8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Магалжав: Бөхийн өргөөг хэн нэгэн хувьдаа авах ямар ч боломжгүй

Сэтгүүлч Т.Хулан
2018-03-27 10:05:00

Бөхчүүдийн нэг хэсэг нь цугларч өнгөрсөн амралтын өдөр “Их Эе” хурлаа зохион байгууллаа. Уг хурлаар бөхийн холбоог тасралтгүй 28 жил удирдсан Р.Нямдорж ажлаа хүлээлгэн өгч шинэ тэргүүнээр УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгов. Мөн Цэцдийн зөвлөлийн гишүүдээ шинэчилсэн юм. Харин Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Дархан аварга УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын хэсэг бөхчүүд уг хурлыг хууль буй хэмээн үзэж буй. Сүүлийн жилүүдэд хоёр хуваагдаад буй бөхчүүдийн асуудлыг цаашид хэрхэх болон  бусад асуудлаар МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, Улсын заан Ц.Магалжавтай ярилцлаа. 

Монголын Үндэсний Бөхийн холбоо нь үйл ажиллагаа нь жигдэрсэн хамгийн сайн холбоо юм


-    Өнгөрсөн амралтын өдөр хуралдсан “Их эе” хурлыг Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй хүмүүс хууль бус хэмээн үзэж байна. Та уг хуралд оролцсон хүн.Та бүхэн үнэхээр хууль бусаар хуралдсан юм уу? 

-    Сүүлийн өдрүүдэд Монголын үндэсний бөхтэй холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Өнгөрөгч бямба гаригт МҮБХ-ны наймдугаар “Их эе” хурал болсон. Монгол бөх нь Монголын ард түмний нэгэн өв соёл учир хүмүүс анхаарлаа хандуулдаг нь аргагүй юм. МҮБХ-ны хаалгыг эвдэж орсон хэрэг гарсан нь бөхчүүд бидний хувьд эмзэглэмээр санагдаж байгаа. Монгол бөх хоёр хуваагдах ёсгүй. Бид бусад сагсан бөмбөгийн холбоо гэх мэт холбоонууд шиг хоёр хуваагдаж болохгүй. Тиймээс “Их Эе”-ийн хурлаа амжилттай хийж олон асуудлыг шийдсэн. “Их эе”-ийн хурал 200 хүний бүрэлдэхүүнтэй болох ёстой ч 153 төлөөлөгч оролцсон. 21 аймгаас Дундговь, Увс аймгийн төлөөлөл ирээгүй. Улсын цолтой бөхчүүдээс Улсын аварга, гарьд, заан цолтонгууд автоматаар хуралд оролцдог. Хурал нийт 70 хувийн ирцтэй болсон. МҮБХ-нд гарч байгаа маргааныг бөхчүүд өөрсдөө шийдэхийг уриалж байгаа. Учир нь мандатын дүнгээр 153 бөхөөс 50 нь эдийн засагч, 14 инженер, 12 хуульч, эрхзүйч  гэх мэт мэргэжилтэй хүмүүс байгаа юм. Тиймээс бид өөрсдөө асуудлаа бүрэн шийдвэрлэх боломжтой. Хууль ёсны хурал болсон гэж  ойлгож болно.

-   “Их эе” хуралд Х.Баянмөнх, А.Сүхбат зэрэг хүмүүсийг уриад бүгдээрээ асуудлаа ярилцаад нэг талд нь шийдэж болоогүй юм уу. Тэднийг урьсан уу? 

-    “Их эе” хуралд аваргаас эхлээд арслан заан гээд бүхий л бөхчүүд оролцох ёстой байсан. Гэтэл ажилтай байсан уу, яасан ирээгүй. Оролцох эрх нь нээлттэй. 

-    Тэргүүнээрээ УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгох болсон  шалтгаан тань юу вэ? 

  МҮБХ-ны тэргүүн нь өөрөө бөх хүн байж асуудлыг зөв шийднэ гэсэн дүгнэлтэд бид хүрсэн. Дархан аварга цолтой хүн Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон нь хамгийн зөв сонголт, зөв шийдэл, зөв гарц хэмээн бөхчүүд бид бүхэн харж байгаа. Тэргүүнийг сонгосны дараагаар цэцдийн зөвлөлийн гишүүдийн тухай яригдана. Цэцдийн зөвлөлийг 200 төлөөлөгч дундаас нууц санал хураалтаар сонгодог. Нийт 67 хүнийг цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгодог журамтай. Цэцдийн зөвлөлийн 24 хүн нь орон нутгаас автоматаар сонгогддог юм. Үлдсэн 43 хүнийг нууц санал хураалтаар сонгодог. Өмнөх цэцдийн зөвлөлийн гишүүдийн 50 хувь нь бөхчүүд байдаг байсан. Үлдсэн нь засуул гэх мэт хүмүүс байдаг байлаа. Харин энэ удаад 90 гаруй хувь нь улсын цолтой бөхчүүдээс бүрдэж байхаар журам баталсан. Сая зохион байгуулагдсан “Их эе”-ийн хурлаар дөрвөн цаг гаруй хуралдаж, дүрэм журамдаа нэлээн өөрчлөлт оруулсан.  Батлагдсан дүрмийн дагуу цэцдийн зөвлөлийн 67 гишүүн дөрөвдүгээр сарын 5-нд хуралдаж тэргүүлэгчдээ сонгоно. Тэргүүлэгчид цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөө гаргана. Мөн маргаантай барилдааныг удаашруулсан бичлэг үзэж шийдвэрлэдэг болох журмыг баталсан. МҮБХ нь эвээр нэгдсэн холбоо . Нийт 3000 гаруй бөх байдаг. Эдгээр хүмүүс эвээр нэгддэг. Цаашид ч эвээ эеээ хичээн ажиллах болно. 

-    Үндэсний бөхийн холбооны хуучин тэргүүн орон тооны байсан бол сая сонгогдсон  шинэ тэргүүн нь орон тооны  бус болсон. Тэгэхээр орон тооны бус тэргүүнтэй  байх нь тус холбооны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол? 

-    Бөхийн холбооны ажилд бөхчүүд өөрсдөө идэвхтэй  оролцох ёстой. Хуучин тэргүүн нь холбооныхоо бүхий л ажилд гар бие оролцдог байсан. Харин одоо үүнийг өөрчлөөд тэргүүн болон дэд тэргүүнийг орон тооны бус болгосон. Өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэх захирал гүйцэтгэхээр болсон. Гүйцэтгэх захирал нь тэргүүлэгчдээрээ ажлаа батлуулж байж асуудлыг шийдвэрлэнэ. Хуучин тэргүүн нь бүхий л ажлаа өөрөө хийдэг байсан. Нэг хүнд их давуу эрх олгосон байсан байна лээ. Өмнө нь 11 тэргүүлэгчтэй байсан. Төсвөө батлахад 11 тэргүүлэгчийнхээ 50 хувийнх нь саналыг авахад л хангалттай байсан бол одоо 15 тэргүүлэгчийн 11 хүний ирцээр төсвөө баталдаг болж байгаа. Гүйцэтгэх захирлын эрх үүргийг тэргүүлэгчид шийдэж өгдөг болсон. 

-    Та цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөхийнхөө хувьд бөхийн холбоонй үйл ажиллагаанд ямар ажлыг хийе гэж төлөвлөж байгаа вэ? 

-    . Залуу дунд үеийн төлөөлөл уг асуудлыг уг хагарлаас эхлээд олон  асуудлыг эмхэлж  цэгцлээд шийдээд явъя гэж бодож байна. Шинэчлэх шаардлагатай асуудлыг шинэчлээд явна. Гэхдээ юуг шинэчлэх вэ гэдэг чинь тусдаа асуудал шүү дээ.  Сая болсон наймдугаар “Их Эе хурлаар Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 153 төлөөлөгчөөс 123 хүний санал авчээ. Харин Дархан аварга Г.Өсөхбаяр -120, аварга Г.Эрхэмбаяр-113, Д.Ганхуяг арслан-107, Д.Азжаргал арслан-102, Н.Ганбаатар-100, И.Доржсамбуу-107, Улсын харцага Ц.Магалжав-115, Т.Өсөх-Ирээдүй-116, Ц.Мягмарсүрэн заан-98 санал тус тус авснаар цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Бид хөлийн цэцээс эхлээд дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах зэрэг олон асуудлыг цэгцлэх шаардлагатай байгаа. 

Цаашид хагаралдаж биш хамтарч ажиллах болно

-    Бөхчүүдийн хоёр хуваагдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг та бүхэн юу гэж харж байгаа вэ? 

-   Монголчууд бүх зүйл дээр хоёр хуваагдаад байна гээд байгаа. Монгол бөхийн холбооны хувьд хоёр хуваагдах үндэслэл байхгүй. Тиймээс цаашдаа энэ талцал хуваагдлын тухай асуудлыг арилгая л гэж зорьж байгаа. Холбооны тэргүүн, дэд тэргүүн нь орон тооны бус, гүйцэтгэх захирал орон тооны байдлаар ажиллаж, аливаа шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөлд оруулан шийдүүлж байхаар тогтлоо. Өмнө нь бүх үйл ажиллагааг холбооны тэргүүн зохион байгуулж, шийдэж байсныг өөрчилсөн. Бүтцийн хувьд нэлээд хэдэн өөрчлөлт хийлээ. Бөхийн холбоо хоёр хэсэг болон талцаж  сүүлдээ хувийн шинж чанартай болж эхэлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэр хүмүүстэй уулзаж ярилцаж санаа бодлыг нь сонсох цаг болсон байх. Цаашид хагаралдаж биш хамтарч ажиллах болно. 

-   Монгол бөхийн өргөө тойрсон их мөнгөнөөс үүдэн бөхчүүдийг хоёр хуваагдаж байна гэх хардлага олон нийтийн дунд байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ? 

-   МҮБХ-ны дүрэмд Монгол бөхийн өргөө гэсэн заалт байдаг юм. Тодруулбал, 11.2 зааснаар Монгол бөхийн өргөөг хувьчлах, барьцаанд тавихыг хориглоно гэсэн байдаг. Тэгэхээр бөхчүүдийн хийморь шингэсэн бөхийн өргөөг хэн нэгэн хувьдаа авах ямар ч боломжгүй. Тиймээс иргэд санаагаа бүү чилээгээрэй. Ер нь бол бөхийн холбоог авах шаардлага аль, аль талд нь байхгүй байх гэж харж байгаа. 

-    Монгол бөхийн өргөөний санхүүг ил, тод байлгавал маргаан гарахгүй болов уу? 

-    МҮБХ-нд хяналтын алба гэж байдаг. Бүх санхүүгийн тайлангаа бөхчүүдэд хүргүүлдэг. Надад ч мөн ирж байсан. 

-    Хоёр хуваагдсан асуудлаар талууд өөр, өөрсдийн байр, сууриа илэрхийлж байна. Та энэ хүмүүсийн хэнийх нь зөв гэж харж байгаа юм  бэ? 

-   2012 онд дөрөвдүгээр “Их эе” хурал болсон. Уг хурлаас маргаан эхэлсэн. Уг хурлаар хэлэлцэх гол асуудал бол цэцдийн зөвлөлөө батлах, үндэсний бөхийн холбооны тэргүүнээ сонгох байсан. Энэ үеэр цэцдийн зөвлөлийн гишүүдээ сонгосон. Харин тэргүүнээ сонгох сонгуульд хоёр хүн өрсөлдөж дүн нь гарсан. Тэр хоёр хүн 90, 82 хувийн саналыг тус, тус авсан.  Гэтэл тооллогын комиссын баталсан тогтоолыг тус комиссын даргаар ажиллаж байсан Ганболд заан аваад гарсан юм байна. Тогтоол авч гарсан уг асуудлаас үүдэн Үндэсний бөхийн холбооны  маргаан эхэлсэн гэж үзэж байгаа юм. Тооллогын комиссын тогтоолыг авч гарсан ч санал өгсөн хүмүүсийн нэрсийн жагсаалт үлдсэн. Санал тооллогын хуудас нь болон дүрс бичлэг нь үлдсэн. Мөн гэрчүүд нь байдаг. Энэ асуудлаар МҮБХ-ны одоогийн удирдлага шүүхэд хандсан. Мөн Тооллогын комиссын тогтоолыг авч гарсан хүмүүс тусдаа дахин “Их эе”-ийг хуралдуулсан байдаг. Тиймээс шүүхэд хандсан байгаа юм. Харин шүүхээс хоёр салаа утгатай шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, тогтоол авч гарсан “Их эе”-ийг хууль бус гэж үзсэн. Тэгсэн мөртлөө дөрөвдүгээр “Их эе” хурлаар тэргүүнийг томилсон комиссын тогтоол байхгүй учраас тогтоогдохгүй байна гэх саналыг гаргасан. Шүүхээс салаа утгатай шийдвэр гаргасан учраас тус, тусдаа “ Их эе” хурлаа хийсэн. Мөн тус, тусдаа тэргүүн сонгох гэж үзсэн. Дээд шүүхээс Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлыг 
цэцдийн зөвлөлд даалгасугай гэсэн шийдвэр гарсан. Тэгээд Цэцдийн зөвлөлөөс хурлаа хийх гэхээр хоёр хуваагдаж хуралдаад тэргүүнээ томилж  чадахгүй өдийг хүрчээ. Ийм л асуудлууд үүссэн байгаа юм.

-    Бөхийн холбоо өнгөрсөн хугацаанд хэр сайн ажилласан гэж үзэж байгаа вэ? 

-   Хамгийн сайн холбоо. Өргөөгөө байгуулсан, үйл ажиллагаа нь жигдэрсэн ийм холбоо байхгүй шүү дээ. Бөхийн холбоог өнгөрсөн хугацаанд хэр сайн ажилласаныг надаар хэлүүлэлтгүй хүмүүс сайн мэднэ шүү.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Бүх будлианы эзэн нь Ганболд гэж тавьтиргүй гар юм бна ш дээ . Тэгээд Монголын шүүх ч гэж бас л бөөн будлиан . Тогтоол нь байхгүй ч гэсэн бичлэг, жагсаалт нь байж байхад шийдвэр гаргаж чаддаггүй ээ
2018/03/27 43.242.243.125
ЗОЧИН
НЯМДОРЖ ШОУ ТҮРЭЭСЭНД ОЛСОН МӨНГӨӨ ТӨРД ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ ӨГӨХГҮЙ БОЛ НЯМДОРЖИД ХУУЛИАР ТООЦОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ
2018/03/27 202.21.103.46
ЗОЧИН
БӨХИЙН ӨРГӨӨН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ТӨВ БОЛГОХ НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ БОЛГОХ ЗЭРГЭЭР АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ ӨНГӨРСӨН 25 ГАРУЙ ЖИЛ ГАДНА ДОТНО ЗАСВАР ХИЙГЭЭГҮЙ АРАЙ ДЭНДҮҮ АШИГЛАСАН ШҮҮ
2018/03/27 202.21.103.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment