Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээс төмөр зам барих болон Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар байр, суурийг нь сонслоо.
- Төмөр зам барих асуудлаар таныг Ерөнхийлөгчтэй санал зөрсөн гэсэн. Энэ үнэн үү?
- Бодитой л зүйлийг ярих ёстой. Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн Зам тээврийн сайдын хувиар энэ ажлыг хийх нь амархан. Гэхдээ бид өнөөдрийнхөө бодит байдлыг дүгнэх ёстой. Төмөр замын бодлогыг гаргасан. Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой-Сайншандын чиглэлийн замуудыг зайлшгүй барих ёстой. Үүнийг Ж.Бат-Эрдэнэд үүрэг болгож байгаа.Хэрвээ мөнгө нь байвал асуудалгүй замаа тавж болно. Засгийн газар зээл аваад төмөр замаа тавина гэвэл зээл өгч буй байгууллагууд нь тодорхой хэмжээний ТЭЗҮ-г шаардана. ТЭЗҮ-ээр төмөр зам тавьснаар ашигтай юу гэдэг асуудал яригдана. Буцаад үүнийг хэн төлөх юм бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Улс замаа тавихаасаа илүү хувийн хэвшилд уг ажлыг өгөх ёстой. Бодит зүйлийг л яръя. Нүүрс хэний өмч юм. Ямар аж, ахуй нэгж нь нүүрс тээвэрлэх юм. Эрдэнэс-Тавантолгой нүүрсээ олборлож байгаа шүү дээ. Энэ компани нүүрсээ өөрөө зарахын тулд IPO гаргаад нүүрснийхээ тээвэрлэлтийг өөрөө хариуцаж болохгүй гэж. Тавантолгойн-Сайншандын замыг цэргээр тавиулж болно. Гагцхүү мөнгөө л хамт босгох ёстой юм. Засгийн газар мөнгө босгож чадахгүй. Өрийн таац нь тулчихсан. Тэгэхээр төмөр зам тавих мөнгийг уурхай дээр л босгох боломжтой. Тавантолгойтойгоо уялдуулж төмөр зам тавих асуудлыг ярих хэрэгтэй. Түүнээс Бат-Эрдэнэ хий хоосон зүйл яриад яах юм бэ.
- Төсөв өртөг нь ямар хэмжээтэй байгаа юм бэ?
- 300-400 сая доллар хэрэгтэй байна. Төмөр замаа тавих өртөг, дээгүүр нь явах хөдлөх бүрэлдэхүүний үнэ нийлээд 400 гаруй сая доллар зайлшгүй шаардлагатай .
- Одоо даланг нь босгочихсон байгаа. Түүнд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм бол?
- 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй даланг 200 сая доллараар хийсэн. Дахин 400 сая доллар шаардлагатай. Энэ мөнгийг Тавантолгойтойгоо уялдуулж босгох ёстой.
- 200 сая долларыг хэр үр дүнтэй зарцуулсан бэ?
- Зураг төслийн дагуу даланг хийсэн. Үүнд 200 сая доллар зарцуулсан. Далан тавигдаад 2-3 жил өнгөрлөө. Энэ хугацаанд элэгдэлд орсон. Тэгэхээр тодорхой хэмжээнд нөхөн сэргээлт хийх ёстой.
- Оюутолгойн гэрээнээс үүдэн хэд, хэдэн хүнийг шалгаж эхэллээ. Энэ асуудлыг Засгийн газар дээр ярилцсан уу?
- Ажлын хэсгийг байгуулсан. Дүгнэлтээ гаргасан. Улс орны эрх ашгийг хөндсөн гэрээ болсон гэж үзсэн. Энэ хүрээндээ асуудлыг шийдээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа.