8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Энхбаяр: "Оюутолгойн" гэрээнд алдаа гарсан бол ширээний ард сууж залруулах түүхэн боломж олдлоо гэж бодох хэрэгтэй

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-04-06 08:56:00

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Оюутолгойн борлуулалтаас улсын төсөвт жил болгон 400 гаруй сая ам.доллар шууд оруулж ирэх боломж бий- 

-Сүүлийн үед Оюутолгойн гэрээ болон “Эрдэнэт” үйлдвэрийн барьцаатай холбоотой асуудлаар нэлээд олон хүнийг баривчилж, шалгаж байна. Үүнд гишүүд янз янзаар байр сууриа илэрхийлж байна. Таны хувь энэ асуудлыг юу гэж харж, хэрхэн хүлээж авч байна вэ? 

-Монгол Улсын хөгжилд Оюутолгойн төсөл шийдвэрлэх нөлөөлөл үзүүлнэ. Энэ төсөлтэй ухаалаг харьцах хэрэгтэй.  Оюутолгойн гэрээ хийсэн тэр үйл явц 2008-2009 оны үе л дээ. Тэр үед Засгийн газраас оруулж ирж байсан Монгол Улсын давуу тал, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө орлуулалтын хугацаа олон зүйл өнөөдөр маш олон удаа өөрчлөгдсөн. Монгол Улсад ногдох өгөөж багасч, хугацаа хойшилж байгааг бид бүгд мэднэ. Нийгэм, монголын ард түмэн энэ гэрээ өгөөж багатай гэдгийг бүх нийтээрээ ойлгосон. Улс төрийн намууд ч ийм байр суурьтай болж эхэлж байна. Тэгэхээр гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага байна. Түүнээс Оюутолгойн төслийг зогсоох асуудал байж болохгүй. Харин гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Хоёр тал ширээний ард суух хэрэгтэй. Монгол улс аливаа уул уурхайн төсөлд хувь эзэмшиж оролцох нь таатай бус гэдгийг “Эрдэнэт” үйлдвэр, “Тавантолгойн” үйл  явдлаас харлаа. Роялти буюу борлуулалтын орлогоос шууд авдаг татварын тогтолцоог төр өмөөрдөг нь уул уурхайг тойрсон энэ авлигал, гэрээ хэлцэл, улс төрчдөөс ангид байх суурь нөхцөл байна гэдгийг бид ухаарлаа. 

Өнөөдөр 34 хувиас илүү бид Оюутолгойн эспортын 20 хувийн орлогыг шууд улсын төсөвт авдаг болох асуудлыг ярьж байна. Энэ түүхийн эдийн үнэ унах уу, өсөх үү, бидэнд хамаагүй. Энэ үйлдвэрлэл өндөр өртөгөө явна уу, бага өртөгөөр явна уу гэдэг нь монгол улсын асуудал биш, гол нь тэр уурхайгаас гарсан бүтээгдэхүүн, борлуулалт болгоны 20 хувийг монгол улсын төсөвт татвар хэлбэрээр ордог байх ёстой.  

-Тэгэхээр монголын төр хувь эзэмшиж байж баялгийн хувиарлалт явах юм биш үү?

-Бид өмнө нь бас тэгж бодож, тайлбарлаж байсан. Бид үндсэндээ 34 хувиар асар их хэмжээний зээл авж нэг талдаа өрөнд орж байна. Хүүгээ хөрөнгө оруулалтаар нөхөж дуусна, дээрээс нь өөрийн 34 хувьд ногдох зээлээр санхүүжүүлсэн тэр зээлээ төлж дуусна. Тэрний дараа ногдол ашиг олно гэдэг 2020-30 оны асуудал болж хойшилно. Тэгэхээр энийгээ дагаад уул уурхайн салбарт төрийн оролцоо, зохицуулалт, энийг тойрсон улс төр, авлигал, хээл хууль зэрэг нийгэм эерэгээс сөрөг тал руу дагуулаад байна.

Ийм учраас экспорт хийх болгон хувьд татварын хэмжээгээр хүү аваад явбал жишээ нь Оюутолгой өнөөдөр хоёр тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийж байгаа бол бид улсын төсөвт жил болгон 400 гаруй сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг Оюутолгойгоос шууд орж ирэх болно. Ийм боломж бий. 

Энэ өөрөө роялти буюу баялгийн сан болж монгол улсын бусад эдийн засгийн салбарыг босгох нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулна. Тийм боломжийг уул уурхайн салбараас бий болгоё. Мэдээж бусад гааль, НӨАТ, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн ашиг орлогын татвар мэдээж хуулийн дагуу төлөгдөнө. Гол нь роялти буюу улсын төсөвт 20 хувийг шууд оруулж хөгжилдээ хуримтуулах шаардлагатай. Энэ нь өнөөдөр эрдэс баялаг, уул уурхай дээр тулгуурласан эдийн засгийн нөхцөл байдал, бүтцэд тэр нь зөв шийдвэр болно. 

-Оюуолгойн гэрээг хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн. Тухайлбал Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон бусад хүмүүст хариуцлага тооцно шалгах ёстой гэж байна?

-Оюутолгойн гэрээ нөгөө талдаа давуу талыг олгосон нь нотлогдвол гэрээ үндсэндээ дуусгавар болно-

-Мэдээж шалгалгүй яахав. Шалгах ёстой. Нэгэнт гэрээний өгөөж хангалттай биш байгаа нь тодорхой болсон. Гол нь энэ гэрээг дагасан асуудал үүсч, өнөөдөр хууль хяналтын байгууллага шалгаж эхэллээ. Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. 2008, 2009 онд тухайн гэрээг хийх үйл явц, тэнд оролцогч нар, төр, эрх мэдэл бүхий албан хаагч улстөрчдийг шалгах хэрэгтэй. Тэр хүмүүс олон улс дамнасан гэрээ хийх ёстой, мэргэжил, мэдлэгтэй байсан уу гэдгийг эргэж харах ёстой. Мэргэжлийн мэдлэг дутаж алдаа хийсэн бол бид ойлгоно.

Тийм бол энэ алдаагаа залруулахыг бид Рио Тинто-д тавина. Бид алдаж. Одоо нөхцөл байдал илүү тодорхой болж байна. Анхны гэрээ байгууллах үед амласан хөрөнгө оруулалт, зээл эргэн төлөх, 34 хувь, 51 хувийг тойрсон асуудлуудад их олон зүйл өөрчлөгдсөн.  Ийм учраас бид ширээний ард ахин сууж Рио Тинто компанитай гэрээнд өөрчлөлт оруулъя. Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг ярилцах бүрэн эрхтэй.

-Энэ гэрээг хийсэн хүмүүс эрх мэдэл, албан тушаалтанд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хардлага, хандлага гараад байгаа. Үүнийг үгүйсгэх аргагүй л дээ? 

-Магадгүй, үгүйсгэх аргагүй. Санаатайгаар улс орны эрх, ашигт шийдвэр гаргах ийм чухал асуудалд авлигал, хээл хахууль авах замаар, нөгөө талдаа давуу талыг олгосон бол улс, үндэстнээсээ урвасан гэмт хэрэг. Ийм асуудал нотлогдвол Рио Тинто компанитай хийсэн гэрээ үндсэндээ дуусгавар болно. Тэгэхээр нөгөө талдаа Оюутолгой төсөл монгол улсын эдийн засагт үзүүлж байгаа байр суурь, нөлөөг бид сайн тооцох ёстой. Хэрэв алдаа гарсан бол хоёр тал алдаагаа ширээний ард сууж залруулах түүхэн боломж олдлоо гэж бодох хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газар идэвхтэй ажиллаж гэрээгээ сайжруулах хэрэгтэй.

-“Оюутолгой”, “Эрдэнэт”-ийн асуудалд холбогдуулан АН-ын хүмүүсийг шалгаад байна. МАН өөрсдийн хүнийг шалгахгүй байна гэж АН-ын бүлгээс үзэж, байр сууриа илэрхийлсэн. Үүнээс харахад улстөржүүлээд байна уу гэсэн хардлага ажиглагдаж байна. Тийм зүйл бий юу?

-Мэдээж тухайн үед эрх барьж байсан хүмүүсийг шалгаж байгаа гэж би ойлгож байгаа. Шалгалтыг нам хийхгүй. Намаас хийхгүй. Хууль хяналтын байгууллага хийнэ. Тэгэхээр мэдээж энэ асуудалд оролцсон, тухайн үед болсон асуудлыг хамруулсан том шалгалт үргэлжлэх ёстой. Ялангуяа 2008 оны УИХ-иас маш олон зүйлийг тодруулж, эргэж санах хэрэгтэй. Оюутолгойн гэрээ байгуулагдах үед болсон бүх үйл явц, портокол шийдвэрүүдийг авч үзэх ёстой. Намаас үл ялгаж. Яагаад гэвэл тэр үеийн нөхцөл байдал буюу монголын ард түмэнд амласан амлалт, хөрөнгө оруулалт, цаг хугацаа гээд маш олон зүйл өөрчлөгдөнө. Өөрчлөгдөхөд ямар ямар хүмүүс оруулж ирэв, хэн дэмжих, яагаад ийм байдалд оров. Энийг дагавсан ямар нэгэн авлигал, хээл хахуулийн асуудал байна уу гэдгийг шалгах ёстой. Би санаж байна УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2009 онд энэ асуудлыг хөндөж чуулган дээр ярьж байсан. Тэгэхээр тэр үеийн нөхцөл байдлаас хөөгөөд явах хэрэгтэй.

-Хэдий болтол ингэж улс эх орноо “ТОМ” дээрэмдэх юм бэ-

-“Эрдэнэ”-т үйлдвэртэй холбоотой асуудалд Арбитрын шүүх дээр Монгол Улс ялагдахгүй байх нөхцөл байдал байхад зориуд өөрийнхөө эсрэг ажилчихсан уу гэж хардаж байна.  Яагаад гэвэл нотлох баримт гаргаж ирээгүй нь хууль, хяналтын байгууллага үүнд оролцсон байж болзошгүй. Ингэснийх нь төлөө хариуцлага тооцох хэрэгтэй гэж хүмүүс ярьж, дүгнэж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?  

-Энэ асуудалд хариуцлага тооцох ёстой. Улс эрх орныхоо эрх ашигт санаатайгаар нөлөөлсөн аливаа хүнийг эх орноосоо урвасан гэж үздэг. Урвах тодорхойлолт руу орно. Магадгүй төрийн эсрэг гэмт хэрэг болж хувирахыг үгүйсгэхгүй. Хамгийн их сайн зүйл бол энэ талаарх мэдээ мэдээлэл нийгэмд илүү ил тод болж байна. Олон жил үүнийг хаацайлж нуусан зүйл гарч ирж байна.

Нийгэм уул уурхай, том төслүүдийг тойрсон авлигал, хээл хахуулийн асуудлыг үл тэвчих нөхцөл байдал бий болж байна. УИХ-д мөн адил бий болж байна. Тэгэхээр УИХ дахь Авлигалын эсрэг парламентийн бүлэг энийг эсрэг тууштай явна. Бүх мэдээллийг ил тод болгох талаас нь ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн хуулийн коридор гэх айхтар нэр томъёо гарлаа шүү дээ. Цагдаа, Шүүх, АТГ, Тагнуул дамжсан коридор бий болсон. Дундуураа тэр коридороор гүйлгэдэг. Үүгээр хүнийг ял, хэрэг үүрүүлдэг, өмч хөрөнгөөр нь дарамталдаг, бизнесийг нь булаадаг. Үүнтэй холбоотойгоор өөр өөрсдийгөө хамгаалдаг. Энэ ноцтой зүйл. Үүнийг шалгах хэрэгтэй. Цаг нь болсон хэдий болтол намын ард нуугдаж, улстөр хийж муу муухай бүхнийг хааж, хаацайлах юм бэ. Хэдий болтол ингэж улс эх орноо “ТОМ” дээрэмдэх юм бэ. Ялангуяа уул уурхай болон том төслүүдтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй. Энэ нь цаашид сургамж болог.

-Цаазаар авах амархан. Цаазаар аваад нийгэмд гарч буй гэмт хэргийн үзүүлэлт багасах уу гэдэг үр дагаварыг харах хэрэгтэй-

-Монгол Улсын Ерөнхийлөгч зарим ноцтой гэмт хэрэг дээр Цаазын ялыг сэргээх тухай санал гаргаж байна. Та цаазын ялыг сэргээх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Бүх насаар нь хорих асуудал. Нэг сонин судалгаа харж байсан. Бүх насаараа хоригдох ял авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь цаазаар аваад өгөөч гэж хүсдэг гэж. Үндсэндээ бүх насаараа нь хорих хүний нийгмийн амьдралд маш давчуу орчинд тусгаарлаж байгаа юм. Тэр бол таатай зүйл биш. Тэгэхээр хүнд ял энэ. Бүх насаараа гянданд хоригдож насны эцсээ үзнэ. Энэ дээр бид сайн ярилцах ёстой. Мэдээж Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээд хууль санаачилж байна. Асуудлыг аль өнцгөөс нь харсан, ямар судалгаанд үндэслэж байгааг нь ярилцах ёстой.

Миний хувьд цаазаар авах ял хоёр талтай. Өнөөдрийн туйлын зөв зүйл, маргааш туйлын буруу болдог гэдгийг бид өнгөрсөн 30 жил харлаа. Хатуу итгэл үнэмшил үнэн байдал маргааш хоосон болж ууршиж замхархыг бид харлаа. Бид 20 гаруй иргэнээ цаазаар авсан түүх бидэнд байна.

-Зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн, тухайн гэмт этгээд өөрөө хүлээн зөвшөөрсөн үед цаазаар авах тухай яригдаж байна? 

-Тэгэхээр сайн ярилцах л хэрэгтэй. Монгол Улс Олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсон. Өмнөх Ерөнхийлөгч энэ хуулийг санаачилж орж ирэхэд нэлээд маргаан дагуулж байсан. Миний хувьд тухай үед байр сууриа илэрхийлж байсан. Цаазаар авах амархан. Нөгөө талаасаа цаазаар аваад нийгэмд гарч буй гэмт хэргийн үзүүлэлт багасах уу гэдэг үр дагаварыг харах хэрэгтэй. Гэх мэт олон талаас нь сайтар харж ярилцах ёстой. Гэхдээ энэ асуудалд улс төрийн хөөрлөө, сэтгэлээр хандаж болохгүй. Энэ дээр яг нийгмийн судалгаа хийдэг сэтгэл зүйн чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй. Энэ гэм бурууг яаж шийдэх нь эцэстээ улс орны хувьд нийгмийн үр дагавар байдаг. Нийгэмд зөв тусах ёстой.

Нөгөө талаасаа хүний ёсноос гажууд зүйл их болж байна. Сүүлийн үед таагүй, халагламаар аймшигт гэмт хэргүүд их сонсогдож байна. Нийгмийн учир шалтгааныг сайн хармаар байна. Хамгийн түрүүнд цус ойртолтын асуудал байх вий гэж би харж байна. Цус ойртолт их явагдсан газруудад ийм хүний ёсноос гажууд гэм хэрэг гарч байна гэж бодож байна. Цус ойртсоноос бол хүний оюун санаанд өөрчлөлт ордог. Эрүүлээр сэтгэж буй чадвараа алддаг. Чадвараа алдаж байгаа зүйл их ажигллагддаг. Ийм маягаар нийгмийн хүчин зүйлсээ ажиглах, судлах хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tulgaa
Geree zursan l bol ungursun. Tsutslagdana gej bhgudee. Olon ulsiin shuuhdeer ochood l bid yalagdana. Mash undur aldangid unana. Rio garna. Hyatad avna. Guitsee.
2018/04/08 59.153.113.219
zochin
Geree bol geree odoo uurchileh bolomjgui
2018/04/06 43.228.131.101
ХУРЦЫН БӨГСӨНД НААЛДСАН БААС
ККК.ХУРЦЫГ СОЛОНГОСТ ЭЛЧИНГЭЭР ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ДОНГОСЧ БАЙСАН БАЙХАА!
2018/04/06 202.179.27.87