8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Чойжил: Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд санхүүгийн нэгдсэн бодлогын баримт бичигтэй болсон

2018-01-28 13:00:00

ЭРДЭНЭС МОНГОЛ БОЛОН ТҮҮНИЙ ОХИН КОМПАНИУД НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН НЭГДСЭН БОДЛОГОТОЙ БОЛСОН БАЙНА. ЭНЭ СЭДВЭЭР ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-ИЙН САНХҮҮ БҮРТГЭЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ЧОЙЖИЛООС ТОДРУУЛЛАА.

 Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд анх удаа санхүүгийн нэгдсэн бодлогын баримт бичигтэй болжээ.  Энэ талаар мэдээлэл өгнө үү

Тийм ээ, Эрдэнэс Монгол   болон түүний охин компаниуд анх удаа санхүүгийн нэг тайлагнал, нэгдсэн бодлоготой боллоо.  Ер нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх, үнэн зөв хөтлөгдөх суурь нь бодлогын баримт бичиг байдаг.

Тиймээс нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцсэн, санхүүгийн нэгдсэн бодлогын баримт бичгийг 2017 онд боловсруулж өнгөрсөн 12 дугаар сарын 25-нд  Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн хуралд танилцуулж батлуулсан.  Ингэснээр Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээндолон улсын стандарт болон Сангийн сайдын тушаал шийдвэрт нийцсэн санхүүгийн тайлан гаргах нэг арга, нэгдсэн нэг бодлоготой болж байна.

Байгууллага бүр өөр өөрийн онцлог, үйл ажиллагаанд  зохицсон бодлогын баримт бичигтэй байдаг. Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд хэрэгжих санхүүгийн бодлогын баримт бичгийн  гол онцлог нь юу вэ?

Аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны онцлог, газар нутгийн байршил, бусад хүчин зүйлсийн нөлөөлөөс шалтгаалж тусдаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй байна л даа. Санхүүгийн хэлтсийн үйл ажиллагаагаа сайжруулах, нягтлан бодогчдынхоо ажлыг хөнгөвчлөх, ажлын үр дүнгээ сайжруулахын тулд  байгууллагын онцлогт тохируулан  бодлого боловсруулж түүнийгээ мөрдөж ажилладаг. Эрдэнэс Монголын хувьд олон улсын стандартад нийцүүлж хамгийн сүүлийн үеийн аргачлал бодлогыг нэвтрүүлсэн. 
Өмнө нь компани бүр тус тусдаа өөр өөр санхүүгийн арга барилаар, өөр өөр бодлого загвараар явж байсан. Орлого, зардал, хөрөнгийн оруулалтгээд бүх тайлан тооцооны аргачлал өөр өөр байсан бол одоо группийн хэмжээнд нэгдсэн бодлогоор явахаар болж байна. Тайлан, дансны төлөвлөгөө, өдөр тутмын санхүүгийн бүртгэл, тэр бүү хэл дансны жагсаалт, маягт гээд бүгд нэг стандартаар явна.

Нэгдсэн бодлогын баримт бичигтэй болсны ач холбогдол нь юу вэ?

Ер нь санхүүгийн бодлогын баримт бичиг нь  тухайн байгууллагын үйл ажиллагааны бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, удирдамжаар хангах,  төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангуулах,үр ашгаа зөв тооцоолох гээд олон талын ажил шуурхай хэрэгжих дэмжлэг үзүүлдэг.  Өөрөөр хэлбэл суурь болно.

Эрдэнэс Монгол компани олон охин болон хараат компаниудын нэгдэл байдаг учраас хоорондоо уялдаа холбоотой нягт ажиллах, удирдлагуудыг шуурхай үнэн зөв мэдээллээр хангах, төсөв төлөвлөгөө ямар ч алдаа мадаггүй бодитой байх ёстой.  Эрдэнэс Монгол компани уул уурхайн салбарын гол тулгуур.  Аливаа мэдээллийг орхигдуулах эсвэл буруу тайлагнавал тухайн санхүүгийн тайланд үндэслэн гаргасан шийдвэр, төсөв төлөвлөгөө нь улсын эдийн засгийн шийдвэрт нөлөөлнө шүү дээ. Тиймээс охин компаниудын хэмжээнд ийнхүү нэг стандарт нэг бодлого нэвтрүүлэх нь  үнэхээр чухал ажил. 

Бодлогын баримт бичгээ баталчихлаа. Одоо шуурхай нэвтрүүлэхийн тулд яах ёстой вэ? Хөрөнгө шаардагдах уу?

Хөрөнгө мөнгө нэг их шаардагдахгүй.Хүмүүсээ сургах ажлыг л түлхүү хийнэ. Тав зургаан мянган данстай байгууллагууд ч байгаа учраас цаг хугацаа их орно.

Энэ ажлыг хурдан хэрэгжүүлж үр дүнг нь үзэхийн тулд ERP системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Нэгдсэн санхүүгийн систем л дээ. Кноп дарахад л бүх тайлангаа хардаг болъё.  Нэгдсэн дансны бүх мэдээллээхарж, аль компани дээр ямар ашиг, алдагдал байна, хаана хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа гээд ил тод саадгүй хардаг байя. Ингэснээр дараа дараагийн бодлого төлөвлөлтийн ажлууд, стратеги төлөвлөлт, охин компаниудын уялдаа холбоо гээд ер нь бүхэлдээ нэгдлийн хэмжээнд байгууллагуудын үйл ажиллагаа сайжирна.

Байгууллагууд энэ ажлыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?  Санал шүүмж хэр гарч байна?

Өнгөрсөн 7 хоногт  бид толгой, охин компаниудын санхүүгийн ажилтнууддаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгээ танилцуулж сургалт явуулсан. Энэ баримт бчигийг толгой компани  дангаараа боловсруулаагүй. Охин компаниудаар явж, ажлын байран дээр нь уулзалтууд хийж, санал сонсож,компаниудын онцлогт тааруулан боловсруулсан

Их чухал ажил байна. Амжилт хүсье. Баярлалаа

 Боловсруулсан: С.Хүрэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл