8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Татварын дарамтийг хөнгөлнө

2018-03-28 17:49:43

Эдийн засгийн форум “Татварын хуулийн шинэчлэл” сэдвийн хүрээнд үргэлжиллээ. Засгийн газрын зүгээс татварын хуульд өөрчлөлт оруулж компани, аж ахуй нэгжүүдэд аль болох татварын дарамтгүй орчинг бий болгоно гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл эдийн засгийн  форумд оролцогчдын хувьд Татварын хуулийн шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Тэр дундаа хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө бизнес эрхлэгчдэд заалт бүрээр нь танилцуулсан, хэлэлцүүлгийг мөн олныг хамруулан өргөн хүрээнд хийж байгаа нь хамгийн том ололт. Бусад хуулийн төслийг мөн ийм хэлбэрээр хэлэлцүүлж байх жишгийг тогтоолоо. Мөн эдийн засагт нааштай үр дүнгүүд гарч байгаа нь Засгийн газарт хуулиудаа шинэчилж, реформ хийх боломжийг бий болголоо гэж үзэх хэсэг ч байна. Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 24-ноос хойш арилжааны банкнаас зээл аваагүй. Төр өөрийн мөнгөө арилжааны банкинд барйшуулчихаад өндөр хүүтэй зээл авдаг тогтолцоог зогсоох ёстой. Гадаадын зээл тусламжаар мөнгө авдаг. Түүнийгээ арилжааны банкинд байршуулчихаад мөн л өндөр хүүтэй зээл авдаг байсныг зогсоосон.Хүн өөрийн мөнгөө бусдад зээлчихээд эргээд өндөр хүүтэй зээл авдаг хариуцлагагүй юм хийхгүй шүү дээ. Дээрх арга хэмжээг авсны үр дүнд 600 тэрбум төгрөг орж ирж байгаа. Төсөвт нь мөнгө байсаар байхад үнэт цаас гаргадаг байсныг зогсоосон. Маш өндөр хүүтэй үнэт цаас гаргадаг байсан. Эдгээр арга хэмжээг авангуут төсвийн санхилга бат сайжирсан" гэлээ. .

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар бол Татварын хуульд дараах өөрчлөлтүүд тусчээ.

  • Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгоно.

  • Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгоно.

  • Татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг хааж, бизнесийг нь гарах гарцгүй болгон, улмаар аж ахуйн нэгж, бизнесийг дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдах нөхцлийг бүрдүүлэх явдлыг таслан зогсооно.

  • Цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломж олгоно

  • Татвараа үнэн зөвөөр мэдүүлсэн ч цаг хугацаанд төлж чадахгүй байгаа, санхүүгийн хүндрэлд орж байгаа татвар төлөгчдөд хүлээлгэх хариуцлага нь татвараа санаатайгаар нуусан этгээдийн хүлээх хариуцлагаас харьцангуй ялгаатай байх болно.

  • Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулан суутгах татварын хувийг бууруулна.

  • Хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ.

  • Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт суужээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл