Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт цаазын ял оноох тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа, Ерөнхийлөгчийн хуулийн хэлтсийн дарга Отгонбаяр нар мэдээлэл хийлээ. Энэ талаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.
- Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх асуудлаар дөрвөн сарын өмнө Хууль зүйн яаманд саналаа хүргүүлсэн бөгөөд албан ёсоор хариу ирүүлээгүй гэж мэдэгдлээ. Яагаад хариу мэдэгдээгүй юм. Ер нь Хууль зүйн яамнаас цаазын ялыг сэргээх асуудалд ямар байр, суурьтай байгаа вэ?
- Үндсэн хуульд заагдсан хууль санаачлах онцгой бүрэн эрхтэй гурван этгээдийн зүгээс энэ асуудлыг хөндөж болно. Тэр нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар.Хууль тогтоомжийн хуульд заасны дагуу хуулийн төсөл хэлбэрээр Засгийн газарт албан ёсны санал ирээгүй. Монгол улсын Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газрын санал дүгнэлт хуралдаанаар хэлэлцэгдэж нэгдсэн байр суурьтайгаар илэрхийлэгддэг.
- Ерөнхийлөгчөөс ирүүлсэн бичиг нь ямар утга агуулгатай байсан юм бол?
- Энэ асуудлыг судалж үзнэ үү гэсэн саналыг Засгийн газрын нэг гишүүнд хүргүүлсэн байсан. Уг саналын дагуу манай яаманд сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж санал дүгнэлтээ гаргасан.
- Ажлын хэсэг ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
- Ерөнхийлөгч албан ёсоор санал ирүүлсэн учраас Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хуульчдын холбоо, МУИС-ийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгээс манай улс цаазаар авах ялыг хэрэгжүүлдэг үед ямар эрх зүйн зохицуулалттай байсан, цаазаар авах ялыг халсан асуудал хууль эрх зүйн хүрээнд аль хүрээнд ямар дэг процессыг дамжиж шийдвэрлэгдсэн, олон улсын гэрээ эрх зүйн талаасаа хэрхэх зэрэг асуудлыг авч үзсэн. Цаашлаад манай улсын нэгдэн орсон иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколоос гарах эрх зүйн боломж байгаа юу, гарч болдог гэрээ юу, үгүй юу гарах тохиолдолд ямар зохицуулалт хийх шаардлага байна вэ гэдэг асуудлыг ярилцсан.
- Бид олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Цаазаар авах ялыг сэргээхийн тулд энэ гэрээ конвенциос гарах шаардлага гарна. Тэгэх боломж бий юу?
- Манай улс хүний эрхийн чиглэлийн олон улсын 9 гэрээ конвенцид нэгдэн орсон байдаг. Мөн энэхүү 9 гэрээний 9 нэмэлт протколд нэгдэн орсон. Манай улс хүний эрхийн чиглэлд олон улсын нийт 18 гэрээ,конвенцид нэгдэн орох буюу соёрхон баталсан. Цаазаар авах ялыг халахтай холбоотойгоор НҮБ нь иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколыг 1989 онд батлаад 1991 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэхүү нэмэлт протколд өнөөдрийн байдлаар дэлхийн 85 улс орон нэгдэн орж 38 улс гарын үсгээ зуран хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай улс үүнд нэгдэн орсон 72 дахь улс орон юм. Манай улс иргэний болон улс төрийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколд хууль баталж байж албан ёсоор нэгдэн орсон. Мөн манай улсын 2015 онд цаазаар авах ялыг Эрүүгийн хуулиараа халсан. Ингэснээр дефакто буюу бодит байдалд цаазын ялыг хууль тогтоомжоосоо бүрэн халсан улсын бүртгэлд орсон. Олон улсын гэрээнд нэгдэх болон гарахтай холбоотой асуудлыг 1941 оны Венийн конвенциор зохицуулсан байдаг. Манай улс венийн конвецид нэгдэн орсон. Энэ конвенцийн 54 дүгээр зүйлд гэрээг зогсоох буюу гарах асуудлыг зохицуулсан байдаг.
Мөн иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколд тухайн нэгдэн орсон улс уг гэрээ конвенциос гарах тухай заалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, нэгдэн орсон гэрээнээсээ гарах харилцаа бүхэлдээ байдаггүй гэсэн үг. Гарах асуудлыг зохицуулсан гэрээ конвенци байдаггүй учраас хууль баталж юм уу дангаараа гарах боломжгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр Монгол улс уг гэрээнээс гарах, цуцлах, хүчингүй болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах хууль зүйн боломжгүй гэдэг дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан. Нөгөөтэйгүүр манай улс олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ, олон улсын гэрээ манай хууль хоёр зөрчилдсөн тохиолдолд олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн зохицуулалт байдаг. Тэгэхээр олон улсын гэрээ Үндэсний хууль тогтоомжоос илүү давуу юм байна гэдэг агуулга, дүгнэлтийг гаргасан. Цаазаар авах ялыг сэргээснээр манай улсын олон улсад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс няцсан, хүний эрхийг хамгаалах чиглэлд гаргасан дэвшлээсээ ухарсан алхам болох бөгөөд олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж, дотоод болон гадаад бодлого тогтворгүй гэдэг ойлголтыг баталгаажуулж, манай улсад итгэх итгэл буурч, НҮБ, Европын холбоо зэрэг байгууллагаас эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд нөлөөлөх хориг арга хэмжээг авах сөрөг үр дагавартай гэдэг дүгнэлтийг гаргасан.
Мөн Монгол улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүний 2016-2018 оны сонгуульд амжилттай оролцсон. НҮБ-ын байгууллагын гишүүн 174 орон манай улсад саналаа өгч энэхүү нэр хүндтэй хариуцлагатай үүргийг хүлээлгэсэн. Монгол улсын нэр хүнд НҮБ, олон улсын байгууллагын хүрээнд хүлээсэн үүргийн бодлого, чиглэлд сөргөөр нөлөөлж эдгээр байгууллагаас анхааруулах шахалт ихээр ирж хүний эрхийн гэрээний хэрэгжилтэд шүүмлэл авч манай улсын үнэлгээ буурахаар байна. Цаашлаад Эрүүгийн хуулийн 5.1-т эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж ялын зорилгыг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх үндсэн зорилготой. Алах ялын тухайд энэ гурван зорилго ялынхаа үндсэн зорилгыг бүрэн хангаж чадах боломжгүй гэж ойлгож байгаа. Нэгэнт амь насыг нь тасдаж буй хүнийг хүмүүжүүлэх асуудал яригдахгүй нь ойлгомжтой. Цаазаар авах ял байснаар тухайн төрлийн гэмт хэргийн үзүүлэлт буурдаг гэх ойлголт олон улсад ч манай улсад ч байдаггүй.
- Зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах саналыг Ерөнхийлөгч гаргаж байгаа юм байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд ямар ял оноож байна вэ?
- Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль тогтоомжоор бүх насаар нь хорих ялтай байгаа. Бүх насаар нь хорих ял бодит байдалд тухайн хүндээ маш хатуу ял шийтгэл байдаг. Өнгөрсөн хугацаанд бүх насаараа хорих ял эдлээд амьд гарсан хүн байдаггүй. Эсрэгээрээ тэд амиа хорлох оролдлого хийдэг. Үүнийг амьдын там гэж ойлгож болно. Олон нийтээс бүрэн тусгаарлаж ганцаарчилж хорьдог нь тухайн хүндээ байж болох хамгийн хатуу цээрлэл юм байна гэдгийг ял эдэлж буй хүмүүс хэлдэг. Үндсэн хуульд заасанчлан Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь хэнтэй ч хуваалцахгүй онцгой бүрэн эрхийн асуудал. Энд хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ асуудал албан ёсоор хуулийн төсөл хэлбэрээр санаачлагдаад ирвэл Засгийн газар албан ёсны байр сууриа гаргаж ажиллана.
- Цаазын ялыг сэргээлээ гэхэд Европын холбоонд Монгол улсад үзүүлэх хориг арга хэмжээ яг юу байх вэ?
- Ерөнхийлөгч өнгөрсөн оны 11 дүгээр сард цаазаар авах ялыг халах тухай саналыг манай яаманд хүргүүлсний дараа Европын холбооноос манай улсад мэдэгдэл ирүүлсэн. Энэ мэдэгдэлд цаазын ялыг халах аливаа санаачлагыг дэмжихгүй. гэж бичсэн байсан. Монгол улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэйг сануулаад хэрвээ энэ асуудлыг яривал Монгол улстай байгуулсан гэрээнүүдийг эргэж харахаа сануулсан. Тодруулбал, татварын хөнгөлөлтэй нөхцөлтэй гэрээнүүд бий. Энэ гэрээний үр шимийг хамгийн эхээр хүртэж буй хүмүүс манай малчид юм. Манай Үндэсний томоохон үйлдвэрлэгч Говь компани Европын холбооны зах зээлд татварын хөнгөлөлттэй нөхцлийн дагуу бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Ашиг орлого нь нэмэгдэж байна. Тэр утгаараа ноолуурын үнийн өсөлт тогтвортой, эрэлттэй байна. Тэгэхээр цаазын ялыг сэргээх асуудал нь улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засагтай холбоотой гэдгийг шууд хэлмээр байна.
- Олон улсын гэрээ конвенци манай улсын дотоодын яг ямар хуулиудтай зөрчилдөж байгаа юм бол?
- Хууль зүйн эрэмбэ дараа гэж байдаг. Мэдээж Үндсэн хууль хамгийн хүчтэй үйлчилнэ. Үндсэн хууль ямар ч олон улсын гэрээнээс илүү давж үйлчилнэ. Хэрвээ давж үйлчлэхгүй бол тусгаар тогтносон улс гэдэг шинж нь үгүйсгэгдэнэ. Үндсэн хуультай байна гэдэг нь тусгаар тогтносон, бие даасан улс гэдгээ нотолж буй хамгийн дээд улс төрийн эрх зүйн бичиг баримт. Үндсэн хуульд цаазаар авах ялын тухайд онц хүнд гэмт хэрэг дээр хуулиар хэрэглэж болно гэдэг эрхийг нээж өгсөн. Заавал байна гээгүй, болно гэдэг сонголтыг зааж өгсөн байна. Манайх 2015 онд эрүүгийн хууль тогтоомжоороо цаазаар авах ялыг халсан байна. Сая хэлсэн олон улсын гэрээ, конвенци манай үндсэн хуульд харшлаагүй учраас бид дагаж мөрдсөн.
Т.Хулан