Зайсан толгойн зүүн энгэрийг хүчтэй техникээр ухаж сүйтгэж, сэндийлж эхэлсэн талаар манай сайт өмнө нь мэдээлэл хүргэж байсан билээ. Нийслэлийнхний чөлөөт цагаа өнгөрөөдөг, жуулчдын очих дуртай газруудын нэг болсон тус газрын зүүн энгэрт өнгөрсөн сарын 21-нээс эхлэн төмөр хашаа барьж, ямар ч зөвшөөрөлгүйгээр ухаж эхэлснийг холбогдох яам болон хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн байна. Тухайлбал, уг энгэрийг Л.Гүндалайн үеэл дүү О.Одсүрэн ухуулж байгаа аж. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс тодруулахад “ Хязгаарлалтын бүст ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар тухайн газрыг эзэмших тохиолдол цөөнгүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд иргэн О.Одсүрэн ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр Богдхан уулын дархан цаазат газрын зүүн энгэрт газар шорооны ажил хийсэн. Тухайн хүнийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн төрөл гэдгийг хүмүүс мэднэ. Улсын байцаагч удаа дараа үйл ажиллагаагаа зогсоохыг сануулж, эсэргүүцсэн боловч шаардлагыг хүлээн аваагүй. Зөрчлийн тухай хуулийн дагуу прокурорын дүгнэлт гарч шаардлага хүргүүлсэн хэдий ч энэ долоо хоногт шөнийн цагаар дахиад л ухаж эхэлсэн. Энэ нөхцөлд хяналт тавихаар цагдаа нарыг дууддаг ч ирдэггүй, ирсэн ч тухайн хүмүүст арга хэмжээ тооцож чаддаггүй. Харин энэ удаа сайдын тушаал гарсан нь том дэвшил боллоо. Тиймээс бид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох болно” хэмээн хэллээ.