УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо"Шүүх засаглал ялзраад байна. Шүүгч нар хахууль авдаг байх магадлалтай. Дансандаа маш их хэмжээний мөнгөтэй шүүгч байна" гэж хэлсэн. Түүний энэ үгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхээс худал хэмээн мэдэгдээд өөрсдөөс нь уучлалт гуйхыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас шаардсан мэдэгдлийг гаргасан билээ.
Энэ талаар Х.Нямбаатар гишүүн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьсан ч 30 минутын дараа буцаан хаасан. Эндээс хэд, хэдэн дүгнэлт хийж болно. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго гэсэн. Энэ нь “Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая, өөрийнхөө дансанд нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байна” гэдэг яриатай холбоотой юм. Энэ асуудлыг албажуулаад өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Хүүхдийнх нь нэр, дансыг ил болгохгүй. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Харин тэр шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхолын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.
Хоёр дахь асуудал бол 2010-2012 оны хоронд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг эргээж сэргээх шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах ёстой. Нийт 36 аж ахуйн нэгжтэй холбоотой лицензийн асуудал хөндөгдөж байгаа. Бид компанийнх нь нэр устай, шийдвэр гаргасан шүүгч нарынх нь нэртэй хавсаргаж бичсэн байгаа. Үүнийг шалгуулна. Ингэхдээ 2018 он хүртэлх лицензтэй холбоотой асуудлыг шалгуулна. Өргөтгөсөн шалгалт хийж, эргэлзээг тайлах ёстой. Яагаад төрд хохиролтой байдлаар шийдвэрлэсэн юм бэ гэдэгт хариулт өгөх ёстой.
Бидний судалснаар бол лиценз эзэмшигч нь мэдэгдлийг гардаж аваагүй байсан гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг. Тайлбар гаргагч нь “Намайг Сингапурт амьдарч байхад лиценз цуцалсан” гэдэг ч юм уу. Захиргааны хэргийн шүүх нь мөн төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан зэрэг үндэслэлүүдээр лицензүүдийг нь сэргээсэн практик маш их байгаа. Сүүлдээ бүр Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэр үндэслэхгүй лицензийн эрхийг сэргээсэн практик бий болсон. Ийм учраас ашигт малтмалын 36 лицензийг сэргээсэн 22 шүүгчтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж өгөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргаж байна” гэлээ.