8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ой тогтоолтын улсын аваргаар дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдэж, Хөвсгөл аймагт түймэр гарсан өдөр

2018-04-06 18:40:00

Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магад. Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Шинэ сар, шинэ 7 хоногий мэнд хүргэе. Орой бү энэ цаг мачид өнөөдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр тойм” булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Д.Загджав: Дубайн гэрээний дагуу ногдол ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшилсон

Уул, уурхайн дэд сайд Д.Загджав нь Рио Тинто компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж буй. Оюутолгойн гэрээнээс болж хэд, хэдэн хүн хоригдоод буй энэ үед түүнтэй уг асуудлаар ярилцлаа. Мөн шатахууны Үнийн зөвлөлийг нь ахалж байсных нь хувьд цаашид шатахууны  нэгж үнэ буурах эсэхийг лавлалаа. 

-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хэд, хэдэн баривчилгаа боллоо. Үүнтэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт, орох цаашилбал гэрээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсэх үү?

-“Оюутолгой”-н  хөрөнгө  оруулалтын гэрээг тойрсон маргаан олон жилийн  турш үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчаас гэрээгээр хийсэн үүргээ биелүүл гэдэг шаардлагыг тавьсан. Рио Тинто “Оюу толгой” ХХК хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд, хэдэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Тэд зам тээврийн асуудлыг шийдэх ёстой байсан. Авто болон төмөр замын аль ч хэлбэрээр. Гэтэл өнөөдөр манай монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж давуу эрх эдлэн тээвэрлэлт хийж, тэнд манай монгол иргэд олон мянган жолооч тээвэрчид зуу, зуун километрийн урт дараалалд саатаж байна. Мөн Монгол Улсад Цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан. Үүнийгээ хийж хэрэгжүүлэхгүй гаднаас жил бүр 140-150 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авч ашигласаар байна. Цааш нь яривал, нөгөө зэс хайлуулах үйлдвэр байгуулах яасан бэ гэж асууна. Нийт гурван сая гаруй тонн баяжмалыг концентраци хэлбэрээр нь гаргасан хэвээр л байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дээр нь хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ хууль зөрчсөн үйлдэл байгаа нь тогтоогдвол хариуцлага тооцох ёстой. 

-Хууль, хяналтын байгууллага шалгаад хээл, хахууль өгсөн гэдэг нь батлагдвал уурхайн үйл ажиллагаа зогсох уу?

-Нэгэнт хийсэн хөрөнгө оруулалтыг цааш нь үргэлжлүүлж авч явах л шаардлага гарах байх. Монгол Улс Оюутолгой компанийн  34 хувийг эзэмшиж байгаа, үлдсэн 66 хувийг Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл” компани эзэмшдэг. Хэрэв үнэхээр Канадын хөрөнгө оруулагчид болон Рио Тинто компани С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт цаашлаад Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарт авлига өгсөн бол “Оюутолгой”-н эзэмшлийнхээ хэмжээг Монголын төр 34 хувиас 100 хувь болгож нэмэгдүүлэх, эзэмшилдээ авах боломжоор хангагдана гэж  бодож байна. Нөгөө талаар дэлхийн хамгийн том зэсийн орд Индонез улсад бий. Энэ ордын хувьцааны 50 гаруй хувийг АНУ, 40 гаруй хувийг Рио Тинто компани эзэмшдэг. Индонез улсад 25 жил ажиллачихаад энэ хугацаанд тус улсын эдийн засагт өгөөжтэй үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс Индонезийн Засгийн газар уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Үүний үр дүнд Рио Тинто Индонезоос гарч байгаа. Ингэснээр өнгөрсөн 25 жил хийгээгүй бүтээн байгуулалтыг хийж байна. Бид энэ жишээг давтах ёсгүй.

-Хэрвээ гэрээнд өөрчлөлт оруулбал энэ бүхнийг засах боломжтой юу? 

-2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улс 34 хувийнхаа ногдол ашгийг 2023 оноос эхэлж хүртэх ёстой байсан юм . Дубайн гэрээний дагуу тэр хугацаа 2037 оныг хүртэл хойшилсон гэж ойлгож байгаа. Түүгээр ч барахгүй Монгол Улсын дотоодын эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээгээ 2017 оноос хангах ёстой байсныг 2012-2016 оны Засгийн газрын үед хойшлуулсан нь тодорхой болсон. Байдал тийм болсон учир Монголын талын оролцоо, хувийг нэмэгдүүлэх үүднээс дөрвөн төрлийн арга хэмжээ авах шаардлагатай. Тавантолгойн нүүрсийг ашиглах Цахилгаан станц барих, Тавантолгой, Оюутолгой, Гашуунсухайтын төмөр зам болон автозамын бүтээн байгуулалтад оролцох, Зэс хайлуулах үйлдвэр барих, Ханбогдод хот байгуулах гэсэн чиглэлээр санаачилгатай ажиллахыг цаашид ч шаардах болно.

- Энэ байдлыг ашиглан гэрээнд дахин өөрчлөлт оруулах боломж бий юу?

-Эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд гэрээн дээр дахин суух хоёр шалтаг гаргаж болно. Нэгдүгээрт, үүргээ биелүүлээгүй. Хоёрдугаарт, хууль зөрчсөн гэдэг. Оюутолгой төсөл дээр хамтарч байгаа л бол түүнийг илтгэсэн ажил байх ёстой. Оюутолгойн гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй жишээд үзэхээр гологдож байгаа юм. Зарим хүмүүс юм бүрийг “Эрдэнэт”-тэй харьцуулсан гэдэг боловч амьдрал дээр боломж бий.

-Оюутолгойн гэрээг УИХ-аас баталсан атал ганцхан хүнд хариуцлага тохож байгаа нь хэр зохимжтой вэ?

-УИХ-аас тухайн үед хоёр тогтоол гарсан байдаг. Тэр тогтоолыг хэрэгжүүлэх шатанд бага зэрэг өөрчлөлт орсон юм шиг байгаа юм. Индонез улсад дэлхийн томоохон орд бий. Тэр ордын 50 гаруй хувийг АНУ, 40 хувийг “Рио тинто” эзэмшдэг. Индонез улс өөрөө ердөө ес орчим хувийг л эзэмшдэг байсан. Уурхайг ашигласан 25 жилийн турш өгөөж нь Индонезийн эдийн засагт харагдахгүй байсан тул тус улсын Засгийн газар аргагүй эрхэнд уурхайг зогсоосон. Үүний үр дүнд “Рио тинто” өөрийн хувьцаагаа 5-6 тэрбум ам.доллараар үнэлээд, Индонезийн Засгийн газарт өгөхөөр болсон. Индонезийн уурхайгаас “Рио тинто” хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 1,8 тэрбум ам.долларын ашиг олсон. Ингэхдээ “Рио тинто”-гоос илэрхийлж байсан байр суурь “том уурхай, бизнесийн өгөөж богино хугацаанд гардаггүй” гэдэг шалтгаанаар 25 жилийг өнгөрүүлсэн байдаг. Бид энэ алдааг давтахгүйгээр аль болох харилцан ашигтай ажиллаж, тэгш эрхийн зарчимд тулгуурласан байх ёстой.

-Засгийн газраас шатахууны Онцгой албан татварыг тэглэсэн боловч долоо хоногийн дараа 100 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байна. Цаашдаа ч буурах хандлагатай байгаа. Энэ тохиолдолд манай шатахууны үнэ буурах уу?

-Шатахууны үнийн зөвлөлийн зүгээс үнийг тогтвортой байлгах чиглэлийг нефть импортлогчдод өгсөн. Миний хувьд Үнийн зөвлөлийн даргын ажлаа Уул уурхайн сайдад хүлээлгэн өгсөн. Ер нь цаашдаа нефть бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байгаа.

-Өмнө нь өссөн ч буцааж бууж байсан тохиолдол байхгүй шүү дээ?

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах асуудал дээр импортлогч компаниудтай харилцан тохирсон байдаг. Тиймээс цаашдаа шатахууны үнэ өсөхгүй гэж ойлгож болно.

Бас нэг үймээн, самуунд уриалагч

Өчигдөр хэсэг жагсагчид хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн Төрийн ордныг гороолон гүйцгээж, Оюутолгойн гэрээг байгуулсан нөхдийн зургаар сор залан талбайг түймэрдэхээ шахав. 

Уг жагсаалыг зохион байгуулагч нь Б.Жагар гэх залуу гэнэ. Энэ залууг Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн гэгчийг байгуулчихаад өөрөө зохицуулагчаар нь ажиллаж байснаар нь хүмүүс мэднэ. Туул голын эхээс хайрга олборлодог компаниудтай үзэлцэж байхад нь хүмүүс түүнийг “ЗӨВ” залуу гэцгээж байв. Гэтэл тэрбээр зөв эхлэлээ зөв үргэлжлүүлж, “Хатан туул” голд хайр зарлах ажилдаа тууштай байсангүй. Одоо тэрээр Туул голын асуудлыг тас мартчихсан явна. 

Харин МАХН-ын гар, хөл болж хаана үймээн, самуун болно түүний гол “дүрд” тоглодог боллоо. Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд дарга гэх албан тушаалтай болж аваад  хачин их хор уршигтай ажлуудыг хийж явдаг болов. 

Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй руу оймс шидэж, 60 тэрбумынхан буюу оффшорчидтой тэмцэнэ, УИХ-ын гишүүдийг challenged дуудна гэж мэдэгдсэнээс өөр дорвитой ажил хийгээгүй түүний хийж чаддаг ажил нь үймээн, самуун дэгдээх л болж Л.Наранбаатарыг дууриан оймс шидээд “од” болчихно гэсэн түүний санаа бүтэлгүйтэж эхэлмэгц одоо жагсаж, орилоод ч хамаагүй олон нийтэд танигдъя гэж бодож буй бололтой. Хамгийн гол нь ямар зорилго утга санаатай, хүрэх үр нь дүн юу байхыг ч мэдэхгүй замбараагүйгээр жагсаж үймээн, самуун дэгдээж байгаа нь харамсалтай. Бохир улстөрдөө иргэдийг ашиглаж буй нь бүр өрөвдөлтэй. 

Өчигдөр л гэхэд УИХ-ын хаврын чуулганыг эхлүүлэхгүй хэмээн жагсав. Чуулганыг эхлүүлэхгүй байх нь хэнд ашигтай, ямар үр дүнтэй гэж. Мөн УИХ-ын гишүүдийг Төрийн ордон руу оруулахгүй. 76 гишүүн аминдаа хайртай бол Төрийн ордон руу битгий зүглээрэй гэж заналхийлэв. Магадгүй УИХ-ыг тараах шаардлагатай байж болно.  Гэхдээ гишүүдтэй тэмцэх арга нь ийм байж болохгүй. Иргэд, олон нийтийг үймээн, самуунд турхирах өөр хооронд нь тэмцэлдүүлэх нь төсөөлөх ч боломжгүй харамсалтай үр дүнд хүргэвэл яах вэ. Туг бариад орилох амархан. Харин аливаа зүйлийг төвхнүүлэх, шийдэх, үнэн зөвийг нь олох хэцүү. 

Угтаа бол Б.Жагар гэх залуу энхрий хайрт Н.Энхбаяр даргынхаа тушаалаар туг барьж турхирахын оронд Туул голоо яриад явсан бол илүү “гоё” харагдах байв. Танигдахын тулд юуг ч хамаагүй эсэргүүцэн жагсаж бас болохгүй л дээ. 

Ж.Энхбаяр: "Оюутолгойн" гэрээнд алдаа гарсан бол ширээний ард сууж залруулах түүхэн боломж олдлоо гэж бодох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-ОЮУТОЛГОЙН БОРЛУУЛАЛТААС УЛСЫН ТӨСӨВТ ЖИЛ БОЛГОН 400 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАР ШУУД ОРУУЛЖ ИРЭХ БОЛОМЖ БИЙ- 

-Сүүлийн үед Оюутолгойн гэрээ болон “Эрдэнэт” үйлдвэрийн барьцаатай холбоотой асуудлаар нэлээд олон хүнийг баривчилж, шалгаж байна. Үүнд гишүүд янз янзаар байр сууриа илэрхийлж байна. Таны хувь энэ асуудлыг юу гэж харж, хэрхэн хүлээж авч байна вэ? 

-Монгол Улсын хөгжилд Оюутолгойн төсөл шийдвэрлэх нөлөөлөл үзүүлнэ. Энэ төсөлтэй ухаалаг харьцах хэрэгтэй.  Оюутолгойн гэрээ хийсэн тэр үйл явц 2008-2009 оны үе л дээ. Тэр үед Засгийн газраас оруулж ирж байсан Монгол Улсын давуу тал, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө орлуулалтын хугацаа олон зүйл өнөөдөр маш олон удаа өөрчлөгдсөн. Монгол Улсад ногдох өгөөж багасч, хугацаа хойшилж байгааг бид бүгд мэднэ. Нийгэм, монголын ард түмэн энэ гэрээ өгөөж багатай гэдгийг бүх нийтээрээ ойлгосон. Улс төрийн намууд ч ийм байр суурьтай болж эхэлж байна. Тэгэхээр гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага байна. Түүнээс Оюутолгойн төслийг зогсоох асуудал байж болохгүй. Харин гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Хоёр тал ширээний ард суух хэрэгтэй. Монгол улс аливаа уул уурхайн төсөлд хувь эзэмшиж оролцох нь таатай бус гэдгийг “Эрдэнэт” үйлдвэр, “Тавантолгойн” үйл  явдлаас харлаа. Роялти буюу борлуулалтын орлогоос шууд авдаг татварын тогтолцоог төр өмөөрдөг нь уул уурхайг тойрсон энэ авлигал, гэрээ хэлцэл, улс төрчдөөс ангид байх суурь нөхцөл байна гэдгийг бид ухаарлаа. 

Өнөөдөр 34 хувиас илүү бид Оюутолгойн эспортын 20 хувийн орлогыг шууд улсын төсөвт авдаг болох асуудлыг ярьж байна. Энэ түүхийн эдийн үнэ унах уу, өсөх үү, бидэнд хамаагүй. Энэ үйлдвэрлэл өндөр өртөгөө явна уу, бага өртөгөөр явна уу гэдэг нь монгол улсын асуудал биш, гол нь тэр уурхайгаас гарсан бүтээгдэхүүн, борлуулалт болгоны 20 хувийг монгол улсын төсөвт татвар хэлбэрээр ордог байх ёстой.  

-Тэгэхээр монголын төр хувь эзэмшиж байж баялгийн хувиарлалт явах юм биш үү?

-Бид өмнө нь бас тэгж бодож, тайлбарлаж байсан. Бид үндсэндээ 34 хувиар асар их хэмжээний зээл авж нэг талдаа өрөнд орж байна. Хүүгээ хөрөнгө оруулалтаар нөхөж дуусна, дээрээс нь өөрийн 34 хувьд ногдох зээлээр санхүүжүүлсэн тэр зээлээ төлж дуусна. Тэрний дараа ногдол ашиг олно гэдэг 2020-30 оны асуудал болж хойшилно. Тэгэхээр энийгээ дагаад уул уурхайн салбарт төрийн оролцоо, зохицуулалт, энийг тойрсон улс төр, авлигал, хээл хууль зэрэг нийгэм эерэгээс сөрөг тал руу дагуулаад байна.

Ийм учраас экспорт хийх болгон хувьд татварын хэмжээгээр хүү аваад явбал жишээ нь Оюутолгой өнөөдөр хоёр тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийж байгаа бол бид улсын төсөвт жил болгон 400 гаруй сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг Оюутолгойгоос шууд орж ирэх болно. Ийм боломж бий. 

Энэ өөрөө роялти буюу баялгийн сан болж монгол улсын бусад эдийн засгийн салбарыг босгох нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулна. Тийм боломжийг уул уурхайн салбараас бий болгоё. Мэдээж бусад гааль, НӨАТ, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн ашиг орлогын татвар мэдээж хуулийн дагуу төлөгдөнө. Гол нь роялти буюу улсын төсөвт 20 хувийг шууд оруулж хөгжилдээ хуримтуулах шаардлагатай. Энэ нь өнөөдөр эрдэс баялаг, уул уурхай дээр тулгуурласан эдийн засгийн нөхцөл байдал, бүтцэд тэр нь зөв шийдвэр болно. 

-Оюуолгойн гэрээг хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн. Тухайлбал Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон бусад хүмүүст хариуцлага тооцно шалгах ёстой гэж байна?

-ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ НӨГӨӨ ТАЛДАА ДАВУУ ТАЛЫГ ОЛГОСОН НЬ НОТЛОГДВОЛ ГЭРЭЭ ҮНДСЭНДЭЭ ДУУСГАВАР БОЛНО-

-Мэдээж шалгалгүй яахав. Шалгах ёстой. Нэгэнт гэрээний өгөөж хангалттай биш байгаа нь тодорхой болсон. Гол нь энэ гэрээг дагасан асуудал үүсч, өнөөдөр хууль хяналтын байгууллага шалгаж эхэллээ. Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. 2008, 2009 онд тухайн гэрээг хийх үйл явц, тэнд оролцогч нар, төр, эрх мэдэл бүхий албан хаагч улстөрчдийг шалгах хэрэгтэй. Тэр хүмүүс олон улс дамнасан гэрээ хийх ёстой, мэргэжил, мэдлэгтэй байсан уу гэдгийг эргэж харах ёстой. Мэргэжлийн мэдлэг дутаж алдаа хийсэн бол бид ойлгоно.

Тийм бол энэ алдаагаа залруулахыг бид Рио Тинто-д тавина. Бид алдаж. Одоо нөхцөл байдал илүү тодорхой болж байна. Анхны гэрээ байгууллах үед амласан хөрөнгө оруулалт, зээл эргэн төлөх, 34 хувь, 51 хувийг тойрсон асуудлуудад их олон зүйл өөрчлөгдсөн.  Ийм учраас бид ширээний ард ахин сууж Рио Тинто компанитай гэрээнд өөрчлөлт оруулъя. Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг ярилцах бүрэн эрхтэй.

-Энэ гэрээг хийсэн хүмүүс эрх мэдэл, албан тушаалтанд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хардлага, хандлага гараад байгаа. Үүнийг үгүйсгэх аргагүй л дээ? 

-Магадгүй, үгүйсгэх аргагүй. Санаатайгаар улс орны эрх, ашигт шийдвэр гаргах ийм чухал асуудалд авлигал, хээл хахууль авах замаар, нөгөө талдаа давуу талыг олгосон бол улс, үндэстнээсээ урвасан гэмт хэрэг. Ийм асуудал нотлогдвол Рио Тинто компанитай хийсэн гэрээ үндсэндээ дуусгавар болно. Тэгэхээр нөгөө талдаа Оюутолгой төсөл монгол улсын эдийн засагт үзүүлж байгаа байр суурь, нөлөөг бид сайн тооцох ёстой. Хэрэв алдаа гарсан бол хоёр тал алдаагаа ширээний ард сууж залруулах түүхэн боломж олдлоо гэж бодох хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газар идэвхтэй ажиллаж гэрээгээ сайжруулах хэрэгтэй.

-“Оюутолгой”, “Эрдэнэт”-ийн асуудалд холбогдуулан АН-ын хүмүүсийг шалгаад байна. МАН өөрсдийн хүнийг шалгахгүй байна гэж АН-ын бүлгээс үзэж, байр сууриа илэрхийлсэн. Үүнээс харахад улстөржүүлээд байна уу гэсэн хардлага ажиглагдаж байна. Тийм зүйл бий юу?

-Мэдээж тухайн үед эрх барьж байсан хүмүүсийг шалгаж байгаа гэж би ойлгож байгаа. Шалгалтыг нам хийхгүй. Намаас хийхгүй. Хууль хяналтын байгууллага хийнэ. Тэгэхээр мэдээж энэ асуудалд оролцсон, тухайн үед болсон асуудлыг хамруулсан том шалгалт үргэлжлэх ёстой. Ялангуяа 2008 оны УИХ-иас маш олон зүйлийг тодруулж, эргэж санах хэрэгтэй. Оюутолгойн гэрээ байгуулагдах үед болсон бүх үйл явц, портокол шийдвэрүүдийг авч үзэх ёстой. Намаас үл ялгаж. Яагаад гэвэл тэр үеийн нөхцөл байдал буюу монголын ард түмэнд амласан амлалт, хөрөнгө оруулалт, цаг хугацаа гээд маш олон зүйл өөрчлөгдөнө. Өөрчлөгдөхөд ямар ямар хүмүүс оруулж ирэв, хэн дэмжих, яагаад ийм байдалд оров. Энийг дагавсан ямар нэгэн авлигал, хээл хахуулийн асуудал байна уу гэдгийг шалгах ёстой. Би санаж байна УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2009 онд энэ асуудлыг хөндөж чуулган дээр ярьж байсан. Тэгэхээр тэр үеийн нөхцөл байдлаас хөөгөөд явах хэрэгтэй.

-ХЭДИЙ БОЛТОЛ ИНГЭЖ УЛС ЭХ ОРНОО “ТОМ” ДЭЭРЭМДЭХ ЮМ БЭ-

-“Эрдэнэ”-т үйлдвэртэй холбоотой асуудалд Арбитрын шүүх дээр Монгол Улс ялагдахгүй байх нөхцөл байдал байхад зориуд өөрийнхөө эсрэг ажилчихсан уу гэж хардаж байна.  Яагаад гэвэл нотлох баримт гаргаж ирээгүй нь хууль, хяналтын байгууллага үүнд оролцсон байж болзошгүй. Ингэснийх нь төлөө хариуцлага тооцох хэрэгтэй гэж хүмүүс ярьж, дүгнэж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?  

-Энэ асуудалд хариуцлага тооцох ёстой. Улс эрх орныхоо эрх ашигт санаатайгаар нөлөөлсөн аливаа хүнийг эх орноосоо урвасан гэж үздэг. Урвах тодорхойлолт руу орно. Магадгүй төрийн эсрэг гэмт хэрэг болж хувирахыг үгүйсгэхгүй. Хамгийн их сайн зүйл бол энэ талаарх мэдээ мэдээлэл нийгэмд илүү ил тод болж байна. Олон жил үүнийг хаацайлж нуусан зүйл гарч ирж байна.

Нийгэм уул уурхай, том төслүүдийг тойрсон авлигал, хээл хахуулийн асуудлыг үл тэвчих нөхцөл байдал бий болж байна. УИХ-д мөн адил бий болж байна. Тэгэхээр УИХ дахь Авлигалын эсрэг парламентийн бүлэг энийг эсрэг тууштай явна. Бүх мэдээллийг ил тод болгох талаас нь ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн хуулийн коридор гэх айхтар нэр томъёо гарлаа шүү дээ. Цагдаа, Шүүх, АТГ, Тагнуул дамжсан коридор бий болсон. Дундуураа тэр коридороор гүйлгэдэг. Үүгээр хүнийг ял, хэрэг үүрүүлдэг, өмч хөрөнгөөр нь дарамталдаг, бизнесийг нь булаадаг. Үүнтэй холбоотойгоор өөр өөрсдийгөө хамгаалдаг. Энэ ноцтой зүйл. Үүнийг шалгах хэрэгтэй. Цаг нь болсон хэдий болтол намын ард нуугдаж, улстөр хийж муу муухай бүхнийг хааж, хаацайлах юм бэ. Хэдий болтол ингэж улс эх орноо “ТОМ” дээрэмдэх юм бэ. Ялангуяа уул уурхай болон том төслүүдтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй. Энэ нь цаашид сургамж болог.

-ЦААЗААР АВАХ АМАРХАН. ЦААЗААР АВААД НИЙГЭМД ГАРЧ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН ҮЗҮҮЛЭЛТ БАГАСАХ УУ ГЭДЭГ ҮР ДАГАВАРЫГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ-

-Монгол Улсын Ерөнхийлөгч зарим ноцтой гэмт хэрэг дээр Цаазын ялыг сэргээх тухай санал гаргаж байна. Та цаазын ялыг сэргээх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Бүх насаар нь хорих асуудал. Нэг сонин судалгаа харж байсан. Бүх насаараа хоригдох ял авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь цаазаар аваад өгөөч гэж хүсдэг гэж. Үндсэндээ бүх насаараа нь хорих хүний нийгмийн амьдралд маш давчуу орчинд тусгаарлаж байгаа юм. Тэр бол таатай зүйл биш. Тэгэхээр хүнд ял энэ. Бүх насаараа гянданд хоригдож насны эцсээ үзнэ. Энэ дээр бид сайн ярилцах ёстой. Мэдээж Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээд хууль санаачилж байна. Асуудлыг аль өнцгөөс нь харсан, ямар судалгаанд үндэслэж байгааг нь ярилцах ёстой.

Миний хувьд цаазаар авах ял хоёр талтай. Өнөөдрийн туйлын зөв зүйл, маргааш туйлын буруу болдог гэдгийг бид өнгөрсөн 30 жил харлаа. Хатуу итгэл үнэмшил үнэн байдал маргааш хоосон болж ууршиж замхархыг бид харлаа. Бид 20 гаруй иргэнээ цаазаар авсан түүх бидэнд байна.

-Зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн, тухайн гэмт этгээд өөрөө хүлээн зөвшөөрсөн үед цаазаар авах тухай яригдаж байна? 

-Тэгэхээр сайн ярилцах л хэрэгтэй. Монгол Улс Олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсон. Өмнөх Ерөнхийлөгч энэ хуулийг санаачилж орж ирэхэд нэлээд маргаан дагуулж байсан. Миний хувьд тухай үед байр сууриа илэрхийлж байсан. Цаазаар авах амархан. Нөгөө талаасаа цаазаар аваад нийгэмд гарч буй гэмт хэргийн үзүүлэлт багасах уу гэдэг үр дагаварыг харах хэрэгтэй. Гэх мэт олон талаас нь сайтар харж ярилцах ёстой. Гэхдээ энэ асуудалд улс төрийн хөөрлөө, сэтгэлээр хандаж болохгүй. Энэ дээр яг нийгмийн судалгаа хийдэг сэтгэл зүйн чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй. Энэ гэм бурууг яаж шийдэх нь эцэстээ улс орны хувьд нийгмийн үр дагавар байдаг. Нийгэмд зөв тусах ёстой.

Нөгөө талаасаа хүний ёсноос гажууд зүйл их болж байна. Сүүлийн үед таагүй, халагламаар аймшигт гэмт хэргүүд их сонсогдож байна. Нийгмийн учир шалтгааныг сайн хармаар байна. Хамгийн түрүүнд цус ойртолтын асуудал байх вий гэж би харж байна. Цус ойртолт их явагдсан газруудад ийм хүний ёсноос гажууд гэм хэрэг гарч байна гэж бодож байна. Цус ойртсоноос бол хүний оюун санаанд өөрчлөлт ордог. Эрүүлээр сэтгэж буй чадвараа алддаг. Чадвараа алдаж байгаа зүйл их ажигллагддаг. Ийм маягаар нийгмийн хүчин зүйлсээ ажиглах, судлах хэрэгтэй байна.

Д.Гантулга: Өнөөдөр яллагдагчаар татах тогтоолоо авсан

Найзындаа хонохдоо охин дүүг нь хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга  УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулах талаар албан бус эх сурвалжууд мэдээлсэн. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд иргэн Б.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдож улмаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Хэргийн хохирогч болон нотлох баримт нь ил болсон ч Д.Гантулга гишүүн одоог хүртэл уг хэргийг үйлдээгүй гэх тайлбарыг хэлдэг.  Түүний нэр холбогдсон хэрэг одоо прокурорын түвшинд шалгагдаж байгаа. Тэгвэл шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэрбээр УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрт хүрсэн аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тодруулахад "Гишүүний бүрэн эрхээсээ  татгалзах саналтай байгаа гэдгээ би олон удаа хэлж байсан.   Өөрийгөө шалгуулж, үнэнийг олж тогтоолгоно. Өнөөдөр  яллагдах тогтоолоо авсан учраас үүнээс өөр дэлгэрэнгүй  мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээн хэллээ.

 Пак Гын Хэд шүүхээс 24 жилийн хорих ял оноолоо

Өмнөд Солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хе авилгын гэмт хэрэгт нэр холбогдож өнгөрсөн 2017 оны 3-р сард түүнийг төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорсон билээ.  Түүнийг хээл хахууль төрийн нууц задруулсан эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж баривчилсан юм. Өдгөө 66 настай Пак Гын хе баривчлагдаж хоригдсоноос хойш 1 жилийн гаруйн хугацаа өнгөрч өнөөдөр тус хэргийн шүүх хурал болж өндөрлөсөн байна. Тодруулбал, өнөөдөр  Пак Гын Хэгийн шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс түүнд 24 жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны торгууль ноогдуулсан байна.

Ой тогтоолтын улсын аваргаар дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 8 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 27, 28-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж шилдгүүдээ тодруулжээ. 
Урьдчилсан шатнаас шалгарсан 80 тамирчин сүүлийн шатанд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 3, Их Мастер 3, ОУ-ын Мастер 6, Азийн Мастер 3 буюу 15 олон улсын цолтой тамирчид оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгосон байна. 

Ингээд хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Ш.Наранбат (3535 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (7047 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (6170 оноо) нар тут тус тэргүүлж цом хүртсэн бол нийт оролцсон тамирчдаас нийлбэр оноогоор тэргүүлэн Улсын аваргаар Монголын Оюун Ухааны Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам (7047 оноо) шалгарч хошой аварга болж 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.
ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6170 оноогоор дэд байрт орж 750 мянган төгрөг, гутгаар байрт Орхон аймгийн тамирчин С.Жавхлантамир 5613 оноогоор шалгарч 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Мөн бүх насны ангилалд хэд хэдэн улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тухайлбал, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 5 минутад 1179 цифр (өсвөр, насанд хүрэгчид), 18.72 секундэд 1 багц буюу 52 ширхэг хөзөр (өсвөр), ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 5 минутад 140 үг, З.Тэмүүжин 24.24 секундэд 1 багц буюу 52 ширхэг хөзөр (бага нас), Ш.Наранбат 663 цифр (бага нас) тогтоож алдаагүй санаснаар бага, дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилтыг тус тус шинэчилсэн байна. 

Төв шуудангийн уулзвараас таван шар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана

Өнөөдөр /2018.04.06/ 12 цагийн орчим Төв шуудангийн уулзвараас Таван шарын уулзвар буюу Энхтайвны өргөн чөлөө зүүнээс баруун чиглэлд мөн 13 цагийн орчим баруунаас зүүн чиглэлд тур хугацаагаар хаагдах тул жолооч, иргэд та бүхнийг Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруугын замыг сонгон зорчихыг зөвлөж байна.

Мөн 11:40 минутын байдлаар:

1. Олимпийн гудамж

2. Арслантай гүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл

3. Энхтайвны өргөн чөлөө Улаанбаатар их дэлгүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл

4. Зүүн 4 замаас урагш Нарантуул захын уулзвар хүртэл

5. Төрийн ордны зүүн замаас МУИС-ын уулзвар хүртэл

6. Зайсангийн уулзвараас 120-ын уулзвар хүртэл

7. Их тойруу буюу Баянбүрдээс Өлзий төв хүртэлх автозамуудад тээврийн хэрэгслийн тоо ихтэй, хөдөлгөөн удааширсан байна.

Хөдөлгөөний ачаалал ихтэй үед жолооч та тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зориулалтын талбайд байрлуулах, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ байрлуулахгүй байх, зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг зөвлөж байна. Тус албаны алба хаагчдаас хөдөлгөөний эрчмийг сийрэгжүүлэх, удаан хугацаанд зам хаахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.

Ерөнхий консулын газраас мэдээлэл хүргүүлж байна

Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газраас өчигдөр 2018.04.05-ны өдөр Истанбул хотын Шилжилт хөдөлгөөний газрын дарга Хүсэйин Элгөрмүш-тэй албан уулзалт хийлээ.  Уулзалтад, "e-randevu" буюу гадаад иргэдийн Турк улсад албан ёсны оршин суух эрх авах цахим системээр цаг авах боломжгүй байгаа бөгөөд үүний улмаас уг системд бүртгүүлээд буй Монгол иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв. Уг системд бүртгүүлсэн боловч цаг авч чадаагүй 75 Монгол иргэний нэрс бүхий албан бичгийг уламжилав. Туркийн Шилжилт хөдөлгөөний газрын дарга Хүсэйин Элгөрмүш хэлэхдээ "e-randevu систем дараагийн 7 хоногоос эхлэн асуудалгүй ажиллаж эхлэх бөгөөд цаг авах үйлчилгээ хэвийн явагдана. Энэ хугацаанд цаг авч чадаагүй Монгол иргэдийн талаар анхаарал хандуулах болно" гэв.  Дээрхи системд бүртгүүлж цаг авах үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд Иргэд та бүхэн Туркийн байгуулагаас дурдсан албан хураамжаас өөр төлбөр гуравдагч этгээдэд төлөх шаардлагагүй гэдгийг давхар анхаарна уу.

Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment