 2017 он уран бүтээл арвин, ажил ундарсан жил болж өнгөрлөө. Өнгөрсөн жил хийсэн ажлуудаасаа хуваалцана уу? 

-Баярлалаа. Юуны өмнө хаврын урь орсон энэ сайхан өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Монголдоо цорын ганц үнэ төлбөргүй сургалт явуулдаг Хүүхдийн урлан бүтээх төв өнгөрсөн жил чамгүй олон ажил хийж, тавьсан зорилго, зорилтоо амжилттай биелүүллээ. Манай төвийн хамт олон “Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө” гэсэн эрхэм зорилго тавин ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвөөс санаачлан олон улсын болон улс нийслэлийн хэмжээнд олон арга хэмжээг анхлан зохион байгууллаа.

Тухайлбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл урлагийн солилцооны нийгэмлэгтэй хамтран "Олон улсын хүүхдийн уран бүтээлийн анхдугаар наадам", “Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн анхдугаар наадам, Монголд суугаа Элчин сайдын яамдуудтай хамтарсан олон талт соёлын арга хэмжээ, мөн гадаадын болон дотоодын ижил төстэй байгууллагуудтай хамтарсан хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн, уралдаан, өдөрлөгүүдийг зохион байгууллаа. Түүнчлэн манай төвийн хамт олон хүүхдийн уран бүтээлийн “Орд” арт галерейг өөрсдийн хүч хөдөлмөрөөр засварлаж нээлээ. Бидний хийж бүтээсэн үйлс бүр өргөн хүрээг хамарсан хүүхдийн хөгжлийг бодитоор дэмжсэн ажил болсонд баяртай байгаа. 

-Өөрсдийн гараар арт галерейг нээжээ. Энэ галерейд өнөөдөр танай төвийн хүүхдүүд “Монгол гоо” хэмээх үзэсгэлэнгээ дэлгэсэн нь харагдаж байна?  

-Тиймээ. Монголын хүүхдийн урлан бүтээх төвд жил бүр олон мянган авьяаслаг хүүхдүүд суралцдаг. Хүүхдүүд маань өдөр бүр урлан бүтээх өрнүүн их хүслээр суралцаж байна. Бид хүүхдүүдэд хөдөлмөр, гоо зүйн мэдлэг олгож, амьдрах арга ухаанд сурган, Монгол улсдаа бүтээлч иргэнийг төлөвшүүлэн бий болгохын төлөө хичээн ажилладаг. Хүүхэд бүхэн өөрийн хийж бүтээсэн зүйлээ бусдад харуулах, таниулах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Харин төдийлөн хүүхдийн авьяасыг дэмжээд үнэ төлбөргүй үзэсгэлэнг нь гаргадаг галерей ховор. Тиймээс бид өөрсдөө санаачлан хийсэн. Өнөөдөр "Орд" арт галлерейд маань өдөр бүр хүүхдийн уран бүтээл дүүрэн дэлгэгдэж байгаад сэтгэл хангалуун байна. Одоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан ЕБС-иудын ахлах ангийн эмэгтэй сурагчид, мэргэжлийн уран бүтээлчдийн хамтарсан “МОНГОЛ ГОО” үзэсгэлэн гарсан байгаа.

Энэ үзэсгэлэнд Монгол түмний хэл бичиг, хувцас эдлэлийн соёл, хүний сэтгэлд орших төгөлдөр гоо ертөнцийг тодотгон харуулах, бүсгүй хүний, эх хүний дотоод гоо үзэсгэлэнг дүрслэх урлагийн олон төрлөөр илэрхийлэн гаргасанаар хүүхэд багачууд, залуучуудад эмэгтэй хүнийг хайрлах, хүндэтгэх, дээдлэх чанарыг төлөвшүүлэхэд хувь нэмэр болох  зорилготой. Нийт 90 гаруй бүтээл тавигдсан баялаг сайхан үзэсгэлэн боллоо.

-Энэ галерейд зөвхөн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн хүүхдүүдийн бүтээлийг дэлгэх үү. Өөр үзэсгэлэнгээ дэлгэх хүсэлтэй хүүхэд багачууд, уран бүтээлчид хандаж болох уу? 

-Мэдээж бололгүй яахав. Энд зөвхөн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн хүүхдүүд  үзэсгэлэн гаргана гэсэн ойлголт байхгүй.Бид авьяаслаг хүүхэд бүрийг, уран бүтээлчдийг дэмжиж ажиллана.

-Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Ойгоо угтаж ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 

-Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв анх 1988 онд Монгол Улсын Ардын багш Бавуугийн Цэрэндоржийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж 30 дахь жилтэйгээ золгож байна. Ойгоо угтаж олон шинэ ажил санаачлан хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ хавартаа багтаж Нийслэлийн ЕБС-иудын Дүрслэх урлаг, дизайн, технологийн багш нарын анхдугаар наадам, төвийн нэрэмжит хүүхдийн дүрслэх урлагийн олимпиад зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн олон улсын болон улс нийслэлийн хүрээний арга хэмжээгээ уламжлал болгон хийж хэрэгжүүлнэ. Цаашилбал төвийнхөө түүхэн замналыг харуулсан анхны баримтад кино, нэвтрүүлэг, ном товхимол, хүүхдүүддээ дуу хүртэл зориулан хийхээр төлөвлөж байгаа. Бидний өмнө олон сайхан ажил хүлээж байна даа.

-Алслагдсан дүүрэг, хороодын хүүхдүүдэд салбар дугуйлан нээсэн гэж байсан. Салбар дугуйланд хүүхдүүд хэр хамрагдаж байна вэ? 

-Хүүхэд гэдэг ирээдүйн Монгол улсын эзэд. Ирээдүйд Монгол улсаа хөгжүүлж, хүчирхэгжүүлж, Монголоор нь авч явах хүмүүс нь өнөөдөр бидний үр хүүхэд хойч үе.

Тиймээс хүүхэд бүрт хүрч ажиллах зорилгоор манай төвийн зүгээс төрийн үйлчилгээ төдийлөн сайн хүрдэггүй алслагдсан хороодын хүүхдүүдэдээ сургалт явуулж эхлээд жил гаруй болж байна. Одоогоор манай сургалтанд Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороо, Чингэлтэй дүүргийн 16, 15, 14-р хороо, Баянзүрх дүүргийн 22, 19, 5-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 30-р хороо, Чингэлтэй дүүргийн 19, 12-р хорооны нийт 130 хүүхэд дүрслэх урлаг, гар урлалын чиглэлээр хамрагдаж байна. 

-Монголын хүүхдийн урлан бүтээх төв өнөөдөр хэдэн төрлийн дугуйланд хэчнээн хүүхэд хамруулж байна вэ?

-Манай төв энэ жил 2000 гаруй хүүхдийг 17 төрлийн 23 дугуйланд үнэ төлбөргүй сурган хөгжүүлж байна. Үүнд, анхан шатны сургалт, Уран зураг, Чимэглэх уран зураг, Хүүхэлдэй, бэлэг дурсгал, Сүрлэн сүлжмэл, Сүрлэн наамал, Баримал, керамик, Уран хайчилбар, Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал, Арьсан урлал, уран дархан,  Хувцас дизайн, Нисэх онгоцны болон Авто машины загвар зохион бүтээх, Монгол уран бичлэг, Уран сийлбэрийн дугуйлангууд багтдаг.

-Хүүхдийн урлан бүтээх төвийг төгсөж гарсан хүүхдүүд мэргэжлийн уран бүтээлч болох нь хэр байдаг вэ? 

-Яг энэ чиглэлээр хийсэн нарийн судалгаа мэдээлэл байхгүй. Гол нь Монгол улсдаа болон гадаадад нэр хүндтэй олон уран бүтээлчид манай төвийн сурагчид байгаа нь бахархууштай юм. Энэ байгууллагаас маань мэргэжлийн уран бүтээлчид олноороо төрөн гарч байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ ирээдүйд Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахуйц бүтээлч, хөдөлмөрч иргэнийг төлөвшүүлэх нь бидний чин сэтгэлийн хүсэл зорилго юм.   

-Ярилцлаганд урьсан танд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл