Өчигдөр хэсэг жагсагчид хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн Төрийн ордныг гороолон гүйцгээж, Оюутолгойн гэрээг байгуулсан нөхдийн зургаар сор залан талбайг түймэрдэхээ шахав.
Уг жагсаалыг зохион байгуулагч нь Б.Жагар гэх залуу гэнэ. Энэ залууг Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн гэгчийг байгуулчихаад өөрөө зохицуулагчаар нь ажиллаж байснаар нь хүмүүс мэднэ. Туул голын эхээс хайрга олборлодог компаниудтай үзэлцэж байхад нь хүмүүс түүнийг “ЗӨВ” залуу гэцгээж байв. Гэтэл тэрбээр зөв эхлэлээ зөв үргэлжлүүлж, “Хатан туул” голд хайр зарлах ажилдаа тууштай байсангүй. Одоо тэрээр Туул голын асуудлыг тас мартчихсан явна.
Харин МАХН-ын гар, хөл болж хаана үймээн, самуун болно түүний гол “дүрд” тоглодог боллоо. Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд дарга гэх албан тушаалтай болж аваад хачин их хор уршигтай ажлуудыг хийж явдаг болов.
Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй руу оймс шидэж, 60 тэрбумынхан буюу оффшорчидтой тэмцэнэ, УИХ-ын гишүүдийг challenged дуудна гэж мэдэгдсэнээс өөр дорвитой ажил хийгээгүй түүний хийж чаддаг ажил нь үймээн, самуун дэгдээх л болж Л.Наранбаатарыг дууриан оймс шидээд “од” болчихно гэсэн түүний санаа бүтэлгүйтэж эхэлмэгц одоо жагсаж, орилоод ч хамаагүй олон нийтэд танигдъя гэж бодож буй бололтой. Хамгийн гол нь ямар зорилго утга санаатай, хүрэх үр нь дүн юу байхыг ч мэдэхгүй замбараагүйгээр жагсаж үймээн, самуун дэгдээж байгаа нь харамсалтай. Бохир улстөрдөө иргэдийг ашиглаж буй нь бүр өрөвдөлтэй.
Өчигдөр л гэхэд УИХ-ын хаврын чуулганыг эхлүүлэхгүй хэмээн жагсав. Чуулганыг эхлүүлэхгүй байх нь хэнд ашигтай, ямар үр дүнтэй гэж. Мөн УИХ-ын гишүүдийг Төрийн ордон руу оруулахгүй. 76 гишүүн аминдаа хайртай бол Төрийн ордон руу битгий зүглээрэй гэж заналхийлэв. Магадгүй УИХ-ыг тараах шаардлагатай байж болно. Гэхдээ гишүүдтэй тэмцэх арга нь ийм байж болохгүй. Иргэд, олон нийтийг үймээн, самуунд турхирах өөр хооронд нь тэмцэлдүүлэх нь төсөөлөх ч боломжгүй харамсалтай үр дүнд хүргэвэл яах вэ. Туг бариад орилох амархан. Харин аливаа зүйлийг төвхнүүлэх, шийдэх, үнэн зөвийг нь олох хэцүү.
Угтаа бол Б.Жагар гэх залуу энхрий хайрт Н.Энхбаяр даргынхаа тушаалаар туг барьж турхирахын оронд Туул голоо яриад явсан бол илүү “гоё” харагдах байв. Танигдахын тулд юуг ч хамаагүй эсэргүүцэн жагсаж бас болохгүй л дээ.
Т.Наран