8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 200 гаруй мянган хүүхдэд олгохоор болж, 15-39 насныхан В, С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамрагдахаар болсон өдөр

2018-04-04 18:45:00

Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Ч.Сайханбилэгийн захидал: Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас яаралтай дуудсан. Түүнийг дуудаж Оюутолгойн холбоотой баримт бичгийн талаар байцаалт авна гэж буй. Хэрвээ дуудсан цагт ирэхгүй бол интерполоор эрэн сурвалжилна, албадан ирүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Лондонгоос захидал бичжээ. АТГ-ын дарга, мөн Улсын ерөнхий прокурорт хандан бичсэн түүний захидлыг бүрэн эрхээр нь нийтэлж байна.  

   Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан,  

    Авилгатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нар Танаа

Миний бие Чимэд овогтой Сайханбилэгийн гэрийн хаягаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.

Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр намайг оргон зайлсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай мэтээр илтэд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү ил захидлыг явуулж байна.

Монгол Улсын нэн шинэ түүхийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хариуцлагатай өндөр албан тушаалыг ердөө 30 хүн хашсан байдаг бөгөөд тэдгээрээс одоо 14 нь амьд сэрүүн байна. Түүхийн гашуун үе, хэлмэгдүүлэлт, хилс хэрэг, ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдаар ажиллаж байсан  таван эрхэм харийн нутагт амиа тавьж байсан тэр түүх мартагдаагүй байна. Тэдний хэн нь ч хүслээрээ харьд очоогүй. Хэн нь ч эх орноосоо оргон зайлж байсангүй. Ерөнхий сайдын сэнтийд суусан хэн ч Монгол төр, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга.

Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно.

Хүндэтгэсэн, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Чимэд овогтой Сайханбилэг.

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Шуурхай: Хүүхдийн мөнгийг 200 гаруй мянган хүүхдэд олгохоор боллоо

Хуваарийн дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаанаар хүүхдийн мөнгийг нэмж 200 мянган хүүхдэд олгох шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэр 2018 оны 04 сарын 01-ээс хэрэгжиж эхлэхээр болсон байна. Ингэснээр 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн тэтгэмжээ авна.

С.Баяр, Д.Зоригтыг ч бас саатуулъя

Оюутолгойн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Сангийн сайд асан С.Баярцогтыг АТГ-аас саатуулан хориод байна. Түүнтэй хамт АН-ын хоёр ч гишүүнийг баривчилсан юм.

Өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардчилсан намын угшилтай гэгдэх гурван хүнийг Авлигатай тэмцэх газраас баривчилсан байна. УИХ-ын 2009 оны 57-р тогтоолоор Оюутолгойн гэрээг хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ, С.Баярын Засгийн газар баталсан юм. С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ажлын хэсгийг тухайн үеийн Эрдэс баялгийн сайд С.Зоригт ахалж байсан. Тэгэхээр гол холбогдож байгаа асуудалтай хүмүүсээ шалгахгүйгээр Ардчилсан намтай холбоотой гурван хүнийг баривчилж байгааг улс төрийн захиалгат шалтгаан байна уу гэж болгоомжилж байгаа. Ажлын хэсэгтэй холбоотой хүмүүсийг шалгахгүйгээр намаар нь ялгаврлаж байгаа нь улс төрийн шинж, агуулга байна уу гэсэн болгоомжлол байгааг Ардчилсан намын бүлэг илэрхийлж байна” мэдэгдсэн.

ҮнэхээрРио Тинтогоос их хэмжээний хахууль авч тэдний талд ажилласан буруутанг ирээд байгаа бол ганц С.Баярцогт бус тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарыг ч мөн шалгах ёстой.

Гэтэл яагаад ганц С.Баярцогтыг хорив гэдэг нь анхаарал татсан асуулт болоод байна.  

АТГ-аас С.Баярыг дуудан байцаасан болоод өнгөрсөн. Харин Д.Зоригт саяханы нэг өдөр Төрийн ордноо кофе уун сууж байсан. Тэрбээр Монголд буй бөгөөд түүнийг яагаад дуудаж шалгахгүй байна вэ.

Оюутолгойн орд ашиглах гэрээнд гарын үсэг зурах ажлын хэсгийг Д.Зоригт ахалж байсан. Гэрээний зүйл заалтуудыг боловсруулахад ч тэр оролцсон.

С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээ эрсдэлгүй, ашигтай, авлигагүй гэрээ болсныг өөрөөрөө батална гэж хэлсэн. Тэгвэл Д.Зоригт ч мөн үүнийг батлах ёстой.

Нэг УИХ-д ажиллаж Оюутолгойн гэрээнд гарын үсэг зураад Монголын улстөрөөс алгуурхан алга болсон Д.Зоригт сүүлд нь Ерөнхий сайд асан Сү. Батболдтой сүрхий сүжрэх болж Сү.Батболдын “Е март”-ын ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа сураг дуулддаг байсан. 

Гэтэл байцаалт ч авахгүй байгаа нь АН-ынханыг намнах эрх баригчдын өнцөг, улс төрийн өшөө авалт шиг харагдаж байна. 

"Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдын оронд Б.Ганхуяг томилогджээ

"Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр ажлаа өгсөн гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал 2016 онд "Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон тэрбээр ийнхүү ажлаа хүлээлгэнэ өгсөн байна. Д.Ариунболд нь 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар томилогдоод байсан юм. Түүний оронд тус компанид Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг томилжээ.  Б.Ганхуяг гэж хэн бэ?. Тэрбээр эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. 

Түүний ажлын туршлагыг сонирхуулбал: 1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан 2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх 2007-2013 онд 'Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын 'Таван толгой”, 'Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга 2009-2011 онд 'Эрдэнэс Таван Толгой' Ажлын хэсэг /төсөл/-ийн дарга 2011-2012 онд 'Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх 2016 оны есдүгээр сараас 'Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. 

Буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг ЗЦГ-аас зөвлөж байна

Автомашины дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчилсөн тухай мэдээлэл холбоотойгоор  Замын цагдаагийн газраас албан мэдээлэл хүргүүллээ. Тодруулбал, Нийслэл хотод энэ сарын 15-наас аравдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан аж. Иймд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Тодруулбал дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх төлөвлөгөөг гаргаж иргэдээс санал асуулга авч байгаа. 

Тиймээс замын оролцож байгаа автомашинуудын дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчилсөн зүйл байхгүй. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй.  Иймд иргэд буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг ЗЦГ-аас зөвлөж байна. 

ГХЯ: АНУ-ын Н-2 виз мэдүүлэх эрх нээгдсэн

Өнөөдөр Гадаад харилцааны яамнаас “Дөрөвдүгээр сарын 1-нээс АНУ-ын Н-2 виз мэдүүлэх эрх нээгдсэн талаар мэдээллээ. Энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласнаар Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон.

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг байна. Энэхүү визтэй холбоотой мэдээллийг Consul.mn сайтын “Хөдөлмөрийн виз” гэсэн хэсэгт байршуулжээ.

НӨАТ-ын баримт олгоогүй бол 1,5 сая хүртэл төгрөгийн торгууль хүлээнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай аймгийн Засаг даргын А/02 тоот албан даалгавар гарсан. Үүний дагуу Баянхонгор аймгийн хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн системд иргэд, худалдан авагч, үйлчлүүлэгчдэд шаардлага хангасан төлбөрийн баримт олгох ажлыг эрчимжүүлэх ажлыг холбогдох газруудад үүрэг болгоод байна.

Тухайлбал, аймгийн МХГ, ХЭАХН-ийн Баянхонгор аймаг дахь салбар, Цагдаагийн газар, Татварын хэлтэст Татварын ерөнхий хуулийн 16.1.8-д заасан “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчилтэй иргэн, хуулийн этгээдэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу өнгөрөгч сарын сүүлээр нийтийн хоол, рестораны чиглэлээр Баянхонгор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 29 ААН-ийн үйл ажиллагаанд  дээрх байгууллагын мэргэжилтнүүд хамтарсан шалгалтыг хийлээ.

Тус ажлын хэсэг шалгалтын эхний өдөр 20 гаруй ААН-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийхэд долоон аж ахуйн нэгж хуулийн хүрээнд үйлчлүүлэгчид Е-баримтыг зохих журмын дагуу хэвлэн олгож байсан бол 13 ААН иргэдэд Е-Баримт өгөөгүй байв. Тиймээс дээрх ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хурааж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоосон юм.

Харин шалгалтын хоёр дахь өдөр Буян,  Сөүл, Наммон ресторан, Оргил бар, Аялгуу караоке, есдүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Баянбүрд зоогийн газар, New star  зочид буудал болон Нэгдэлчин зочид буудлын Е-баримт олгож байгаа эсэхтэй танилцлаа.

Ажлын хэсэгт аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд ажиллав.

Буян ресторан нь хоёр салбартай. Хотын төвд буюу хуучнаар ахуйн үйлчилгээний төвийн барилгад үйл ажиллагаа явуулж буй салбарт НАӨТ-ын баримт хэвлэх пос машин ажиллаж байгаа боловч ажилтнууд баримтыг хэвлэх мэдлэг дутмаг, 72 цагт багтаан хэвлэсэн баримтын мэдээллийг Татварын хэлтэс рүү илгээх ёстой талаарх ойлголтгүй байлаа. Тус рестораны дунд захын урд байрлах салбар баримт хэвлэж өгдөггүй, баримтаа авахыг шаардсан үйлчлүүлэгчийг нөгөө салбараасаа очиж аваарай гэдэг тайлбарыг хийж явуулдаг байна. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэг аж ахуйн нэгжийн хоёр салбар байхаас үл хамаарч үйлчилгээний цэг тус бүрт Е-баримтыг хэвлэж олгох ёстой талаар тодорхой заажээ.

Буян ресторантай ижил зөрчил Аялгуу караокед мөн илэрсэн. Тус караокений эзэн өдрийн цагаар тавилгын дэлгүүртээ пос терминал машинаа ажиллуулаад оройн цагаар караокедоо оруулдаг байна. Тиймээс уг зөрчлийг арилгах хүртэл тусгай зөвшөөрлийг хурааж, үйл ажиллагааг түр зогсоолоо. 

Биднийг Оргил барт шалгалт хийх үеэр тус бар Татварын ерөнхий газраас пос терминал машин суурилуулах тусгай зөвшөөрөлтэй компаниар суурилуулалт хийлгэж байлаа. Анхлан Е-баримтыг хэвлэж, үйлчлүүлэгчдэд олгох төхөөрөмжийг 1,5 сая төгрөгөөр суурилуулж байсан тохиолдол байна. Гэхдээ одоо нэг иж бүрэн төхөөрөмжийг, программ хангамжийн хамтаар суурилуулахдаа 310 мянган төгрөгийн багцын үнийг санал болгож байна. Мөн гар утсан дээр суурилсан программ хангамжийг түүнээс хамаагүй бага зардлаар суулгаж өгдөг байна.

Нэгдэлчин зочид буудал, Сөүл рестораны хувьд е-баримтыг үйлчлүүлэгчдээ тогтмол хэвлэж өгч заншсан байна. Олгосон баримтын бүртгэлийг тусгай дэвтэрт хөтөлж, 72 цагийн дотор татварын хэлтэст мэдээллийг тогтмол явуулж хэвшжээ. Харин Наммон, Баянбүрд ресторан, New star зочид буудлууд пос машингүй, баримт өгдөггүй байна. Тиймээс уг зөрчлийг арилгах хүртэл тусгай зөвшөөрлийг нь түр хугацаанд хураалаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгөөр, ААН-ийг 1,5 сая төгрөгөөр торгохоор байгаа юм. Тиймээс иргэн, ААН аль болохоор дээрх торгуулийг төлөхгүй байя гэвэл хуулийн дагуу Е-баримтыг иргэдэд олгох ёстой юм.

Аймгийн Засаг даргын албан даалгавраар байгуулагдсан ажлын хэсэг дараагийн ээлжид хүнсний худалдаа эрхлэгчдийн НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдсон эсэх, иргэдэд татварын баримтыг хэвлэн өгч байгаа зэрэгт хяналт шалгалтыг хийх юм.

Е-баримтыг иргэд, үйлчлүүлэгч тогтмол шаардаж авах нь чухлаар тавигдаж байна. Ингэснээр татварын буцаан олголтод хамрагдаад зогсохгүй сугалааны азтан болох боломж бүрддэг. Баянхонгор аймагт 1500-16600 төгрөгийн баримтаараа нэг саяас дээш төгрөгийн азтан болсон дөрвөн тохиолдол байна. Цаашид сугалааны супер азтан төрөн гарах ч боломж бүрэн байгаа юм. Тиймээс иргэд, үйлчлүүлэгчид баримтаа тогтмол авах, бүртгүүлэх шаардлага байна.

Аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд цаашид НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдоогүй иргэн, хуулийн этгээдүүдийн судалгаа мэдээллийг гаргаж, НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбох ажлыг үр дүнтэй зохион байгуулж, Татварын хэлтсийн улсын байцаагч, хураагч нарт хуваарилан даалгах замаар биелэлтээр ажлын дүнд тооцдог болгож байна. Ингэсээр Баянхонгор аймгийн хэмжээнд НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдох иргэн, хуулийн этгээдийн тоо эрс нэмэгдэнэ гэж үзжээ.

Ард иргэдийн зүгээс төлбөрийн баримт олгоогүй болон стандартын шаардлага хангаагүй QR код бүхий баримтын талаарх санал гомдлыг Монгол Улсын Татварын ерөнхий газрын 1800-1288, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 7044-2249 дугаарын утсаар хүлээн авч байна.

Энэ хичээлийн жилийн амрах хуваарь

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам энэ хичээлийн жилийн амрах хуваарыг гаргажээ. Тухайлбал,  ЕБС-ын IV улирлын буюу зуны амралт 1-2 дугаар анги зургадугаар сарын 1-нээс, 3-5 дугаар ангийн сурагчдынх зургадугаар сарын 8-наас эхэлнэ. Харин 6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 15-наас эхлэн амрах хуваарь гарчээ. Зуны амралт эхлэх хугацаа хот, хөдөөд ялгаагүй аж. 

Н.Баатаржав: 1 нас 8 сартай хүүхдийг хүчиндэж байгаа хүнтэй "хүний эрх" гэж юу ярих юм бэ?

Цаазын ялыг сэргээх болон эрүүгийн хуулийн талаар Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржавтай ярилцлаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн. Мөн олон нийтээс  санал асуулга явуулна хэмээн мэдэгдээд байгаа. Хууль зүйн ухааны доктор, профессор хүний хувьд та Цаазын ялыг сэргээх тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Цаазын ялыг  сэргээх нь зөв гэж үздэг. Гэхдээ хязгаартай сэргээх ёстой. Бага насны хүүхэд буюу 14 нас хүрээгүй хүнийг хүчирхийлсэн тохиолдолд гэмт этгээдийг цаазлах ёстой. Цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагыг тууштай дэмжиж байгаа хүний нэг нь би. Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барина гэсэн. Хэлэлцэх хүртэл саад тулгарах байх. 

-Үндсэн хуулийн 10-р зүйлд заасны дагуу МУ Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх ёстой гэж заасан байдааг. Эргээд Цаазаар авах ялыг сэргээснээр олон улсад манай улсын нэр хүнд унах юм биш үү?

-Цаазаар авах ялыг хүчингүй болгох гол үндэс нь биш. Дэвшил мөн үү гэвэл мөн. Мэргэжлийн хуулиар бол олон юм ярина. Цаазаар авах ялаас татгалзах ёстой юу гэвэл татгалзах ёстой. Гэхдээ одоо цаг хугацаа нь болоогүй байна. Эрүүгийн нөхцөл байдлыг хар. Олон нийтийн шаардлагыг хар. Ийм байгаа учраас цаазаар авах ялыг сэргээх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ялангуяа бага насны хүүхдийг хүчиндсэн бол цаазаар авах нь зөв. Манай хойд хөрш хоёр жилийн өмнө цаазаар авах хүнийг тайган болгодог хуулийн заалттай байсан ш дээ.

-Цаазаар авахаасаа илүүтэй бүх насаар нь хорихоос илүү хүнд шийтгэл гэж байхгүй гэж хуулийн байгууллагын мэргэжилтэнүүд хэлдэг. Нөгөө талаасаа цаазаар авахад хүний эрхийн асуудал хөндөгдөж байна?

-Хэдэн хүнийг бүх насаар нь хорих юм бэ. Хэдий хэмжээний зардал гарч байна. Би үүнд санал нийлэхгүй байна. 1 нас 8 сартай хүүхдийг хүчиндэж байгаа хүн чинь хүн мөн үү гэдгийг эхлээд авч үзэх ёстой. Ийм хүнтэй хүний эрх гэж юу ярих юм бэ?

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ АМЬДРАЛААС ХОЛ ТАСАРХАЙ ХУУЛЬ. МОНГОЛ ОРОНД ХЭРЭГЖИХ ЯМАР Ч БОЛОЛЦООГҮЙ.

Манайх эрүүгийн маш муу хуультай болчихлоо. Үүнээс болоод гэмт хэрэг маш их гарах боллоо гэж зарим хуульчид ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Гэмт хэрэгтэй тэмцэх гол хуулийн нэг нь Эрүүгийн хууль. Гол гэмт хэрэгтэй тэмцэх Эрүүгийн хууль маань гэмт хэрэгтэй тэмцэх бус өөгшүүлсэн хууль болсон. Тэгэхээр энэ хуулийн талаар 2,3 санаа хэлье.

  1. Эрүүгийн хууль амьдралаас хол тасархай хууль болсон. Монгол оронд хэрэгжих ямар ч бололцоогүй хууль.
  2. Эрүүгийн хуулиас гэмт хэргийг зүйлчлэл гэдэг том шалгуурыг бараг хассан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн нарийн зүйлчлэлээр шийдвэрлэж байх ёстой.Тэр зүйлчлэл эрүүгийн хуульд байхгүй.  Гэмт хэргийн ангилал гэдэг юмыг эрүүгийн хуулиас аваад хаячихсан.
  3. Эрүүгийн хуулийг дагаж явдаг эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж байдаг. Үүнийг хууль гэж хэлэхэд ичмээр хууль болжээ. Ганцхан жишээ хэлэхэд одоо Монгол Улсын мөрдөн байцаах алба  юунд чиглэж байна вэ гэвэл тухайн хэрэг үйлдсэн хүнээ хэргийг нь хүлээлгэх л ёстой гэсэн зарчмаар явж байна. Тухайн иргэн хэргээ хүлээчихвэл хялбаршуулсан маягаар шийдэх юм гэнэ. Байцаан шийтгэх хуулинд ийм заалт орчихсон. Мөрдөн байцаалт явуулахгүй хэдхэн хоногийн дотор шийдээд хаячихна. Тодорхой жишээн дээр хэлэхэд С.Зоригийн хэргээр ял авсан хүмүүсээс харж болно. Хэрэг гарах үед 16 настай байсан хэдэн залуучуудыг яаж шийтгэж байна вэ. Гол хэрэгтэн гээд байгаа хүн нь хэргээ хүлээсэн бол шийтгэхэд бэлэн болно. Ийм байхад яаж гэмт хэрэгтэнтэй тэмцэх вэ.

Мөн эрүүгийн хуулинд албан тушаалтаны гэмт хэрэг гэж байсан том бүлгийг авлигалыг гэмт хэрэг болгоод толгой илсэн зүйл боллоо. Авлигалын гэмт хэрэг үйлдсэн байхад оноож байгаа ял дэндүү хөнгөн байна. Гэтэл гар утас хулгайлсан хүнд 10 жилийн хорих ял өгч байна. Өнөөдөр манай улсад ийм л хууль үйлчилж байна. Хэрэг мөртөлттэй холбоотой байцаан шийтгэх хуулинд хэргийг шалгаж байх хугацаанд хэргийг хаадаг ийм л хууль өнөөдөр үйлчилж байна.

-Авлига хээл хахуулийн хэргийг хэрхэн таслан зогсоох вэ?

-Авлига өгсөн авсан хүнийг хоёуланд хариуцлага хүлээлгэх ёстой. Эрүүгийн хуульд орсон том ноцтой зүйл бол хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэсэн юм орчихсон. Энэ битүү утгаараа хуулийн этгээдүүдийг хамгаална гэсэн үг. Өөрөөр хэлбэл авлига өгч байгаа гадаадын компаниудыг хамгаална гэсэн үг. Энэ бол маш том аюул. Яаралтай эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Мөн маай Зөрчлийн хууль бол маш муу хууль болсон. Хуучин хуулиасаа дордсон. Хулгайчдын толгойг илсэн, завшсан хууль боллоо. Зөрчлийн хууль ийм байгаагаас болж эрүүгийн хууль муудаж байна. Албан туштаалтаны гэмт хэрэгт хариуцлага тооцдог гол хууль нь эрүүгийн хууль. Гэтэл албан тушаалтанд оноох ял "ял төдий" байна. Би 47 жил эрүүгийн хуулийн хичээл зааж байгаа хүний хувьд ичиж байна. Эрүүгийн хуулийг бариад хичээл заах боломжгүй болсон. 

15-39 насныхан В, С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамрагдана

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг өнөөдрөөс эхлүүлж 15-39 насны иргэдийг элэгний В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна. Өнгөрсөн жил 40-65 насны 353 мянган иргэнийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамруулж В вирүсийн халдвартай 31 мянга 88 иргэн, С вирүсийн халдвартай 58 мянга 545 иргэнийг илрүүлж, 20 гаруй мянган иргэнд вирүсийн эсрэг эмчилгээг хийжээ. Хорт хавдар, элэгний хатуурал зэрэг өвчинг үүсгэж буй В, С вирүсийн халдварын илрүүлэг шинжилгээний эхний үе шатыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 16.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Харин энэ жил 15-39 насны 1.2 сая иргэнд В, С вирүсийн үзлэг шинжилгээ хийх юм. Өнөөдөр 11:00 цагт "Мишээл экспо" төвд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулж, мэргэжлийн эмч нар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment