8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

2018-03-14 18:05:00

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин он гарсаар гурван аймгийн 21 сум, Нийслэлийн нэг дүүрэгт оношлогдсон байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Наран сум, Дорнод аймгийн Чулуунхороот сум, Дорноговь аймгийн Эрдэнэ, Даланжаргалан, Хатанбулаг, Сайншанд, Сайхандулаан сум, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Зуунмод, Дундговь аймгийн Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Гурвансайхан сум, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сум, Булган Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шүлхий өвчин гарчээ.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Баянхутаг, Хэрлэн сум,Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо сум, Төв аймгийн Сэргэлэн,Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум,Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг зэрэг 4 аймгийн 8 сум, Нийслэлийн 1 дүүрэгт шүлхий өвчин оношлогдож хорио цээрийн дэглэм тогтоон мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

Шүлхий өвчин нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм. Шүлхий нь шууд хавьталын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг.

Шүлхийн үүсгэгч нь А, О, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн 7 ийлдсийн хэвшилтэй, вирус юм.

Бүх төрлийн гэрийн тэжээвэр болон зэрлэг салаа туурайтан тухайлбал үхэр хонь, ямаа, тэмээ , усны үхэр, цагаан зээр, хар сүүлт, цаа буга, зэрэг амьтад мэдрэмтгий байдаг.

Газар зүй цаг уур, мал аж ахуйг хөтлөх арга ажиллагаа, хүн амын сэтгэл зүйн онцлог зэрэг олон хүчин зүйлийг харгалзан дэлхийн улс орнуудад шүлхийтэй тэмцэхэд 6 төрлийн арга хэрэглэдэг юм байна. Манай орны хувьд дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг.
 

  1. Өвчтэй, өвчилсөн, өвчилж болох бүх малыг толгой дараалан устгахын тулд нядалгаа хийх.
  2. Өвчин гарсан газрын малыг нядлахын зэрэгцээ эргэн тойрны нь малыг хамран вакцинжуулах арга хэмжээ авдаг.


Иймд иргэд онцын шаардлагагүй бол дээрх дүүрэг, аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Мөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment