8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баатархүү: Мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ

2018-03-15 09:00:00

Сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх тохиолдол ихсэх болов. Энэ талаар бид ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. 

-Он гарсаар хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

"Он гараад хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн, хийх гэж оролдсон гурван тохиолдол манайд бүртгэгдсэн.  Гарсан гурван тохиолдлыг авч үзвэл Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсаныг эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, 34 настай, эмэгтэй А нь тус шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ хоёр ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг тогтоосон. Өнгөрсөн хоёрдугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хуурамч 20 мянгатаар гүйлгээ хийсэн, гуравдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч 10 мянгатын дэвсгэртээр үйлчлүүлсэн хэргийг харьяалах цагдаагийн хэлтсүүдэд тус бүр шалгаж байна. 

-Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн этгээдэд хуулийн ямар хариуцлага тооцох бэ? 

-Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал,  Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах.

Мөн үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.  Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж тус бүрт нь зааж өгсөн байдаг. 

-Иргэд хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таниж мэдэх вэ?

-Монгол Улс төдийгүй аливаа улсын мөнгөн тэмдэгт нууцлалын өндөр зэрэглэлтэй байдаг. Нарийвчилсан нууцлал ч бий. Тэгэхээр мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхийг мэдэхийн тулд иргэд худалдан авалт хийхдээ авч байгаа, өгч байгаа мөнгөн дэвсгэртээ сайтар харж, шалгах хэрэгтэй. Өнгө нь хувирсан эсэхийг сайтар харах хэрэгтэй. Монголбанк мөнгөн тэмдэгтийн нууцлалыг өөрчилж, шинэчилдэг.  Доорх зурагт мөнгөний нууцлыг нарийн гаргаж өгсөн. 

-Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн, хийх гэж оролдсон тохиолдлуудыг харж байхад дандаа том дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн байх юм? 

-Мөнгөн дэвгэртийг хуурамчаар үйлдэх нь өөрөө гэмт хэрэг гэдгийг би сая хэлсэн. Хуулийн хүлээлгэх харуцлага зүйл заллттай.

Ер нь хуурамч мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн тохиоилдлуудын дийлэнх нь 5, 10, 20 мянгатын дэвсгэрт байдаг. Иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment