УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Шүүхийн Ерөнхий зөвлөл хоорондын ширүүн маргаан үргэлжилсээр. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Шүүх засаглал ялзраад байна. Шүүгчид авлигал авдаг. Хүүхдийн дансанд 500 сая өөрийнхөө дансанд нэг тэрбум төгрөгтэй шүүгч байна. Гурван сая төгрөгийн цалинтай шүүгч яаж ийм их мөнгө хураах вэ” гэж мэдэгдсэн. Харин Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хариуд нь ярьсан зүйлээ нотол, нотлохгүй бол уучлалт гуйхыг шаардсан. Гэвч Х.Нямбаатар гишүүн уучлалт гуйх нь бүү хэл 22 шүүгчийг шалгуулах хүсэлтийг АТГ, Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Хэдий Х.Нямбаатар, Шүүхийн Ерөнхий зөвлөл хоорондын хэрүүл мэт харагдавч энэ нь өргөн утгаараа маш ноцтой асуудал билээ. Хэрвээ шүүгчид авлигал авдаг нь нотлогдвол хууль шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл сулрахаас гадна мөнгө авч аливаа хэргийг шийддэг гэх олон нийтийн хардлага батлагдах юм. Үүнээс үүдэн маш олон мөнгөгүй энгийн иргэд өөрийнх нь зөв байсан ч шүүхийн өмнө буруудаж хэлмэгдсэн байх магадлалтай болно. Ингээд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын эсрэг, тэсрэг байр, суурийг хүргэж байна.
-Ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьсан ч 30 минутын дараа буцаан хаасан. Эндээс хэд, хэдэн дүгнэлт хийж болно. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго гэсэн. Энэ нь “Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая, нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байна” гэдэг яриатай холбоотой юм. Энэ асуудлыг албажуулаад өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Хүүхдийнх нь нэр, дансыг ил болгохгүй. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Харин тэр шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхолын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой. Хоёр дахь асуудал бол 2010-2012 оны хоронд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг эргээж сэргээх шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах ёстой. Нийт 36 аж ахуйн нэгжтэй холбоотой лицензийн асуудал хөндөгдөж байгаа. Бид компанийн нэр ус, шийдвэр гаргасан шүүгч нарынх нь нэртэй хавсаргаж бичсэн байгаа. Үүнийг шалгуулна. Ингэхдээ 2018 он хүртэлх лицензтэй холбоотой асуудлыг шалгуулна. Өргөтгөсөн шалгалт хийж, эргэлзээг тайлах ёстой. Яагаад төрд хохиролтой байдлаар шийдвэрлэсэн юм бэ гэдэгт хариулт өгөх ёстой. Бидний судалснаар бол лиценз эзэмшигч нь мэдэгдлийг гардаж аваагүй байсан гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг. Тайлбар гаргагч нь “Намайг Сингапурт амьдарч байхад лиценз цуцалсан” гэдэг ч юм уу. Захиргааны хэргийн шүүх нь мөн төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан зэрэг үндэслэлүүдээр лицензүүдийг нь сэргээсэн практик маш их байгаа. Сүүлдээ бүр Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэр үндэслэхгүй лицензийн эрхийг сэргээсэн практик бий болсон. Ийм учраас ашигт малтмалын 36 лицензийг сэргээсэн 22 шүүгчтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж өгөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргаж байна. Шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад нэлээд нь “Ривер гарден” хотхонд амьдарч байгаа. Энэ бол нэг тэрбум төгрөгөөс дээш үнэтэй орон сууц. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч хоол, унаа бусад зүйлд цалингаа зарцуулахгүйгээр 30-40 жил цуглуулж, ийм орон сууц авна. Тэгэхээр шүүгчид түрээсийн орон сууцанд амьдраад байгаа юм уу, худалдан авсан орон сууцанд амьдраад байна уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлтэй 1921 дугаартай шийдвэр гаргасан шүүгч болон бусад холбогдох албан тушаалтнуудтай холбогдох хэрэг бүртгэл нээж, шалгаж өгөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргаж байна.
Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг тэр дундаа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүмүүс олон нийтийн өмнө хариуцлагатай байх ёстой. Энэ утгаараа хөрөнгө орлого нь огцом өөрчлөгдсөн бол тэр мөнгөнийхөө эх үүсвэрийг нотлох үүргийг хүлээх ёстой юм. Гэхдээ Шүүхийн Ерөнхий зөвлөл Монгол улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчдийн эрх ашгийг нь хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөхлөө зарим шүүгчийн хууль бус хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэж байгаа. Мөн үйлдлийг нотлох баримт байгаа гэж ойлгогдохоор мэдээллийг олон нийтэд өгсөн. Тэгэхээр өөрийн ярилцлагад дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчийн нэр, хууль зөрчсөн гэм бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага прокурорт уг баримтаа өгч шалгуулах хэрэгтэй. Үнэн зөвийг нотолж чадахгүй бол шүүх, шүүн таслах ажлын нэр хүнд шүүгчийн нэр төрд халдсан үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна. Шүүгчийн цалин бол шүүгчийн хараат бусаар ажиллаж амьдрах эдийн засгийн гол баталгаа болдог. Шүүгчийн цалинтай холбоотой баталгааг бид сүүлийн 20 жил ярьж байж, холбогдох хуулиудад оруулсан байгаа.
chuhal.mn