8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Ажилч хичээнгүй, хөдөлмөрч казах түмэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй

2018-03-22 14:30:05

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд казах түмэн хаврын баяр-Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн төв талбайд болсон Наурызын баярын нээлтэд оролцлоо.

Тэрээр эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, суралцаж, нийгмийн бүх салбарт ажиллаж байгаа казах иргэддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэнд хүргэж, түмэн олноороо эрүүл энх, эгэл хотлоороо амар амгалан, дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлэв. 

Засгийн газрын өмнөө тавьсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ажилч хичээнгүй, хөдөлмөрч казах түмэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд цаашид казах иргэдийн талаарх бодлогыг анхаарлынхаа төвд байлгах болно гэв.

Казах түмэн шинэ ондоо эрүүл энх, амар түвшин байж, Ахтаан найрагчийн Агика бүргэд шиг эр зоригтой, домборын аялгуу шиг цог золбоотой, домогт Толбо нуур шигээ арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг байж, амьдрал ахуй нь дэвжин дээшлэхийн ерөөл өргөлөө.

Баян-Өлгийчүүд хүн амын төрөлт нэмэгдсэн, малын тоо өссөн, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, иргэдийн хадгаламж өссөн, татварын орлого биелсэн зэрэг олон  амжилтаар Хаврын баяр-Наурызын баяраа угтжээ.  

Үндэсний хувцсаараа гоёсон казах түмэн эе эвийг эрхэмлэн, ахас ихэсдээ хүндэтгэл үзүүлэн золгож, домборын аялгуунд бүжгээ бүжин, ая дуугаа өргөж, хотол олноороо өргөн дэлгэр наадаж байна. Ерөнхий сайд мөн өдөр азай буурлын гэрт зочилж баяр хөөрийг нь хуваалцсаны дараа Увс аймгийг зорилоо.

Наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай перс гаралтай үг юм. Казах түмэн хахир хатуу өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Баярын ширээндээ баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлсэн идээ будаа засч, хотол олноороо баярлан цэнгэдэг байна.

 

Наурызын баярыг Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг нутагт амьдран суудаг 300 гаруй сая казах хүн тэмдэглэдэг. Энэ баярыг ЮНЭСКО Олон улсын баяр болгож,  Биет бус соёлын үнэт өвд бүртгэжээ. Монгол Улсын төр, засаг ч энэ баярт ач холбогдол өгч, өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-ны өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр байх хууль батлан гаргасан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл