8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Баярцогт мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваад эрүү үүсгэсэн өдөр

2018-03-21 18:40:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Уяачдын холбоо хэзээнээс хүүхдийн үгийг сонсдог болчихов

 Төрийн сайдын албан тушаалыг хашиж байсан одоо ТББ-ыг тэргүүлж буй нас биеэнд хүрсэн хүн байж харанхуй шөнө хар тоосон дунд морь уралдуулах эсэхээ хүүхдээс асуугаад байхдаа яахав дээ-

Монголын морин спорт уяачдын холбооноос энэ сарын 18-ны өдөр зохион байгуулсан Дүнжингарав уралдаан нь монгол хүн бүрийг эмзэглүүллээ. Ниргэсэн хойно нь хашгирив гэгчээр сайд, дарга нар нь сая нэг ухаан орж өвөл, хаврын уралдааныг бүр мөсөн хориглох шийдвэрийг гаргахаар болов. Хэдий тогтоол, шийдвэр гаргасан ч бэртсэн 16 хүүхдийн эрүүл саруул биеийг эргүүлэн өгч чадах уу гэдэг нь өөрөө асуудал юм.

Харанхуй шөнөөр бөөн тоосон дунд хүүхэд, морь уралдуулж тамалсан энэ үйл ажиллагааны үр дүнд өнөөдөр 16 хүүхэд мориноос унаж гэмтсэнээс нэг нь толгойндоо маш хүнд гэмтэл авсан бол бас нэгэн хүү хөлөө хугалж эмнэлэгт эмчлүүлж байна.

Хэрвээ уг ослоос үүдэлтэйгээр хүүхдүүд насан туршийн ужиг өвчтэй болбол хэн хариуцлага хүлээх вэ. Хэн нь ч хүлээхгүй нь тодорхой байна.

Өмнө нь мориноос унаж бэртсэнээс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон олон хүүхдийн гашуун сургамж бий шүү дээ. 

Уралдааны үеэр том жийпнийхээ гэрэлд бүдчих саадгүй давхилдсан мөнгөтэй уяачдын хэн нь ч өнөөдөр унасан хүүхдийн асуудлаар  дуугаралгүй бүгд бүлх залгисан мэт чимээгүй байна .

Өчигдөр уяачдын холбооны тэргүүн нь би энэ уралдааныг зохион байгуулаагүй. Энэ үеэр гадаадад зорчиж байсан. Гэхдээ яахав уучлалт гуйчихъя гэсэн утгатай мэдэгдэл хийгээд л өнгөрсөн. Эрхэм УИХ-ын дарга, уяачдын холбооны тэргүүн М.Энхболдын хэдэн өгүүлбэртэй энэ мэдэгдлийн араас иргэдийн шахалтаар уяачдын холбооны ерөнхий нарийн дарга П.Сэргэлэн нь мэдээлэл өгсөн.

Гэхдээ түүний мэдээлэл нь буруу үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрсөн бус өөрсдийгөө өмөөрсөн утгатай байсан нь олон хүний дургүйг хүргэж байна. 

Тодруулбал, тэрбээр шөнө морь уралдуулсан нь биднээс бус уяачид болон хүүхдүүдийн шахалтынх гэж хэлэв. Мөн М.Энхболд дарга минь хамаагүй шүү гэсэн утга бүхий өгүүлбэрийг чулуудав.

Бүр тодруулбал тэрбээр “Уяачдынхаа хүсэл шаардлагын дагуу Дүнжингарав уралдааныг зохион байгуулсан. Засгийн Газрын тогтоол зөрчсөн асуудал байхгүй. Тус Засгийн Газрын тогтоолд 12 наснаас доош настай хүүхдийг морь унуулахгүй гэж заасан. Үүний дагуу бид бүртгэл явуулж бүртгэсэн. Гэтэл 11 настай хүүхэд 12 настай гэж бүртгүүлээд морь унасан байсан. Энэ удаагийн уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж бэртсэн. Азарганы уралдааны үеэр мориноосоо унасан гурван хүүхдийн нэг нь тархиндаа гэмтэл авсан. Нөгөө хоёрыг нь үзүүлж байна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна.Ямар  хариуцлага байдаг юм тэрийг хүлээхэд бэлэн байна. Хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй. Уяач, унаач хүүхдүүдийн буруу эсвэл хурдан жаргасан нарны буруу гэж хэн нэгэн рүү буруугаа чихэхгүй. Тоосжилт ихтэй байснаас үүдэж нэлээд хүндрэл гарлаа. Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан. Уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машинууд дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдааны явц сунжирсан.

Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан.Тэгээд морьдынхоо шүдийг үзээд уралдуулсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий байсан. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарлаа. Энэхүү уралдааныг зохион байгуулахад М.Энхболд дарга гадаадад  томилолтоор явсан байсан” гэв.

Түүний энэ ярианаас дүгнэвэл хүүхдүүдийн шахалтаар л шөнө морь уралдуулсан болж таарах нь. Дүнжингарав уралдааныг ч уяачдын шаардлагаар зохион байгуулж. Харин өөрсдөө  огтоос хамаагүй бололтой. Тэгэхээр хүүхэд мориноосоо унасанд хүүхэд л буруутай болох нь уу. Ер нь уяачдын холбооныхон хэзээнээс хүүхдийн үгийг сонсдог болчихов. Өмнө нь мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн, өвөл морины уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцэж байсан эцэг, эхчүүдийн үгийг тэд сонссон уу.

Одоо асуудал хурцдаж өөрсдөө хариуцлага хүлээхдээ тулахаар хүүхдийн үгийг сонссон гэж хэлэх П.Сэргэлэн даргад ичих нүүр байна уу. Төрийн сайдын албан тушаалыг хашиж байсан одоо ТББ-ыг тэргүүлж буй нас биеэнд хүрсэн хүн байж харанхуй шөнө хар тоосон дунд морь уралдуулах үгүйгээ хүүхдээс асуугаад байхдаа яахав дээ. Угтаа бол шөнөөр морь уралдуулахыг тас хориглосон шийдвэрийг гаргах ёстой баймаар.

 Морин спорт уяачдын холбоо нь байгуулагдаад маш олон жил болж буй ч морины уралдаанаа зохион байгуулж сураагүй юм байна гэдгийг энэ үйл явдал харуулж байна. Ядаж унаач хүүхдүүдийнхээ насыг будлиангүй тэмдэглэчихдэггүй, морь дагах хэдэн машинаа цэгцэлж чадахгүй морины уралдаан зохион байгуулдаг байгууллага гэж байх уу.

Дүнжингарав уралдаанд

 2018 онд 16

2016 онд 13

2015 онд 423

2014 онд 621 үүнээс 539 нь хөнгөн, 25 нь хүндэвтэр, гурав нь хүнд гэмтал авсан

2013 онд 958 хүүхэд уралдааны үеэр мориноос унаж, 916 нь хөнгө, 34 нь хүндэвтэр, дөрөв хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан гэх тоо баримт байна.

ДАХИН ХЭДЭН ХҮҮХДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЖ БАЙЖ ЗУНГАА, ЦЭНГЭЛЭЭ БОЛИХ ВЭ УЯАЧДАА.

ШУУРХАЙ: Зайсангийн зүүн аманд иргэн Одсүрэн гэх залуу хүчээр газар ухаж эхэлжээ

Зайсангийн зүүн аманд иргэн н.Одсүрэн өчигдөр 15:00 цагийн үед зөвшөөрөлгүйгээр газар ухаж эхэлсэн хэрэг гарсан байна. Иргэн н.Одсүрэн нь БОАЖЯ-наас газар ашиглах зөвшөөрлөө авчихсан гэх үндэслэлээр ийнхүү Зайсангийн зүүн аманд газар ухаж эхэлжээ. Эл хэрэг өчигдөр 15:00 цагийн үед гарсан ч Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид иргэн Одсүрэн нь тухайн газраа эзэмших зөвшөөрөлгүй тул ухаж болохгүй гэсэн шаардлага тавьсан байна. Тус шаардлагыг иргэн э.Одсүрэн хүлээж авахгүй өнгөрсөн шөнө 21:00 цагийн үед газраа ахиж ухаж эхэлсэн байна. 

Энэ талаар БОАЖЯ-ын харъяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын Богдхан уулсын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилт А.Оюутаас тодруулахад "Яг одоогоор иргэн н.Одсүрэн нь зайсангийн зүүн аманд газар ухахаар ирээд байна. Өчигдөр үдээс хойш иргэн Одсүрэн нь ирж газраа ухаж эхэлсэн.  Өчигдөр 15 цагийн үед байгаль хамгаалагч Ц.Одхүү Зайсангийн амны зүүн энгэрт газар ухаж байна, хамгаалалтын захиргаанаас эхлэх зөвшөөрлөө авсан уу гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгч газар дээр нь мэргэжилтэн А.Оюут, байгаль хамгаалагч Ц.Одхүү, мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг, ХУД-ын цагдаагийн хэлтэстэй хамтарч хөөж буулгасан. Хамгаалалтын захиргаанаас байнгын эргүүл гарган ажиллаж байтал эксковарторууд дахин ирж газар ухаж эхэлсэн. цагдаагийн хэлтэст ахин дуудлага өгөөд 22:00 цагт зогсоосон. Манай захиргааны зүгээс зөвшөөрөлгүй тул газар ухахаа зогсоо гэсэн шаардлагыг өчигдөр тавьсан. Гэтэл өчигдөр ажлын цаг дууссаны дараа дахин ирж газраа ухсан. Манай 5 байгаль хамгаалагчид өнгөрсөн шөнө манаж хоносон. БХУДЦГХЗ-наас газар эхлэх акт үйлдүүлж, зөвшөөрөл авалгүй хууль бусаар уул нурааж ухсан. Сая иргэн Одсүрэн 20 гаруй залуусыг дагуулж ирээд хүчээр газраа ухаж эхэллээ. Одоогоор газар дээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн н.Дэлгэрцэцэг, БХУДЦГХЗ-ны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг, газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Д.Баньд, байгаль хамгаалагч, цагдаа нар газар дээр нь очиж үйл ажиллагааг зогсоон, машин техникүүдийг холдуулан ажиллаж байна. Энэ талаар бид холбогдох байгууллага, дүүргийн цагдаагийн газарт дуудлага өгсөн" гэв. 

Х.Баянмөнх: Бөхчүүд ОО-ын өрөө ороод хэний ч байж болох шээсийг саванд хийгээд өгчихөж байна

Монголын үндэсний бөхийн холбооны хууль бус шийдвэрийн талаар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр допинг хэрэглэсэн бөхчүүдийн талаар Монгол улсын хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аварга байр сууриа илэрхийлсэн юм.  Тэрбээр “Монгол үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн нийгмийн асуудал, эрх, нэр төрийг хамгаалах талаар зохион байгуулж байгаа асуудал байхгүй. Харин ч нэр төрийг нь гутааж байна.Бөхчүүдээс шээсний шинжилгээ авлаа гэхэд тусгай хяналтын комисс авах ёстой.

Гэтэл өдий арван хэдэн жил нэг эмч сувилагч хоёр л шээсний шинжилгээ авч байна. Бөхчүүд тэр хоёр эмчийн хажууд ОО-ын өрөө ороод хэний ч байж болох шээсийг саванд хийгээд өгчихөж байна. Тэрийг хэнийг шээс гэдгийг хэн ч мэдэхгүй. 

Муудалцсан бөхчүүдээсээ допинг илэрлээ гэдэг. Нэг өрсөлдөгчийг гаргаж ирэхийн тулд нөгөө өрсөлдөгчөөс нь допинг гаргачихдаг. Өөрсдөд нь ая талтай хүмүүсээс допинг илэрвэл түүнийг нь нуудаг. Ингэж хүний эрхэнд халдаж балмад үйл ажиллагаа явуулж эхэллээ. Бөх хүн бие нь өвдвөл эмнэлэгт үзүүлж, эм ууж болохгүй, өвчнөө анагааж болохгүй нь байна шүү дээ. Энэ бол хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн үйлдэл" гэв.

"Дүнжингарав" уралдааны үеэр мориноос унасан хүүгийн тархи нь няцарчээ

"Дүнжингарав" хурдан морины уралдааны үеэр нийт 16 хүүхэд мориноос унаж, тав нь эмнэлэгт хүргэгдэн үйлчлүүлснээс дөрөв нь тэр даруй гарч, харин 11 настай  хүү Улаанбаатар хот руу хүргэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханаас хүүгийн биеийн байдал, хийж байгаа эмчилгээний талаар асууж, утсаар ярьхад "11 настай У.Баярбаатар хүүд шаардлагатай оношлогоог. Оношлогоогоор хүү тархины няцралтай болсон нь тогтоогдсон. Түүний няцралын хэмжээ тун бага тул мэс засал хийлгэх шаардлагагүй, биеийн байдал тогтвортой, энгийн тасагт хэвтэн эмийн эмчилгээ хийлгэж байна. У.Баярбаатар хүүгийн эмчилгээ ирэх долоо хоногт дуусч  эмнэлгээс гаргана" гэжээ. Мөн  У.Баярбаатар хүүд шаардлагатай эмчилгээг бүрэн хийж эдгэрүүлэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн удирдлагад даалгасан байна.

Н.Болормаа: Аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэх үндсэн 3 арга зам байдаг

Дэлхий дахинаа хоол тэжээлийн “далд өлсгөлөн” гэж нэрлэгддэг аминдэм, эрдэс бодисын дутал Монгол Улс (МУ)-ын хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байна. Далд өлсгөлөнгөөс хэрхэн сэргийлэх, хоол хүнсэндээ хэрхэн анхаарах талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцлаа.

-Өнгөрсөн хоёрдугаар сард “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааг танилцуулсан. Тус судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын дэмжлэгтэйгээр хийсэн гэж сонссон. Хэдэн оноос хойш тус судалгааг хийж байгаа вэ?

-Хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх анхны судалгааг 1992 онд хийж байсан бөгөөд түүнээс хойш 1999, 2004, 2010 онд хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх судалгааг Хоол судлалын төв (одоогийн нэр НЭМҮТ-ийн Хоол судлалын алба) гүйцэтгэсэн байдаг. Хоол тэжээлийн үндэсний судалгааны хүрээнд жилээс жилд нэмэгдэж, хүн амын хоол тэжээлийн байдлыг илүү олон үзүүлэлтээр, өргөн хүрээгээр үнэлдэг болсон. Хоол тэжээлийн үндэсний V судалгааг 2016-2017 онд зохион байгуулж, үр дүнгээ энэ оны 2 дугаар сард танилцуулсан билээ. Энэ удаагийн судалгаагаар 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдал, хүнсний баталгаат байдал, иоджуулсан давсны хэрэглээг үнэлсэн. Мөн тухайн өрхийн 5 хүртэлх насны хүүхэд, түүний эх, 15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгсөн. Үүний зэрэгцээ жирэмсэн эмэгтэйчүүд, сургуулийн 6-11 насны хүүхдийн хоол тэжээлийн байдлын үнэлгээг судалгааны тайлангаас харж болно.

-Хүн амын хоол тэжээлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?. Энэ жилийн судалгаанаас үзэхэд Монголчууд хоол хүнсний биш шим тэжээлийн дутагдалд орсон гэсэн дүгнэлт гарсан гэсэн. Энэ талаар?

-Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг ерөнхийд нь дүгнэж хэлэхэд хоол хүнсээр авч буй макро бодис (өөх тос, уураг, нүүрс ус)-ын илүүдэл буюу илүүдэл жин ба таргалалтын тархалт нэмэгдсэн, харин бичил бодис (аминдэм, эрдэс)-ын дутал буураагүй, түгээмэл хэвээр байна. Түүнчлэн нийт хүмүүсийн хооллолтын дадал тааруу, цөөр нэр төрлийн хүнс хэрэглэдэг, харин эрүүл бус хүнснийг түгээмэл хэрэглэж байгааг судалгаагаар тогтоосон.

-Шим тэжээлийн дутагдалд орж байгаа нөлөөлж буй хүчин зүйлс юу байна. Агаарын бохирдол энд нөлөөлөх үү?

-Хоол тэжээлийн дуталд өртөхөд нөлөөлдөг үндсэн хүчин зүйл бол нэг талаас зохисгүй хооллолт, нөгөө талаас өвчлөл юм. Өнөөгийн байдлаар хоол тэжээлийн дуталд болон агаарын бохирдлын холбоо хамаарлыг тогтоосон судалгаа, нотолгоо хараахан үгүй байна. Гэхдээ агаарын бохирдлын улмаас өвчлөл нэмэгдэж байгааг судлаачид тогтоосон. Дахин давтан өвчлөх нь хоол тэжээлийн дутал өртөх шалтгаан болдог. Энэ нь бага насны хүүхдэд илүү тод ажиглагддаг. Өвчтэй хүүхэд сайн хооллож чаддаггүйн зэрэгцээ, өвчинтэй тэмцэхийн тулд тэдний хоол тэжээлийн хэрэгцээ нь илүү ихэсдэг.

-Шим тэжээлийн өлсгөлөнд нэрвэгдсэн жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдүүд хэрхэн сэргийлэх вэ?

-Шим тэжээлийн өлсгөлөн гэхээс илүү бичил тэжээл (аминдэм, эрдэс)-ийн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж яривал илүү оновчтой. Аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэх үндсэн 3 арга зам байдаг. Үүнд:

  • Зөв, зохистой хооллох, ялангуяа өдөр бүр олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэх: Хүүхэд өдөрт 4, насанд хүрсэн хүн 5 төрлийн хүнсийг тогтмол хэрэглэхийг хоол зүйчид зөвлөдөг. Эдгээрт мах, махан бүтээгдэхүүн, үр тариа, сүү, цагаан идээ, жимс, ногоо, ялангуяа аминдэм, эрдсээр баялаг ногоон навчит ногоо, шар, улаан өнгийн ногоо жимс тогтмол хэрэглэвэл зохино. Мөн бүх төрлийн самар, үр нь хүн бүрийн өдөр бүр хэрэглэвэл зохих хүнсний нэг юм.
  • Эмчийн зөвлөсөн аминдэм, эрдсийн нэмэлт бэлдмэл хэрэглэх
  • Аминдэм, эрдсээр баяжуулсан хүнс хэрэглэх 

Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн аминдэм, эрдсийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Иймд тэд аминдэм, эрдсээр баялаг болон баяжуулсан хүнс хэрэглэхээс гадна эмчийн зааврын дагуу аминдэм, эрдсийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай.

-Жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдээс гадна эрчүүдийн дунд төмрийн дутагдал их байгаа. Үүнд хэрхэн анхаарах вэ?

-Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар төмөр дутлыг цусны ийлдэс дэх ферритин болон уусдаг трансферрин рецепторын хэмжээгээр тодорхойлсон. Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6 хувь, 6-59 сартай хүүхдийн 20.7 хувь төмөр дуталтай байгааг тогтоосон. Харин 15-49 насны эрэгтэйчүүдийн маш бага буюу 3.9 хувь төмөр дуталтай байгааг илрүүлсэн.

-Шим тэжээлийн дутагдалд орсоноо хэрхэн мэдэх вэ. Насанд хүрэгчид болон, хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илрэх вэ? Д аминдэмийн дутагдал нь нярай хүүхдэд зулай битүүрч өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Харин насанд хүрсэн хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Шим тэмжээлийн дутагдал ороод эмчлэхгүй явахын хор уршиг?

-Шим тэжээл гэдэг бол ерөнхий ойлголт. Бидний хоол хүнснээс авч буй тэжээлийн бодисыг бүхэлд нь хамтатган шим тэжээл гэж нэрлэж болох юм. Гэхдээ энэ бол мэргэжлийн хэллэг биш. Шим судлал болон хоол зүйн үүднээс хоол хүнснээс авах тэжээлийн бодисыг бүхэлд нь шимт бодис гэж нэрлэдэг бөгөөд үүнд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодис багтдаг. Эдгээр 5 бодисын эхний 3 нь хүний биед боловсорч шимэгдээд илчлэг буюу энерги өгдөг. Эдгээр бодисууд хүний биед дутагдахад хамгийн эхлээд өлсөх мэдрэмж төрдөг, дараа нь уураг илчлэг дутлын маш олон илэрхий шинжүүд илэрдэг. Харин сүүлийн 2 бодис буюу аминдэм, эрдэс дутахад төдийлэн илэрхий онцлог шинж илэрдэггүй боловч, бие махбодын хэвийн үйл ажиллагаа бүхэлдээ хямардаг. Иймээс аминдэм, эрдсийн дутлыг далд өлсгөлөн гэж нэрлэдэг. Гэхдээ аминдэм, эрдсийн дутлын үед огт шинж тэмдэг илэрдэггүй гэж ойлгож болохгүй. Аминдэм, эрдсийн хүний биед гүйцэтгэх үүргээс хамаарч олон төрлийн шинж илэрдэг. Аминдэм, эрдсийн дутлыг оношлохын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, цусны,  биохимийн, багажийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

Тухайлбал, Д аминдэм дутлын улмаас хүүхдэд рахит өвчин үүсдэг бол насанд хүрэгчдэд яс сийрэгжих, яс зөөлрөх, улмаар хугарах эмгэг илэрдэг. Д аминдэм дутлыг илрүүлэхийн тулд эмчид үзүүлэхийн зэрэгцээ, цусанд дахь Д аминдэмийн түвшинг тодорхойлох, мөн ясны сийрэгжилтийг илрүүлэх рентген шинжилгээнд хамрагдах гэх мэт.Өнөөдөр Д аминдэм дутал нь олон өвчнөөр өвчлөх эрсдэлт хүчин зүйл болдог талаар дэлхийн олон орны судлаачид тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Д аминдэм дуталтай байх нь идэвхтэй сүрьеэгээр өвчлөх магадлал нь өндөр байдгийг судлаачид тогтоосон байна.

-Одоогоос 8 жилийн өмнө буюу 2010 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа”-г хийж байсан. Тус судалгаанаас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдал юу байна вэ?

-2010 оноос хойш хүн амын хоол тэжээлийн байдалд нилээд хэд хэдэн ахиц дэвшил гарсан. Үүний нэг нь 5 хүртэлх насны хүүхдийн дундах хоол тэжээлийн архаг дутал буурсан. Тухайлбал, 2010 онд өсөлт хоцролтын тархалт 15.8 хувь байсан бол энэ удаагийн судалгаагаар 6.1 хувь буурсан байна. Мөн насандаа тохирсон давтамжтай хооллодог хүүхдийн үзүүлэлт 2010 онд 80.8 хувь байсан бол 92.1 хувь болж нэмэгдсэн. Еөрнхийд дүгнэж хэлэхэд аль насны хүн амын дунд уураг илчлэг дутлын тархалт буурсан. Хоол тэжээлийн үндэсний IV судалгааны үр дүнг үндэслэн эх, хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах тусгайлсан хөтөлбөр, стратегийг батлан хэрэгжүүлж байна.

Алдаа дутагдал гэхээс илүү өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй хоол тэжээлийн асуудлын нэг бол бичил бодисын дутал юм. Хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд төмөр, иод, А, Д аминдэм дутал түгээмэл хэвээр байна.  

-Тав хүртэлх насны хүүхдийн 26,6 хувь нь цус багадалттай байна гэсэн судалгаа гарсан гэсэн. Энэ асуудалд эцэг эхчүүд хэрхэн анхаарах вэ?

-Тав хүртэлх насны хүүхдийн 26,6 хувь цус багадалттай, үүний 10,9 хувь төмөр дутлын шалтгаантай цус багадалттай байна. Цус багадалтаас сэргийлэхийн тулд хүүхдийн эцэг, эх, асрамжлагчид дараах асуудлыг анхаарвал зохино. Үүнд:

  • Эх жирэмсэн үедээ өөрийгөө цус багадалтаас сэргийлж, төмрөөр баялаг хүнсийг хангалттай хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Хэрэв жирэмсэн эх цус багадалттай эсвэл төмөр дуталтай байх нь ураг биедээ төмрийн нөөц багатай төрөх, улмаар цус багадалтад өртөмтгий болно. Мөн жирэмсэн эх эмчийн зөвлөсөн аминдэм, эрдсийн холимог эсвэл төмрийн бэлдмэл хэрэглэх нь зүйтэй.
  • Хүүхдийг төрмөгц 1 цагийн дотор ангир уургаар амлуулж, 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.
  • Хүүхдийг 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулна. 6-8 сартай хүүхдэд өдөрт 1 удаа, 9 дээш сартай хүүхдэд өдөр 2 ба түүнээс олон удаа махан хоол өгнө. Махыг хүүхэд идэхэд тохиромжтой болгож машиндах эсвэл сайтар жижиглэж, хярж хэрчинэ. Малын элэг, уушги, мах нь төмрөөр баялаг хүнс юм.
  • Хүүхдийг аливаа өвчин, ялангуяа суулгалтаас сэргийлнэ. Өвчтэй хүүхэд хангалттай сайн хооллож чаддаггүй тул цус багадалт, рахит зэрэг хоол тэжээлээс хамааралт эмгэгт өртөмтгий болдог.

-Бичил тэжээлийн дутлыг шийдвэрлэх гол арга зам нь хүнсийг баяжуулах гэж эрдэмтэд үздэг. Үүнийг төр засгаас хэрхэн анхаарч байна вэ. Шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл өгнө үү.

-Бичил тэжээлийн дутлыг шийдвэрлэх үндсэн 3 арга зам байдаг, тэдгээрийн нэг нь хүнсний бүтээгдэхүүний баяжуулах арга юм. Үүнд:

  1. Зохистой хооллолтыг дэмжих: Аминдэм, эрдсээр баялаг тэжээллэг хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх
  2. Бичил тэжээлийн дуталд өртөмтгий хүн ам (хүүхэд, эмэгтэйчүүд)-ыг аминдэм, эрдэсийн бэлдмэлээр хангах,
  3. Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах 

МУ-ын Хүнсний тухай хууль, Эрүүл мэндийн Сайдын тушаалаар батлагдсан “Хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах удирдамж”-д хүн амыг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх талаар заасан байдаг. Мөн 2016 онд Монгол Улсын Их хурлын 3 гишүүн А. Ундраа, “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төсөл санаачилж, их хуралд байтлуулахаар өргөн барьсан. Өнөөгийн байдлаар Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Их Хуралд өргөн барих ажлын хэсгийг Г. Тэмүүлэн гишүүн ахлан ажиллаж байна. Уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн болон тус төвийн хүнсний баяжуулалтын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна.

Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын хуваарь гарчээ

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний төвшин тогтоох тусгай шалгалт авахаар болжээ. БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай юм.

Шалгалтыг дараахь хуваарийн дагуу авах бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс  сонгон шалгаруулалт явуулах ажээ.  

1. Хуваарь

2. Шалгалт өгөх салбар: Аж үйлдвэр

3. Сонгож авахаар төлөвлөсөн тоо: Дараа нь зарлана.

Сонгож авах хүний тоог 200 оноо  авах ёстойгоос 88-аас дээш оноо авсан иргэдээс өндөр онооны дарааллаар тогтооно.

4. Шалгалт авах газар ба Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарь (04.23)

 Шалгалт авах газар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

 Шалгалт өгөх өдөр: 4 сарын 30-ны үеэр зохион байгуулна.

Зарлах мэдээллийн хэрэгсэл:

1. ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

2. Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPSтөв)-ийн цахим хуудас monkor.net

3. ХЭЗОТ-ны СХТТТШ-ын цахим хуудас (epstopik.hrdkorea.or.kr )                                                                                      

5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

БНСУ-д 4 жил 10 сар ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс  хойш ирсэн иргэд/

18-39 настай

Хорих ял эдэлж байгаагүй ба гэмт хэрэгт холбогдоогүй байх,

Солонгосоос албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй байх

Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

БНСУ-д Е-9, Е-10 визээр 5-аас дээш жил болоогүй байх

6. Бүртгэл

 Бүртгэл явагдах хугацаа : 2018 оны 4 сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд

 Бүртгэл явагдах газар : Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 

 Бүртгүүлэх арга : Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

 Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

БНСУ-аас буцах үеийн гадаад пасспортын хуулбар

Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд бүртгэлийн байранд анкетийг тараана.)

Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь (бүртгэлийн анкет дээр наах зориулалтаар )

 3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)

Шалгалтын хураамж төлсөн баримт

Шалгалтын хураамж: 24 ам. доллар

Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.)

ЭМД-ын сангаас жилд 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авах боломжтой

Иргэн та улсад төлсөн эрүүл мэндийн даатгалаасаа их хэмжээний тусламж үйлчилгээ авах боломж байдгийг мэдэх үү. Тэгвэл танд дараах мэдээллийг хүргэе.

Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой. Та даатгалын шимтгэлээ төлсөнөөр жилд хоёр сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой. Хоёр сая төгрөгийн тусламж үйлчилгээнээс гадна, нэмээд өндөр өртөгт мэс заслын тусламж үйлчилгээ, хорт хавдрын хими туяан эмчилгээг авч болно.

Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндээс үүссэн ямар нэгэн санхүүгийн эрсдэл гарахад эргээд илүү чанартай, боломжийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг. Хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг .

Тухайлбал, өвдөгний үе солиулах мэс засал нь 7 сая төгрөгийн үнэтэй байлаа гэхэд үүний 5 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж тухайн даатгуулагч нь өөрөө 2 сая төгрөгийг төлнө гэсэн үг юм. Ингэснээр гадаад руу урсдаг маш их хэмжээний санхүүгийн урсгалыг зогсоож байгаа гэсэн үг юм.
 



“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа. Аяны хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлдөг бол элэгний В,С вирусийн тоолох шинжилгээ нь Улсын эмнэлгүүд дээр хийгдэж, хөнгөлж байгаа билээ. Үүнээс гадна, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн лабораториудыг элэгний С вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх болсон. Өнгөрсөн онд Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоосон.
 



Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2,400 төгрөг. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4,800 төгрөг болгон мөрдөж эхлэсэн.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр та дараах тусламж үйлчилгээнүүдийг авч болох аж. Тэдгээрийн хөнгөлөх зардлыг даатгуулагч таны өмнөөс ЭМД-ын газар хариуцан төлнө гэсэн үг.

Ингээд та бүхэндээ ямар үйлчилгээг хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй авч болохыг танилцуулж байна.

Эмийн үнийн хөнгөлөлт

Даатгуулагч эрх бүхий эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 20 бүлгийн 183 ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй.

Амбулатори

Даатгуулагч амбулаторийн тусламж, үйлчилгээг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эмнэлгүүдээс авна. Төрийн өмчийн эмнэлэгт амбулаториор нэг удаа үзүүлэхэд 15,000-16,200 төгрөг

Оношилгоо, шинжилгээ

Төрийн өмчийн эмнэлэгт сард 55,000 төгрөг. Шаардлагатай тохиолдолд улиралд нэг удаа 165,000 төгрөг (165,000 төгрөгөөс давсан үед зөрүүг нь та өөрөө төлнө)

Өдрийн эмчилгээ, үйлчилгээ

Төрийн өмчинй эмнэлэгт 65,475-313,619 төгрөг (нэг удаагийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд Сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээ

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн рашаан сувилалд

Рашаан сувиллын үйлчилгээ 110,000 төгрөг
Клиник сувиллын үйлчилгээ 116,281 төгрөг
Удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ 140,903 төгрөг

Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ

Төрийн өмчийн эмнэлэгт 145,500-804,090 төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт 84,875-406,543 төгрөг. ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч нь хэвтэн эмчлүүлсэн нийт зардлын 10 хувийг аймаг (дүүрэг)-ийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвд, 15 хувийг төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгт өөрөө хариуцан төлнө. Төрөөс ЭМД-ын шимтгэлийг нь төлдөг даатгуулагчийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах юм байна.

Уламжлалт тусламж үйлчилгээ Төрийн өмчин болон хувийн хэвшлийн эмнэлэгт 117,000 төгрөг. Хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг авна. Харин Төрийн өмчийн эмнэлэгт 300,000 төгрөг, Хувийн хэвшлийн эмнэлэгт 175,000 төгрөг, Туяаны өдрийн эмчилгээнд /өдрөөр/ 66,000 төгрөг Химийн өдрийн эмчилгээнд /тохиолдол бүрт/ 450,000 төгрөг

Жирэмсний эмчилгээ

Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношоос хамаарч 145,500 – 804,090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэнийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлдөг байна.

"Alivemax"-тай холбоотой гомдол ихээр иржээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар арьс, гоо заслын эмнэлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын мэдээллээ танилцуулж байна. Шалгалтаар гадаадын эмч нар монголд ирж зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны үйл ажиллагаа эрхэлж байгаа ноцтой зөрчил илэрсэн байна.  Мөн гадаадын эмч мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр Монголд нэвтэрч, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин эмнэлгийн тусламж үзүүлсэн, Монгол улсын эм бүртгэлд бүртгэгдээгүй эм эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байсан зөрчил тус тус илэрчээ.  

Тухайлбал “Шангри-Ла” төвийн хоёр давхарт байрлах “Үлэмж клиник” эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ч тухайн эмнэлэгт Япон улсын иргэн ирж Эрүүл мэндийн яамнаас эмчлэх эрхийн зөвшөөрөл авалгүй мэсгүйгээр гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. "Өлзий Ден” компанийн “Ай Эм Скин Ка”  төвд БНСУ-ын хоёр иргэн ирж, иргэдэд нүүр өргөх болон бие галбиржуулах био утас суулгах талаар практик сургалт явуулж байсан нь мөн илэрсэн байна.

Эдгээр зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх арга хэмжээ авсан байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуй нэгж, 3 иргэнд нийт 21300000 төгрөгийн торгууль ногдуулж, 750000 төгрөгийн хууль бус орлого, 5100000 төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж, 5 эмнэлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох арга хэмжээг авч ажилсан байна. Түүнчлэн шалгалтын явцад хоёр байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох саналыг харъяалах прокурорын газарт тавьжээ.

Мөн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн мэтээр сурталчилж ард иргэдийг төөрөгдүүлж байгаа зөрчил ихээр илэрч байгаа аж. Тухайлбал “Alivemax” бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол иргэдээс иржээ. Гомдлын мөрөөр шалгалт хийхэд “Alivemax” нь эм биш хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болохыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тодорхойлжээ.

Иймд иргэдийг эмчилгээний гоо сайхныг хийлгэхдээ тухайн эмч нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягтлах, хэрэглэж буй бүтээгдэхүүн нь Монгол Улсын эм бүртгэлд бүртгэгдсэн стандартад нийцсэн эсэхийг шалгаж байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид анхааруулав. 

 Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваад эрүү үүсгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа ажилтан эмэгтэйчүүд болон тэр ч бүү хэл жирэмсэн эмэгтэйд хүртэл гар хүрсэн мэдээлэл нэлээд цацагдаж байсан. Тэгвэл хохирогч бүсгүйчүүдийн нэг О.Ариунболд гэх эмэгтэйн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 170603668 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Хохирогч О.Ариунболдын хувьд газрын маргаанаас үүдэж Баянзүрх дүүргийн Засаг дарга  асан Д.Пүрэвдаваатай маргалдаж гэмтэж бэртсэн талаар мэдээлэл хийж байсан. Тухайн үед хохирогч О.Ариунболд "Д.Пүрэвдаваа миний цээжин тус газар цохиж, угзарч хөл гарыг минь хаалгаар хавчсан. Эд мөрийн баримт устгасан хүмүүс нь энд ирчихээд дарамтлаад байна. Өнөөдөр би зөөлөн эдийн гэмтлээс илүү сэтгэл санаа, нэр төр, гэр бүлийн нэр хүндээрээ хохирч байна. Хуулийн байгууллага шалгаад явж байгаа. Би бол Д.Пүрэвдаваагийн хохирогч. Өөр надтай адилхан хохирсон хүмүүс ч байдаг” хэмээн мэдээлэл хийж байсан. Үүнээс өмнө нь буюу 2016 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга асан  Д.Пүрэвдаваа  ажлын байран дээрээ өөрийн ажилтан болох жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсангэх мэдээлэл цацагдаж байсан. Тэрбээр жирэмсэн эмэгтэйг “Чамайг ална” гэж заналхийлж танхайрч байхад тус дүүргийн хороодын Засаг дарга нар болон Тамгын газрын алба хаагчид хараад зогсож байсан талаар хохирогч ярилцлага өгсөн байдаг. Удаа дараа ийм хэрэгт нэр холбогдож байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваад одоо л нэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Пүрэвдавааг зайлуулах хэрэгтэй.Пүрэвдавааг дэргэдээ авсан хүн болгон хэрэгт холбогдоно
2018/03/22 202.21.105.110