8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Эрхэмбаяр: Нэг хачиг дунджаар долоон өвчнийг үүсгэх боломжтой

2018-04-02 08:28:00

Жил бүрийн энэ цаг үед хачгаар дамжих халдвараар өвчлөх хүний тоо нэмэгддэг аж. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай самнах ой модонд явахдаа хачигт хазуулах эрсдэл нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хачигт халдварын талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан У.Эрхэмбаяраас тодрууллаа. 

-Хачигт халдвар гэж юу вэ. Хачигт халдварын тархалтын талаар иргэдэд мэдээлэл өгнө үү?

-Манай улсын Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн ойн бүс нутагт хачигт энцефалит өвчний тархалтыг судалсан байдаг.  Дээрх аймгуудад илүү тархадаг нь судалгаагаар тогтоосон. Хачигт халдвар нь улирлын чанартай өвчин. Урин дулаан цагт түлхүү идэвхжидэг. Хачигт халдвар гурван төрлийн өвчин байдаг. Түүний нэг нь хачигт энцефалит. Манайд хамгийн элбэг тохиолдог гэж хэлж болно.

Хачигт халдвар вирусээр үүсч хачгаар дамжин халдварлаж төвийн болон захын мэдрэлийн системийг гэмтээдэг. Нэг үгээр хэлбэл, байгалийн голомтод, цочмог халдварт өвчин. Хулгана, Зурам, Туулай, Зараа зэрэг мэрэгч амьтад ерөнхийдөө түлхүү энэ өвчнөөр өвчилж, халдвар тараадаг. 

Нэг хачиг дунджаар долоон өвчнийг үүсгэх боломжтой гэсэн судалгаа бий. Хэрэв өвчин үүсгэгч агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү өвчний халдвар биед орно гэсэн үг. Хэдий бүх хачиг халдваргүй ч таван хачигны нэг нь өвчин үүсгэгч вирус, нян тээж байдаг. Түүнчлэн хачиг салхины нөлөөгөөр агаарт нисч явдаг. Тэр замд нь хүн, амьтан таарвал шигдэж, шимэгчилэн амьдарч эхэлдэг. Малчид ноос ноолуур самнах үеэр хачигт хазуулах тохиолдолд нэмэгддэг.

-Идэвхжилтийн үе нь хэдээс хэдэн сар байдаг вэ?  
-Иргэд 4-11 дүгээр сард хачигт хазуулж халдвар авах нь ихэсдэг. Энэ үеийг ерөнхийдөө хачигт энцефалитийн үе гэж хэлж болно.  Хавар, зун, намарт энэ төрлийн өвчлөл нэмэгддэг. Өвөл нь саармагжидаг. Түүнчлэн бог мал, үхрийн сүүнээс халдвар дамжих тохиолдолд байдаг. Тухайн мал энэ төрлийн вируст тээсэн хачигт хазуулсан тохиолд сүүг нь буцалгаж боловсруулж хэрэглэх ёстой. Бэлчээрийн хачиг нь жил бүрийн гурван сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөж тархдаг бөгөөд тав дугаар сарын эхээр эзэн амьтдаа шимэгчлэн амьдардаг. Өөрөөр хэлбэл, гурав дугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сард идэвхжлийнхээ үед хүн хазах тохиолдолд элбэг.   

-Хачигт хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээг авах хэрэгтэй вэ? 

-Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Манайхан хачгийг шууд гараараа аваад хаячихдаг. Энэ нь буруу. Хэрвээ халдвартай хачигны ямар нэгэн хэсэг биед үлдэх юм бол өвчин үүсдэг. Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. 

Хачиг байгаа хэсгийг олж мэдвэл 76 хувийн цэнхэр спиртийг цэвэр хөвөн болон даавуунд шингээж 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээхэд хачиг саажиж, мэдээ алдана. Үүний дараа хачгийг хавчаараар налуу байдалтайгаар зөөлөн татаж авна. Авсны дараа тухайн хэсгээ спиртээр ариутган, цэвэр боолт хийнэ. Мөн хачигны хошуу биед шигдэж үлдсэн бол мэс заслын аргаар авахуулах хэрэгтэй.

-Хачигт хазуулсан тохиодолд хаана хандах ёстой вэ. Шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?  

-Хачигт хазуулсан эхэн үед толгой бага зэрэг өвдөх, бие сулдах, ядрах, нойргүйдэх, нүүр ам болон биеийн аль нэг хэсэгт арьс бадайрах, зан чанар өөрчлөгдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Харин хүндэрсэн тохиолдолд  үе мөч саажих, юм бүрэлзэж, давхарлаж харагдах, уналт өгөх, ухаантай боловч нойрмогдуу болох зэрэг шинж тэмдэг ажигллагдаг. Хачигт хазуулсан тохиодолд хамгийн түрүүнд эмчид хандах ёстой.  Иргэд тоомжиргүй хандаж хүндрэх тохиолдол элбэг байдаг. Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомтой ганхуулж, сугалан авч бүтүү саванд хийж шинжилгээнд хамруулах, мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн тос түрхэх, биеийнхээ хазуулсан хэсгийг спирт, марганцын сул уусмалаар угаах, арчих, хүйтэн жин тавих шаардлагатай. Харин дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл яаралтай харьяа эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай нь хамгийн чухал.

-Хачигт  халдвараас сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудаар явахгүй байх, зайлшгүй явах шаардлагатай тохиолдолд тод өнгөтэй битүү өмсгөл, хувцас хэрэглэх нь чухал. Хачигны голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цагт тутамд биеэ шалгаж байх хэрэгтэй. Хатгуулсан тухайн газар улайдаг. Түүнчлэн хачиг үргээгч бэлдмэл буюу хурц үнэртэй тосыг хувцсандаа цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэнэ. Үүнээс гадна иргэд  дархлаагаа дэмжсэн чанартай хоол, хүнс хэрэглэх ёстой. 

Дээрх аймгуудын хүн амын дунд дархлаажуулалтын тунг гурван үе шаттайгаар хийдэг. Эхний тун нь 9-11 сард, хоёр дахь нь 14-30 хоногийн дараа хийлгэдэг. Гурав дахь дархлаажуулалтын тунг нэг жилийн дараа хийнэ. Үүнээс гадна олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, та мэдээлэл авах ямар боломжтой суваг байна түүгээрээ хачигт халдварын талаар мэдээлэл авч өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох нь зүйтэй. Түүнчлэн мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагаж амьдралаа мөрдлөгө болгох хэрэгтэй.

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment