8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Дуламсүрэн: Хуурамч мөнгөн дэвсгэрт нь ихэвчлэн хуучирсан байдалтай байдаг

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-03-16 08:56:00

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын Ахлах эдийн засагч Г.Дуламсүрэнтэй хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таних талаар ярилцлаа. 

-Хэвлэлийн тусгай технологи, төхөөрөмж ашиглаж үйлдвэрийн аргаар хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн тохиолдол гараагүй-

-Он гарсаар хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн гурван тохиолдол бүртгэгдлээ. Бүртгэгдсэн хуурамч мөнгөн дэвсгэртийг ямар аргаар үйлдээд байна вэ?  

-Өнөөдрийн байдлаар хэвлэлийн тусгай технологи, төхөөрөмж ашиглаж үйлдвэрийн аргаар хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн тохиолдол гараагүй байна. Харин энгийн хувилагч машин ашиглаж, принтерлэх, скайнердах аргаар хуурамч мөнгөн тэмдэгт хийх тохиолдол байдаг.

Хуурамч дэвсгэртийг үйлдэхдээ гурван аргаар таних тэмдгийг дуурайлган хийсэн байдаг. Үүнд Соёмбо, метал утсыг саатай балаар будах, холограмыг дуурайлган гялгар материалаар хийх болон бусад гэсэн аргууд бүртгэгдээд байна.

-Хуурамч мөнгөн тэмдэгтийг жинхэнээс нь хэрхэн ялгаж таних вэ. Жинхэнэ мөнгөн тэмдэгтийн нууцлалын талаар мэдээлэл өгнө үү?

-Гэрлийн эсрэг барьж харахад Чингис хааны хөрөг, МБ гэсэн дүрс усан хээгээр тодорч харагдана-

-Иргэд, худалдан авагчид өөрсдөө анхааралтай харж холбогдох мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгийг сайтар ажиглавал хуурамч мөнгөн тэмдэгтийг бүрэн таних боломжтой. Анхаарал болгоомжгүй байдлаас үүдэж хуурамч мөнгөн тэмдэгтийг авах тохиолдол байдаг.

Тиймээс хуурамч мөнгөн дэвсгэртийг сайн ажиглавал цаас нь ихэвчилэн үнгэгдсэн, муудсан, хуучирсан, базсан байдалтай байдаг. Усанд норгоход будаг нь уусах, чингис хааны хөрөг бүхий усан хээг хоёр цаасны голд өөрсдөө гараараа зурах, эсвэл бүдэглүүлж хэвлэн хавчуулах зэргээр хийсэн байдаг. Мөн дэвсгэртийн нүүрэн талын 20000 гэсэн тоо болон бичиг ямар ч товгор хэвлэлтгүй байх, эсвэл өнгөгүй лакаар тус хэсгүүд дээр будах гэх мэтээр хуурамчаар дуурайлгаж хийсэн байдаг.

Харин жинхэнэ 20000-тын дэвсгэртийн “Монгол Улс” гэж эвхмэл монгол үсгээр бичсэн хэсэг, соёмбо, монгол бичгээр “Монголбанк хорин мянган төгрөг” гэж бичсэн хэсгүүд товгор хэвлэлттэй байдаг. Гараараа барьж имэрч үзэхэд мэдрэгдэнэ. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис хааны хөрөг, МБ гэсэн дүрс усан хээгээр тодорч харагддаг.

10000-тын дэвсгэртийн нүүрэн талын голд байрлах Соёмбыг мөнгөлөг холограмаар хэвлэсэн бөгөөд хөдөлгөж харахад олон өнгөөр хувирч үзэгдэх гэх мэт хамгаалалтын таних тэмдгүүд хийсэн байдаг. Мөн тусгай технологи ашиглаж хийсэн нарийвчилсан таних тэмдэгүүд ч бий.

-Хуурамч мөнгөн тэмдэгт бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь 20000-тын дэвсгэрт байдаг. Тэгэхээр 20000-тын дэвсгэртийн нууцлалын илүү нарийвчилж шинэчилэх боломж бий юу?

-Одоогоор бүртгэдсэн хуурамч мөнгөн дэвсгэртийн дийлэнх нь 20000-тын мөнгөн дэвсгэрт байдаг. 20000-тын мөнгөн дэвсгэртийг 2006 онд хэвлэж гүйлгээнд гарсан. 2009 оноос хойш хэвлэгдсэн 20000-тын дэвсгэртийн таних тэмдэгийн онцлог нь мөнгөн дэвсгэртийн ар талд давхацсан босоо өлзий хээний дунд Төрийн цагаан туг, түүний доор 20000 гэсэн араб, уугаржин тоог байрлуулан холограмаар хэвлэсэн. Мөн тусгай тунгалаг  материалаар хийсэн зуйван дугуй хэлбэрийн цонх нь бараан суурин дээр МБ гэсэн үсэг, цайвар суурин дээр 20000 гэсэн уугаржин тоо тодорч харагдах зэрэг тусгай технологи ашиглаж хийсэн хамгаалалтын таних тэмдгүүдтэй.   

-Монголбанкны мөнгөн дэвсгэрт 10 орчим төрлийн хамгаалалтын таних тэмдэгтэй байдаг-

-Мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгийг шинэчлэх тохиолдол бий юу?

-Монгол Улсын мөнгөн дэвсгэртүүд нь 10 орчим төрлийн хамгаалалтын таних тэмдэгтэй байдаг. Эндээс зарим хамгаалалтын таних тэмдгийг нь техник технологийн шинэчлэлийг дагаад өөрчлөх, сайжруулах тохиолдол байдаг.

-Хуурамч мөнгөн тэмдэгтийг хөх туяаны гэрлийн тусламжтайгаар таних арга байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Монголбанкны зүйгээс банкуудад, аж ахуйн нэгж байгууллагад хөх туяаны гэрэл болон энэ төрлийн төхөөрөмжийг ашиглах, хэрэглэхийг зөвлөдөг. Хөх туяаны гэрлээр мөнгөн дэвсгэртийн хялгасан утаснууд, улаанаар бичсэн тоо, нарийвчилсан таних тэмдэгүүдийг харж болдог. Энэ гэрлийг бэлэн мөнгөтэй харьцдаг, гүйлгээ хийдэг аж ахуйн нэгж байгууллагууд ашиглах нь зүйтэй.

-Хуурамч мөнгөн тэмдэгтийг хийсэн этгээгүүд ямар үед мөнгөн тэмдэгтээ гүйлгээнд оруулаад байна вэ?

-Хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдсэн этгээдүүд шөнө оройн цагаар, эсвэл харанхуй үед, жижигхэн дэлгүүр, худалдааны төв, ТҮЦ, шатахуун түгээс станцуудад гүйлгээнд оруулахыг завдах тохиолдол их байдаг. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
кк
түмпэнтэй ус бариад ТҮЦ-ндээ суух хэрэг үү
2018/03/16 202.179.24.175