8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсад 124 578 Казах үндэстэн байна

2018-03-21 15:21:33

Казак түмний үндэсний баяр болох Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойрноос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг.  Энэ баярыг нарны баяр, хаврын баяр гэх мэтээр улс оронд янз бүрээр нэрлэнэ. Тус баярыг Дундад Азийн Казак, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, мөн Кавказын лалын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Наурызын баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочилж, идэж ууж, дуулж хуурддаг. Бие биедээ “Улыс он болсын, ак мол болсын” гэж ерөөн мэндэлнэ. Мөн хүүхэд залуус нь үндэсний тоглоом тоглож, эрчүүд нь “Көкпар” буюу тулам булаалдаж тоглодог байна.

Казах түмний дундах домог яриагаар гуравдугаар сарын 21-ний өдөр бурхан бууж ирж цэмцийсэн цэвэрхэн айлд орж ирвэл тэр жилдээ өвчин зовлонгүй, гай гамшиггүй сайн сайхан байдаг” гэсэн ойлголтоор Наурызыг угтан гэр орон, эд хогшил, орчин тойрноо цэвэрлэдэг. Энэ өдөр цас бороо орвол тэнгэрийн хишиг орлоо хэмээн бэлгэдэж ирж буй жил сайхан жил болно гэж бэлэгддэг байна.

Харин 22-ны өдрийн өглөө мандах нарыг харж, түүнийг хvлээн авахаас Наурыз эхэлдэг. Дараа нь, ахан дүүс, төрөл төрөгсөдтэйгөө золгодог. Эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог бол эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэн золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн гар барилцан золгох аль эсвэл хоёр гараараа мэндчилэн, цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг-цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл юм.

 Долоон төрлийн зүйлээр амталсан “мах, давс, ус, аарц, будаа, буудай, сонгино” наурыз-көже буюу Наурызын шөлөөр зочдоо дайлах ёстой. Уламжлал ёсоор хүн бүр айл болгонд зочилж, Наурызын шөлийг цадатлаа уух ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн бэлгэдэл ажээ.

Наурызын өдөр гэр орноосоо хол, замд яваа хүн болон зочлон орж ирж чадаагүй өндөр настан буурлуудад өөрсдийн хувийг заавал үлдээнэ. Архи дарс хэрэглэх ёсгүй. Тэр тусмаа ахмад настнуудын дэргэд архи үнэртүүлэхийг хатуу хориглодог. Мөн мөнгө төгрөгөөр золгох, бэлэг сэлт өгөх, авах ёс байхгүй.

 Монгол Улсад 2018 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар 124 578 Казах үндэстэн байгаа бөгөөд эдгээрийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт, 9.1 хувь нь Улаанбаатар хотод, 8.7 хувь нь Ховд аймагт 6.5 хувь нь бусад аймагт тархан суурьшиж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл