8o
Улаанбаатар хот
mobile menu

Та миньТэнгэрийн орондоо тайван амгалан нойрсоорой

2018-03-27 10:24:08

ЖАМСРАНГИЙН ДОРЖДЭРЭМ

(1964-2018)

Хайрт аав маань 2018 оны 03 сарын 22-нд зуурдаар таалал төгсөж хань ижил, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан,найз нөхөд бидэндээ нөхөж баршгүй гарз тохиолоо.

Борлууд овгийн Жамсрангийн Дорждэрэм нь 1964 онд Увс аймгийн Тэс суманд төрж 1972 онд 4-р бригадын бага сургуульд элсэн орж 1982 онд Улаангом хотын 1-р 10 жилийн сургуулийг онц дүнтэй төгсөж Улсын Багшийн Дээд Сургуульд Биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр элсэн суралцсан.

10 жилийн сургуульд байхаасаа спортод дур сонирхолтой болж бөхийн спортоор хичээллэж, жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1980, 1981 онуудад хүрэл медаль, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1982 онд алтан медаль авч тамирчин болох гараагаа эхэлж байсан.

Оюутан болоод суралцахын зэрэгцээ 1985 оноос 1991 он хүртэл улсын шигшээ багийн тамирчин байх хугацаандаа олон улсын, тивийн, дэлхийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож улс эх орныхоо нэрийг дуурсгаж, алтан соёмбот тугаа мандуулж явсан тамирчин хүн байсан юм.

Зарим томоохон амжилтуудаас нь дурдвал:

  • Жүдо бөхөөр 5 удаа, самбо бөхөөр 1 удаа улсын аварга болж байсан,
  • 1984 онд Испани улсад болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль,
  • 1984 онд жүдо бөхийн “Найрамдал” олон улсын тэмцээнээс мөнгө,хүрэл,
  • 1985 онд Франц улсад болсон самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль,
  • 1985, 1987, 1988 онд жүдо бөхийн “Улаанбаатар” олон улсын тэмцээнээс 3 алт,
  • 1988 онд Польш улсын жүдо бөхийн олон улсын тэмцээнээс мөнгө,
  • 1988 онд Сөүлийн Олимпод жүдо бөхөөр 67 кг-ийн жинд оролцож шагналт байр,
  • 1988 онд Эрдэнэтийн жүдо бөхийн олон улсын тэмцээнээс хошой алт,
  • 1989 онд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байрыг тус тус эзэлж байсан ба олон улс, тив, дэлхийн хэмжээний 30 гаруй медаль хүртжээ.

Хурдан шаламгай хөдөлгөөнтэй, мэхэндээ даацтай барилддаг бөгөөд үндсэн мэх болох “тавхайдах” мэхээр нь хамт олон найз нөхөд нь “тавхай Дэрмээ” хэмээн дууддаг байсан.

Ингэж самбо, жүдо бөхөөр барилдан алдар цуугаа дуурсгаж явсанаас гадна Монгол үндэсний бөхөөрөө барилдаж 1989 оны ардын хувьсгалын 68 жилийн ойгоор Сэлэнгэ аймагт түрүүлж аймгийн арслан цол хүртсэн билээ.

2008 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 63-р сургуульд эрүүл мэнд-биеийн тамирын багшаар ажиллаж байх хугацаандаа хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор секц дугуйлан хичээллүүлж байсан ба 2015 онд АНУ-ын Лос-Анжелес хотод болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг “Тусгай олимп”-д 170 орны 7000 гаруй тамирчид оролцсон ба Монгол улс анх удаа оролцоход шавь нар нь 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль авч өндөр амжилт үзүүлж байсан.

Аавын минь хөдөлмөрийн үр шим, алдар гавъяаг нь үнэлж 1984 онд спортын мастер, 1987 онд олон улсын хэмжээний мастер, “Хөдөлмөр нийгэмлэг”-ийн 60 жилийн ойн медаль, Хан-Уул дүүргийн 45 жилийн ойн медаль, Тэс сумын 90 жилийн ойн медаль, Увс аймгийн 90 жилийн ойн медаль, хүүхдийн байгууллагын 80 жилийн ойн медаль, жүдо бөхийн 40 жилийн ойн медаль, Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медаль, Монголын Олимпийн хорооны 40, 50, 60 жилийн ойн медалиуд, Нийслэлийн боловсролын газрын “Багшийн алдар” медаль, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Үндэсний олимпийн хорооны дээд шагнал “Алтан од” медаль, 2017 онд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгаж байсан.

Улс эх орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, цуцашгүй дайчин шинж, шулуун шударга, цэвэрч нямбай, ажилч хичээнгүй, нийтэч нөхөрсөг, ах дүүсэг зан чанар тань бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болноо ааваа.

Та миньТэнгэрийн орондоо тайван амгалан нойрсоорой.

Ум сайн амгалан болтугай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment