8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Баярцогтыг 30 хоног хорихоор болж, ОУВС-аас 30.55 сая ам.долларын санхүүжилт орж ирсэн өдөр 

2018-04-03 18:45:00

Д.Эрдэнэбат: АН гишүүдээ өмгөөлж, хамгаална 

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэсэн байна. Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цаг үеийн зарим асуудлаар байр, суурийг нь сонслоо. 

- Оюутолгойн гэрээтэй холбогдуулан танай намын гурван гишүүнийг барьж, хорилоо. АН-ын бүлэг уг асуудалд ямар байр, суурьтай байгаа вэ? 

-  Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардчилсан намын угшилтай гэгдэх гурван хүнийг Авлигатай тэмцэх газраас баривчилсан байна. УИХ-ын 2009 оны 57-р тогтоолоор Оюутолгойн гэрээг хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ, С.Баярын Засгийн газар баталсан юм. С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ажлын хэсгийг тухайн үеийн Эрдэс баялгийн сайд С.Зоригт ахалж байсан. Тэгэхээр гол холбогдож байгаа асуудалтай хүмүүсээ шалгахгүйгээр Ардчилсан намтай холбоотой гурван хүнийг баривчилж байгааг улс төрийн захиалгат шалтгаан байна уу гэж болгоомжилж байгаа. Ажлын хэсэгтэй холбоотой хүмүүсийг шалгахгүйгээр намаар нь ялгаврлаж байгаа нь улс төрийн шинж, агуулга байна уу гэсэн болгоомжлол байгааг Ардчилсан намын бүлэг илэрхийлж байна.

- Эрдэнэтийн 51 хувьтай холбоо асуудал дээр Арбитрын шийдвэрийг Засгийн газар дотоодын шүүхээр хэлэлцэх боломжтой гээд байгаа. Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх нь байгаа, Засгийн газар Арбитрын шийдвэрийг хүлээж аваагүй гэдэгт Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ? 

-    Эрдэнэтийн 51 хувь буюу Стандарт банкинд барьцаанд тавьсан хохиролын асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагыг УИХ-ын даргад өгөхөөр шийдвэрлэсэн. Нэн яаралтай ажлын хэсэг байгуулж холбогдох этгээдүүдээр хохиролыг нь төлүүлэх хэрэгтэй. Мөн 51 хувьтай холбоотой, Стандарт банкны барьцаатай холбоотой элдэв янзын худал_ үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийг нэг тийш нь болгох ёстой. Учир нь Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан асуудал нь Монгол улс, ард иргэдэд учирсан бодит хохирол учраас үүнийг яаралтай шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Тиймээс саналаа УИХ-ын даргад хүргүүлэх болно. Арбитрын шүүхийг шийдвэрийг Монгол улсын Засгийн газар эргэж авч үзэх тухай асуудал байхгүй. Тэгэхээр арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх гэж ойлгох хэрэгтэй. 

-    Оюутолгойг гэрээнд дүгнэлт хийх ажлын хэсэгт танай бүлгээс гишүүн орсон уу? 

-  АН-аас З.Нарантуяа гишүүнийг оруулсан. Ажлын хэсгийг байгуулаад анхны хуралдаанаа хийсэн байна. Маш ноцтой нь урьдчилан шалгалтын дүгнэлтэд тулгуурлан дүгнэлтээ гаргасан байна. Ингэж болохгүй. Уг ажлын хэсэг ажиллаад шинээр дүгнэлт гаргах ёстой. Ажлын хэсгийн гол зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээг шалгах юм. Хөрөнгө оруулалтын гэрээний буруу, зөв нь хаана байна гэдгийг тодорхой болгох ёстой. 

- АН-ын зүгээс АТГ-т шалгагдаж буй намынхаа гишүүдийг өмгөөлж байр, сууриа илэрхийлэх үү? 

-  Нэг зүйлийг л хэлье, Оюутолгойтой холбоотой асуудлаар нийгэмд маш том эргэлзээ явж байна. Үнэн, худал эсэх нь мэдэгдэхгүй маш их эргэлзээ байгаа юм. Монгол улс авлига, төрийн баялагийг хулгай хийсэн үйлдэлд цэг тавъя гэж төлөвлөж байгаа бол бид тэвчээртэй хандана. АН гишүүдээ өмгөөлж, хамгаалалгүй яахав. Асуудалд тэнцвэргүй хандаж буй тохиолдолд бид нар өөрсдийн үгийг хэлэх ёстой. Оюутолгойн асуудалд улс төрийн өнцгөөр хандаад байна. АН-ын гурван гишүүн маань шалгуулахдаа үнэн, зөвөө олоосой. Юун түрүүнд АН-ын гишүүдийг барьж, хорьж буйд л бид эмзэглэж байна. Үүнд ямар шалтгаан байна. Гол хариуцагч болох тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, ажлын хэсгийн ахлагч нарыг баривчлахгүй байхыг харахаар МАН гэсэн өнцөг харагдаад байна. Тэгэхээр уг асуудалд улс төрийн өнцгөөр хандаж улс төрийн хэлмэгдүүлэлт явуулчих вий дээ гэсэн болгоомжлол байна. Хэрвээ энэ асуудал улс төрийн нөхцөл байдлаар явах юм бол АН үгээ хэлнэ. Танай, манай намынх гэсэн ялгаврыг байлгаж болохгүй зүйлийг хууль хяналтын байгууллага хийж байгаа шүү гэдгийг анхааруулмаар байна. Тэгэхээр Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаантай асуудлыг үнэн зөвөөр гаргах ёстой. Хүн яллах нь гол асуудал биш юм. Оюутолгойн гэрээг зөв авч явж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах хэмжээнд байлгах ёстой. Нэг эсвэл нэг хэсэг хүнийг ялласнаар Оюутолгойн гэрээ сайжирахгүй гэдгийг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй. 

-  Цаазын ялыг сэргээх хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлахаа мэдэгдсэн. Энэ асуудалд АН-ын бүлэг ямар байр, суурьтай байгаа вэ? 

-    Цаазын ялыг сэргээх асуудлаар УИХ-д албан ёсоор асуудал тавигдаагүй байна. Тиймээс АН-ын бүлгийн хурлаар уг асуудал хэлэлцэгдээгүй. Энэ бол нийгмийн сүлжээнд яригдаж буй асуудал. Нийгмийн сүлжээнд яригдаж буй асуудлаар АН-ын бүлэг байр, сууриа илэрхийлэхгүй. Албан ёсоор хууль болон өргөн баригдвал бүлгээрээ хэлэлцэнэ. Ингэхдээ нухацтай хэлэлцэнэ. Ажлын хэсэг байгуулаад ажилласан ч болно. Цаг хугацааны салхилсан энэ асуудалд бид автахгүй. 

-   АТГ-ын даргын ажлын үүрэгт хугацаа дуусч байна гэх мэдээлэл байна. Х.Энхжаргал дарга хуучин Ганболд даргын үүрэгт хугацааг үргэлжлүүлэхээр томилогдсон юм уу? 

-   АТГ-ын даргын тухайд хуулийн дагуу л явах ёстой. Хуулинд “Хэрвээ орон, гаран нөхөн орсон бол томилогдож буй хүн үлдсэн хугацааных нь бүрэн эрхийг эдэлнэ” гэж заасан. Энэ заалтаар уг асуудал шийдэгдэх болов уу. 

-   Сүүлийн үед Засгийн газрыг огцорч магадгүй гэх яриа гарч байна. Энэ талаар та бүхэнд сонсч, дуулсан зүйл бий юу? 

-   Засгийн газар үнэмлэхүй олонхоос сонгогдсон. Тэгэхээр үнэмлэхүй олонхийн л мэдэх асуудал. АРдчилсан нам Засгийн газрыг огцруулдаггүй юм. Дахин Засгийн газраа огцруулах эсэх нь олонхийн л асуудал. 

М.Наранбаатар: Хаан банк 174 шүүгчид 1 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож хууль зөрчжээ

Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар сэтгүүлч  М.Наранбаатар мөн хуульчид "Хаан" банк болон шүүгч нартай холбогдолтой ноцтой баримт дэлгэлээ. Сэтгүүлч М.Наранбаатар мэдээллийн эхэнд “Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг олон нийтийн анхаалд оруулсан. Шүүгчийн талаар сайн муу олон мэдээлэл гардаг. Одоо шүүхийн байгууллагатай холбоотой нэгэн ноцтой баримт дэлгэе. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ХААН банктай холбоотой мэдээлэл нэг ноцтой мэдээлэл ил боллоо. Дээд шүүхэд явуулсан нэг бичиг байна” гэв.

Тус баримт нь: 

"Монгол улсын дээд шүүх иргэний хэргийн танхим тэргүүн танаа

Орон нутгийн шүүх ажилтнуудаас ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзээд шүүхийн ерөнхий зөвлөлөөс хаан банктай хамтран бүх шатны шүүгч ажилтнуудынхаа нийгмийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор тэдэнд санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх уян хатан нөхцөлөөр зээл олгох орон сууц худалдан авахад нь зориулж хөнгөлттэй нөхцөлөөр зээл авах болсноор харилцан тохиролцож хамтран ажиллах болсноос хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүхийн бүх ажилтнуудад хөнгөлттэй нөхцөлөөр орон сууц хашаа байшин худалдан авахад нь зориулж хаан банкнаас 174 шүүхийн ажилтанд зээлийг олгож тэдний ахуй амьдралд нь хувь нэмэр оруулжээ. Хаан банк нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрх ажлуудыг зөвхөн шүүхийн байгууллагатай хамтран зохион байгуулан үзүүлж байгаа бөгөөд манай хоёр байгууллагын энэхүү үйл ажиллагаа харилцан үр дүнтэй эрчимтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашдаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлж нөөц боломжийг ашиглаж чадна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Эрхэм шүүгч танд энэ өөдрөг сайхан эрхэм үйлсийг дуулгахын ялдамд манай банктай холбоотой орон нутгийн шүүхийн байгууллагын шийдвэрлэсэн иргэний хэргийн хууль бус шийдвэртэй холбоотой асуудлаар хандаж байгаад хүлцэл өчье.

Иймд эрхэм шүүгч таныг энэхүү хэргийг тусгайлан авч үзэж хэргийг бүрэн бодитой тал бүрээс шинжлэн авч үзсэний үндсэн дээрээс хэргийн нотлох баримтыг зөв дүгнэн үнэн шударга гаргаж өгч туслахыг хичээнгүйлэн хүсье" гэсэн хүсэлт бүхий баримт ил боллоо. Хуульчдын судалснаар 2013-2014 он хүртэлх нэг жилийн хугацаанд "Хаан" банктай холбоотой 34 хэргийг 100 хувь хаан банкны талд шийдэгдсэн байсан нь мэдэгджээ. 2008 оны байдлаар 174 шүүгчид 3,5 тэрбум төгрөгийн уян хатан нөхцөлтэй зээлийг сарын 1 хувийн хүүтэй олгосон гэх баримтыг тэд дурдлаа.  Энэ нь  шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байгаагаа хуульчид илэрхийлэв.  Бичлэгийг энд дарж үзнэ үү 

Б.Ариунсан Оюутолгойг татвараас бултуулсан уу

Уржигдар шөнө АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж дөрвөн хүнийг баривчилсан. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, н.Амарбат нарыг баривчилсан юм.

н.Амарбатыг Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсных нь хувьд Жастын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан шалгахаар баривчилсан бол бусдыг нь Оюутолгойн гэрээтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулан хорьсон гэж АТГ-аас албан ёсоор мэдэгдсэн билээ. 

С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг Рио Тинтогийн талд ашигтайгаар байгуулж түүнийхээ хөлсөнд их хэмжээний мөнгийг авсан гэх хардлага олон нийтэд байдаг. Цаашилбал Рио Тинтогоос хахууль хэлбэрээр авсан мөнгөө оффшор дансандаа хадгалж байгаад баригдсан гэж харддаг билээ. Түүний дансанд 10 сая доллар шилжин орсон талаарх мэдээллийг Ройтерс агентлаг хамгийн сүүлд мэдээллэсэн. Тэр бүү хэл түүний 1.85 сая долларын үлдэгдэлтэй дансыг Швейцарийн прокуророос царцаасан гэдэг. Харин энэ талаар С.Баярцогт 11 хоногийн өмнө мэдээлэл хийж “Би бизнес хийхийн тулд Монголын нэгэн бизнесмэнээс 10 сая долларыг зээлээд эргүүлэн өгсөн. Би Рио Тинтогоос хахууль аваагүй. Оюутолгойн гэрээ авлигагүй, шударга гэрээ болсон” гэж мэдэгдсэн билээ.

Ингэж хэлээд шүлс нь ч хатаагүй байхад түүнийг ийнхүү баривчиллаа.

Харин “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг Дубайн гэрээг Монголд ашиггүйгээр хийсэн гэх үндэслэлээр баривчилсан нь тодорхой. Түүний хувьд “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамт Дубайд очин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын гэрээнд гарын үсгээ зурсан юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тухайн үед “2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон байгаа. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн хуучин 53 хувь, “Рио тинто”-гийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичгэн дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн” гэж мэдэгдсэн билээ.

Харин зарим улс төрчид уг гэрээний талаар ярихдаа "Хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын зурсан" гэдэг билээ.

Ямартай ч Б.Бямбасайханыг шалгах үндэслэл нь энэ болж. Түүнтэй хамт Ч.Сайханбилэгийг шалгах бөгөөд түүнийг АТГ-аас дуудан бичиг хүргүүлжээ. Хэрвээ ирэхгүй бол интерполоор эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдээд байна.

Б.Ариунсан Оюутолгойг татвараас бултуулсан уу

Харин Б.Ариунсаныг тэс хөндлөн нэгэн гэж хүмүүс ярьж буй. Учир нь түүний нэрийг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд дурдагдаж байсныг монголчууд мэдэхгүй.

Тэгвэл эх сурвалжуудын хэлж буйгаар тэрбээр Дубайн гэрээнд холбоотой гэнэ. Б.Ариунсаны хувьд Говь-алтай аймгийнх. Н.Алтанхуягийн хүн гэгдэх бөгөөд Алтангадасын аль эртний гишүүн гэнэ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход нь Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон билээ.

Оюутолгойн гэрээг анх зурагдаж байхад Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байжээ. Харин тус яамны сайдаар нь Д.Зоригт ажиллаж байсан юм. Д.Зоригтын хувьд ч мөн С.Баярцогттой адил шалгагдах ёстой хүмүүсийн нэг. Яагаад С.Баяр, Д.Зоригт нарыг шалгахгүйгээр ганцхан С.Баярцогтыг шалгаад байна вэ гэдэг нь өөрөө асуулт юм. С.Баяр, Д.Зоригт нар ч мөн Оюутолгойн гэрээг байгуулцаж, гарын үсэг зурсан гэдгийг бид мэднэ.

Харин Б.Ариунсаны хувьд гарын үсэг зураагүй ч гэрээг сайн мэдэх, гар бие оролцсон хүн юм.

Хожим Дубайн гэрээ байгуулах үед тэрбээр Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. Н.Алтанхуягийг огцорсны дараа Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг багаа бүрдүүлэх үедээ 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын даргаас чөлөөлөөд Татварын ерөнхий газрын дарга болгосон байдаг. Тухайн үед  Оюутолгойн гэрээний үед нэг танхимд багтаж, бас Алтангадас хэмээх нэг фракцад байсан С.Баярцогт л түүнийг Татварын ерөнхий газрын даргаар томиллоо гэж олон нийт ярьж байв. Үүнээс гадна Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болохоос өмнө сөхөгдөж байсан Оюутолгойн 100 гаруй сая долларын татварын өрийн асуудал түүнийг томилогдсоноос хойш нам дарагдсан гэдэг. Тодруулбал, 100 гаруй сая доллараас буусаар 30 сая долларын өр болсон ч Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болсны дараа чимээ сураггүй болсон хэмээн зарим улс төрчид тухайн үедээ шүүмжилж байв. Энэ хэрэг нь өнөөдөр түүнийг АТГ-д шалгагдах үндэслэл болсон байж мэдэх юм. 

Б.Ариунсангийн намтарыг хүргэвэл инженер геологич, эдийн засагч мэргэжилтэй, доктор (Ph). 1981-1997 онд Барилгын зургийн төв институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженер, ГХ хэлтсийн дарга, ерөнхий захирал, 1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт Газрын дарга, 2004-2008 онд УТЕГ-т дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-ны дэд сайд, 2012-2013 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2013-2014 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэл Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 14 настай хүүхэд мансуурсан байсныг илрүүлжээ

Таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж яваа, хичээл нь хэдэн цагт тараад гэртээ хэзээ ирдгийг мэдэх үү?

Өнгөрөгч шөнө 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд, залуус ахуйн хэрэглээний газ үнэрлэн, мансуурч байсныг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тус дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй А, Э, 18 настай Г болон Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй О нар нь эзэнгүй хашаанд мансуурсан байдалтай байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, тэдний үйлдлийг таслан зогсоожээ.

Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948 гэмт хэрэг байгаа нь нийт гэмт хэргийн 2.9 хувийг, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг тус тус эзэлж байна. Хүүхдүүд эрх зүйн мэдлэг, мэдээлэл хангалтгүйн улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирох явдал байсаар байгаа нь дээрх тоон үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Иймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор нэг сарын хугацаатай “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн.

Эцэг, эхчүүд та бүхэн ч өсвөр насны болоод оюутан хүүхдүүдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлээрэй.

М.Энхсайхан Улсын ерөнхий прокурорт захидал бичжээ

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсаас Шведэд суугаа Элчин сайд М.Энхсайхан АТГ-т ирж гэрчийн мэдүүлэг өгсөн билээ. Тэрбээр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж ил захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Танаа Юуны өмнө хууль сахиулах байгууллагууд, ажилтнууд улс төрийн хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу хэсэг бүлэг хүмүүс тэднийг улс төрийн өрсөлдөгчөө "намнах" хэрэгсэл болгочихвий гэсэн битүүхэн болгоомжлолтой явдагаа хэлэхийг хүсч байна. Ийм болгоомжлол төрүүлэхүйц үйл явдал өнгөрсөн долоо хоногт надтай тохиосон юм. Болсон явдлыг ил захидал хэлбэрээр бичих нь нийтийн эрх ашгийг урьтал болгож олон нийтэд бодит мэдээлэл хүргэх гэсэн хэрэг юм. Үйл явдлыг зураглая. Миний бие Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд бөгөөд надад эрүүгийн 1ХХХХХХХ2 дугаартай хэрэгт АТГ-ын байран дээр 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ирж гэрчийн байцаалт өгөхийг Нийслэлийн прокурор Гадаад Харилцааны яамаар дамжуулж өгсөн юм. 

Гадаад харилцааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу АТГ-ын байцаагчтай утсаар холбогдож цаг хугацаанд нь очихоо мэдэгдсэн. Гэрчийн мэдүүлэг авах мэдэгдэх хуудсанд 3 дугаар сарын 14-нд прокурор гарын үсэг зурсан байдаг. Гэтэл үүнээс 9 хоногийн өмнө 3 дугаар сарын 5-наас эхэлж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “АТГ элчин сайдыг 7 долоо хоногийн хугацаанд ирэхийг шаардав”, “Элчин сайд дуудсан цаг хугацаанд ирсэнгүй” гэх зэргээр зохион байгуулалттай худал мэдээллүүд цацагдсан. Энэ нь авилгатай тэмцэх үүрэг бүхий төрийн байгууллага нь элчин сайдыг дуудаад тэр нь ирэхгүй хүчин мөхөсдөж буй мэт, гадаад бодлогыг хэрэгжүүлж байгаа ГХЯ, элчин сайдууд нь Монгол улсын хуулиас гадуур ажилладаг мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер нь АТГ болон ГХЯ-ны нэр хүндэд хортой, угтаа Монгол төрийн нэр хүндийг гутаах бодлого гэж харагдаж байна. 

Элчин сайдууд ажлаа зохицуулж хуулийн байгууллагын ажилд дэм үзүүлэх нь ойлгомжтой боловч элчин сайдыг гэрчээр дуудах прокурорын мэдэгдэл нь энэ асуудлаархи илт хоосон улс төржсөн худал мэдээллийн дараа гарч байгаа нь Хууль хяналтын байгууллагыг улс төржилтөд санаатай ашиглах, эсхүл тэдгээр нь улс төржилтөд санамсаргүй ашиглагдах ажлын арга барилын алдаатай нөхцөл бий болсон байж магадгүй сэтгэгдэл төрүүлж байна. Миний бие АТГ-т мэдүүлэг өгөх явцдаа тодруулга авах бүх асуудлаар хариултыг өгсөн болно. Нэгэнт бүх асуудлаар хариултыг өгсөн тул урьдчилан төлөвлөсний дагуу Швед улс руу 3 дугаар сарын 29-ний өдөр нисэх гэж буйгаа мэдэгдэж, байцаагч нартай ойлголцсон болно. Гэтэл нийслэлийн прокурор Д.Ширэндэв нь буцах нислэгтэй өдөр давхцуулан АТГ дээр дахин гэрчийн байцаалт авах мэдэгдэл ирүүлэв. Нислэгээ гурав хоногоор хойшлуулж дурдсан цагт нь АТГ дээр ирсэн боловч уулзах учрах хүн гарсангүй. 

Тиймээс байцаагчид утсаар мэдэгдэж АТГ-ын жижүүрт ирсэн цаг, регистрийн дугаараа тэмдэглүүлсэн болно. Нийслэлийн прокурор Д.Ширэндэвийн мэдэгдэх хуудас нь хэрэг мөрдөн байцаах үүрэг бүхий АТГ-тайгаа уялдаа холбоогүй хийгдэж байгаагаас харахад уг шийдвэрт улс төрийн нөлөөлөл орсон юм боловуу гэсэн миний болгоомжлолыг лавшруулав. Ер нь нь АНУ, Англи, Европын зарим орнуудад суугаа элчин сайдуудтай холбоотой элдэв хоосон улс төржилт нь хувь хүмүүс, намуудын зөрчил мэт харагдавч үнэндээ Монгол Улсаас гуравдагч хөрш гэж нэрлэгддэг Олон улсын хамтын нийгэмлэгтэй тогтоосон олон талт харилцааны түвшинг алдагдуулах, харилцан итгэлцлийг бууруулах бодлого гэж ойлгогдож, Монгол Улсын эрх ашигт хортой үр дагавар дагуулах аюултай. 

Өөрт тохиолдсон явдлаас харахад АТГ өөрт ногдсон үүрэгт ажлаа хийх гэж эрмэлздэг, харин тэднийг дээрээс нь улс төржүүлэх гэж оролдоод байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөв. Ийм нөхцөлд авилгатай хийх тэмцэл үр дүн муутай байх нь ойлгомжтой. Ерөнхий прокурор Таныг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу прокурорууд нь хараат бус, бодит байх, төрийн бусад байгууллагынхаа ажилд саад учруулахгүй зохицож ажилладаг байх, хуулиар олгосон эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахгүй байх нөхцлийг бий болгох талаар нэмэлт арга хэмжээ авч ажиллахыг хүсье.

Таныг хүндэтгэсэн, Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын элчин сайд М.Энхсайхан 2018 оны 4 дүгээр сарын 3"

Дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ шилжүүлнэ

Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. Гадаад паспортын үйлчилгээг Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар гэсэн зургаан дүүрэгт үзүүлэх аж. Иргэд гадаад пасторт захиалахын тулд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ханддаг байсан бол дүүрэгтээ ханддаг болох зохицуулалт хийгдэх юм байна.

Иргэд гадаад паспорт захиалах гэж хэдэн өдөр дугаарлаж байж төрийн үйлчилгээ авдаг гэж хэлж болно. Өдөрт 400 гаруй шинэ гадаад паспорт хэвлэдэг, дунджаар өдөрт 800 гаруй үйлчлүүлдэг гэх статистик бий. Гадаад паспорт яаралтайгаар захиалахад заавал төв дээр нь очиж захиалдаг. Харин ажлын 10 хоногт захиалах юм бол нэг цэгийн нэгдсэн үйлчилгээний газар захиалж болдог юм билээ. Тэгвэл дээрх төвийн ачаалалыг бууруулах зорилготойгоор гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болжээ. 

Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг түр хугацаанд хориглолоо

Хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай Онцгой комиссын 2018 оны 03 тоот албан даалгавар гарлаа.

Уг даалгаврын хүрээнд нийслэлийн ногоон бүсэд зорчихыг түр хугацаанд хориглож байгаа бөгөөд дүүргийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон хороодод ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах юм.

Сүүлийн өдрүүдэд Онцгой байдлын албанд ирүүлж буй дуудлагын ихэнхийг хог шатааж байгаа дуудлагууд эзэлж байгаа учраас ойн сан бүхий зуслангийн амуудын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудаас гарч байгаа хог хаягдлыг цэвэрлэн, тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.

Хөвсгөлд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн түймэр гарчээ. Тодруулбал, тус сумын Бийж багийн “Доод тэгш булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/  ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 16:10 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 45 иргэн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Төрийн банкнаас 51.5 тэрбумыг нэхэмжилсэн Эдуард Сүрэнгийн шүүх хурал хойшиллоо

"Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал  өглөө 09:00 цагт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч түр хойшлуулах шийдвэр гаргасан байна. Уг хэрэгт холбогдсон “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ өмгөөлөгчөөр дамжуулж гаргасан тул шүүх хурлыг ийнхүү хойшлуулжээ.  Шүүх хуралд Төрийн банкнаас 51.5 нэхэмжилж буй Эдуард Сүрэнгийн бие төлөөлөгч ирсэн бол хариуцагч талаас Төрийн банкны захирал Д.Баярсайхан ирсэн байна.

Г.Орхон: С.Баярцогтыг 30 хоног цагдан хорьж, шалгах нь зүйтэй гэсэн саналыг хүлээн зөвшөөрөхгүй

Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, Эдийн засагч Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих уу, гадуур батлан даалтад гаргах уу гэдгийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай болж шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхээс С.Баярцогтыг 30 хоног хорих шийдвэрийг гаргажээ. Ингэснээр С.Баярцогтыг яллагдагчаар татсан гэсэн үг юм. Шүүх хуралд С.Баярцогт өөрийн биеэр суугаагүй бөгөөд онлайнаар хуралд оролцсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.  Мөн шүүх хуралд оролцсон Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг яллагдагчаар татаж, нэг сар хорих шийдвэр гаргасан байна. 

Шүүх хурлын шийдвэрийн талаар С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон "Манай үйлчлүүлэгч С.Баярцогтыг 2018 оны 4-р сарын 1-ний өдөр АТГ-аас гэрчээр байцаалт мэдүүлэг авъя гэж дуудсан. Тэр үед буюу мэдүүлэг авсан өдрөө сэжигтнээр баривчилсан. Харин өчигдөр яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Одоогоор бол Эрүүгийн хуулийн 2-р зүйлийн 3, 22-ын 1.3 гэсэн зохион байгуулалттай бүлэглэлд оролцсон, албан тушаал эрх мэдэлээ урвуулан ашигласан гэсэн хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Өнөөдрийн хувьд бол прокурорын зүгээс С.Баярцогт гэдэг хүнийг нэмж 30 хоног цагдан хорьж шалгах нь зүйтэй гэсэн саналыг өгсөн. Үүнтэй бол бид санал нийлэхгүй байсан учир зөвшөөрөөгүй. Харамсалтай нь шүүх хурал цагдан хорих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Хүний үндсэн эрх болох халдашгүй чөлөөтэй байх энэ эрхийг Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн заасан тодорхой үндэслэлүүдээр хязгаарладаг байх ёстой. С.Баярцогт гэдэг хүн бол эхнээсээ энэ асуудал дээр АНУ-д сурч байхдаа ямар нэг байдлаар хууль хяналтын байгууллагаас зугатаахгүй, зайлс хийхгүй гэж байсан. Тиймдээ ч албан тушаалгүй байхдаа шалгуулъя гэсэндээ өөрөө хүрч ирээд хамтарч ажиллаад өнгөрөгч амралтын өдөр дуудахад нь өөрөө очиж шалгуулсан. Өөрөөр хэлбэл энэ хүн оргон зугатах гэсэн, хамтарч ажиллахгүй гэж байхад заавал энэ хүнийг хорьж шалгана гэдэг үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа учир үүнд гомдолтой байна" гэсэн тайлбар өгөв. 

Хилээр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэхийг завджээ

ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хамтран хэрэгжүүлж буй “Хил-2018” арга хэмжээний хүрээнд Буянт-Ухаа дахь гаалийн газарт тусгай ажиллагаа зохион байгуулсан байна. Энэ үеэр олон улсын ирэх чиглэлийн долоон нислэгийн 428 зорчигчид үзлэг шалгалт хийжээ.  Гаалийн хяналт, шалгалт болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд 2017 онд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 12 холбогдогчтой, 9 удаагийн үйлдэлд холбогдох 206.23 грамм “мөс” буюу метамфетамин, 200 ширхэг ЛСД, шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис/кетамины агууламжтай/ 39,1 гр, Анданте 112 капсулыг илрүүлэн хурааж, харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Ц.Дуламсүрэн: Тусгай зөвшөөрөлгүйгээр газар ухсан хүнийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн төрөл гэдгийг хүмүүс мэднэ

Зайсан толгойн зүүн энгэрийг хүчтэй техникээр ухаж сүйтгэж, сэндийлж эхэлсэн талаар манай сайт өмнө нь мэдээлэл хүргэж байсан билээ. Нийслэлийнхний чөлөөт цагаа өнгөрөөдөг, жуулчдын очих дуртай газруудын нэг болсон тус газрын зүүн энгэрт өнгөрсөн сарын 21-нээс эхлэн төмөр хашаа барьж, ямар ч зөвшөөрөлгүйгээр ухаж эхэлснийг холбогдох яам болон хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн байна. Тухайлбал, уг энгэрийг Л.Гүндалайн үеэл дүү О.Одсүрэн ухуулж байгаа аж.  Энэ талаар  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс тодруулахад  “ Хязгаарлалтын бүст ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар тухайн газрыг эзэмших тохиолдол цөөнгүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд иргэн О.Одсүрэн ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр Богдхан уулын дархан цаазат газрын зүүн энгэрт газар шорооны ажил хийсэн. Тухайн хүнийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн төрөл гэдгийг хүмүүс мэднэ. Улсын байцаагч удаа дараа үйл ажиллагаагаа зогсоохыг сануулж, эсэргүүцсэн боловч шаардлагыг хүлээн аваагүй. Зөрчлийн тухай хуулийн дагуу прокурорын дүгнэлт гарч шаардлага хүргүүлсэн хэдий ч энэ долоо хоногт шөнийн цагаар дахиад л ухаж эхэлсэн. Энэ нөхцөлд хяналт тавихаар цагдаа нарыг дууддаг ч ирдэггүй, ирсэн ч тухайн хүмүүст арга хэмжээ тооцож чаддаггүй. Харин энэ удаа сайдын тушаал гарсан нь том дэвшил боллоо. Тиймээс бид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох болно” хэмээн хэллээ. 

"Crocus", "One event hall"-д тоглолт хийхийг хоригложээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Crocus", "One event hall", Нийслэлийн Соёл урлагийн газар, Бөхийн өргөө, Мишээл Экспо гэсэн газруудад тоглолт болон урлаг соёлын үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж албан бичиг хүргүүлсэн байна. Дээрх газрууд нь  шалгалтаар шаардлага хангаагүй хэмээн НМХГ үзэж ийнхүү дүгнэлт гаргасан байна. Мөн дээрх газарт тоглолт хийхийг хориглосон байна. 

Тухайлбал, үзвэр үйлчилгээ үзүүлэх танхим нь зураглалын дагуу бус, Галын аюулгүй байдлыг хангаагүй, Техникийн шаардлага хангаагүй, барилга байгууламжийн хийцний хувьд эзлэхүүн нь иргэдэд аюулгүй бус, Хөдөлмөр Хамгааллын аюулгүй байдлын стандартыг хангаагүй, Дотоод хяналтын шаардлага хангаагүй гэх зэрэг зөрчлүүдээс үүдэн тус газруудад мэдэгдэл хүргүүлжээ. Энэхүү зөрчлүүдийг арилгаагүй тохиолдолд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. 

Дашрамд дуулгахад өнгөрсөн гуравдугаар сард “Хурд” хамтлагийнхан тус төвд тоглолтоо хийсэн бөгөөд дуу чимээний доргилтоос үүдэж тус төвийн гипсэн тааз нурж унасаны улмаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Тиймээс зориулалтын бус байранд урлагийн тоглолт хийхгүй байх шаардлагыг ийнхүү хүргүүлсэн байна.

Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Н.Мөнхжаргалыг саатууллаа

Дөрөвдүгээр сарын 01-нд АТГ-аас  Дубайн гэрээтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт,  'Эрдэнэс Монгол' ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан   Н.Ариунсан нарын хүмүүсийг саатуулан шалгаж байгаа юм. Мөн Дубайн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд прокурорын дуудах хуудсыг хүргүүлээд байгаа. Түүнийг  Монгол Улсад ирсэн даруйд нь дуудаж байцаалт авч, яллагдагчаар татна хэмээн албаны хүн мэдээлэл өгсөн. Мөн эдгээр хүмүүстэй хамт “Стандарт” банкнаас зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан хэрэгтэй холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг баривчилаад байгаа. АТГ-ын баривчилгаа үргэлжилж өчигдөр дахин нэг хүнийг баривчилжээ. Тодруулбал ,АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсанн н.Мөнхжаргалыг өчигдөр саатуулсан байна.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан байна. 

ОУВС-аас 30.55 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталлаа. ОУВС-гаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийнөсөлтнэмэгдэж, төсөв,  гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэсэн юм.

Үүний үр дүнд манай улсад 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ.  Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрэв.

Түүнчлэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт Монгол улсад хийгдсэн бол2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаагаас ийнхүү эхний 30.55 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ.  

Эх сурвалж: Монголбанк

З.Нарантуяа: Гадаад өр 7 тэрбум 317 сая доллар боллоо 

Манай улсын гадаад өр тулгамдсан асуудал болоод буй талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр " Монгол улсын тулгамдсан асуудлын нэг яах аргагүй гадаад өр зээлийн асуудал болжээ. Гадаад өр одоо хангалттай. Үүнээс цааш гадаад өр нэмэгдвэл үндэсний аюулгүй байдлын асуудал яригдахад хүрнэ. Өнөөдөр манай улсын Зсгийн газрын гадаад өр ДНБ-ий 74.4 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн 2017 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 4 тэрбум 269 сая ам.долларын гадаад өр байсан бол өнөөдөр 7 тэрбум 317 сая ам.доллар болсон байна. Иймд өрийн асуудал дээр анхаарах шаардлагатай гэдгийг онцлох нь зүйтэй болов уу" гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард
Улс оронд өөнөөн хохтрол учруулсан хүмүүсийг ан өмгөөлж хамгаална гэж юу гэж бгаан..хуулийн дагуу шийтгэ хариуцлага хүлээ улс орныг хохиролгүй болго
2018/04/04 103.57.94.41
  • Recent
  • Most Read
  • Most Comment