УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон цаг, үеийн бусад асуудлаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваагаас дараах зүйлийг тодрууллаа.
- УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээсээ түтгэлзэх өргөдлөө өгсөн. Танай бүлэг түүний асуудлыг хэлэлцээд ямар шийдвэрт хүрсэн бэ?
- Манай бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Гантулгыг аваад үлдэх чиглэл өгөгдөөгүй. Хуулийн хүрээнд шийднэ гэсэн. Өнгөрсөн долоо хоногт прокуророос ирүүлсэн бичиг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын өргөдлийн дагуу Халдашгүй байдлын дэд хороогоор ороод дараа нь УИХ-аар шийдүүлэх ёстой гэсэн шийдтэй явсан. Прокуророос ирүүлсэн албан бичиг Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг УИХ-ын тухай хуулийн 9.1 дэх заалтын дагуу түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн. Гэтэл ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар энэ заалтыг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн их суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ дахин авч хэлэлцэхгүй, ҮХЦ-ийн дээд шатны хурал юм. Тиймээс хуулийг эргэж харах зайлшгүй шаардлага гарсан, УИХ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж хуульчид зөвлөсөн. УИХ-ын гишүүн өөрөө түдгэлзэх өргөдлөө өгсөн. Гэвч хуулиар түдгэлзэх үндэслэл байхгүй. Тиймээс бүх зүйлийг хуулинд нийцүүлж шийднэ. Энэ долоо хоногт УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах зохицуулалт хийж, Д.Гантулга гишүүний асуудлыг шийднэ гэж байгаа. Түүнээс бус Д.Гантулга гишүүнийг хамгаалахаар МАН чиглэл өгөөгүй
- Прокурор цэц дээр унасан заалтад үндэслэн хүсэлтийг өргөн барьсан ч Үндсэн хуулин дээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт байгаа. УИХ Үндсэн хуулиа бариад ажиллаж болохгүй байгаа юм уу?
-Би өөрөө хуульч хүн биш учраас нарийн тайлбарлаж чадахгүй байна. Хуульчдын зүгээс УИХ цэц дээр унасан заалтыг үндэслэж, гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж болохгүй. Мөн Үндсэн хуулийн 29.3-ийг дангаар нь барьж болохгүй гэж зөвлөж байгаа. Ямар ч тохиолдолд УИХ хуульдаа нийцэж ажиллах учиртай.
- Өнөөдөр бүлгийн хуралдаанаар зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
- Бүлгийн хуралдааны үеэр зээлийн хүүг бууруулах асуудлыг УИХ нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж бид үзсэн. Мөн тендерийн хуулиа эргэж харах чиглэлд ажлын хэсэг гарган ажиллахаар боллоо. Бид Нийслэлийн түгжрэлийг сааруулах чиглэлд мөн байр сууриа нэгтгэж, төрийн бодлогоос үүдсэн төвлөрлийг сааруулах нь зүйтэй гэж үзлээ. Ер нь санхүүгийн төвлөрөл хэт бөөгнөрч байгааг бид анхаарч үзэх шаардлагатай байна.