8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: Торгуулийн хэмжээг хот, хөдөөд интервальчлах шаардлагатай байна

2018-03-15 13:21:00

"Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.03.15/ Төрийн ордны Иргэний танхимд  зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд, улсын байцаагч нарын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг үеэр бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурсан. Мөн улс, орон нутгийн төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар гарч байгаа ч сөрөг үр дагаврууд бас нэлээд байна. Тухайлбал, улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, төрийн албаны хүнд суртлыг ихэсгэж, иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байгаа, мөн хууль хоорондын зөрчлүүд байсаар байна. Мөн торгуулийн хэмжээг хот, хөдөөд интервальчлах шаардлага ч байна. Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар бүтээлчээр санал солилцож, холбогдох хууль, журамд зохицуулалт хийх замаар ажил болгох нь чухал байна гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлэхдээ “Хэдийгээр энэ хууль хэрэгжээд эхэлчихсэн ч гэлээ бид баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьж, алдаа байвал засч залруулж байх ёстой” хэмээн онцлон дурдлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрийн салбарт өдөр тутам тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд ямар хууль, журамд ямар зохицуулалт хийж болох таалар саналаа дэвшүүлж байна.

Тухайлбал, Замын цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Галсанжамц: Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар осол гаргасан тохиолдолд Даатгалын байгууллага болон Замын цагдаагийн газарт зэрэг дуудлага өгч байгаа. Дуудлага мэдээллийн дагуу ирсэн цагдаа нэгэнт зөрчил бүртгэсэн болохоор торгох арга хэмжээ заавал авдаг. Энэ нь буруутай хэмээн тогтоогдсон жолоочид эдийн засгийн дарамт үүсгэдэг. Бусад орны жишгийг харахад, хүн бэртээгүй л бол Даатгалын компани болон жолооч нар хоорондоо асуудлаа шийддэг. ЗЦГ-аас энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгагчдын холбоонд саналаа илэрхийлж байсан ч Даатгагчдын холбооноос саналыг дэмжээгүй. Цаашид зам тээврийн ослын улмаас бага хэмжээний буюу 300 мянган төгрөг хүртэлх хохирол учирсан, гуравдагч этгээдэд ямар нэгэн хохирол учраагүй, холбогдогч жолооч нар бичиг баримт бүрэн, согтуурсан, мансуурсан байдалтай бус, даатгалын гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй бөгөөд хоорондоо харилцан тохирсон тохиолдолд заавал цагдаагийн байгууллагаас тодорхойлолт шаардахгүй байх нөхцөлийг Жолоочийн даатгалын тухай хууль, тогтоомжид тодорхой зааж тусгах шаардлагатай байна гэлээ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн найруулсан, 50-60 ерөнхий ангитай, 640 зүйл ангитай Зөрчлийн хуулийг 2017 оны 5-р сард баталж, мөн оны 7-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хуулиар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох; баривчлах; эрх хасах шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Торгуудлийн хэмжээ нь хүнд 10-аас 20. 000 нэгж буюу 10 мянгаас 20 сая, хуулийн этгээд 100-аас 200 мянган нэгж буюу 100 мянгаас 200 сая төгрөг байна. Зөрчил үйлдсэн хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилна. Түүнчлэн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан юм.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрсөн найман сарын хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээс 370 мянга гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15.000 орчим гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан бол 6900 орчим өргөдөлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулсан. Хэрэг бүртгэлт хийх шаардлагагүй 340 мянга орчим зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл