8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Загджав: Дубайн гэрээний дагуу ногдол ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшилсон

Сэтгүүлч Т.Хулан
2018-04-06 09:23:00

Уул, уурхайн дэд сайд Д.Загджав нь Рио Тинто компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж буй. Оюутолгойн гэрээнээс болж хэд, хэдэн хүн хоригдоод буй энэ үед түүнтэй уг асуудлаар ярилцлаа. Мөн шатахууны Үнийн зөвлөлийг нь ахалж байсных нь хувьд цаашид шатахууны  нэгж үнэ буурах эсэхийг лавлалаа. 

-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хэд, хэдэн баривчилгаа боллоо. Үүнтэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт, орох цаашилбал гэрээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсэх үү?

-“Оюутолгой”-н  хөрөнгө  оруулалтын гэрээг тойрсон маргаан олон жилийн  турш үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчаас гэрээгээр хийсэн үүргээ биелүүл гэдэг шаардлагыг тавьсан. Рио Тинто “Оюу толгой” ХХК хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд, хэдэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Тэд зам тээврийн асуудлыг шийдэх ёстой байсан. Авто болон төмөр замын аль ч хэлбэрээр. Гэтэл өнөөдөр манай монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж давуу эрх эдлэн тээвэрлэлт хийж, тэнд манай монгол иргэд олон мянган жолооч тээвэрчид зуу, зуун километрийн урт дараалалд саатаж байна. Мөн Монгол Улсад Цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан. Үүнийгээ хийж хэрэгжүүлэхгүй гаднаас жил бүр 140-150 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авч ашигласаар байна. Цааш нь яривал, нөгөө зэс хайлуулах үйлдвэр байгуулах яасан бэ гэж асууна. Нийт гурван сая гаруй тонн баяжмалыг концентраци хэлбэрээр нь гаргасан хэвээр л байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дээр нь хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ хууль зөрчсөн үйлдэл байгаа нь тогтоогдвол хариуцлага тооцох ёстой. 

-Хууль, хяналтын байгууллага шалгаад хээл, хахууль өгсөн гэдэг нь батлагдвал уурхайн үйл ажиллагаа зогсох уу?

-Нэгэнт хийсэн хөрөнгө оруулалтыг цааш нь үргэлжлүүлж авч явах л шаардлага гарах байх. Монгол Улс Оюутолгой компанийн  34 хувийг эзэмшиж байгаа, үлдсэн 66 хувийг Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл” компани эзэмшдэг. Хэрэв үнэхээр Канадын хөрөнгө оруулагчид болон Рио Тинто компани С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт цаашлаад Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарт авлига өгсөн бол “Оюутолгой”-н эзэмшлийнхээ хэмжээг Монголын төр 34 хувиас 100 хувь болгож нэмэгдүүлэх, эзэмшилдээ авах боломжоор хангагдана гэж  бодож байна. Нөгөө талаар дэлхийн хамгийн том зэсийн орд Индонез улсад бий. Энэ ордын хувьцааны 50 гаруй хувийг АНУ, 40 гаруй хувийг Рио Тинто компани эзэмшдэг. Индонез улсад 25 жил ажиллачихаад энэ хугацаанд тус улсын эдийн засагт өгөөжтэй үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс Индонезийн Засгийн газар уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Үүний үр дүнд Рио Тинто Индонезоос гарч байгаа. Ингэснээр өнгөрсөн 25 жил хийгээгүй бүтээн байгуулалтыг хийж байна. Бид энэ жишээг давтах ёсгүй.

-Хэрвээ гэрээнд өөрчлөлт оруулбал энэ бүхнийг засах боломжтой юу? 

-2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улс 34 хувийнхаа ногдол ашгийг 2023 оноос эхэлж хүртэх ёстой байсан юм . Дубайн гэрээний дагуу тэр хугацаа 2037 оныг хүртэл хойшилсон гэж ойлгож байгаа. Түүгээр ч барахгүй Монгол Улсын дотоодын эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээгээ 2017 оноос хангах ёстой байсныг 2012-2016 оны Засгийн газрын үед хойшлуулсан нь тодорхой болсон. Байдал тийм болсон учир Монголын талын оролцоо, хувийг нэмэгдүүлэх үүднээс дөрвөн төрлийн арга хэмжээ авах шаардлагатай. Тавантолгойн нүүрсийг ашиглах Цахилгаан станц барих, Тавантолгой, Оюутолгой, Гашуунсухайтын төмөр зам болон автозамын бүтээн байгуулалтад оролцох, Зэс хайлуулах үйлдвэр барих, Ханбогдод хот байгуулах гэсэн чиглэлээр санаачилгатай ажиллахыг цаашид ч шаардах болно.

- Энэ байдлыг ашиглан гэрээнд дахин өөрчлөлт оруулах боломж бий юу?

-Эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд гэрээн дээр дахин суух хоёр шалтаг гаргаж болно. Нэгдүгээрт, үүргээ биелүүлээгүй. Хоёрдугаарт, хууль зөрчсөн гэдэг. Оюутолгой төсөл дээр хамтарч байгаа л бол түүнийг илтгэсэн ажил байх ёстой. Оюутолгойн гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй жишээд үзэхээр гологдож байгаа юм. Зарим хүмүүс юм бүрийг “Эрдэнэт”-тэй харьцуулсан гэдэг боловч амьдрал дээр боломж бий.

-Оюутолгойн гэрээг УИХ-аас баталсан атал ганцхан хүнд хариуцлага тохож байгаа нь хэр зохимжтой вэ?

-УИХ-аас тухайн үед хоёр тогтоол гарсан байдаг. Тэр тогтоолыг хэрэгжүүлэх шатанд бага зэрэг өөрчлөлт орсон юм шиг байгаа юм. Индонез улсад дэлхийн томоохон орд бий. Тэр ордын 50 гаруй хувийг АНУ, 40 хувийг “Рио тинто” эзэмшдэг. Индонез улс өөрөө ердөө ес орчим хувийг л эзэмшдэг байсан. Уурхайг ашигласан 25 жилийн турш өгөөж нь Индонезийн эдийн засагт харагдахгүй байсан тул тус улсын Засгийн газар аргагүй эрхэнд уурхайг зогсоосон. Үүний үр дүнд “Рио тинто” өөрийн хувьцаагаа 5-6 тэрбум ам.доллараар үнэлээд, Индонезийн Засгийн газарт өгөхөөр болсон. Индонезийн уурхайгаас “Рио тинто” хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 1,8 тэрбум ам.долларын ашиг олсон. Ингэхдээ “Рио тинто”-гоос илэрхийлж байсан байр суурь “том уурхай, бизнесийн өгөөж богино хугацаанд гардаггүй” гэдэг шалтгаанаар 25 жилийг өнгөрүүлсэн байдаг. Бид энэ алдааг давтахгүйгээр аль болох харилцан ашигтай ажиллаж, тэгш эрхийн зарчимд тулгуурласан байх ёстой.

-Засгийн газраас шатахууны Онцгой албан татварыг тэглэсэн боловч долоо хоногийн дараа 100 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байна. Цаашдаа ч буурах хандлагатай байгаа. Энэ тохиолдолд манай шатахууны үнэ буурах уу?

-Шатахууны үнийн зөвлөлийн зүгээс үнийг тогтвортой байлгах чиглэлийг нефть импортлогчдод өгсөн. Миний хувьд Үнийн зөвлөлийн даргын ажлаа Уул уурхайн сайдад хүлээлгэн өгсөн. Ер нь цаашдаа нефть бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байгаа.

-Өмнө нь өссөн ч буцааж бууж байсан тохиолдол байхгүй шүү дээ?

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах асуудал дээр импортлогч компаниудтай харилцан тохирсон байдаг. Тиймээс цаашдаа шатахууны үнэ өсөхгүй гэж ойлгож болно.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MGL
TURIIN LUIBARCHID ZAILAACHEE BUGDII NI HARAAL IDEESEI TA NARIIG TENGER GESGEEHDEE L GESGEENE DEE HARJ L BAI
2018/04/13 27.123.212.137
Jurhen
Ashig avch baigaa tsagaas ehlen nogdol ashigaa ugch ehleh yostoi bus uu
2018/04/08 182.160.2.21
basaev
2037 он арай ч дэндүү доромжилж байгаа юм шүү,
2018/04/07 66.181.160.125
zochin
Ehneesee nogdo ashig gehgui royalt igaa avaad l yavah bsn yum.Eh nii geree turshlagguitsen
2018/04/06 103.57.92.54
Ганболд
ОюуТолгойгоос шаардах л ёстой зүйлүүдийг босгож тавьжээ. Дэд сайдыг дэмжиж байна, тууштай яваарай
2018/04/06 103.57.95.31
МИ ОВОГТЫН ДААМАЛ
УЛААНБААТАРЫН ГАЗРЫГ МИ ОВОГТОД ДАМЛАН ЗАРЖ ЗҮТГЭЖ БАЙСАН БАДАМЖУНАЙ ЗАГДЖАВ НАРАНХҮҮ ЧИНБАТ НАРЫН ҮЕ ДУУУССАН.
2018/04/06 202.179.27.87
  • Recent
  • Most Read
  • Most Comment