8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавантолгой ХК -иас шаардлага хүргүүллээ

2018-03-26 09:21:37

Шаардлага хүргүүлэх тухай 

“Зууны мэдээ” сонины редакцид


Танай сонины 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн N57 (5764) дугаарт сэтгүүлч Б.Дамдин-Очирын бичсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу?!” нийтлэл нь эх сурвалжгүй, манай компанийн нэр хүндэд шууд болон шууд бусаар халдаж буй үйлдэл болох тул албан ёсоор дараах тайлбарыг хүргүүлж, залруулга гаргахыг шаардаж байна. Мөн танай сониныг эх сурвалжаар  дурьдан ташаа мэдээллийг олонд нийтэд хүргэсэн  сайтуудад /Zuv.mn   Dorgio.mn   Control.mn   Ontsloh.mn   ZMC.mn   Sonin.mn     updown.mn г.м/ тайлбарыг хүргүүлэн, залруулга гаргахыг хүсье. Түүнчлэн эх сурвалжаа нягтлаагүй нийтлэл бичсэн ажилтандаа хариуцлага тооцсноо албан ёсоор бидэнд мэдэгдэхийг шаардаж байна.


ТАЙЛБАР

Сэтгүүлч Б.Дамдин-Очирын “Тавантолгой” ХК нь олон жилийн турш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайгаас нүүрс олборложээ” гэх нийтлэл нь ор үндэсгүй гүтгэлэг.  “Тавантолгой” ХК нь 1966 оноос өнөөдрийг хүртэл 50 гаруй жил уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол Эрдэнэс Тавантолгой компани 2011 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэр ч утгаараа нэг ордыг хуваан олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хиллэн, хоёр байгууллагын хооронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгардаг. “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхай нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас хойд хэсгээрээ 26.6 мянган тн, зүүн хэсгээрээ 233.4 мянган тн, баруун хэсгээрээ 8.2 мянган тн, нийт 268.3 мянган мн.тн нүүрс олборлосон байна”  гэх мэдээллийн тухайд  хил давж нүүрс олборлосон нь “Эрдэнэс Тавантолгой” ХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авч лицензийн булангийн шав тэмдэг тавихаас өмнөх асуудал юм. Тодруулбал, арав гаруй жилийн өмнө буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхлээгүй байх үед манай компани олгогдсон талбайдаа уулын ажил, олборлох технологийн явцад зарим газраар хил давсан байдаг. Харин 2016 онд хоёр байгууллагын зүгээс хамтарсан ажлын хэсэг гарган 2011 оноос өмнөх он жилүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж,  260 гаруй мянган тонн нүүрс олборлосон тухай акт тогтоол гаргасан. Энэхүү актаараа хэдий хэмжээний талбайд олборлолт хийж, ямар чанарын нүүрс олборлосон талаараа нарийвчилж, тогтоон цаашид гарсан алдааг залруулахаар хамтран ажиллаж байна.

“Тавантолгой” ХК-ийн хувьд 2011 оноос хойш буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай тусгай зөвшөөрлийн талбайгаас ямар нэгэн байдлаар хил давж нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь “Тавантолгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огт­лолцдог бөгөөд энгийнээр хэлэхэд энэ бол манай хоёр уурхайн хил хэсэг гэж ойлгож болно. Энэхүү мөргөцөг хоёр компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил дээр байдаг. Лицензийн хил дээр байдаг мөргөцгийн өндөр олборлолтын явцад 40 метрт хүрсэн бөгөөд МХЕГ, Өмнөговь аймгийн МХГ-аас уурхайн аюулгүй үйл ажиллагаанд эрсдэл учруулахуйц хэмжээнд хүрсэн тул буулгах, намсгахыг удаа дараа шаардаж байсан. Шаардлагын дагуу “Тавантолгой” ХК-ийн зүгээс мөргөцгийн өндрийг намсган, хөрс хуулалт хийж, өөрийн эзэмшлийн талбай дахь нүүрсийг олборлосон. Манайх уулын ажлын төлөвлөгөөгөө Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Ашигт малтмалын газар, Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан олборлолт хийдэг.  Мөргөцгийн нүүрсийг олборлох явцад хоёр компанийн инженер, техникийн ажилчид тогтмол хэмжилт хийн хяналт тавин ажилладаг тул тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү мөргөцгөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайгаас ямар ч нүүрс олборлоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тиймээс танай сонин дээр хэвлэгдсэн нийтлэлд дурьдагдсан мөргөцгөөс 260 мянган тонн нүүрс олборлож 18 980 000 /арван найман сая есөн зуун мянган/ ам.доллар хулгайлсан гэх мэдээлэл өгч байгаа нь ор үндэсгүй гүтгэлэг юм.

Харин Эрдэнэс Тавантолгой компанийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайд хөрсний овоолго байршуулсан гэх мэдээллийн тухайд уг овоолгыг 1992 онд байршуулсан бөгөөд тухайн үеийн Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны баталж өгсөн ТЭЗҮ-гийн дагуу байршуулсан байдаг юм. Овоолго бүхий энэхүү талбайг сүүлд Эрдэнэс Тавантолгой компанид олгосон байдаг. Ийм учраас овоолгыг нүүлгэн шилжүүлэх зардлыг манай компани хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй гэж бид үздэг юм.

Эцэст нь тэмдэглэхэд, хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хуулийн дагуу үйлдсэн баримт бичиг, актуудыг зарим нэг нөхөд хувийн ашиг сонирхлоор ашиглаж, хөрөнгө мөнгө шамшигдуулсан мэт буруу ташаа ойлголтыг ард иргэдэд өгөх гүүр нь танай сонин болж буйд гүнээ харамсаж байна.

Тавантолгой ХК-ийн захиргаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment