8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Өдөр шөнө тэнцэж, Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ой тохиосон өдөр

2018-03-22 18:45:00

Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Байр, суурь: Шүүгчдийн цалингийн асуудлаар хуулийнхан юу гэж ярив

Ойрын өдрүүдэд яригдаж буй халуун сэдвүүдийн нэг нь шүүгчдийн цалин. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчдийг бусдаас хахууль авдаг байж болзошгүй гэх мэдээллийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр ярьсанаар энэ сэдэв олон нийтийн ярианы сэдэв болоод байна. Тэрбээр таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг өөрийнхөө дансанд нэг сая доллартай шүүгч байна гэх мэдээллийг хэлсэн юм. Үүнээс үүдэн Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс нийт шүүгчдийн нэр хүндэд халдсандаа уучлал гуйхыг Х.Нямбаатар гишүүнээс шаардсан ч тэрбээр уучлал гуйхгүй харин ч эсрэгээр нь АТГ, прокурорын газарт шалгуулна гэж мэдэгдээд байна.

Шүүгчдийг маш өндөр цалинтай гэж олон нийт шүүмжилдэг. Харин хууль, шүүхийн байгууллагын зүгээс шүүгчдийг өндөр цалинтай байж бусдын нөлөөнд автахгүй, үнэн зөвөөр ажиллана гэж мэдэгддэг билээ.

Уг асуудалтай зэрэгцэн шүүгчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь олон нийтэд ил болгож байгаа. Өнөөдөр нийт шүүгчдийн 85 хувь нь жилийн 45 сая төгрөгийн орлоготой бол 5 хувь нь 100 хүртэлх сая төгрөгийн орлоготой байна.

Тэгвэл энэ удаа ч олны амны бай болоод буй шүүгчдийн цалингийн асуудлаар өмгөөлөгчид юу гэж ярьсаныг ХЭН, ЮУ ХЭЛЭВ буландаа онцолж байна. Тэд шүүгчдийг хөрөнгө орлогын эх үүсвэрээ нотолдог байх хэрэгтэй гэж хэлж байна.

ШҮҮГЧИД ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭ ТОДОРХОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ 

ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан

- Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг тэр дундаа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүмүүс олон нийтийн өмнө хариуцлагатай байх ёстой. Энэ утгаараа хөрөнгө орлого  НЬ огцом өөрчлөгдсөн бол тэр мөнгөнийхөө эх үүсвэрийг нотлох үүргийг хүлээх ёстой юм.

Хуульч Д.Оросоо

- Эх хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлчихээд түүнийгээ тайлбарлаж чадахгүй хүмүүсээр хэргээ шийдүүлэх итгэл үнэмшил олон нийтэд төрөхгүй. Тэгэхээр үүнд эмзэглэх шаардлагагүй. Шударгаар хөдөлмөрлөсөн эсвэл өв залгамжилсан байж болно. Хүний хөрөнгийг хардаад үргэлж буруутгаад байж болохгүй. Гагцхүү түүнийгээ тайлбарлах ёстой. Нотлох ёстой.

Хуульч А.Алтангэрэл

- Хэдэн шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авсныхаа дараа дансны хуулгыг нь шалгах ёстой. Энэ шүүгч хэзээ, ямар шүүх хуралд оролцсон, хаанаас хэдэн төгрөг данс руу орсон гэдгийг нь шалгахад л бүх зүйл тодорхой болно. Тэднийг шалгах үйл ажиллагааг мөрдөн байцаагч нарт заагаад байх шаардлагагүй гэж үзэж байна.Ажлаа л хийхгүй байна.

Хууль, өмгөөлөгч Х.Бат-Ялалт

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар албан тушаалтнуудын гэмт хэргийг хаацайлсан. Гэмт хууль хийсэн. Хөрөнгө орлогын мэдүүлгээ зоригтой мэдүүлээд байгаа хүмүүсийг шалгавал эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар

Х.Баасанжаргал: Дөрвөн хуруугаа тайруулсан унаач хүүхдийн хохирлыг барагдуулж 400 мянган төгрөг өгч байсан

Говьсүмбэр аймгийн Баянталд өнгөрсөн ням гарагт "Дүнжингарав-2018" төвийн бүсийн хаврын уралдаан зохион байгуулагдсан нь нэлээд дуулиан шуугиан дагуулж шүүмжлэл хүртээд байгаа билээ. Хавар хурдан морины уралдааныг зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж нэг хэсэг нь шүүмжилж буй бол нөгөө хэсэг нь Монголын уламжлалт наадам хэмээн тайлбарлаж буй. Харин хүүхдийн эрхийн төлөө ажилладаг ТББ-иудын зүгээс Дүнжингарав хаврын бүсийн уралдаан хууль бусаар зохион байгуулагдсан хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар Өмгөөллийн “ИэлСи” ХХН-ын хуульч, өмгөөлөгч Х.Баасанжаргалтай ярилцлаа. 

-“Дүнжингарав-2018” уралдааныг хууль ёсны дагуу зохион байгуулаагүй хэмээн Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд үзэж байгаа гэсэн. Дүнжингарав уралдааныг хууль бус гэдгийг шүүх тогтоосон уу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- 2016 онд Хөдөлмөрийн сайдын тушаалаар насанд хүрээгүй хүний хийж болохгүй хөдөлмөрийн жагсаалтыг гаргасан. Энд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон хэдий ч 2016, 2017, 2018 онд дараалан гурван жил хүүхдээр хурдан морь унууллаа. Өнгөрсөн онд зохион  байгуулагдсан Дүнжингарав хаврын бүсийн уралдаантай холбоотойгоор хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон ТББ шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны хоёрдугаар сард цагаан сарын дараахан “Дүнжингарав” уралдаан зохион байгуулагдах тов зарлагдсан. Энэ дагуу ТББ-иуд уралдаан болохоос өмнө шуурхай арга хэмжээ авч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм. Засгийн газрын тов нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа болохыг шүүхээс тогтоож өгөөч мөн тэр болтол уралдааныг зохион байгуулахгүй байхыг даалгаж өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Засгийн газраас энэ уралдааныг зохион байгуулаад байгаа нь  хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна уу гэдгийг шалгаж дуусах хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг хоёр шатны шүүх гаргасан. Хориглосон шийдвэр гаргасан хэдий ч шийдвэр гарснаас хоёрхон хоногийн дараа 'Дүнжингарав-2017' уралдааныг зохион байгуулсан. Үүнээс гадна Хөвсгөл, Хэнтий аймагт хэд хэдэн уралдаан зохион байгуулсан.

-Шүүхийн шийдвэрийн талаар тодорхой тайлбарлахгүй юу?

- Уралдаан хууль бусаар зохион байгуулагдсаар байгаа ч бид үргэлжлүүлэн шүүхээр явсан. Шүүхээр явж байхад 2008 онд анх удаа Засгийн газраас товлоод Дүнжингарав хаврын бүсийн уралдааныг зохион байгуулсан байна лээ.2008 оноос хойш жил болгон Засгийн газар тус уралдааны товыг гаргадаг болох нь тогтоогдсон.Засгийн газар өөрөө хүүхдийн эрхийг зөрчиж тогтоол гаргадаг гэдгийг шүүхээс тогтоосон.

Засгийн газрын энэ тогтоолтой холбоотой хүний эрхийн байгууллагууд, ХҮЭК жил болгон ЗГ-т анхааруулга өгдөг байсан. Гэтэл ЗГ жил болгон тогтоолоо гаргасаар байсан. ММСУХ-оос юу гэж мэдэгдэл хийдэг вэ гэхээр Засгийн газраас  албан ёсоор зохион байгуулах шийдвэр гаргадаг. Мөн хүүхдийг хамгаалах боломж нээгдэж байгаа гэсэн тайлбарыг өгдөг. Шүүх дээр явж байхад уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхдүүдийн хохирлыг хэрхэн барагдуулсан талаар мэдээллүүд орж ирдэг л дээ. Наад захын жишээн дээр ярья. Дөрвөн хуруугаа тайруулсан хүүхэд даатгалын компаниас 400 мянган төгрөгийг нөхөн төлбөр болгож авсан байгаа юм.

Даатгал нь бүрэн хамгаалж чадахгүй байна. Хууль бус уралдаанд оролцсон хүүхдүүдийн хохирлыг ингэж л барагдуулж байна. 12 нас хүрсэн хүүхэд уралдаж болно гэсэн тогтоол гаргасан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, шадар сайд Ө.Энхтүвшин нараас хариуцлага нэхэж байна. Мөн Уяачдын холбоотой хариуцлага тооцохыг шаардаж байна.

-2008 оноос хойш 10 жилийн хугацаанд өвөл хаврын бүсийн уралдаанаар  хичнээн хүүхэд унаж бэртсэн байдаг вэ. Тоо баримт байдаг уу?

-Хэрэг шүүх дээр шалгагдаад явахаар Засгийн газраас товлогдсон албан ёсны уралдааныг шалгасан. Гэтэл өвөл хаврын улиралд маш олон уралдаан болдог хэдий ч олдож байгаа тоо баримт зөвхөн уралдааны үеэр гэмтэж бэртсэн хүүхдийн тоо л олддог.

Гэтэл уралдааны өмнө нь буюу сунгаа үсэргээнд бэртсэн хүүхдийн тоо мэдээлэл байдаггүй. Хөвсгөлд болсон нэг уралдааны өмнөх өдөр нь сунгаан дээр нэг хүүхэд унаж бэртээд нас барсан тохиолдол байгаа.  Гэтэл гэмтэж бэртсэн хүүхдийн тоонд нас барсан хүүхдийн мэдээлэл ордоггүй.  Тэгэхээр хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа энэ асуудлыг Засгийн Газар хориглоод өгөөч л гэж ТББ-иудын зүгээс хүсч байгаа юм.   

-Унаач хүүхдүүдийн насыг дарж морь унуулсан асуудал сая гарлаа. Үүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Бид шүүхэд хандахдаа 18 нас хүрээгүй хүүхдээр морь унаалахгүй уралдаан зохион байгуулахгүй байх ёстой гэсэн маргаан гаргасан. Гэтэл Засгийн Газраас 12 нас гэдгийг гаргаж ирсэн. Засгийн газрын зүгээс 12 насыг тайлбарлахдаа судалгаа хийгээд үзэхээр 12 наснаас дээш насныхан унаж бэртдэггүй гэж тайлбарласан. 12 наснаас дээш настай хүүхэд угаасаа хурдан морь унадаггүй. Тэрэнд үндэслэж дүр төдий юм гаргаж ирж хуурсан. 12 гэж тогтоож байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Үүнд ММСУХ хариуцлага хүлээх үүрэгтэй. Мөн тухайн Говьсүмбэр аймгийн удирдлагууд хариуцлагаа шударгаар хүлээх ёстой. Хамгийн гол уяачид, уяачдын нэр дээр уралдуулаад байгаа хүмүүс зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёстой. Өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгээд явж байгаа гэсэн мэдээлэл  өгсөн.

Н.Энхбаяр: М.Энхболд бурханд баярлах хэрэгтэй

МАХН, ИЗНН, Ногоон Нам, МҮАН-ын дарга нар өнөөдөр  Оюутолгойн гэрээг өөрчлөх тулган шаардах бичгийг УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар тулган шаардах бичгийг хэсэгчлэн уншиж танилцуулав.

Мэдээллийн үеэр улс төрийн намын дарга нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг зээл тавьж авсан. Оюутолгойн баялаг монголынх юм уу эсвэл гадаадын нэг хувийн компанийнх юм уу. Монголын тавьсан зээлийг тухайн үед гэрээ байгуулсан Засгийн газар биш ард түмэн төлж байгаа. Оюутолгой олон мянган ажлын байр бий болголоо гээд байгаа. Гэтэл яг үнэндээ хамгийн өндөр цалинг гадаадын инженерүүд авч байна. Монголчууд тогооч, үйлчлэгч, жолооч, харуул гэх мэт цалин багатай ажлуудыг хийдэг. Өнөөдөр Их хурал шиг адгийн нэр хүндтэй байгууллага Монголд байхгүй. Их хурал Оюутолгойг өөртөө авах хэрэгтэй. Ингэж чадвал М.Энхболдын алдагдсан нэр хүнд сэргэнэ. М.Энхболдод үүнээс илүү сайхан боломж гэж байхгүй. М.Энхболд бурханд баярлах хэрэгтэй.Оюутолгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилна. Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй. Тиймээс нэн даруй өнөө маргаашгүй гэрээг цуцлах хэрэгтэй. Оюутолгойн гэрээ цуцлагдахад бүх дэлхий ойлгоно. Хэн ч гайхахгүй. УИХ-ын гишүүдэд бид маш том боломж олгож байна. Табүхэн Оюутолгойн гэрээг цуцалчихвал бид та бүхнийг дэмжих болно. Ард түмэн та бүхнийг дэмжинэ. Өнөөдрийн тулган шаардах бичгийг О.Бум-Ялагч, Ц.Ганхуяг, Д.Батбаяр, Н.Энхбаяр нар гаргаагүй. Ард түмэн гаргаж байгаа юм шүү"  гэж тодотголоо.

Харин МҮАН-ын дэд дарга Д.Батбаяр “МҮАН Оюутолгойн гэрээг байгуулахаас нь эхлээд төр, засагт санал, санаачлага тавьж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө Оюутолгойг 2.8 тэрбум ам.долларт багтааж байгуулна гэж байсан. Гэтэл энэ нь 4.2 тэрбум болсон. Сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 тэрбум ам.доллар болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмгдэх хэрээр Монгол Улс өрөнд орж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой хохироосон гэж МҮАН үзэж байгаа” гэлээ. 

МНН-ын дарга н.Бум-Ялагч “Бидний 600 миллиард ам.долларын баялгийг 400 миллиард гэж худлаа хэлж авч байна вэ? Бид өөрсдийн баялгаа  яагаад зээл аваад байна. Ард иргэд бид хуулиа сайн мэдэхгүй учраас Монгол Улс хохирч байна”

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Засаг барьж байгаа намууд хэн их өр тавьдагаараа уралдаж байна. Монгол даяар тарьсан лицензүүдийг яах вэ. Монголын ард түмэн баялагтаа эзэн суух цагийг наашуулахын эхлэл нь Оюутолгой юм” байр суурийг илэрхийллээ.

АТГ-аас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлсэн үү

Өнгөрсөн долоо хоногоос АТГ-аас Сангийд сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч эхэллээ. Бид энэ талаар тодруулахаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарай холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж Хотгор шанагын нүүрсний уурхайг наймаалцсан гэх хэрэгт гэм буруутай эсэхийг шалгаж байгаа гэх.

Тодруулбал, 2017 онд тэрбээр Хотгор шанагын ордын 51 хувийг Солонгосын компанид зарж, мөнгөө төрсөн ах дүүс болох Ч.Гансүх, Ч.Гантулга, туслах дотны найз Б.Дэмбэрэлийн хувийн дансаар шилжүүлэн авсан гэх баримтууд хэвлэлээр дэлгэгдсэн билээ. Тодруулбал, 2011 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Солонгосын банкнаас Ч.Гансүхийн ХААН банкны данс руу 338,323,05$, мөн 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Ч.Гансүхийн данс руу 607.446.00$, туслах К.Дэмбэрэлийн данс руу 132,353.00$, нийт 1.078.122$, энэ нь одоогийн ханшаар бол 2.641.398.9 төгрөг аж.

Хотгор шанагын нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоожээ. Гэтэл Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулалгүй авч үлдэн, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дарсны улмаас ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгосон гэдэг.

Уг нь тус уурхайн нийт талбай 128.7 км.кв бөгөөд ашиглах эрх бүхий талбай дахь нөөцийн хэмжээ 109 сая тонн, судалгаа хийгдээгүй газар нутаг дахь нүүрсний нөөц нэлээд их, ашигласан тохиолдолд дэлхийн хэмжээний уурхай болох магадлал өндөр гэсэн мэдээлэл байдаг.

Харин энэ бүгдийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэдэг билээ.

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт зааснаар буруутгаж буй гэсэн мэдээлэл байна.

ГХЯ: АНУ-д ажиллах H2 визэнд зуучилна гэсэн мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулж байна

Гадаад харилцааны яамны Консулын газар АНУ-ын H2 визийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулан тус хөтөлбөрийн дагуу гадаадаас ажилчин авах зөвшөөрөлтэй АНУ-ын ажил олгогч, зуучлагч байгууллагын тухай мэдээлэл болон ажиллах хүч авах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн албан ёсны http://consul.mn/hvisa.php цахим хуудастаа гаргалаа.

Н2 ангиллын визийн хөтөлбөр нь Монгол ажилчин авах хүсэлтэй АНУ-ын ажил олгогч компани байх тохиолдолд эрх бүхий компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг хүлээн авч ажиллуулдаг зохицуулалттай тул монголын эрх бүхий компаниуд америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг хэрхэн бүртгэх, сонгон шалгаруулах асуудал шийдвэрлэгдэх юм.

Одоогоор АНУ-ын ажил олгогч, зуучлагчтай гэрээ хийсэн Монгол компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй юм. Америкийн ажил олгогчтой гэрээ байгуулж, эрх авсан компаниуд тодорсон тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх болно.

Олон нийтэд анхааруулахад “АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна, зөвлөгөө өгнө” гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл гарсаар байгаа тул та бүхнийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ

КОНСУЛЫН ГАЗАР

2018.03.21

Солонгост эмчилгээгээр очсон монгол залуу амиа хорлохыг завджээ

БНСУ-ийн Кимхе хотод эмчилгээний журмаар очсон 56 настай монгол иргэн 12-00 цагийн орчимд гүүрэн дээрээс үсрэх гэж байхад нь эрүүгийн цагдаа нар саатуулжээ. Түүнийг амиа хорлохыг болиулах гэж ятгах хооронд аврах ангийнхан ирж гүүрний доод хэсэгт аврах гудас тавьж амжсан ажээ. Улмаар залуу амиа хорлохоос татгалзаж гүүрнээс буусан даруйд түүнийг ойролцоох эмнэлэгт хүргэж тусламж үзүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд БНСУ-д очсон монгол иргэд амиа хорлох оролдлого хийсэн тохиолдол цөөнгүй гарчээ. 

Өдөр шөнө тэнцэнэ

Өнөөдөр өдөр шөнө тэнцэх өдөр. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул өдөр шөнө тэнцэнэ. Маргаашнаас өдрийн цаг уртсах ба зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиох ба түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22 болоход ахин тэнцдэг. Мөн түүнээс хойш шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг билээ.

ТҮҮХТ ӨДӨР: Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ой тохиож байна

Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн түүхтэй.  

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков нар нь нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг юм байна. 

Н.Энхбаяр: М.Энхболд бурханд баярлах хэрэгтэй

МАХН, ИЗНН, Ногоон Нам, МҮАН-ын дарга нар өнөөдөр  Оюутолгойн гэрээг өөрчлөх тулган шаардах бичгийг УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар тулган шаардах бичгийг хэсэгчлэн уншиж танилцуулав.

Мэдээллийн үеэр улс төрийн намын дарга нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг зээл тавьж авсан. Оюутолгойн баялаг монголынх юм уу эсвэл гадаадын нэг хувийн компанийнх юм уу. Монголын тавьсан зээлийг тухайн үед гэрээ байгуулсан Засгийн газар биш ард түмэн төлж байгаа. Оюутолгой олон мянган ажлын байр бий болголоо гээд байгаа. Гэтэл яг үнэндээ хамгийн өндөр цалинг гадаадын инженерүүд авч байна. Монголчууд тогооч, үйлчлэгч, жолооч, харуул гэх мэт цалин багатай ажлуудыг хийдэг. Өнөөдөр Их хурал шиг адгийн нэр хүндтэй байгууллага Монголд байхгүй. Их хурал Оюутолгойг өөртөө авах хэрэгтэй. Ингэж чадвал М.Энхболдын алдагдсан нэр хүнд сэргэнэ. М.Энхболдод үүнээс илүү сайхан боломж гэж байхгүй. М.Энхболд бурханд баярлах хэрэгтэй.Оюутолгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилна. Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй. Тиймээс нэн даруй өнөө маргаашгүй гэрээг цуцлах хэрэгтэй. Оюутолгойн гэрээ цуцлагдахад бүх дэлхий ойлгоно. Хэн ч гайхахгүй. УИХ-ын гишүүдэд бид маш том боломж олгож байна. Та бүхэн Оюутолгойн гэрээг цуцалчихвал бид та бүхнийг дэмжих болно. Ард түмэн та бүхнийг дэмжинэ. Өнөөдрийн тулган шаардах бичгийг О.Бум-Ялагч, Ц.Ганхуяг, Д.Батбаяр, Н.Энхбаяр нар гаргаагүй. Ард түмэн гаргаж байгаа юм шүү"  гэж тодотголоо.

Харин МҮАН-ын дэд дарга Д.Батбаяр “МҮАН Оюутолгойн гэрээг байгуулахаас нь эхлээд төр, засагт санал, санаачлага тавьж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө Оюутолгойг 2.8 тэрбум ам.долларт багтааж байгуулна гэж байсан. Гэтэл энэ нь 4.2 тэрбум болсон. Сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 тэрбум ам.доллар болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмгдэх хэрээр Монгол Улс өрөнд орж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой хохироосон гэж МҮАН үзэж байгаа” гэлээ. 

МНН-ын дарга н.Бум-Ялагч “Бидний 600 миллиард ам.долларын баялгийг 400 миллиард гэж худлаа хэлж авч байна вэ? Бид өөрсдийн баялгаа  яагаад зээл аваад байна. Ард иргэд бид хуулиа сайн мэдэхгүй учраас Монгол Улс хохирч байна”

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Засаг барьж байгаа намууд хэн их өр тавьдагаараа уралдаж байна. Монгол даяар тарьсан лицензүүдийг яах вэ. Монголын ард түмэн баялагтаа эзэн суух цагийг наашуулахын эхлэл нь Оюутолгой юм” байр суурийг илэрхийллээ.

Хатгааны эсрэг вакцины эхний тунг 1330 хүүхэд хамрагджээ

Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 0-2 насны хүүхдүүдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулах ажил үргэлжилж байна.
 
2016 оноос нийслэлийн Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэгт дархлаажуулж байсан тус вакциныг Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн билээ.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь 9 сартай хүүхдэд хийх бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байгаа юм.

Тэгвэл энэ сарын 19-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд 02 сартай 1330 орчим хүүхдийг Пневмококкийн эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулаад байна гэж НЭМГ-аас мэдээллээ.

Анги дээрээ мөнгөн ус авч ирж тоглосон хүүхдээс хордлогын түвшин өндөр гэх хариу гарчээ

Увс аймгийн Цогцолбор нэгдүгээр сургуулиас мөнгөн ус гарсантай холбогдуулан тухайн ангид ээлжээр хичээллэдэг хоёр ангийн 75 сурагч, 3 багш, ажилтан, ангид ариутгал хийсэн байна. Мөн онцгой байдлын 5 албан хаагч, нийт 83 хүнд ЭМЯ-ны Хордлого судлалын ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор, профессор С.Юндэн, БХЯ-ны Цэргийн Төв Эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн Үндэсний Төвийн хордлого судлаач их эмч Д.Оролзод нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, ажилтнуудтай хамтран хордлогын нарийн мэргэжлийн үзлэг зохион байгуулжээ.

Нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээгээр 82 хүнд мөнгөн ус хордлогын түвшинд илрээгүй бөгөөд нэг хүүхдийн үзлэг, оношлогоо, цус, шээсний шинжилгээгээр мөнгөн усны хордлогын түвшин харьцангуй өндөр гэсэн хариу гарсан байна. Энэ нь мөнгөн усны голомтод байсан буюу гэрээс нь мөнгөн ус илэрсэн түүнийг анги дээрээ цүнхэлж ирж тоглосон хүүхэд байжээ.

Тухайн хүүхдийн гэр бүлийнхний зүгээс гэрээс нь гарсан болон хүүхдийнхээ цүнхэлж явсан мөнгөн усыг хуучны халууны шил унаж хагарсан гэж тайлбарласаар байгаа юм. Энэхүү тохиолдол тус аймагт сар хүрэхгүй хугацааны дотор 3 удаа гарсан ба хууль хяналтын байгууллага шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дд
Монгол улс амьд сүлттэй байх үе дээ мандан бадарч байсан юм даа ...Одоогийн энэ сүлдийг харахаар их л эвгүй харагдах юм даа...
2018/03/23 202.55.191.205