С.Баярцогт, Б.Ариунсан нартай хамт саатуулагдсан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг өмгөөлсөн сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд багагүй бичигдэж байна.Бизнес эрхлэгч залуус нэгдэн улс төрчдийн буруутай үйл ажиллагаанаас болж түүнийг хэлмэгдүүлчихвий гэсэн болгоомжлол байгаагаа илэрхийлээд уриалга хүртэл гаргажээ.
Үнэхээр тийм. Б.Бямбасайхан бол Монголын өндөр боловсролтой, чадвартай залуусын нэг. Түүний боловсрол мэдлэг, даруу зан чанарт түүнийг таних хүмүүс тааламжтай ханддаг. Түүний “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлынхаа ажлыг хүлээлгэн өгч буй зургийг хараад “Ажлаа хүлээлгэн өгч чадахгүй тамга,тэмдгээ авч зугтдаг нөхөд энэ залуугаас үлгэр аваасай” гэж хүртэл шуугиж байв.
АТГ-т баригдсаных нь дараа түүнийг өндөр ёс зүйтэй, хулгай хийх хэмжээний этиктэй хүн гэж зарим хүмүүс хэлж байна. Монголчуудын ам сайтай байдаг энэ залуу яагаад хоригдох болов гэдэг нь өөрөө олны анхаарлыг татаж байна. Түүнийг Дубайн гэрээг монголчуудад ашиггүй хийсэн хэрэгт буруутгаж буй. Тодруулбал, 2015 оны 21-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр тэргүүлсэн ажлын хэсэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлаад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын гэрээнд гарын үсэг зураад ирж байв. Тийм ч учраас уг гэрээг өнөөдрийг хүртэл “Дубайн” гэрээ гэж нэрлээд байгаа юм.
Ч.Сайханбилэгийн хувьд уг гэрээг Монголчуудад ашигтай хийсэн гэж хэлсээр ирсэн.
Тэрбээр “2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцээрийн үеэр аль ч тал санал тавиагүй. Гагцхүү далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан.Мөн Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон” гэж байв.
Харин С.Ганбаатар, Г.Уянган, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн тэргүүтэй олон гишүүд уг гэрээний үр дүнд Монгол улс хохирно гэж хэлж байв. Тэд энэ төлөвлөгөө гэгч гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл 0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд тавигдах нөхцөл байдал үүсээд байна гэж байлаа.
Зөв ч, буруу ч өнөөдөр энэ гэрээг тойрсон асуудлыг АТГ-аас шалгаж эхэллээ. Олны анхаарлыг татаад буй Б.Бямбасайхан гэгч залуу уг гэрээтэй чухам ямар холбоотой вэ гэх асуултад хариулт эрье. Тэгвэл 2015 оны тавдугаар сард Монголын Засгийн газар, “Рио Тинто” групптэй "Оюутолгой-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан гэрээнд Монголын талаас “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гэрээнд гарын үсэг зурсан.
Б.Бямбасайханы хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “ЭЗЭН 100” хөтөлбөрийг ахлан хэрэгжүүлж, 100 хоногт эдийн засгийг сэргээнэ гэж байсан ч тэгсгээд намжсан. Харин тэрбээр 2015 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар, мөн оны есдүгээр сард “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байдаг.
Харин Дубайн гэрээнд Ч.Сайханбилэг бус Б.Бямбасайхан гарын үсэг зурснаар тэдний хэн нь Монгол улсын Ерөнхий сайд бэ гэх хэл, ам гарч эхэлсэн юм. Угтаа бол Ч.Сайханбилэг зурах ёстой байсан гэж хуульчид тайлбарладаг. Ямартай ч тэрбээр гэрлийн хурдаар томоохон албан тушаалд очсоныхоо ачийг Дубайн гэрээнд гарын үсэг зурж байж хариулсан байж мэдэх юм. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг гэрээнд гарын үсэг зурсан хариуцлагыг түүнд хүлээлгэхээр сөрөг хүчин улайрч байна. Харин хожмын энэ хариуцлагаас мултрахын тулд Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд гарын үсэг зураагүй ч байж мэдэх юм.
Өөрөөс нь хэт давсан эрх мэдлийг түүнд эдлүүлсэн нь ийнхүү өнөөдөр хоригдох шалтгаан нь болсон байж мэднэ. Гэхдээ ямар ч сайн залуу Монгол улсыг хохироож үл болох билээ.
Т.Энхэлээ