8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Дүнжингарав” уралдааны үеэр 9 хүүхэд гэмтэл авч, Натурын уулзвар хүртэлх замыг нэг жил гаруй хугацаанд хаахаар болсон өдөр

2018-03-19 18:45:00

“Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэнд хүрэх хэцүү” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таныг энэ өдрийн амрыг эрье. Үдэш бүрийн энэ цаг үед эрхэм уншигч тантай учран золгодог “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Өнгөрсөн шөнө болсон хоёр үйл явдал

В.ПУТИН: 100 НАС ХҮРТЛЭЭ ЭНЭ АЛБАН ТУШААЛД СУУХГҮЙ НЬ ТОДОРХОЙ

Өнгөрсөн шөнө хоёр үйл явдал болжээ. Нэгдүгээрт, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарч Владимир Путин 74%-ийн санал авч дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдов. Тус улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт саналын хуудсыг 98.71 хувийг тоолж дууссан бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй ч В.Путин сонгогдох нь тодорхой байгаа юм. Сонгуулийн ирц 59.93 хувьтай байжээ.

В.Путины хувьд бие даан нэр дэвшсэн. Монгол дахь орос иргэдийн 82 хувийн саналаар мөн В.Путин ялалт байгуулааад байна.  Тус сонгуульд дэлхийн 20 гаруй улс оронд амьдарч буй ОХУ-ын иргэд саналаа өгсөн.

В.Путины хувьд дөрөв дэхь удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо. Зарим иргэд түүнийг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож буйд эсэргүүцэж байгаа юм. В.Путин урьдчилсан мэдээллийн дүн гармагц олон нийт, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр түүнийг 2030 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэж нэгэн сэтгүүлч асуужээ. Хариуд нь, Путин  ''Энэ тухай ярихад маш инээдтэй санагдаж байна. 100 нас хүртлээ би энэ албан тушаал суухгүй нь тодорхой'' гэжээ. В.Путин нь 2030 оны хавар 77 нас хүрэх аж.  

Сонгуулийн эцсийн дүн өнөөдөртөө багтан гарна хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байна. 


ХОРИГЛОСОН Ч ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ 

Өнгөрсөн шөнө болсон бас нэгэн үйл явдал нь манайд болов. Тодруулбал, Дүнжингарав хаврын морин уралдаан болж  уяачид хүүхэд, морио хайж шөнөжингөө шуугилдсан сурагтай. Хаврын бүсийн хамгийн том уралдааны нэг нь Дүнжингарав юм. 

Дүнжингарав уралдаан нь өмнө нь өвөл зохион байгуулагддаг байсан ч Хүүхдийн эрх, Хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцлээр хавар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг. Хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулснаар унаач хүүхдийн амь, нас эрүүл мэндэд аюул тулгардаг учраас ийнхүү хавар болгон хойшлуулсан билээ. 

Тэгвэл энэ жилийн Дүнжингарав уралдаанаар бас л хэл, ам, дуулиан шуугиан болсон сурагтай. Тодруулбал, тус  уралдаанд оролцсон уяачид шөнөжин морь, хүүхдээ хайж давхилджээ.Зарим морь унаач хүүхэд морьтойгоо хамт уяачаасаа төөрч будилсан байна. 

Уралдаан ганц Говьсүмбар аймгийн Баянтал суманд ганцхан өдөр зохион байгуулагдаж оройн 17.00 цагт бай, шагналаа өгч дуусаад наадмыг өндөрлүүлнэ гэж байсан ч уралдаан нар жаргатал сунжирсаны улмаас 21.00 цаг хүргэж ийнхүү хүүхдүүд төөрсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уралдааны үеэр 9 хүүхэд гэмтжээ.

Ямартай уралдаж ирсэн морьдоо хүүхэдтэй нь олохгүй будилсан уяачид үймээн, самуун дэгдээж асуудал үүсгэжээ. Мөн морин уралдааны дүнд будилаан үүссэн гэх мэдээлэл ч байна. 

Уг уралдаанд оролцсон хүүхдүүд хүнд, хөнгөнөөр бэртэж гэмтэхээс эхлээд олон сөрөг үр дагавар гардаг. Үүнээс үүдэн Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг олон байгууллагаас эсэргүүцэж байсан ч уяачдын лоббигоор Засгийн газар уралдааныг явуулах шийдвэрийг гаргасан гэдэг. 

Р.Саруул: Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой баримт материал гаргаж өгөх хүсэлт ирүүлээгүй

Өнгөрсөн долоо хоногт "Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой АТГ хавтаст хэрэг нээсэн гэсэн", "МАН-ын удирдлагын түвшинд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эргүүлэн татах гэж буй" гэсэн мэдээлэл нэлээд гарсан. Тус асуудлаар Монгол Ардын Намын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруулаас тодруулахад “ "АТГ-аас намын Хууль эрхзүйн хэлтсээс Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой баримт материал гаргаж өгөх хүсэлт ирүүлээгүй. Хэрэв үнэхээр АТГ-аас хэрэг үүсгээд шалгасан тохиолдолд АТГ болон бусал хууль хяналтын байгууллагын албан ёсны шийдвэр гараагүй байхад хэний ч гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгахгүй. Албан ёсны  баримт байхгүй байхад худал мэдээлэл түгээн нийгмийн бухимдлыг улам нэмэгдүүлэх нь зохимжгүй юм. Мөн намын зүгээс түүнийг эргүүлэн татах талаар яриагүй. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал” гэсэн хариултыг өглөө. 

ТАНИЛЦ: Хөнгөлөлттэй олгох эмийн сангийн жагсаалт

Нийслэлийн зургаан дүүрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмээр үйлчлэх эмийн сангийн жагсаалтуудыг гаргажээ.

Жороор олгох хөнгөлөлттэй эмийг авахдаа:

  • Игэний үнэмлэх,
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ,
  • Шаардлагатай тохиолдолд амбулаторийн картыг үзүүлэх аж.

Ингэснээр хөнгөлөлттэй эмийг аль ч эмийн сангаас авах боломжтой болж байна. Хөнгөлөлттэй эм авах гэж дараалалд зогсдог асуудал шийдэгдлээ. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү6

Натурын замын уулзвар хүртэлх замыг нэг жил гаруй хугацаанд хаана

Төмөр замын 406 дугаар км-ийн гарам буюу ЗЦА-ны дэргэд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих сүлжээ гүүрэн замын ажил ирэх сарын 1-нээс эхлэхээр болжээ. Эл бүтээн байгуулалт өрнөх Олимпын гудамжаар цагт 3000, өдөрт 20 000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог, тухайн хэсгийн төмөр болон авто зам ижил түвшинд огтлолцдог тул хөдөлгөөний ачаалал нь бусад уулзвараас илүү, осол олон гардаг. Тиймээс Монголын анхны сүлжээ гүүрэн замыг энд барихаар болсон юм.

Үндсэн гүүрэн зам 16.5 метр өргөн, 470 метр урт байх тул ажлын явцад “Баянмонгол” хорооллын дэргэдэх “Home plaza”-гаас XIII хорооллын дунд зам (“Натур”-ын зам хэмээх)-ын уулзвар хүртэлх хөдөлгөөнийг нэг жил зургаан сарын хугацаагаар хаахаар болов. Харин Нарны зам болон “Натур” төвийн арын замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нь.

Мөн эл бүтээн байгуулалтын хүрээнд 8.5 метр өргөн, 15-400 метр урт зургаан гүүр барих юм. Энэ хугацаанд хөдөлгөөн зохицуулахын тулд түр гурван гүүр, мөн тооны сайжруулсан шороон зам тавихаар болжээ. Үүнтэй холбогдуулан зарим чиглэлийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулах бөгөөд нийслэлийн удирдлага өнөөдөр төлөвлөгөө баталж, аль замд ямар өөрчлөлт орсныг мэдээлэх гэнэ

"Дүнжингарав" уралдааны үеэр 9 хүүхэд морьноосоо унаж, 3 нь эмнэлэгт хүргэгджээ

“Дүнжингарав” уралдаан өчигдөр  Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг болсон байна. Энэ удаагийн уралдаанд 10-13 насны хүүхдүүд азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны морьд унаж уралдсан аж.  Уралдааны үеэр 9 хүүхэд морьноос унаж гэмтсэн бөгөөд үүнээс гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг цагдаагийн байгууллага мэдээллэв.   “Дүнжингарав” хаврын бүсийн уралдаан өчигдөр 07.00-21.00 цагийн хооронд зохион байгуулагдсан байна.  ММСУХ-ноос хүсэлт гаргасны дагуу  хаврын бүсийн уралдааны үеэр цагдаагийн 110 алба хаагч 23 автомашин, мотоцикльтой үүрэг гүйцэтгэж ажилласан аж.

Б.Гангаамаа марканд мөнхөрлөө

Өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд “Дэлхийн 7  тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа” сэдэвт блок марк гаргасны нээлтийн ёслол боллоо. Монгол маркийн түүхэнд уулын спортын “Монгол уулчид Гималайд” сэдэвтэй шуудангийн маркийг Монголын уулчдын холбооны 50 жилийг тохиолдуулан 2001 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйлгээнд гаргасан бөгөөд энэ удаа 17 жилийн дараа уг маркийг гаргаж байна.

Энэхүү марканд Антарктидын Винсон массив /4897 м/, Европ тивийн Эльбрус /5642 м/, Африк тивийн Килиманжаро /5895/, Хойд Америкийн Денали /6194 м/, Өмнөд Америкийн Аконкагуа /6962 м/, Австрали ба Далайн Карстенз пирамид /4884 м/, Австралийн Косиюско /2228 м/, Ази тивийн Эверест /8848 м/, ноён оргилууд болон мөнх цаст Эверестийг давахаар нисч буй хос хун, түүний наана Төрийн далбаагаа өргөн зогсох Б.Гангаамааг дүрсэлсэн байна.

Маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг ажиллаж, БТСГ-аас мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран бүтээжээ. “Дэлхийн 7  тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа” сэдэвт марк нь нэг блок бөгөөд гүйлгээнд гарсан анхны өдөр 2018 оны гуравдугаар 19, хэвлэгдсэн тоо 15 мянган ширхэг юм. Харин анхны өдрийн дугтуй нь 600 ширхэг, анхны үнэ 6000 төгрөг, маркийн хэмжээ 58х35 мм, хэлхээний хэмжээ 120х88 мм бөгөөд офсет хэвлэлийн 4 өнгөөр хэвлэжээ.

Дэлхийн 7 тивийн 8 оргилд Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа энэ амжилтаараа Монголын анхны “Seven Summiteer” болсон юм. Түүний энэ амжилтанд 2016 оны байдлаар дэлхийн 61 орны 416 уулчин хүрсэн бөгөөд тэдний дотор дэлхийн 18 эмэгтэй уулчин байгаа билээ.

Б.Гангаамаа нь 1989 онд Отгонтэнгэр уулаар анх энэ спортод хөл тавьсан бөгөөд 2019 онд 30 жилийн ой тохиох юм. Монгол Улсын ноён оргил Алтай таван богдын Хүйтэн ууланд 1998 онд анх авирсан, энэ жил 20 жилийн ой нь тохиож байна. Тэрбээр эх орныхоо ноён оргилд хамгийн олон гарсан, Дэлхийн ноён оргил Эверестэд гарсан 2 дахь Монгол хүн буюу анхны эмэгтэй уулчин гээд олон содон амжилтын эзэн билээ.

Хүүхдүүд гэртээ хонохгүй тохиолдолд заавал эцэг эхдээ мэдэгдэж байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө

Дорнод аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Т 2018 оны гуравдугаар сарын 17-ны шөнө 03 цаг 05 минутын орчимд Цагдаагийн газарт өөрийн биеэр ирж “9 настай миний зээ охин Ж нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 17:00 цагийн орчимд хичээлээ тараад одоог хүртэл гэртээ ирэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна” гэсэн дуудага мэдээлэл ирүүлсэний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хүлээн авч хойшлуулашгүй ажиллагаа хийж Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах тасгийн алба хаагч нар эрэн сурвалжлах ажлыг 07:00 цаг хүртэл зохион байгуулж ажиллажээ. 

2018 оны 01-р сарын 17-ний 07:00 цагт Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Ц-111 дохиогоор түргэн цугларалт зарлан охины талаарх мэдээллийг Цагдаагийн газрын нийт алба хаагчид болон аймгийн Онцгой байдлын 20 албан хаагчидад зарлан мэдээллэж, Цагдаагийн газрын даргаар удирдуулсан нийт 120 алба хаагч эрэн сурвалжилж, жижүүрийн бүрэлдэхүүн 2018 оны 03-р сарын 17-ний өглөө 09:00 цагийн үед найзынх нь гэрээс гараад явж байхад олж тогтоон ар гэрт хүлээлгэн өгсөн байна. 

Охин Ж 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сургууль дээр хичээлтэй байж байгаад 17:00 цагийн орчимд тараад гэрлүүгээ ганцаараа явсан. Өөрийн гэрт нь хүн байхгүй, гэрийнхээ түлхүүрийг хайсан боловч олдохгүй, мөн нагац эгчийндээ ирэхэд гэр нь цоожтой байсан ангийн найз Э-ийн гэрт 18:00 цагийн үед очоод тэндээ хоносон. Найз Э болон түүний ахын гар утсаар эмээгийнхээ гар утас руу залгахад утсаа авахгүй байсан тэгээд би тэндээ хоносон гэж тайлбарлажээ. 

Эцэг эхчүүд та бүхэн насанд хүрээгүй хүмүүст тавих анхаарлаа сайжруулж, хүүхдүүд гэртээ хонохгүй тохиолдолд заавал эцэг эхдээ мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Орлогоороо тэргүүлсэн Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр гэж хэн бэ

Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан нь шүүгч нарын хөрөнгө орлогын асуудал байлаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ  “Шүүгчийн таван настай хүүхдийн дансанд л гэхэд таван зуун сая  төгрөг, харин өөрсдийнх нь хадгаламжинд 1 сая ам. доллар  байна.  Тухайлбал, анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авилга авдаг” гэж хэлсэн нь нэлээд дуулиан дэгдээгээд байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг ингэж ярьсаны маргааш нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шүүгчийн хөрөнгө орлогын талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Тодруулбал, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс  Монгол Улсын бүх шүүгч ямар эд хөрөнгөтэй, хэдэн төгрөгний цалин авдаг гэдгийг олны өмнө ил болгосон. Шүүгчид 2017 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ бурхан тахил, машиг, орон сууц, үнэт эдлэл тэргүүтэй эд зүйлсээ мэдүүлжээ. Ингээд 2017 оны ХОМ-ээр хамгийн их орлоготой шүүгчээр тодорсон шүүгчийн талаар мэдээлэл хүргэе. 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ил болгосон мэдээллээс  харахад Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр орлогоороо тэргүүлсэн байна. Шүүгч Ч.Хосбаярын хувьд өмнө нь прокуророор ажиллаж байгаад шүүгч болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан. Мөн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Түүний жилийнх нь орлого гэхэд 248392.08 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Мөн түүний хувьд 5 автомашинтай, дөрвөн орон сууцтай. Тодруулбал, Land rover 1, range rover 1, Toyota  Highlander 1, Nissan Murano 1 буюу нийт 5 автомашинтай хэмээн мэдүүлжээ.  Харин гэр бүлийнхэн нь орлого нь 75759.04 төгрөг хэмээн мэдүүлсэн байна.

Мөн 2012 оны  Нийслэлийн шүүхийн шүүгчээр Ч.Хосбаярыг томилж байсан. Сануулахад "долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх шүүх хурлын даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр оролцож байсан.  Түүнчлэн цагдаагийн экс удирдлагуудыг ялласны дараа удахгүй Нийслэлийн шүүгч болж тушаал дэвшиж байсан. Сүүлийн хэдэн жил хамгийн их орлоготой, хамгийн хамгийн их хадгаламжтай шүүгчээр Ц.Амарсайхан тодорч байсан бол энэ жилээс эхлээд Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр тэргүүлж эхэллээ. Мөн хоёрдугаарт Д.Цолмон, Б.Цогт нарын шүүгч нар хөрөнгө мөнгөөрөө удаалжээ.

Ш.Шинэбаяр: Он гарсаар 6 гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

Шинэчлэн батлагдаад хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан байна. Энэ тухай болон Гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаатай холбоотой мэдээллийг ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяраас тодрууллаа.

-Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой ямар өөрчлөлтүүд орсон вэ?

-Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлгээр “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа”-г тусгайлсан зохицуулсан. Хуульд зааснаар шүүгчээс хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр гаргахаас гадна гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж болохыг хуульчилсан. Мөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэрт тусгах асуудлууд, арга хэмжээг хэрхэн цуцлах, хэн хэрэгжүүлэх зэргийг нарийвчлан зохицуулж өгсөн. 

Энэ хуулиар зөвхөн гэрч, хохирогчоор хязгаарлагдахгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчид тухайлбал шинжээч, мэргэжилтнүүдийн аюулгүй байдлаа хамгаалуулах эрхийг ч баталгаажуулсан.

-Энэхүү өөрчлөлт орсноор гэрч, хохирогчид ямар давуу тал бүрдсэн бэ. Ингэснээр танай хэлтсээс хамгаалалт авах гэрч, хохирогчийн тоо нэмэгдэх үү?

-Гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүн, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн амь нас эрүүл мэндэд аюул заналхийлэл учирсан, учирч болох эрсдэл бий болсон бол хамгаалалтад авхуулах хүсэлтээ эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гаргах эрхтэй.

Гэрч, хохирогчийн амь нас эрүүл мэндэд заналхийлсэн, халдахаар завдсан, бэлтгэсэн, халдлага бодитой эхэлсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага албан тушаалтан хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг шийдвэр гаргахыг хүлээхгүйгээр хэрэгжүүлж, шийдвэр гаргуулахаар шүүхэд даруй хандах үүрэгтэй. Тиймээс гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүний амь нас эрүүл мэндээ хамгаалуулах баталгааг бүрдүүлж өгсөн. 

Манай хэлтсийн хувьд эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй, шүүх, прокурорын шийдвэрийн дагуу гэрч, хохирогч, иргэний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, цагдаагийн бусад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

-Он гарснаас хойш хэдэн иргэнийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь ханган ажилласан бэ?

-2018 оны эхний хоёр сарын байдлаар 6 иргэнийг хамгаалалтад авч, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг эрсдэлгүй зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрөгч 2017 онд 36, 2016 онд 42 иргэнийг аюулгүй байдлыг хамгаалж ажилласан. Мөн 94319118, 88319119 дугаарын утас 24 цагийн турш гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

“Сентерра гоулд” ХХК Ноён уулыг зүгээр орхихгүй бололтой

Ноён уулын гэж нэршээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шүүх хурлын энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт болж шүүх шийдвэрээ гаргав.

Шийдвэр нь Сентеро-Гоулдын өмгөөлөгч Хууль зүйн яамны төлөөлөл ирээгүйгээс НОЁН уулаа аваръя хөдөлгөөний нэхэмжилтэй Гацууртын орд дахь 4 лицензийг цуцлах хүсэлтэй шийдвэр гаргасан байна. Мөн Уг хэргийг бүхэд нь түтгэлзүүлэх шийдвэр гарчээ. 

Ноён уулын гэж нэршээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шүүх хурлын нь ийнхүү 36 удаа хуралдаж байж сая шийдвэрээ гаргасан байна.   Шүүх хуралд нэхэмжлэгч талын төлөөлөл болж Ноён уул аваръя” хөдөлгөөны тэргүүн О.Цэрэннадмид,  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Босоо хөх Монгол хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, өмгөөлөгч Г.Батбаяр нар оролцсон. Хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн  газар, “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл оролцжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг  зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан байна. Тэгвэл “Сентерра гоулд” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, дараагийн шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.  Үүнээс харахад  “Сентерра гоулд” ХХК Ноёын уулыг зүгээр орхихгүй бололтой. 


Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон байдаг. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон.Ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Тиймээс уг лицензүүдийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн түүхийн олдворт Ноён ууланд олборлолт хийхийг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан энэ хэргийг анхны шүүх хурал 2016 оны нэгдүгээр сард болсон. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 35 дахь удаагаа хойшилж байж шүүх сая  шийдвэрээ гаргалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл