8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Говь-Алтай аймагт газар хөдөлж, Бөхийн өргөөнд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичиг хүргүүлсэн өдөр

2018-04-02 18:40:00

Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магад. Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Шинэ сар, шинэ 7 хоногий мэнд хүргэе. Орой бү энэ цаг мачид өнөөдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр тойм” булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Б.Энхбаяр: Цаазаар авахаасаа илүүтэйгээр бүх насаар нь хорих нь маш хатуу ял шийтгэл юм

боломжгүй гэж ойлгож байгаа. Нэгэнт амь насыг нь тасдаж буй хүнийг хүмүүжүүлэх асуудал яригдахгүй нь ойлгомжтой. Цаазаар авах ял байснаар тухайн төрлийн гэмт хэргийн үзүүлэлт буурдаг гэх ойлголт олон улсад ч манай улсад ч байдаггүй. 

-    Зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах саналыг Ерөнхийлөгч гаргаж байгаа юм байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд ямар ял оноож байна вэ? 

-  Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль тогтоомжоор бүх насаар нь хорих ялтай байгаа. Бүх насаар нь хорих ял бодит байдалд тухайн хүндээ маш хатуу ял шийтгэл байдаг. Өнгөрсөн хугацаанд бүх насаараа хорих ял эдлээд амьд гарсан хүн байдаггүй. Эсрэгээрээ тэд амиа хорлох оролдлого хийдэг. Үүнийг амьдын там гэж ойлгож болно. Олон нийтээс бүрэн тусгаарлаж ганцаарчилж хорьдог нь тухайн хүндээ байж болох хамгийн хатуу цээрлэл юм байна гэдгийг ял эдэлж буй хүмүүс хэлдэг. Үндсэн хуульд заасанчлан Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь хэнтэй ч хуваалцахгүй онцгой бүрэн эрхийн асуудал. Энд хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ асуудал албан ёсоор хуулийн төсөл хэлбэрээр санаачлагдаад ирвэл Засгийн газар албан ёсны байр сууриа гаргаж ажиллана. 

-    Цаазын ялыг сэргээлээ гэхэд Европын холбоонд Монгол улсад үзүүлэх хориг арга хэмжээ яг юу байх вэ? 

-    Ерөнхийлөгч өнгөрсөн оны 11 дүгээр сард цаазаар авах ялыг халах тухай саналыг манай яаманд хүргүүлсний дараа Европын холбооноос манай улсад мэдэгдэл ирүүлсэн. Энэ мэдэгдэлд цаазын ялыг халах аливаа санаачлагыг дэмжихгүй. гэж бичсэн байсан. Монгол улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэйг сануулаад хэрвээ энэ асуудлыг яривал Монгол улстай байгуулсан гэрээнүүдийг эргэж харахаа сануулсан. Тодруулбал, татварын хөнгөлөлтэй нөхцөлтэй гэрээнүүд бий. Энэ гэрээний үр шимийг хамгийн эхээр хүртэж буй хүмүүс  манай малчид юм. Манай Үндэсний томоохон үйлдвэрлэгч  Говь компани Европын холбооны зах зээлд татварын хөнгөлөлттэй нөхцлийн дагуу бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Ашиг орлого нь нэмэгдэж байна. Тэр утгаараа ноолуурын үнийн өсөлт тогтвортой, эрэлттэй байна. Тэгэхээр цаазын ялыг сэргээх асуудал нь улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засагтай холбоотой гэдгийг шууд хэлмээр байна. 

-    Олон улсын гэрээ конвенци манай улсын дотоодын яг ямар хуулиудтай зөрчилдөж байгаа юм бол? 

-    Хууль зүйн эрэмбэ дараа гэж байдаг. Мэдээж Үндсэн хууль хамгийн хүчтэй  үйлчилнэ. Үндсэн хууль ямар ч олон улсын гэрээнээс илүү давж үйлчилнэ. Хэрвээ давж үйлчлэхгүй бол тусгаар тогтносон улс гэдэг шинж нь үгүйсгэгдэнэ. Үндсэн хуультай байна гэдэг нь тусгаар тогтносон, бие даасан улс гэдгээ нотолж буй хамгийн дээд улс төрийн эрх зүйн бичиг баримт. Үндсэн хуульд цаазаар авах ялын тухайд онц хүнд гэмт хэрэг дээр хуулиар хэрэглэж болно гэдэг эрхийг нээж өгсөн. Заавал  байна гээгүй, болно гэдэг сонголтыг зааж өгсөн байна. Манайх 2015 онд эрүүгийн хууль тогтоомжоороо цаазаар авах ялыг халсан байна. Сая хэлсэн олон улсын гэрээ, конвенци манай үндсэн хуульд харшлаагүй учраас бид дагаж мөрдсөн. 

Г.Уянга: Бага насны хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон хэрэгтэнг цаазлах хуулийг санаачилна

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт цаазын ял оноох тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа, Ерөнхийлөгчийн хуулийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр нар мэдэгдлээ. 

Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга энэ талаар “Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насанд нь хүрэх асуудал газар авч байна. Өнгөрсөн онд л гэхэд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны аравннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг газар авлаа. Хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хууль санаачлан батлуулах саналыг Засгийн газарт тавьсан. Тодруулбал, бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд цаазын ял оноох, хүчирхийлэгчийг хөнгөлөх юм уу, олон улсад хэрэглэдэг аргуудыг судлаж, аль нэгийг нь тусгаж, хууль санаачлах санал хүргүүлсэн ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тодорхой хариу өгөөгүй байна. Монгол Улс 2010 оноос өмнө цаазаар авах ялыг зургаан төрлийн гэмт хэрэгт хэрэглэдэг байсан. 2010 оны нэгдүгээр сарын 14-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Мөн Монгол Улс Олон улсын гэрээ конвенцед нэгдсэн орсон учраас цаазын ялыг хэрэглэхгүй байхаар зарласан. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялын дээд хэмжээ оногдуулахаар заасан. Мөн Үндсэн хуулийн аравдугаар зүйлд Монгол Улс Үндсэн хууль, дотоодын хууль тогтоомжоо зөрчсөн олон улсын гэрээ, конвенцед нэгдсэн орохгүй гэсэн заалт бий. Иймээс Монгол Улсад цаазаар авах ялыг тодорхой хэргүүд дээр хэрэглэх шаардлага бий болж байна. Тиймээс Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулахаар боллоо. Тиймээс өнөөдрөөс эхлэн олон нийтийн санал асуулгыг эхлүүлж байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт цаазын ялыг хэрэглэх санал оруулж байна. Санал асуулга сарын хугацаатай үргэлжилнэ” гэлээ.

Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа “Бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэргийн гаралт сүүлийн үед нэмэгдэж байгаагаас гадна, энэ үйлдэл маш харгис хэрцгий болж байгаа. хэдийгээр цаазаар авах ял хүмүүнлэг бус шинэжтэй ч бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэнд, амьд явахад эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс хүчиндэх гэмт хэргийн санкцыг чангатгаж, бүх насаар нь  хорих заалтыг хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хуучин эрүүгийн хуульд долоон гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэрэглэж байсан. Энэ гэмт хэргээс зөвхөн нэг гэмт хэрэг буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт л цаазын ялыг сэргээх санал оруулах юм” гэв.

Т.Мөнхтунгалаг: "Эрдэнэт" үйлдвэрийн Худалдааны хэлтсийн дарга асан н.Амарбатыг баривчилж шалгаж эхэлсэн

“Стандарт” банкнаас зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх мэдээлэлтэй холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг баривчилсан гэсэн мэдээлэл гарсан. 

Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад“Өчигдөр буюу энэ сарын 1-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтснийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг баривчилж шалгаж эхэлсэн. н.Амарбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай холбогдуулан шалгаж байгаа” гэв.

Д.Сэржмядаг охин алга болоод 4 сар болж байна

Д.Сэржмядаг охин алга болоод 4 сар болж байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Д.Сэржмядаг охин 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр алга болоод  4 сарын хугацаа өнгөрчээ.  Алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа аж. Мөн БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлсэн  мэдээллэсэн байна. 

НМХГ-аас Мишээл экспо, Бөхийн өргөөнд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичиг хүргүүлсэн үү

Мишээл экспо, Бөхийн өргөөнд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичиг хүргүүлжээ. Тодруулбал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга байгууламж болон шар усны далан суваг хоолой, мөн эрүүл ахуй шаардлага хангахгүй байгаа ТҮЦ, дэлгүүрүүдэд шалгалт хийх үеэр Мишээл экспо, Бөхийн өргөөнд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичиг хүргүүлсэн гэнэ. 

