8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Бямбадорж: Хөдөө орон нутагт хүний эрхийн зөрчил их байна

2018-04-02 09:21:00


Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Энэ  үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос манай улсын хүний эрхийн зөрчлийн асуудлаар зарим  зүйлийг тодрууллаа.

-    Хүний эрх, эрх чөлөөний байдлын 17 дахь илтгэлд ямар асуудлыг тусгасан бэ? 

-    Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс жил бүр хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг УИХ-д өргөн мэдүүлдэг. Хүний эрхийн илтгэл бол ажлын тайлан биш. Энэ нь тухайн асуудлаар Монгол улсын хүний эрхийн төлөв байдлын үнэлгээг хийж буй юм. Энэ жил бид таван асуудлаар төлөв байдлын илтгэлээ бичлээ. Нэгдүгээрт, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхийн талаар илтгэл бичсэн. Хоёрдугаарт, хот төлөвлөлттэй холбоотойгоор хохирсон иргэдийн асуудал нилээн яригдаж байна. Үүнтэй холбогдсон хүний эрхийн зөрчлийг арилгах асуудлаар илтгэл бичигдлээ. Гуравдугаарт, төрийн холбогдох байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хохирчихоод учирсан хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй байгаа асуудлыг илтгэлдээ бичлээ. Энэ асуудлаар бид нилээн судалгаа  хийсэн. Дөрөвдүгээрт,Боомтуудад ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг авч судалсан. Энэ маш чухал. Хүнсний аюулгүй байдал цаашлаад Монгол улсын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй тус газарт иж бүрэн лабораторийг ажиллуулах шаардлагыг иргэд олон жил тавьж ирсэн. Энэ жил бид уг ажилд нилээн анхаарал хандуулна. Тавдугаарт, Манай улсын Засгийн газар 2011, 2016 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүний эрхийн төлөв байдлын ерөнхий илтгэлээ хэлэлцүүлсэн. 2011 онд 129 зөвлөмжийг авснаас 126 зөвлөмжийг нь хэрэгжүүлж ирсэн. Одоо 156 зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой. Энэ үйл ажиллагаа 2019 онд дуусна. Гэхдээ үүний дунд хугацаанд асуудал чухам ямар байна гэдгийг гаргаж тавьж байгаа юм. 

-    Цаасан дээрх илтгэл ажил хэрэг болж буй эсэхэд хүмүүс их эргэлздэг. Илтгэлд тусгагдсан ажлуудыг та бүхэн хэрхэн хэрэгжүүлдэг вэ? 

-    Цаасан дээр илтгэл бичиж гүйх биш ажил болгох үүргийг НҮБ, олон улсын өмнө хүлээсэн. Энэ бол Монгол улсын нэр төртэй  холбоотой асуудал. Холбогдох зөвлөмжүүдийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Ажил хэрэг болгохын тулд холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганаар ч хэлэлцэх ёстой. 

-    Манай улсын хүний эрх, эрх чөлөөний байдал бусад оронтой харьцуулахад ямар байгаа вэ? 

-    НҮБ-ын хороодод тавьж буй илтгэл зэргийг хараад Монгол улсын ерөнхий байр суурь тодорхой болдог. Хүний эрхийн асуудал бол дэлхийн улс орнуудын үйл ажиллааг дүгнэдэг болсны шинж  тэмдэг бол илтгэл авч зөвлөмж өгч буй явдал юм. Үүн дээр ингэж л байдаг юм, болдог л юм гэсэн байдлаар ханддаг цаг өнгөрсөн. Хүний эрхийн зөрчил гаргасан тохиолдолд улс орнууд улс төрийн болоод эдийн засгийн маш том хориг арга хэмжээнүүдийг авдаг болсон байна шүү дээ. Монгол улсын үүнд мэдрэмжтэй, сэрэмжтэй ажиллахгүй бол өчүүхэн төдий сигнал өгөхөд л бидний байдал хүндэрнэ шүү дээ. Тэгэхээр хүний эрхийн асуудалд бид их болгоомжтой бүх шатандаа анхаарч ажиллах ёстой. 

-    Хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоохын тулд та бүхэн цаашлаад иргэд яаж ажиллах ёстой юм бэ?Сүүлийн үед хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж буй асуудлууд дээр танай байгууллага хэрхэн ажиллаж байна? 

Өнгөрсөн жилийн илтгэлийг хэлэлцүүлснээс хойш монголчууд сэрж, нүдээ нээж байна. Манай ТББ-ын зарим нөхдүүд НҮДЭЭ НЭЭ гэдэг асуудлыг ярьж байна шүү дээ. Шинэ он гарснаас хойш хүүхдийн эрхийн зөрчил илүү нэмэгдэж байгаа юм шиг харагдаж байгаа. Энэ нь нийтээрээ уг асуудалд анхаарал хандуулж нүдээ нээсний илрэл шүү дээ. Гагцхүү энэ хүчийг бууруулахгүй холбогдох арга хэмжээг даруйхан авч эхэлбэл хүүхдийн хүчирхийллийн асуудлыг багасгаж болно гэж бодож байна. 


-    Хүний эрх аль шатанд илүү зөрчигдөж байгаа вэ. Ялангуяа хот, хөдөөгийн яг алинд нь илүү зөрчигдөж байна? 

-  Төв суурин газарт хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Энэ талаар энэ жилийн илтгэлд тусгасан байгаа. Мөн хөдөө орон нутагт хүний эрхийн зөрчил их байна. Бид Засаг дарга нарт нь шаардлага, зөвлөмж хүргүүлдэг. Орон нутагт их хэцүү юм бий шүү. Зарим туслах малчны хүүхэд сургуульд сураагүй, нийгэмшээгүй байдлууд хяналт шалтгал, судалгаагаар илэрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх мөн зөрчигдөж байгаа.Тэр бүүл хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийг ямар бэрхшээлтэй, аль түвшинд байгааг нь мэдэхгүй тохиолдол байна. Бид энэ асуудлаар судалгаа хийж байгаа. Асуудлыг шат, шатанд нь шийдүүлэхийн төлөө ажиллах болно.  

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Badar
Enr psduu zailaagyi yumuu?
2018/04/02 59.153.115.154
дд
Худуу бизнзсийг дэмжихгуй бол хун ч хугжихгуйг.хэн ч харахгуй юум.
2018/04/02 202.72.245.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment