8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МУХ-ноос “Дүнжингарав” уралдааны талаар байр сууриа илэрхийлж, Хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн өдөр

2018-03-20 18:45:00

Дэлгэр Монгол оронд минь хавар айлчилж, хамаг амьтан, уул ус сэргэж ирлээ. Энэ тэндгүй цас хайлж, хүн амьтаны нуруу тэнийж байна. Мөн үүнээс гадна өнөөдөр Хөвсгөл аймагт анхны бороо орлоо. Уншигч таньд анхны бороотой өдрийн мэнд хүргэж, бороотой холбоотой онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

Амьдрал тэр чигтээ гоо үзэсгэлэн. Анзаараарай. Жижигхэн хүүхэд, инээмсэглэж буй хүн, борооны үнэр, салхийг мэдэр. Амьдралдаа байгаа сайхан зүйлсийг бүгдийг нь ашиглаж мөрөөдөлтэйгээ тэмц.

Х.Нямбаатар: Шүүгчдийг АТГ, прокурорт өгч шалгуулна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар та 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр “С1” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо зарим шүүгчийн хууль бус хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэж байгаа, мөн үйлдлийг нотлох баримт байгаа гэж ойлгогдохоор мэдээллийг олон нийтэд түгээжээ. Тиймээс өөрийн хэлсэн мэдээллээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчийн нэр, хууль зөрчсөн гэм бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож, хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах. Хэрэв нотлогдоогүй бол уучлалт гуйхыг шаардсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагад хариу өгсөн байна. 

Үүнд,  Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаарх хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. Миний бие 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр 'С1' телевизийн 'Цензургүй яриа' нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэжээ.

М.Энхболд: Хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд хүлцэл өчиж байна

Монголын морин спорт уяачдын холбооноос Төвийн бүсийн “Дүнжингарав” уралдааныг энэ сарын 18-нд Говьсүмбэр аймагт зохион байгуулсан. Ингэхдээ Засгийн газрын тогтоолгүйгээр зохион байгуулсан байдаг.

Тэр бүү хэл шөнийн цагаар морьд уралдуулсаны улмаас  нийт 16 хүүхэд бэртэж гэмтээд байгаа юм.  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр албаныхан “ММСУХ-ны хүсэлтийн дагуу хэв журам сахиулсан. Хурдан морины уралдаан 07.00-21.00 цаг өнгөртөл үргэлжилж, азарга, их нас, соёолон, эрлийз морьд гэсэн дөрвөн нас уралдсан. Уралдаанд уралдааны зам нь хуурай, тоосжилт ихтэй байсны зэрэгцээ үлий ихтэйгээс шалтгаалан газар цөмөрснөөс есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргүүлсэн” гэж мэдээлсэн.

Тэгвэл тэд үнэн зөв мэдээллийг нуусан бололтой. 

Харин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын баталсан тогтоолоор 12 хүртэлх насны хүүхдээр морь унуулахгүй байх, хүүхдүүдэд стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөхөөр журамласан атал 12 настай 85, 13 настай 62, 14 настай 49, 15 настай 20 гэх зэргээр морь унаж уралдах 307 хүүхэд бүртгүүлсэн. Гэвч уяачид 12 нас хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ авчирч бүртгүүлчихээд, 12-оос доош насныхнаар морио унууллаа. Энэ үеэр 16 хүүхэд мориноос унасан. Тэдгээрийн гурав нь хүнд гэмтсэн байсан. Шөнийн цагаар буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед уралдаанч хоёр хүүхэд машин мөргөж унан ухаан алдсан. Тэдний нэгийг ГССҮТ-д хүргэж эмчилгээ хийсэн. Биеийн байдал нь тогтворжиж байна. Нөгөө нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсний дараа эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн. Хөл нь хугарсан гэх мэтээр 16 хүүхэд гэмтээд байна. ГССҮТ-д эмчлүүлж буй хамгийн хүнд гэмтсэн хүүхэд 11 настай, Төв аймгийн харьяат уяач нь түүнийг 12 настай гэж худлаа бүртгүүлсэн нь тогтоогдсон. Уралдааны зохион байгуулалт маш муу. Тэнд байгаа цагдаагийн алба хаагчид хүрэлцэхгүй, хяналтаа тогтоож чадахгүй байсан. Дугаар нь мэдэгдэхгүй машинууд морьтойгоо хамт нэг зам дээр ямар ч хяналтгүй орж ирж байлаа” гэлээ.

Харин уг уралдаан гэгчийг зохион байгуулсан Морин спорт уяачдын холбоо одоог хүртэл таг, чиг байв.

Харин тус холбооны тэргүүн УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин,эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна. Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно" гэж мэдэгдлээ. 

Тэрбээр ийнхүү мэдэгдсэн ч бүх зүйл оройтож олон хүүхэд эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч зүйл боллоо. 

П.Сэргэлэн: Уяачдынхаа хүсэлт шаардлагын дагуу уралдаан зохион байгуулсан

Уяачдын холбооноос Дүнжингарав уралдааны талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн  “Уяачдынхаа хүсэл шаардлагын дагуу Дүнжингарав уралдааныг зохион байгуулсан. Засгийн Газрын тогтоол зөрчсөн асуудал байхгүй. Тус Засгийн Газрын тогтоолд 12 наснаас доош настай хүүхдийг морь унуулахгүй гэж заасан. Үүний дагуу бид бүртгэл явуулж бүртгэсэн. Гэтэл 11 настай хүүхэд 12 настай гэж бүртгүүлээд морь унасан байсан. Энэ удаагийн уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж бэртсэн. Азарганы уралдааны үеэр мориноосоо унасан гурван хүүхдийн нэг нь тархиндаа гэмтэл авсан.Нөгөө хоёрыг нь үзүүлж байна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна.Ямар  хариуцлага байдаг юм тэрийг хүлээхэд бэлэн байна. Хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй. Уяач, унаач хүүхдүүдийн буруу эсвэл нар хурдан жаргасан нарны буруу гэж хэн нэгэн рүү буруугаа чихэхгүй. Тоосжилт ихтэй байснаас үүдэж нэлээд хүндрэл гарлаа. Энэхүү уралдааныг зохион байгуулахад М.Энхболд дарга гадаадад  томилолтоор явсан байсан.  Ойрын хугацаанд ямар ч уралдаан болохгүй. " хэмээн хэллээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно. 

41 мянга гаруй иргэний зээлийн мэдээллийн түүхийг зээлийн лавлагаанд тусгахгүй байхаар шийдвэрлэлээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаарын сарын 09-ний өдрийн А-60 дугаар тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцлийг  тодорхойлов. Энэ арга хэмжээний үр дүнд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан  чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байхаар уг тушаалаар зохицуулагдсан ба нийт 41085 иргэний мэдээлэл дээрх нөхцлийг хангаад байна.

Монголбанк өнгөрсөн жил буюу  2017 оны  02 дугаар сарын 10 –ны өдөр 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулсан. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй буюу зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, мөн хугацаанд олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс  ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө бүрэн төлж дууссан зээлийн мэдээлэл хамрагдсан билээ.

Энэхүү арга хэмжээ нь   харилцагчийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой бөгөөд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлж байгаа нэг удаагийн бодлогын арга хэмжээ болно.

Хар тамхины хэрэгт холбогдуулан 68 хүнийг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлж борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн III, XXVI хорооны нутаг дэвсгэрээс Европын холбооны улсаас илгээмжийн үйлчилгээ ашиглан хууль бусаар хар тамхи улсын хил нэвтрүүлдэг, бусдад худалддаг иргэн Г, М, Б, Т, Б нарын 20-49 насны бүлэг этгээдийг баривчилсан байна. Түүнчлэн мансууруулах үйлчилгээтэй каннабисыг түүж бэлтгэн өөр төрлийн бодистой хольж бусдад зарж борлуулдаг эрхэлсэн тодорхой ажилгүй, 35 настай, эрэгтэй Г-г энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ авч явсан мансууруулах төрлийн бодисыг нь хураан авчээ. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10.1 жилийн хорих ял сонссон ч, шүүхээс оргон зайлсан ялтан Я болон түүний хамсаатан долоон этгээдэд холбогдох хэргийг шалгаж байна. Тэднийг хар тамхи, мансууруулах бодис худалдаалж байсныг үйлдэл дээр нь баривчилж, ICE буюу мөс, баруун Европын улсаас оруулж ирсэн гашиш буюу шавар, экстази зэрэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас он гарсаар нийт 38 хэрэгт 68 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж. 

Амьдралын боломжгүй сурагчдынхаа төлбөрийг олохын тулд хог түүж зардаг багш

Хятадын Хейлонжиан мужийн Ванкуй аймгийн Лингшан хотын дунд сургуулийн багш, 44 настай Хи Чунью нь хүүхдийн төлөө бүхнээ зориулдаг нэгэн ажээ. Тэрээр 20 мянган юань буюу 3000 долларыг сургуулийнхаа амьдралын боломжгүй 300 хүүхдийн сургалтын төлбөр болгон хандивлаад байна. Жирийн нэгэн багш энэ мөнгийг олох нь тийм ч хялбар ажил биш юм. Тиймээс Хи Чунью багш хичээлийн бус цагаараа шил, лааз зэрэг хаягдал цуглуулж хандивын мөнгөө өсгөсөөр байна.

Түүний энэ сайхан сэтгэл хувийн амьдралтай нь салшгүй холбоотой. Багадаа ядуу гэр бүлд өсч, хүмүүжсэн бөгөөд тосгоны иргэд, хамаатнуудынхаа хандиваар сургуулиа дүүргээд 1998 онд төрөлх нутагтаа буцаж ирсэн гэдэг.

Хи Чунью энэ тухайгаа “Бусад багш нар намайг шоглож, эхнэр маань бохир хувцастай явлаа гэж зэмлэдэг ч хүүхдүүдийн төлөө бүхнээ зориулна” хэмээн ярьжээ.

“Жаст”-ийн Ш.Батхүү 461 дүгээр ангид хоригдож байна

"Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авсан "Жаст" группийн захирал Ш.Батхүүг АТГ найм хоногийн өмнө барьж хорьсон билээ. Түүнийг өнгөрсөн даваа гараг буюу 12-ны орой 20.00 цагт барьж дөрөвдүгээр цахилгаан станцын өмнөх 461 дүгээр ангид хориод байгаа. Ш.Батхүүг АТГ шалгаж байгаа талаар өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч сүүлийн үед түүнтэй холбоотой маш олон баримтууд дэлгэгдэж байгаа учраас ийнхүү баривчилсан билээ.  юм.

Тэгвэл “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү 461 дүгээр ангид хоригдож, шүүхэд мэдүүлэг өгч эхлэх нь тодорхой болоод байгаа юм.

Хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл замын  хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.

Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу  Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно. Хэрэв зохих зөвшөөрөлгүй  замын хөдөлгөөнд оролцвол холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээ тооцох аж.

Цахилгаан авто машины татварыг тэглэх саналыг Засгийн газарт хүргүүлжээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны А/613 дугаар захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж эхэлсэн. Мөн хотын даргын 2017 оны А/614 дүгээр захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг авто зам ашигласны төлбөрөөс 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн билээ.

Цахилгаан авто машины хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх замаар нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж буй авто машинаас ялгарах хорт утаатай тэмцэхэд татварын бодитой хөнгөлөлт, чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай байгаа талаар өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга мэдэгдэж байсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “тэг” /0/-лэх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. Хотын дарга  “Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй цахилгаан тэжээлт автомашин онцгой албан татвараас чөлөөлөгдөн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, газрын тосноос хараат бус хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой” гэж үзэж байгаагаа дурдаад нийслэлийн зүгээс цаашид цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станц суурилуулах, аюулгүй ажиллагааны дүрэм стандарт боловсруулж батлуулах, цахилгаан тэжээлт автомашины улсын дугаарыг ялгах тэмдэгтэй болгох зэрэг ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх болно гэдгээ хэлж байсан юм.  

Нийслэлийн зүгээс цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх олон талт ажлын хүрээнд “Нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах зөвшөөрөл”-д тухайн зогсоолын багтаамжаас хамааран нэгээс доошгүй зогсоолыг бүрэн цахилгаан автомашинд зориулан тохижуулж, үнэ төлбөргүй ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг уг хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтоохоор хуульчилсны дагуу Засгийн газрын 2017 оны 164 дүгээр тогтоолоор цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг 50 хувиар тогтоосон байдаг. Энэ нь цахилгаан тэжээлт авто машины хэрэглээг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл учруулж байгаа талаар Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци, авто машин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэ оны эхээр Нийслэлийн Байгаль орчны газрын удирдлагатай хийсэн уулзалтын үеэр илэрхийлж байсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн 60,9% нь нийслэл хотод бүртгэлтэй бөгөөд 2016 онд 432,661 автомашин техникийн оношилгоонд орсноос 6367 автомашин утааны үзүүлэлтээр тэнцээгүй байна. Техникийн хяналтын улсын үзлэгийн дүнг үндэслэн тооцоход сүүлийн 3 жилд нийслэлийн автомашины жилийн дундаж өсөлт 13.1 хувьтай байгаа нь хорт утааны ялгарал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих шаардлага бий болоод байгааг харуулж байна. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 74 бүрэн цахилгаан (цэнэглэдэг) авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Үүнээс 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна.

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид бүгд цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90%-ийг цахилгаан автомашин эзлэх судалгаа гарсан байдаг гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол хүн сансарт ниссэний ойд зориулж “БИ САНСАРТ НИСНЭ” өдөрлөг болно

Монгол хүн Улс сансарт ниссэний ойн өдөр маргааш тохионо. Энэ өдрийг угтсан арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. 

ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ний өдөр Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн. Тэд сансарт нийт найман өдөр байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болсон.

2018 оны гуравдугаар сарын 21-ны өдөр Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойг тохиолдуулан ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэн, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, "DuDu музей"-тэй хамтран оюутнууд болон сурагчдын дунд “Би ирээдүйн сансрын нисэгч” гар зургийн  уралдаан, асуулт хариултын тэмцээний шагнал гардуулах ёслол болон гар зургийн үзэсгэлэн. “Би Сансарт ниснэ” өдөрлөг зохион байгуулагдана. Уг өдөрлөгийн зорилго нь сансар судлал, нисэх сансрын технологи чиглэлээр хүүхдүүдийн сонирхлыг идэвхжүүлэхэд оршиж байна.

“Би ирээдүйн сансрын нисэгч”гар зургийн  уралдаан, асуулт хариултын тэмцээний шагнал гардуулах ёслол болон гар зургийн үзэсгэлэн 2018 оны гурав дугаар сарын 21-ний өдөр Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн /ООГХ/ дэргэдэх Сансар Од Эрхсийн ордонд 12:00 цагаас эхлэх бөгөөд “Би Сансарт ниснэ”өдөрлөгийн үндсэн үйл ажиллагаа 13:00 цагаас "Emart" худалдааны төвийн 5-н давхарт “DuDu музей” хүүхдийн тоглоомын төвд үргэлжлэх юм байна.

АНХААР: Бэлхээс Сэлх хүртэлх нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлажээ

Урин дулаан цаг ирж шар усны үер болох эрсдэл нэмэгдэж байна. Тэгвэл ойрын өдрүүдэд өдөртөө дулаарсантай холбоотойгоор зарим дүүргийн айл өрхүүд шар усны үерт автах нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг БЭЛХЭЭС СЭЛХ явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийтийн тээврийн хэрэгсэл зорчихыг хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.

Иймд энэ чиглэлд зорчиж буй иргэдийг анхаарал болгоожтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эмэгтэйчүүдийг дарамталж, бэлгийн харьцаанд оруулдаг бүлэг этгээдийг саатуулжээ

Мессеж, зарын дагуу биеэ үнэлэгч охидтой танилцан ёс бусаар бэлгийн харьцаанд орж, эд зүйлийг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг саатуулжээ. Уг хэргийг өмнө нь ял эдэлж байсан хоёр этгээд үйлдсэн байна. Энэ хэрэгт шуурхай ажиллагаа явуулахад таван хэрэгт долоон хохирогчийг тогтоогоод байна. Хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд нь 1989 онд төрсөн А,Ч гэгч дээрэмдэх, хулгайлах, хүчиндэх гэмт хэрэгт ял эдэлж байсан хоёр этгээд болохыг нь урьдчилсан байдлаар тогтоожээ.  Дээрх этгээдүүдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаах ажлыг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд мессеж зарын дагуу хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон охид эмэгтэйчүүд байвал Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг зөвлөж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХҮЛЦЭЛ ӨЧНӨ ГЭНЭЭ
ДААЖИГНАЖ БАЙНА УУ?
2018/03/21 202.179.27.222
Лянь Фу Цай
Монголд эрлийз уячдад зориулсан илжиг уралдуулах саналыг гаргаж байна. Хятад угсааны Ми овогт тэргүүтэй данжаадуудад маш тохирно..
2018/03/21 180.149.78.99