Одоогоор ямар шаардлага, үндэслэлээр ийнхүү албан бичиг хүргүүлсэн нь тодорхойгүй байгаа аж. Мөн энэ талаар  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас албан ёсоор мэдээлэл өгөх юм байна. 

Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Чандмань суманд газар хөдөлжээ. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллэсэн байна. Тодруулбал, гуравдугаар сарын 31-ны  00 цаг 05 минут 29 секундэд Чандмань сумаас баруун зүгт 19 км-ийн зайнд 4,4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичэрхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгджээ. 

"Ч.Сайханбилэгийг МУ-д ирсэн даруйд нь дуудаж байцаалт авч, яллагдагчаар татна"

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гацаанаас гаргахаар Рио Тинто компанийнхантай Дубай хотноо уулзаж байсан. Энэ уулзалтаар хоёр тал далд уурхайн ажлыг эхлүүлэх саналд нэгдэж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байдаг. Тэгвэл тус Дубайн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Энэ талаар албаны эх сурвалж “Ч.Сайханбилэг гадаадад байгаа учраас прокурорын дуудах хуудсыг хүргүүлсэн. Монгол Улсад ирсэн даруйд нь дуудаж байцаалт авч, яллагдагчаар татна” хэмээн хэллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хувьд төрсөн дүү нь хорт хавдар тусч АНУ-ын Денвер хотод эмчлүүлж байгаа бөгөөд дүүгээ асарч байгаа талаар мэдээлэл гарсан билээ.

ШУУД: Б.Бямбасайхан, С.Баярцогт, Н.Арвинсан нарыг баривчилсан

АТГ-аас Б.Бямбасайхан, С.Баярцогт, Н.Арвинсан нарыг баривчилсан гэх мэдээлэлд тайлбар авч, тодрууллаа.  АТГ-ын мэдээллээр Дубайн гэрээтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт,  'Эрдэнэс Монгол' ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан   Н.Ариунсан нарын хүмүүсийг саатуулан шалгаж эхэлсэн талаар албаны хүн тайлбар өглөө.  Бичлэгийг энд дарж үзнэ үү 

Хаврын чуулганаар Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хуулийн төслийг өргөн барина

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган ирэх пүрэв гарагт нээлтээ хийнэ. Хаврын ээлжит чуулганаар 23 асуудал хэлэлцэх захирамж гарсан байна. Үүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтаад буй. Энэ хоёр хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэхээр байсан ч амжаагүй юм. Тиймээс хаврын чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэх байх гэсэн хүлээлт байна. Түүнчлэн хаврын чуулганаар Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хуулийн төслийг өргөн барихаар болжээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат Тайландад амарч, ядаргаагаа тайлсан уу

УИХ-ын хаврын чуулган энэ 7 хоногт буюу ирэх пүрэв гаригт нээлтээ хийнэ. Нэлээд олон хуулийн төсөл, маргаан дагуулсан асуудлыг хэлэлцэнэ шийдвэрлэж намрын чуулган хаалтаа хийсэн. Чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүд хөдөө орон нутаг, тойрогтоо ажилладаг уламжлал тогтсон. Тэгвэл зарим УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах гэхээсээ илүүтэй алжаалаа тайлж гадаадад амарч зугаалж яваад ирсэн сурагтай. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат  намрын чуулган завсарласан үеийг далимдуулан Тайландад амарч, ядаргаагаа тайлаад ирсэн гэнэ.

Ямартай ч Тайландад алжаалаа тайлсан эрхэм гишүүн хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн хэд хэдэн хуулийн төсөл дээр идэвхитэй ажиллана гэдгээ амласан сурагтай. 

Ж.Бямбадорж: Хөдөө орон нутагт хүний эрхийн зөрчил их байна

Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Энэ  үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос манай улсын хүний эрхийн зөрчлийн асуудлаар зарим  зүйлийг тодрууллаа.

-    Хүний эрх, эрх чөлөөний байдлын 17 дахь илтгэлд ямар асуудлыг тусгасан бэ? 

-    Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс жил бүр хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг УИХ-д өргөн мэдүүлдэг. Хүний эрхийн илтгэл бол ажлын тайлан биш. Энэ нь тухайн асуудлаар Монгол улсын хүний эрхийн төлөв байдлын үнэлгээг хийж буй юм. Энэ жил бид таван асуудлаар төлөв байдлын илтгэлээ бичлээ. Нэгдүгээрт, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхийн талаар илтгэл бичсэн. Хоёрдугаарт, хот төлөвлөлттэй холбоотойгоор хохирсон иргэдийн асуудал нилээн яригдаж байна. Үүнтэй холбогдсон хүний эрхийн зөрчлийг арилгах асуудлаар илтгэл бичигдлээ. Гуравдугаарт, төрийн холбогдох байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хохирчихоод учирсан хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй байгаа асуудлыг илтгэлдээ бичлээ. Энэ асуудлаар бид нилээн судалгаа  хийсэн. Дөрөвдүгээрт, Боомтуудад ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг авч судалсан. Энэ маш чухал. Хүнсний аюулгүй байдал цаашлаад Монгол улсын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй тус газарт иж бүрэн лабораторийг ажиллуулах шаардлагыг иргэд олон жил тавьж ирсэн. Энэ жил бид уг ажилд нилээн анхаарал хандуулна. Тавдугаарт, Манай улсын Засгийн газар 2011, 2016 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүний эрхийн төлөв байдлын ерөнхий илтгэлээ хэлэлцүүлсэн. 2011 онд 129 зөвлөмжийг авснаас 126 зөвлөмжийг нь хэрэгжүүлж ирсэн. Одоо 156 зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой. Энэ үйл ажиллагаа 2019 онд дуусна. Гэхдээ үүний дунд хугацаанд асуудал чухам ямар байна гэдгийг гаргаж тавьж байгаа юм. 

-    Цаасан дээрх илтгэл ажил хэрэг болж буй эсэхэд хүмүүс их эргэлздэг. Илтгэлд тусгагдсан ажлуудыг та бүхэн хэрхэн хэрэгжүүлдэг вэ? 

-    Цаасан дээр илтгэл бичиж гүйх биш ажил болгох үүргийг НҮБ, олон улсын өмнө хүлээсэн. Энэ бол Монгол улсын нэр төртэй  холбоотой асуудал. Холбогдох зөвлөмжүүдийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Ажил хэрэг болгохын тулд холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганаар ч хэлэлцэх ёстой. 

-    Манай улсын хүний эрх, эрх чөлөөний байдал бусад оронтой харьцуулахад ямар байгаа вэ? 

-    НҮБ-ын хороодод тавьж буй илтгэл зэргийг хараад Монгол улсын ерөнхий байр суурь тодорхой болдог. Хүний эрхийн асуудал бол дэлхийн улс орнуудын үйл ажиллааг дүгнэдэг болсны шинж  тэмдэг бол илтгэл авч зөвлөмж өгч буй явдал юм. Үүн дээр ингэж л байдаг юм, болдог л юм гэсэн байдлаар ханддаг цаг өнгөрсөн. Хүний эрхийн зөрчил гаргасан тохиолдолд улс орнууд улс төрийн болоод эдийн засгийн маш том хориг арга хэмжээнүүдийг авдаг болсон байна шүү дээ. Монгол улсын үүнд мэдрэмжтэй, сэрэмжтэй ажиллахгүй бол өчүүхэн төдий сигнал өгөхөд л бидний байдал хүндэрнэ шүү дээ. Тэгэхээр хүний эрхийн асуудалд бид их болгоомжтой бүх шатандаа анхаарч ажиллах ёстой. 

-    Хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоохын тулд та бүхэн цаашлаад иргэд яаж ажиллах ёстой юм бэ?Сүүлийн үед хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж буй асуудлууд дээр танай байгууллага хэрхэн ажиллаж байна? 

Өнгөрсөн жилийн илтгэлийг хэлэлцүүлснээс хойш монголчууд сэрж, нүдээ нээж байна. Манай ТББ-ын зарим нөхдүүд НҮДЭЭ НЭЭ гэдэг асуудлыг ярьж байна шүү дээ. Шинэ он гарснаас хойш хүүхдийн эрхийн зөрчил илүү нэмэгдэж байгаа юм шиг харагдаж байгаа. Энэ нь нийтээрээ уг асуудалд анхаарал хандуулж нүдээ нээсний илрэл шүү дээ. Гагцхүү энэ хүчийг бууруулахгүй холбогдох арга хэмжээг даруйхан авч эхэлбэл хүүхдийн хүчирхийллийн асуудлыг багасгаж болно гэж бодож байна. 


-    Хүний эрх аль шатанд илүү зөрчигдөж байгаа вэ. Ялангуяа хот, хөдөөгийн яг алинд нь илүү зөрчигдөж байна? 

-  Төв суурин газарт хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Энэ талаар энэ жилийн илтгэлд тусгасан байгаа. Мөн хөдөө орон нутагт хүний эрхийн зөрчил их байна. Бид Засаг дарга нарт нь шаардлага, зөвлөмж хүргүүлдэг. Орон нутагт их хэцүү юм бий шүү. Зарим туслах малчны хүүхэд сургуульд сураагүй, нийгэмшээгүй байдлууд хяналт шалтгал, судалгаагаар илэрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх мөн зөрчигдөж байгаа.Тэр бүүл хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийг ямар бэрхшээлтэй, аль түвшинд байгааг нь мэдэхгүй тохиолдол байна. Бид энэ асуудлаар судалгаа хийж байгаа. Асуудлыг шат, шатанд нь шийдүүлэхийн төлөө ажиллах болно.

У.Эрхэмбаяр: Нэг хачиг дунджаар долоон өвчнийг үүсгэх боломжтой

Жил бүрийн энэ цаг үед хачгаар дамжих халдвараар өвчлөх хүний тоо нэмэгддэг аж. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай самнах ой модонд явахдаа хачигт хазуулах эрсдэл нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хачигт халдварын талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан У.Эрхэмбаяраас тодрууллаа. 

-Хачигт халдвар гэж юу вэ. Хачигт халдварын тархалтын талаар иргэдэд мэдээлэл өгнө үү?

-Манай улсын Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн ойн бүс нутагт хачигт энцефалит өвчний тархалтыг судалсан байдаг.  Дээрх аймгуудад илүү тархадаг нь судалгаагаар тогтоосон. Хачигт халдвар нь улирлын чанартай өвчин. Урин дулаан цагт түлхүү идэвхжидэг. Хачигт халдвар гурван төрлийн өвчин байдаг. Түүний нэг нь хачигт энцефалит. Манайд хамгийн элбэг тохиолдог гэж хэлж болно.

Хачигт халдвар вирусээр үүсч хачгаар дамжин халдварлаж төвийн болон захын мэдрэлийн системийг гэмтээдэг. Нэг үгээр хэлбэл, байгалийн голомтод, цочмог халдварт өвчин. Хулгана, Зурам, Туулай, Зараа зэрэг мэрэгч амьтад ерөнхийдөө түлхүү энэ өвчнөөр өвчилж, халдвар тараадаг. 

Нэг хачиг дунджаар долоон өвчнийг үүсгэх боломжтой гэсэн судалгаа бий. Хэрэв өвчин үүсгэгч агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү өвчний халдвар биед орно гэсэн үг. Хэдий бүх хачиг халдваргүй ч таван хачигны нэг нь өвчин үүсгэгч вирус, нян тээж байдаг. Түүнчлэн хачиг салхины нөлөөгөөр агаарт нисч явдаг. Тэр замд нь хүн, амьтан таарвал шигдэж, шимэгчилэн амьдарч эхэлдэг. Малчид ноос ноолуур самнах үеэр хачигт хазуулах тохиолдолд нэмэгддэг.

-Идэвхжилтийн үе нь хэдээс хэдэн сар байдаг вэ?  
-Иргэд 4-11 дүгээр сард хачигт хазуулж халдвар авах нь ихэсдэг. Энэ үеийг ерөнхийдөө хачигт энцефалитийн үе гэж хэлж болно.  Хавар, зун, намарт энэ төрлийн өвчлөл нэмэгддэг. Өвөл нь саармагжидаг. Түүнчлэн бог мал, үхрийн сүүнээс халдвар дамжих тохиолдолд байдаг. Тухайн мал энэ төрлийн вируст тээсэн хачигт хазуулсан тохиолд сүүг нь буцалгаж боловсруулж хэрэглэх ёстой. Бэлчээрийн хачиг нь жил бүрийн гурван сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөж тархдаг бөгөөд тав дугаар сарын эхээр эзэн амьтдаа шимэгчлэн амьдардаг. Өөрөөр хэлбэл, гурав дугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сард идэвхжлийнхээ үед хүн хазах тохиолдолд элбэг.   

-Хачигт хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээг авах хэрэгтэй вэ? 

-Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Манайхан хачгийг шууд гараараа аваад хаячихдаг. Энэ нь буруу. Хэрвээ халдвартай хачигны ямар нэгэн хэсэг биед үлдэх юм бол өвчин үүсдэг. Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. 

Хачиг байгаа хэсгийг олж мэдвэл 76 хувийн цэнхэр спиртийг цэвэр хөвөн болон даавуунд шингээж 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээхэд хачиг саажиж, мэдээ алдана. Үүний дараа хачгийг хавчаараар налуу байдалтайгаар зөөлөн татаж авна. Авсны дараа тухайн хэсгээ спиртээр ариутган, цэвэр боолт хийнэ. Мөн хачигны хошуу биед шигдэж үлдсэн бол мэс заслын аргаар авахуулах хэрэгтэй.

-Хачигт хазуулсан тохиодолд хаана хандах ёстой вэ. Шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?  

-Хачигт хазуулсан эхэн үед толгой бага зэрэг өвдөх, бие сулдах, ядрах, нойргүйдэх, нүүр ам болон биеийн аль нэг хэсэгт арьс бадайрах, зан чанар өөрчлөгдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Харин хүндэрсэн тохиолдолд  үе мөч саажих, юм бүрэлзэж, давхарлаж харагдах, уналт өгөх, ухаантай боловч нойрмогдуу болох зэрэг шинж тэмдэг ажигллагдаг. Хачигт хазуулсан тохиодолд хамгийн түрүүнд эмчид хандах ёстой.  Иргэд тоомжиргүй хандаж хүндрэх тохиолдол элбэг байдаг. Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомтой ганхуулж, сугалан авч бүтүү саванд хийж шинжилгээнд хамруулах, мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн тос түрхэх, биеийнхээ хазуулсан хэсгийг спирт, марганцын сул уусмалаар угаах, арчих, хүйтэн жин тавих шаардлагатай. Харин дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл яаралтай харьяа эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай нь хамгийн чухал.

-Хачигт  халдвараас сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудаар явахгүй байх, зайлшгүй явах шаардлагатай тохиолдолд тод өнгөтэй битүү өмсгөл, хувцас хэрэглэх нь чухал. Хачигны голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цагт тутамд биеэ шалгаж байх хэрэгтэй. Хатгуулсан тухайн газар улайдаг. Түүнчлэн хачиг үргээгч бэлдмэл буюу хурц үнэртэй тосыг хувцсандаа цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэнэ. Үүнээс гадна иргэд  дархлаагаа дэмжсэн чанартай хоол, хүнс хэрэглэх ёстой. 

Дээрх аймгуудын хүн амын дунд дархлаажуулалтын тунг гурван үе шаттайгаар хийдэг. Эхний тун нь 9-11 сард, хоёр дахь нь 14-30 хоногийн дараа хийлгэдэг. Гурав дахь дархлаажуулалтын тунг нэг жилийн дараа хийнэ. Үүнээс гадна олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, та мэдээлэл авах ямар боломжтой суваг байна түүгээрээ хачигт халдварын талаар мэдээлэл авч өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох нь зүйтэй. Түүнчлэн мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагаж амьдралаа мөрдлөгө болгох хэрэгтэй.

Г.Бясман: Одоогоор прокурор хэргийн материалтай танилцаж байна

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 01-ны өдөр  Дубайн гэрээтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт,  'Эрдэнэс Монгол' ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Н.Ариунсан нарын хүмүүсийг саатуулсан. Тус хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясманаас тодруулахад "Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр тухайн үед Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татаж  баривчлах ажиллагаа явуулсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг сэжигтнээр баривчилсан байгаа.Одоогоор прокурор хэргийн материалтай танилцаж байна" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл