8o
Улаанбаатар хот
mobile menu

Яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө

2016-01-30 11:21:00


Яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хэрэгжилт, хяналт, хариуцлага” цахим хурал өнөөдөр боллоо.

УИХ-ын намрын чуулганаар 26 хууль хэлэлцэн баталсны 10 гаруй хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж байна. Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах хугацаа ойртож байна. Эдгээр асуудалтай холбоотойгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт яам, агентлагийн удирдлагуудад хандан мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.
Мөн Захиргааны ерөнхий хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг тайлагнах, Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулахад анхаарах асуудлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар мэдээлэл хийлээ.
2016 оны төсөвт нэлээд таналт хийсэн. Иймд төсвийн ерөнхийлөн захирагч нар орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчилж, төсөвт төвлөрүүлэх, хэмнэлтийн зарчмыг оны эхнээс баримтлаж ажиллах шаардлагатай. Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, онцгой байдал, цагдаа, шүүх, шүүхийн шийдвэрээс бусад бүх шатны төсвийн байгууллагын цалингийн зардлын 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний урсгал зардлыг хэмнэхээр тооцож, 2016 оны төсөвт зардлыг бууруулж тусгасан. Энэ зохицуулалтыг жилийн эхнээс хийж төлөвлөж анхаарч ажиллах учиртайг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхний өдрөөс хэрэгжиж байна. Тус хуулийг хэрэгжүүлж, татварын нэгдсэн мэдээллийн санд хийгдэж буй бараа, ажил үйлчилгээний борлуулалтын мэдээллийг бүртгэх ажлыг төрийн байгууллагууд эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй. Аж ахуйн нэгжүүдэд программ бүрэн суурилагдаагүй, кассын машингүй газрууд олон байгаа зэрэг тодорхой бус зарим асуудлыг зардал багатайгаар шийдвэрлэхэд холбогдох яам, агентлагууд анхаарах нь зүйтэй гэлээ.
Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт.
Дүнжингарав худалдааны төвд “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулж, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллага төрийн 200 гаруй үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна. Энэ төвийн үйл ажиллагаатай яам, агентлагийн удирдлагууд танилцахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт үүрэг болгоод Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан тухай мэдээлэл өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл