Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 30 хувьд ротаци хийхээр амралтын өдрүүдэд санал хураалт орон даяар зохион байгуулсан нь өнөөдрийн дуулиан, шуугиан болов. Санал хураалтын үеэр Баянзүрх дүүрэг дээр Баянголынхон ирж санал өгсөн, саналын хайрцгаа авч зугатсан, нэр дэвшигчийг машинаар дайрсан гэх хөгтэй үйл явдал олноор өрнөжээ. Саналын хайрцаг авч зугатсан хүн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах С.Амарсайхан болж таарсан бол өрсөлдөгчөө машинаар дайрсан хүн нь нэр дэвшигч Энхбаяр гэгч нөхөр гэнэ. Харин БЗД-ийн санал өгөх эрх бүхий АН-ын гишүүдийг Баянголынхоор сольж будлиан үүсгэсэн нөхөр нь намын дарга С.Эрдэнэ гэнэ. Намын эв нэгдлийг хангаж учиртай дарга нь ийнхүү будлиан үүсгэж яваад дургүйцсэн БЗД-ийн АН-ынхан “Та энэ намын хаан биш шүү С.Эрдэнэ ээ” гэсэн үгийг дайв. Дотоод сонгуулийн дүн удахгүй гарна гэж АН-аас мэдэгдэж байна.
Манай сайт саналын хайрцаг авч зугтсан гэх УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах С.Амарсайханаас энэ талаар тодрууллаа. Тэрбээр БЗД-ийн дотоод сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшсэн юм.
- Таныг саналын хайрцаг авч зугтсан гэх мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ. Энэ үнэн үү?
- Би ҮБХ-ны гишүүнд нэр дэвшсэн. 50 нас руу дөхөж яваа, таван хүүхдийн аав, ачтай, санчигны үс нь бууралтсан хүн тэр том саналын хайрцгийг бариад гүйж чадах уу. Хайрцаг авч зугатаж буй хүн нь би биш. Бичлэг дээрх хүнийг миний зурагтай харьцуулаад харвал мэдэгдэнэ. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн, ийм зүйл гарч байгаагүй. Харин энэ жил БЗД-т нэр дэвшсэн. Миний хувьд БЗД-ийн наймдугаар хороонд харъяалагддаг учраас дүүрэгтээ нэр дэвшсэн нь энэ юм. Сонгуульд боломжтой хүмүүс нь саналаа өгсөн. Боломжгүй хүмүүс нь өгөөгүй.Гэтэл ийм зүйл боллоо. Ардчилсан нам анхан шатандаа их балмад юм байна. Би өөрөө их цочирдлоо.
- Хайрцаг авч зугтсан хүн нь та биш юм бол хэн юм бэ. Та таних уу?
- Би танихгүй. Санал хураах байрны гадна эрх нь зөрчигдсөн хүмүүс байж байсан. Би тэр газарт нь орой очиход хэсэг залуус “Энэ толгойлогч нь байна” гэж хэлээд намайг чирч газарт унагаад хэдэн талаас өшиглөсөн. АН-ын анхан шатны гишүүд нь ийм ёс зүйгүй болсон юм байна. Гэмт хэргийн бүлэглэл болж. Хамгийн ноцтой нь дүүргийн засаг дарга Т.Баясах, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Батцогт, БЗД-ийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нар тэнд зохион байгуулалт хийгээд явж байгаа юм. Сонгогчид эмх замбараагүй байдлыг үүсгэх магадлалтай үед аюулгүй байдлыг хангах ёстой дүүргийн цагдаа нь ирж ажиллахгүй байгаа юм. Хэд, хэдэн удаа цагдаа дуудсан шүү дээ. Энэ нь үндэсний хэмжээний нам болох АН-ын гишүүдийн ёс суртахуунгүй, шударга бус байдлыг харуулж байна. Авлигалтай, шударга бус зүйлтэй тэмцье гэвэл намын гишүүдээ ёс суртахуунтай, шударга л болгох ёстой юм байна. Энэ ажлыг хийхгүйгээр юу ч сайхан болохгүй. Төрийн ажил үйлчилгээг эрхлэн явуулдаг, Монголын улсын засаг захиргааны хоёр дахь том нэгжүүдийн нэг болох БЗД-ийн засаг дарга Т.Баясах, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нар бүх хороон дарга, хэсгийн ахлагч нартайгаа тэнд ажиллаж байгаа юм. Намын ротацийн сонгуульд тэд явж байна шүү дээ. Ийм зүйл байж болохгүй. Ийм бусармаг зүйлийг болиулах ёстой.
Т.Энхэлээ