“Багш нарын цалингаа нэмүүлье” түр хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооноос энэ ондоо багтан багш нарын цалинг нэг сая төгрөгт хүргэх арга замыг судлан шийдвэрлүүлнэ гэж мэдэгдлээ.
Мөн Монголын багш нар 2017 наймдугаар сараас эхлэн “Цалингаа нэмэгдүүлье” хөдөлгөөнд нэгдэж багагүй хугацааг өнгөрүүлсэн. Энэ хугацаанд олон янзын тэмцэл өрнүүлж, төр засагт хэлэх үгээ хэлж, уриа шаардлага хангалттай хүргүүлсэн байдаг. Гэвч үйл ажиллагааг нь төдийлөн дэмжээгүй учир “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл”-тэй хамтарч гуравдугаар сарын нэгний өдрөөс тамга тэмдгээ албан ёсоор авч багш нарын эрхийг хамгаалах хууль ёсны байгууллага болж байгаа гэдгээ ийнхүү мэдэгдээд байна. Цаашдаа багш гэдэг хүний эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэнэ. Мөн багшийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэхийн төлөө ажиллах болно гэлээ.
Энэ тухай тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн доктор, профессор, багш н.Лувсандорж хэлэхдээ “Хөдөлмөрийн хуулиар багш нар 160 цаг ажиллаж байна. Гэтэл мэргэжилгүй хүний хийдэг ажлын хөлснөөс багшийн цалин 16 дахин бага байгаа нь харамсалтай. Цалин бага байгаагаас шалтгаалан өнөөдөр олон багш гадаадад хар ажил хийж байгаа. Үүнээс болж Монголд хөдөлмөр эрхлэх хүн байхгүй болчихлоо. Иймд Үйлдвэрчний эвлэл тэмцэнэ. Амьдралд үнэтэй нэг цагийнх нь хөдөлмөрийн хөлсний төлөө үг хэлнэ. Монгол хүн яагаад эх орондоо элэг бүтэн, амар тайван ажиллаж хөдөлмөрлөж амьдарч болдоггүй юм бэ. Үүний тулд бид багшийн цалинг доод тал нь нэг сая төгрөгт хүргэхийн төлөө явна” гэлээ.