Монголын допингийн үндэсний төвөөс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таваас нь хориотой эмийн бэлдмэл илэрсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.
Тодруулбал улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар допингийн шинжилгээний “Б” сорьцод хамрагдаагүй.
Ингэснээр тэд хариугаа хүлээн зөвшөөрсөн болж таарч байгаа гэсэн үг юм. Учир нь энэ бол олон улсад мөрддөг дүрэм. Энэ дүрэм манайд ч мөрддөгдөг аж. Улмаар эдгээр бөхчүүдийг 2 жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасаад гэх мэдээлэл гарах болсон.
Монголын үндэсний бөхийн холбооны хууль бус шийдвэрийн талаар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийсэн юм. Энэ хурлын үеэр дээрх дөрвөн бөхийн эрхийг хоёр жилээр хасах хууль зүйн үндэслэл Ц.Нямдоржийн тэргүүлж байгаа Монголын үндэсний бөхийн холбоонд байхгүй гэсэн юм.
Харин “А” сорьцын хариугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ганц бөх нь улсын заан Б.Пүрэвсайхан гэдгийг эх сурвалж онцолжээ. Улсын заан Б.Пүрэвсайханы “Б” сорьцын хариу болон сар шинийн барилдааны үеэр авсан допингийн шинжилгээний хариу гарахад нэлээд цаг хугацаа зарцуулах юм байна. Учир нь БНСУ-д саяхан “Пёнчан-2018” өвлийн олимп, паралимпийн наадамд өрсөлдсөн тамирчдын допингийн шинжилгээний дараа манай бөхийнх орох гэнэ.
Ийнхүү допинг хэрэглэсэн бөхчүүдийн яриа намдаж амжаагүй байхад дахин допинг хэрэглэсэн бөхчүүд илэрсэн талаар эх сурвалж мэдээлж байна.
Тодруулбал, цагаан сарын барилдааны дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард бөхчүүдээс допингийн шилжилгээ авсан байна. Уг шинжилгээгээр 4-5 бөх допинг хэрэглэсэн гэсэн хариу гарсан гэнэ.
Дашрамд дуулгахад Монголын Үндэсний бөхийн холбооы 8-р “Их Эе” хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж тэргүүнээр нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгогдсон юм.
Д.Болор.