8o
Улаанбаатар хот
mobile menu

Гомдолтой, хэрүүлтэй, жагсаалтай АН-ын сонгууль

2018-03-26 09:55:00

Ардчидсан нам Үндэсний бодлогын хорооны гишүүд дундаа сэлгээ хийх зорилгоор дотоод сонгуулийг зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд АН-ыг дотоод үйл ажиллагаандаа “салхи” оруулдаггүй, ротаци явуулдаггүй гэх шүүмжлэлийг гишүүд нь хэлсээр ирсэн. Тэгвэл энэ удаа тус нам ротацийг хийсэн шиг хийв.

Нөлөө бүхий гишүүдийг хөөлөө

Н.Алтанхуягийн Алтангадасаас С.Эрдэнийн Шонхорын фракцид шилжсэн АН хамгийн эхэнд идэвхгүй, сул гишүүдээ хөөсөн.  Тодруулбал, тус нам энэ сарын 5-нд ҮБХ-ндоо ротаци явуулж, гишүүдээсээ 118 хүнийг хөөсний дунд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр, Б.Болор, Э.Эрдэнэ нар байв. Тэднийг жилийн гурван сая төгрөгийн татвараа төлөөгүй, намын үйл ажиллагаанд идэвхгүй хандсан, оролцоо багатай гэж ҮБХ-ноос шахан гаргасан гэдэг. Харин тэдний оронд С.Эрдэнийн хүмүүс буюу нийгмийн даатгалд ажиллаж байсан хүмүүс орсон гэж Баабар өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн билээ. Дээрх нэрсийн жагсаалт нь АН-ыг лидерүүдээ хөөгөөд явуулчихлаа гэх ойлголтыг олон нийтэд өгөөд амжлаа.

Хөөгдсөн гишүүдээс Ч.Сайханбилэг Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бүртгүүлсэн ч өөрийн хүсэлтээр нэрээ татсан. Мөн УИХ-ын гишүүн асан А.Бакей дотоод сонгуульд оролцохоор  бүртгүүлсэн ч нэрээ татсан байна. Харин Үндэсний бодлогын хорооноос хасагдсан УИХ-ын гишүүн асан Б.Болорын хувьд энэ удаад Архангай аймгийн чөлөөт суудалд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн. Мөн Олимпийн аварга Н.Түвшинбаяр Үндэсний бодлогын хорооны чөлөөт суудлын гишүүнд дахин өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн юм.  

С.Эрдэнэ даргын хувьд идэвхгүй хүмүүсийг хөөхөөс өөр аргагүй гэх тайлбарыг хэлсэн. Гэхдээ идэвхгүй нөхдөд сануулаад, идэвхжүүлээд явж болох л. Тэр зүгээр л өөр фракцийнханыг далим хөөн шахаж гаргасан нь энэ байв.

Ийнхүү дуулиан шуугиантай эхэлсэн АН-ын дотоод сонгууль өчигдөр 07.00 цагаас эхлэн 19 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт болж өндөрлөв.

Харин Булган, Орхон аймагт аймагт малын шүлхий өвчин гарсан учраас санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Сонгуулийн үеэр нэгэн маргаан дэгдсэн нь Баянзүрх дүүрэгт өөр намын харьяалалтай хүмүүсийг нэр дэвшүүлж, санал өгөх эрхтэй гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхан шатны үүрүүддээ өгөөгүй, мөн саналын хайрцаг авч зугтаасан зэрэг зөрчлүүд гарсан байна. Дотоод сонгуулийн санал хураалт болохоос өмнө тус дүүргийн намын хорооны гишүүд жагсаал зохион байгуулсан билээ.

Гэхдээ Ардчилсан намын зүгээс Баянзүрх дүүрэгт үүссэн дээрх нөхцөл байдлыг Үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж, санал хураалтыг хэвийн үргэлжлүүлснээр 19.00 цагт сонгуулиа өндөрлүүлжээ. Үндэсний бодлогын хороо 410 гишүүнтэй бөгөөд үүний 30 хувьд нь дахин сонгууль явуулсан гэдэг.  Энэ удаагийн Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдох сонгуульд 120 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Харин тэднээс 90 хүнийг сонгоно.

2020 оны сонгуульд нүүрээ угаасан хүүхэд шиг харагдахын тулд С.Эрдэнийн “Шонхор” фракцийнхан бусад бүлгийнхнээ шахаж эхэлсэн нь зарим нэг үйл явдлаас харагдлаа. Хамгийн сүүлд АН муу нэрт, муухай зүстэй гэгдэх С.Баярцогтоосоо салав. Түүнийг оффшор дахь дансныхаа хор уршгаар намын нэр хүнд унагасан гэх шалтгаанаар хөөсөн юм.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment