8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчид тэтгэврийн насаа 5 жилээр наашлуулж тогтоолгохдоо дараах зүйлсийг анхаарна уу

2018-02-09 10:04:00

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн сард эхлүүлсэн нэг онцлох ажил бол малчдын тэтгэврийн насыг наашлуулсан явдал байв. Өнөөдрийн байдлаар хууль хэрэгжиж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий Нийгмийн даатгалын харьяа байгууллагуудад малчид тэтгэврийн насаа тогтоолгохоор нэлээд их хэмжээгээр хандаж байна гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхэлсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныханы мэдээлж буйгаар энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 44.6 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцоолж байгаа аж.

Ингээд орон нутагт ажиллаж хөдөлмөрлөж байгаа, малчин иргэддээ хандаж өнгөрсөн сараас эхэлсэн малчдын тэтгэврийн насыг наашлуулахтай холбоотой заавал мэдэж байх ёстой мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

Ямар нөхцөлийг хангасан малчин өндөр насны тэтгэврээ 5 жилийн өмнө тогтоолгох вэ?

            55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй.

Малчинд ямар даатгуулагчийг хамааруулах вэ?

            Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус тус ойлгоно.

Малчнаар ажилласан хугацааг хэрхэн тогтоох вэ?

-       Даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн дэвтэр; Хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр; Архивын лавлагаа; шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн;

-       Даатгуулагчийн 1995 оноос хойш малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын төлсөн хугацааг Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-ын жил бүрийн бүртгэлийг үндэслэн тус тус тодорхойлно.

Малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

            Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн малчин-даатгуулагч нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Тэтгэвэр тогтоолгох өргөдөл;
  2. Нийгмийн даатгалын дэвтэр;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;
  5. Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлсний тодорхойлолт;
  6. Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-нд жил бүр хамрагдсан малчин өрхийн бүртгэлийн хуулбар;
  7. Малчин өрхийн гишүүний бүртгэл, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  8. Эмэгтэй малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд гэр бүлийн баталгаа, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;
  9. 1995 оноос хойш Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан журмын даатгалд даатгуулсан малчин-даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажилт  нь зохих журамд заасан  шаардлагыг хангаагүй тохиолдолд түүний малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг болно.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон 1990-2000 онд малчин байх хугацаандаа сайн дурын даатгалд хамрагдсан хугацааг малчнаар ажилласан хугацаанд хамруулах уу?

Тухайн малчин-даатгуулагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 оныг нөхөн тооцуулсан хугацаа нь хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд хамрагдаж тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн баримт бичиг, нийгмийн даатгалын дэвтэр, Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл, тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байвал малчнаар ажилласанд тооцно.

 Малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг жил бүр 6 сараар нэмэгдүүлэх үү?

 Малчин-даатгуулагчийн насыг жил бүр 6 сараар нэмэгдүүлэхгүйгээр, эрэгтэй 55, эмэгтэй 50 насыг баримтлан өндөр насны тэтгэврийг тогтооно.

Малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэврээ тогтоолгохдоо хаана хандах вэ

Өөрийн харьяа орон нутгийн сумын байцаагч болон Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment