8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Болормаа: Аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэх үндсэн 3 арга зам байдаг

Сэтгүүлч Б.Анхтуяа
2018-03-21 08:29:00

"Судалгаагаар эрүүл бус хүнснийг түгээмэл хэрэглэж байгааг тогтоосон"

Дэлхий дахинаа хоол тэжээлийн “далд өлсгөлөн” гэж нэрлэгддэг аминдэм, эрдэс бодисын дутал Монгол Улс (МУ)-ын хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байна. Далд өлсгөлөнгөөс хэрхэн сэргийлэх, хоол хүнсэндээ хэрхэн анхаарах талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцлаа.

-Өнгөрсөн хоёрдугаар сард “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааг танилцуулсан. Тус судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын дэмжлэгтэйгээр хийсэн гэж сонссон. Хэдэн оноос хойш тус судалгааг хийж байгаа вэ?

-Хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх анхны судалгааг 1992 онд хийж байсан бөгөөд түүнээс хойш 1999, 2004, 2010 онд хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх судалгааг Хоол судлалын төв (одоогийн нэр НЭМҮТ-ийн Хоол судлалын алба) гүйцэтгэсэн байдаг. Хоол тэжээлийн үндэсний судалгааны хүрээнд жилээс жилд нэмэгдэж, хүн амын хоол тэжээлийн байдлыг илүү олон үзүүлэлтээр, өргөн хүрээгээр үнэлдэг болсон. Хоол тэжээлийн үндэсний V судалгааг 2016-2017 онд зохион байгуулж, үр дүнгээ энэ оны 2 дугаар сард танилцуулсан билээ. Энэ удаагийн судалгаагаар 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдал, хүнсний баталгаат байдал, иоджуулсан давсны хэрэглээг үнэлсэн. Мөн тухайн өрхийн 5 хүртэлх насны хүүхэд, түүний эх, 15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгсөн. Үүний зэрэгцээ жирэмсэн эмэгтэйчүүд, сургуулийн 6-11 насны хүүхдийн хоол тэжээлийн байдлын үнэлгээг судалгааны тайлангаас харж болно.

-Хүн амын хоол тэжээлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?. Энэ жилийн судалгаанаас үзэхэд Монголчууд хоол хүнсний биш шим тэжээлийн дутагдалд орсон гэсэн дүгнэлт гарсан гэсэн. Энэ талаар?

-Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг ерөнхийд нь дүгнэж хэлэхэд хоол хүнсээр авч буй макро бодис (өөх тос, уураг, нүүрс ус)-ын илүүдэл буюу илүүдэл жин ба таргалалтын тархалт нэмэгдсэн, харин бичил бодис (аминдэм, эрдэс)-ын дутал буураагүй, түгээмэл хэвээр байна. Түүнчлэн нийт хүмүүсийн хооллолтын дадал тааруу, цөөр нэр төрлийн хүнс хэрэглэдэг, харин эрүүл бус хүнснийг түгээмэл хэрэглэж байгааг судалгаагаар тогтоосон.

-Шим тэжээлийн дутагдалд орж байгаа нөлөөлж буй хүчин зүйлс юу байна. Агаарын бохирдол энд нөлөөлөх үү?

-Хоол тэжээлийн дуталд өртөхөд нөлөөлдөг үндсэн хүчин зүйл бол нэг талаас зохисгүй хооллолт, нөгөө талаас өвчлөл юм. Өнөөгийн байдлаар хоол тэжээлийн дуталд болон агаарын бохирдлын холбоо хамаарлыг тогтоосон судалгаа, нотолгоо хараахан үгүй байна. Гэхдээ агаарын бохирдлын улмаас өвчлөл нэмэгдэж байгааг судлаачид тогтоосон. Дахин давтан өвчлөх нь хоол тэжээлийн дутал өртөх шалтгаан болдог. Энэ нь бага насны хүүхдэд илүү тод ажиглагддаг. Өвчтэй хүүхэд сайн хооллож чаддаггүйн зэрэгцээ, өвчинтэй тэмцэхийн тулд тэдний хоол тэжээлийн хэрэгцээ нь илүү ихэсдэг.

-Шим тэжээлийн өлсгөлөнд нэрвэгдсэн жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдүүд хэрхэн сэргийлэх вэ?

-Шим тэжээлийн өлсгөлөн гэхээс илүү бичил тэжээл (аминдэм, эрдэс)-ийн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж яривал илүү оновчтой. Аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэх үндсэн 3 арга зам байдаг. Үүнд:

  • Зөв, зохистой хооллох, ялангуяа өдөр бүр олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэх: Хүүхэд өдөрт 4, насанд хүрсэн хүн 5 төрлийн хүнсийг тогтмол хэрэглэхийг хоол зүйчид зөвлөдөг. Эдгээрт мах, махан бүтээгдэхүүн, үр тариа, сүү, цагаан идээ, жимс, ногоо, ялангуяа аминдэм, эрдсээр баялаг ногоон навчит ногоо, шар, улаан өнгийн ногоо жимс тогтмол хэрэглэвэл зохино. Мөн бүх төрлийн самар, үр нь хүн бүрийн өдөр бүр хэрэглэвэл зохих хүнсний нэг юм.
  • Эмчийн зөвлөсөн аминдэм, эрдсийн нэмэлт бэлдмэл хэрэглэх
  • Аминдэм, эрдсээр баяжуулсан хүнс хэрэглэх 

Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн аминдэм, эрдсийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Иймд тэд аминдэм, эрдсээр баялаг болон баяжуулсан хүнс хэрэглэхээс гадна эмчийн зааврын дагуу аминдэм, эрдсийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай.

-Жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдээс гадна эрчүүдийн дунд төмрийн дутагдал их байгаа. Үүнд хэрхэн анхаарах вэ?

-Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар төмөр дутлыг цусны ийлдэс дэх ферритин болон уусдаг трансферрин рецепторын хэмжээгээр тодорхойлсон. Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6 хувь, 6-59 сартай хүүхдийн 20.7 хувь төмөр дуталтай байгааг тогтоосон. Харин 15-49 насны эрэгтэйчүүдийн маш бага буюу 3.9 хувь төмөр дуталтай байгааг илрүүлсэн.

-Шим тэжээлийн дутагдалд орсоноо хэрхэн мэдэх вэ. Насанд хүрэгчид болон, хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илрэх вэ? Д аминдэмийн дутагдал нь нярай хүүхдэд зулай битүүрч өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Харин насанд хүрсэн хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Шим тэмжээлийн дутагдал ороод эмчлэхгүй явахын хор уршиг?

-Шим тэжээл гэдэг бол ерөнхий ойлголт. Бидний хоол хүнснээс авч буй тэжээлийн бодисыг бүхэлд нь хамтатган шим тэжээл гэж нэрлэж болох юм. Гэхдээ энэ бол мэргэжлийн хэллэг биш. Шим судлал болон хоол зүйн үүднээс хоол хүнснээс авах тэжээлийн бодисыг бүхэлд нь шимт бодис гэж нэрлэдэг бөгөөд үүнд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодис багтдаг. Эдгээр 5 бодисын эхний 3 нь хүний биед боловсорч шимэгдээд илчлэг буюу энерги өгдөг. Эдгээр бодисууд хүний биед дутагдахад хамгийн эхлээд өлсөх мэдрэмж төрдөг, дараа нь уураг илчлэг дутлын маш олон илэрхий шинжүүд илэрдэг. Харин сүүлийн 2 бодис буюу аминдэм, эрдэс дутахад төдийлэн илэрхий онцлог шинж илэрдэггүй боловч, бие махбодын хэвийн үйл ажиллагаа бүхэлдээ хямардаг. Иймээс аминдэм, эрдсийн дутлыг далд өлсгөлөн гэж нэрлэдэг. Гэхдээ аминдэм, эрдсийн дутлын үед огт шинж тэмдэг илэрдэггүй гэж ойлгож болохгүй. Аминдэм, эрдсийн хүний биед гүйцэтгэх үүргээс хамаарч олон төрлийн шинж илэрдэг. Аминдэм, эрдсийн дутлыг оношлохын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, цусны,  биохимийн, багажийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

Тухайлбал, Д аминдэм дутлын улмаас хүүхдэд рахит өвчин үүсдэг бол насанд хүрэгчдэд яс сийрэгжих, яс зөөлрөх, улмаар хугарах эмгэг илэрдэг. Д аминдэм дутлыг илрүүлэхийн тулд эмчид үзүүлэхийн зэрэгцээ, цусанд дахь Д аминдэмийн түвшинг тодорхойлох, мөн ясны сийрэгжилтийг илрүүлэх рентген шинжилгээнд хамрагдах гэх мэт.Өнөөдөр Д аминдэм дутал нь олон өвчнөөр өвчлөх эрсдэлт хүчин зүйл болдог талаар дэлхийн олон орны судлаачид тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Д аминдэм дуталтай байх нь идэвхтэй сүрьеэгээр өвчлөх магадлал нь өндөр байдгийг судлаачид тогтоосон байна.

-Одоогоос 8 жилийн өмнө буюу 2010 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа”-г хийж байсан. Тус судалгаанаас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдал юу байна вэ?

-2010 оноос хойш хүн амын хоол тэжээлийн байдалд нилээд хэд хэдэн ахиц дэвшил гарсан. Үүний нэг нь 5 хүртэлх насны хүүхдийн дундах хоол тэжээлийн архаг дутал буурсан. Тухайлбал, 2010 онд өсөлт хоцролтын тархалт 15.8 хувь байсан бол энэ удаагийн судалгаагаар 6.1 хувь буурсан байна. Мөн насандаа тохирсон давтамжтай хооллодог хүүхдийн үзүүлэлт 2010 онд 80.8 хувь байсан бол 92.1 хувь болж нэмэгдсэн. Еөрнхийд дүгнэж хэлэхэд аль насны хүн амын дунд уураг илчлэг дутлын тархалт буурсан. Хоол тэжээлийн үндэсний IV судалгааны үр дүнг үндэслэн эх, хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах тусгайлсан хөтөлбөр, стратегийг батлан хэрэгжүүлж байна.

Алдаа дутагдал гэхээс илүү өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй хоол тэжээлийн асуудлын нэг бол бичил бодисын дутал юм. Хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд төмөр, иод, А, Д аминдэм дутал түгээмэл хэвээр байна.  

-Тав хүртэлх насны хүүхдийн 26,6 хувь нь цус багадалттай байна гэсэн судалгаа гарсан гэсэн. Энэ асуудалд эцэг эхчүүд хэрхэн анхаарах вэ?

-Тав хүртэлх насны хүүхдийн 26,6 хувь цус багадалттай, үүний 10,9 хувь төмөр дутлын шалтгаантай цус багадалттай байна. Цус багадалтаас сэргийлэхийн тулд хүүхдийн эцэг, эх, асрамжлагчид дараах асуудлыг анхаарвал зохино. Үүнд:

  • Эх жирэмсэн үедээ өөрийгөө цус багадалтаас сэргийлж, төмрөөр баялаг хүнсийг хангалттай хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Хэрэв жирэмсэн эх цус багадалттай эсвэл төмөр дуталтай байх нь ураг биедээ төмрийн нөөц багатай төрөх, улмаар цус багадалтад өртөмтгий болно. Мөн жирэмсэн эх эмчийн зөвлөсөн аминдэм, эрдсийн холимог эсвэл төмрийн бэлдмэл хэрэглэх нь зүйтэй.
  • Хүүхдийг төрмөгц 1 цагийн дотор ангир уургаар амлуулж, 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.
  • Хүүхдийг 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулна. 6-8 сартай хүүхдэд өдөрт 1 удаа, 9 дээш сартай хүүхдэд өдөр 2 ба түүнээс олон удаа махан хоол өгнө. Махыг хүүхэд идэхэд тохиромжтой болгож машиндах эсвэл сайтар жижиглэж, хярж хэрчинэ. Малын элэг, уушги, мах нь төмрөөр баялаг хүнс юм.
  • Хүүхдийг аливаа өвчин, ялангуяа суулгалтаас сэргийлнэ. Өвчтэй хүүхэд хангалттай сайн хооллож чаддаггүй тул цус багадалт, рахит зэрэг хоол тэжээлээс хамааралт эмгэгт өртөмтгий болдог.

  

-Бичил тэжээлийн дутлыг шийдвэрлэх гол арга зам нь хүнсийг баяжуулах гэж эрдэмтэд үздэг. Үүнийг төр засгаас хэрхэн анхаарч байна вэ. Шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл өгнө үү.

-Бичил тэжээлийн дутлыг шийдвэрлэх үндсэн 3 арга зам байдаг, тэдгээрийн нэг нь хүнсний бүтээгдэхүүний баяжуулах арга юм. Үүнд:

  1. Зохистой хооллолтыг дэмжих: Аминдэм, эрдсээр баялаг тэжээллэг хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх
  2. Бичил тэжээлийн дуталд өртөмтгий хүн ам (хүүхэд, эмэгтэйчүүд)-ыг аминдэм, эрдэсийн бэлдмэлээр хангах,
  3. Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах

 

МУ-ын Хүнсний тухай хууль, Эрүүл мэндийн Сайдын тушаалаар батлагдсан “Хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах удирдамж”-д хүн амыг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх талаар заасан байдаг. Мөн 2016 онд Монгол Улсын Их хурлын 3 гишүүн А. Ундраа, “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төсөл санаачилж, их хуралд байтлуулахаар өргөн барьсан. Өнөөгийн байдлаар Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Их Хуралд өргөн барих ажлын хэсгийг Г. Тэмүүлэн гишүүн ахлан ажиллаж байна. Уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн болон тус төвийн хүнсний баяжуулалтын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл