Уржигдар шөнө АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж дөрвөн хүнийг баривчилсан. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, н.Амарбат нарыг баривчилсан юм.
н.Амарбатыг Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсных нь хувьд Жастын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан шалгахаар баривчилсан бол бусдыг нь Оюутолгойн гэрээтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулан хорьсон гэж АТГ-аас албан ёсоор мэдэгдсэн билээ.
С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг Рио Тинтогийн талд ашигтайгаар байгуулж түүнийхээ хөлсөнд их хэмжээний мөнгийг авсан гэх хардлага олон нийтэд байдаг. Цаашилбал Рио Тинтогоос хахууль хэлбэрээр авсан мөнгөө оффшор дансандаа хадгалж байгаад баригдсан гэж харддаг билээ. Түүний дансанд 10 сая доллар шилжин орсон талаарх мэдээллийг Ройтерс агентлаг хамгийн сүүлд мэдээллэсэн. Тэр бүү хэл түүний 1.85 сая долларын үлдэгдэлтэй дансыг Швейцарийн прокуророос царцаасан гэдэг. Харин энэ талаар С.Баярцогт 11 хоногийн өмнө мэдээлэл хийж “Би бизнес хийхийн тулд Монголын нэгэн бизнесмэнээс 10 сая долларыг зээлээд эргүүлэн өгсөн. Би Рио Тинтогоос хахууль аваагүй. Оюутолгойн гэрээ авлигагүй, шударга гэрээ болсон” гэж мэдэгдсэн билээ.
Ингэж хэлээд шүлс нь ч хатаагүй байхад түүнийг ийнхүү баривчиллаа.
Харин “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг Дубайн гэрээг Монголд ашиггүйгээр хийсэн гэх үндэслэлээр баривчилсан нь тодорхой. Түүний хувьд “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамт Дубайд очин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын гэрээнд гарын үсгээ зурсан юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тухайн үед “2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон байгаа. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн хуучин 53 хувь, “Рио тинто”-гийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичгэн дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн” гэж мэдэгдсэн билээ.
Харин зарим улс төрчид уг гэрээний талаар ярихдаа "Хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын зурсан" гэдэг билээ.
Ямартай ч Б.Бямбасайханыг шалгах үндэслэл нь энэ болж. Түүнтэй хамт Ч.Сайханбилэгийг шалгах бөгөөд түүнийг АТГ-аас дуудан бичиг хүргүүлжээ. Хэрвээ ирэхгүй бол интерполоор эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдээд байна.
Харин Б.Ариунсаныг тэс хөндлөн нэгэн гэж хүмүүс ярьж буй. Учир нь түүний нэрийг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд дурдагдаж байсныг монголчууд мэдэхгүй.
Тэгвэл эх сурвалжуудын хэлж буйгаар тэрбээр Дубайн гэрээнд холбоотой гэнэ. Б.Ариунсаны хувьд Говь-алтай аймгийнх. Н.Алтанхуягийн хүн гэгдэх бөгөөд Алтангадасын аль эртний гишүүн гэнэ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход нь Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон билээ.
Оюутолгойн гэрээг анх зурагдаж байхад Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байжээ. Харин тус яамны сайдаар нь Д.Зоригт ажиллаж байсан юм. Д.Зоригтын хувьд ч мөн С.Баярцогттой адил шалгагдах ёстой хүмүүсийн нэг. Яагаад С.Баяр, Д.Зоригт нарыг шалгахгүйгээр ганцхан С.Баярцогтыг шалгаад байна вэ гэдэг нь өөрөө асуулт юм. С.Баяр, Д.Зоригт нар ч мөн Оюутолгойн гэрээг байгуулцаж, гарын үсэг зурсан гэдгийг бид мэднэ.
Харин Б.Ариунсаны хувьд гарын үсэг зураагүй ч гэрээг сайн мэдэх, гар бие оролцсон хүн юм.
Б.Ариунсангийн намтарыг хүргэвэл инженер геологич, эдийн засагч мэргэжилтэй, доктор (Ph). 1981-1997 онд Барилгын зургийн төв институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженер, ГХ хэлтсийн дарга, ерөнхий захирал, 1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт Газрын дарга, 2004-2008 онд УТЕГ-т дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-ны дэд сайд, 2012-2013 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2013-2014 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэл Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ.