8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг сарын хугацаатай хорьж, Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирсэн өдөр

2018-04-12 18:40:00

Зургаан жилийн өмнөх энэ өдөр буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө АТГ-ын ажилтнууд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дөрвөн автобус цагдаагийн албан хаагч, нэг автомашинтай тусгай албаны ажилтнууд  оролцон баривчилж байсан. Тодруулбал, Монголд анх удаа төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгчөө хүч хэрэглэн баривчилж байсан түүхтэй.  Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг хашсан цор ганц хүн байдаг нь Н.Энхбаяр. Гэтэл үүнийг ч харгалзахгүй төрийн тэргүүн байсан хүнээ гутлыг нь ч өмсгөлгүй хүнлэг бусаар баривчилж, оймсыг гозолзуулан хорих анги руу авч явж байсан. Тэгвэл зургаан жилийн дараа энэ өдөр Монгол төрийн өндөр албан тушаал хашиж байсан хоёр Ерөнхий сайдыг нэг сарын хугацаатай хорих шүүхийн шийдвэр гарлаа. Ерөнхий сайд асан С.Баяр шүүх хуралд онлайнаар оролцож,  "Өнөөдөр би 30 хоног хоригдох, баригдах нь сонин биш. Харин Оюулгойн гэрээтэй холбоотой асуудлаар Монголын хоёр Ерөнхий сайд байсан хүнийг хорилоо гэдэг нь олон улсын хэмжээнд хэрхэн нөлөөлөх үү. Монгол улсын нэр хүнд олон улсад унах вий. Оюутолгойн хувьцаа унах асуудал, улмаар монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх вий" гэж байр сууриа илэрхийлээд авсан. Ямартай ч аль засгийн үед дэндүү пээдгэр Ерөнхий сайд асан С.Баяр,  Улс эх орныхоо хөгжлийн асуудалд түүчээ болж зүтгэнэ гэж байсан Ч.Сайханбилэг нар нэг сарын хугацаанд хоригдохоор боллоо.  Үргэлжлүүлэн шинэ сонин мэдээллээр дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

А.Ариунаа: С.Баярыг цагдан хорих үндэслэл нь буруу

Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хорих эсэхийг шүүх шүүх хурал Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Хурлын дараа Ерөнхий сайд асан С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа мэдээлэл өглөө. С.Баяр буюу манай үйлчлүүлэгч шүүх хуралд онлайнаар оролцсон. Ингэхдээ шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлсэн байна.  

Ерөнхий сайд асан С.Баяр: 

Тэрбээр "Өнөөдөр би 30 хоног хоригдох, баригдах нь сонин биш. Харин Оюулгойн гэрээтэй холбоотой асуудлаар Монголын хоёр Ерөнхий сайд байсан хүнийг хорилоо гэдэг нь олон улсын хэмжээнд хэрхэн нөлөөлөх үү. Монгол улсын нэр хүнд олон улсад унах вий. Оюутолгойн хувьцаа унах асуудал, улмаар монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх вий" гэж байр сууриа илэрхийлсэн байна.

С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа:

Миний үйлчлүүлэгч С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-н өдрийн 18:00 цагийн үед шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан. Ингэхдээ гэмт хэргийн баримт нотолгоог гээх, үрэгдүүлэх, устгах, зөөвөрлөх гэсэн үндэслэлээр баривчилж, цагдан хорьсон. Энэ үндэслэлийг үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Яагаад гэвэл С.Баярыг баривчилсан гол зүйл нь Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал. Оюултолгойн гэрээг байгуулснаар энэ хүн их хэмжээний авлигал авсан гэж 10 гаруй жил ярьж байна. Энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримт өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архивт хадгалагдаж байгаа. Гэтэл түүнийг зөөвөрлөх, устгах, үрэгдүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр баривчилсан нь буруу. Мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, мэдээлэл байгаа гэсэн үндэслээр цагдан хорихоор болсон нь буруу”  гэв. 

Л.Данзанноров: Төрийн жолоог атгаж байсан хоёр ЕС-ыг зэрэгцүүлж суулгаж байгаад ачаад аваад явлаа

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдан хорих тухай шүүх хурал өнөөдөр Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал дуусаж шүүхийн шийдвэрийн танилцуулсны дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноровоос шүүхийн шийдвэрийн талаарх байр суурийг нь сонслоо.  

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров: 

Тэрбээр "Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгийг баривчилсан асуудал хууль ёсны дагуу байсан эсэх, цаашид сэжигтнээр цагдан хорих үндэслэлтэй эсэх асуудыг хэлэлцлээ. Шүүх 30 хоногийн хугацаатайгаар баривчлах шийдвэрийг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргалаа.  Харамсалтай нь энэ шийдвэр хуулийн дагуу гарсангүй гэж үзэж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг зөрчлөө. Энэ асуудлаар бид дараа дараагийн шатны шүүхэд хандана.  Манай үйлчлүүлэгч гэрчээр байцаагдах хуудас хүлээж аваад АТГ-ын дуудсан цаг үед, дуудсан газарт нь очсон. Гэтэл манай үйлчлүүлэгчийг 3 цаг гаруй байцааж цагдан хорьсон.  Монгол Улсын төрийн жолоог атгаж байсан хоёр Ерөнхий сайдыг хоёр цаг зэрэгцүүлж суулгаж байгаад бараг зэрэг ачаад аваад явлаа.

 Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайд байсан учраас энэ хүн төрийн тусгай хамгаалалтад байх ёстой. Учир нь Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын хууль гэж байна. Энэ хууль буугаагүй байхад төрийн хамгаалалтад байгаа хүний зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу баривчилдаг. Төрийн тусгай хамгаалалтын хугацаа 4 жил хүчинтэй байдаг. Энэ хуулийг зөрчиж баривчилсан.

Гэрчийн хувьд онцгой шалтгаантай гадаад амьдарч байгаад ирсэн. Хуулийн байгууллагаас ирүүлсэн албан хуудас бүрт тодорхой  хариу өгч байсан.  Хэргийг өөр байдлаар шалгах боломж бий. Энэ хэрэгт улстөрийн ямар нэгэн нөлөө байх вий гэсэн хардлага бидэнд байна. Учир нь өмнөх Засгийн газар, танхимаараа нийтээр шийдсэн шийдвэрт зохиомлоор хандаж байгаагааг үгүйсгэхгүй.  Энэ асуудалд онцгой анхаарах цаг болсон. Улстөрийн шинэ цаг үеийн шинэ хоригдлуудыг гаргаж байгаа нь буруу." хэмээн тайлбар мэдээлэл өгөв. 

М.Даваажаргал: Токиогийн наадмыг аавтайгаа хамт үзнэ гэж бодож байлаа. Харамсалтай байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат энэ сарын 9-ний өдөр өвчний улмаас таалал төгссөн харамсалтай үйл явдал болсон. Талийгаачийн бага хүү Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал аавыгаа бурхан болоход эх орондоо байгаагүй бөгөөд Сүмогийн тойргийн барилдаанаас чөлөө авч өчигдөр эх орондоо ирлээ. 

Монголын Домогт их аваргын отгон хүү Хакүхо М.Даваажаргал “Хоёр жилийн дараа болох Токиогийн зуны олимпийн нээлтийн ажиллагаа дээр дохёд гарах ёслол хийж, аавдаа харуулах мөрөөдөлтэй байлаа. Токиогийн наадмыг хамт үзнэ гэж бодож байлаа. Харамсалтай байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Хакүхо М.Даваажаргал энэ сарын 14-нд  Япон руу буцах юм байна. 

С.Баярыг суллуулахаар тохирсон гэх мэдээлэлд УИХ-ын дарга М.Энхболд тайлбар өгөв

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорьсон. Тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр  Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс Ерөнхий сайхан асан Ч.Сайханбилэгийг 30 хоног баривчлах шийдвэр гаргасан юм.  Тэгвэл цахим орчинд Ерөнхий сайд асан С.Баярыг суллахаар тохироо хийсэн гэсэн мэдээлэл цацагдаж эхлэв. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд нөлөөлж байгаа гэх таамаг мэдээлэл гарсан. 

Уг  мэдээллийн хариуд УИХ-ын дарга М.Энхболд цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлж хариу мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр “Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ. Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү” хэмээн  бичжээ.

Ц.Магалжав: Л.Чинбат гэгч хүн Бөхийн өргөөг хүчээр эзэлж авах талаар ярилцсан байна

Сүүлийн үед МҮБХ хоёр талзаж, нэлээд маргаантай байгаа. Өнөөдрийг хүртэл Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн хэн болох нь тодорхойгүй хэвээр байна. Өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн тэргүүлж буй холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд “Улсын заан Ц.Магалжав “Өчигдөр Л.Чинбат гэгч хүн Монгол телевизийн байранд залуу бөхчүүд хүүхдүүдийг цуглуулан Бөхийн өргөөг хүчээр эзэлж авах талаар ярилцсан байна. Ийм учраас өнөөдөр бид нар яаралтай хэвлэлийн бага хурал хийж байна. Улсын дээд шүүхийн 403-р тогтоолын дагуу гэх Л.Чинбат нарын 2017 оны 5-р сарын 28-ны өдөр хуралдуулсан Цэцдийн зөвлөлийн хурал нь өөрөө хууль бус. МҮБХ-ны дүрэм, МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас /хүчин төгөлдөр гээд байгаа 2002 оны Их эеээс сонгогдсон тэргүүлэгчид шүүх баталсан “Ээлжит ба ээлжит бус Их эеийн төлөөлөгч сонгох журам”-ыг зөрчин дутуу бүрэлдэхүүнтэй хууль бус цуглаан зохион байгуулж МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг сонгосон юм байна.  Энэхүү үйл явдал нь МҮБХ-ны тэргүүлэгчид цэцдийн зөвлөлийн эрхэнд халдсан нь бас хууль бус үйлдэл” хэмээн хэллээ.  

Ш.Батхүү: Буруутай үйлдэлдээ тохирсон шийтгэлээ хүлээнэ

Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сард ил болсон. Тус хэргийн улмаас Жастын Ш.Батхүүг АТГ-аас саатуулаад  1 сар болж байна. Тэрбээр хоригдохоосоо өмнө C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж амжсан байна. Түүний ярилцлагаас "ОНЦЛОХ 30" ишлэлийг бэлтгэн хүргэж байна.


 

  1. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Ш.Отгонбаяр ажиллаж байсан үеэс эхлэн тус үйлдвэртэй хамтарч ажиллаж эхэлсэн.
  2. 2013 оноос хойш миний бүх бизнес зогссон.
  3. Зэсийн баяжмал ачилт зогссоны дараа Стандарт банк дээр асуудал үүссэн.
  4. Том мөнгө ор мөргүй алга болно хэзээ ч байхгүй.
  5. Стандарт банкны асуудлаар 7 жил шалгагдаад явж байна.
  6. Хадгалмж банкыг Оросуудаас 33 сая ам.доллараар худалдаж авсан. Буцаагаад төрд өгсөн.
  7.  Жаст-Ойл компанийг Магнай трейд компанид шилжүүлж өгсөн. "Магнай трейд" компани өр төлбөрийг төлөхөөр тохиролцсон.
  8. Өмнө нь 10 сар хоригдоод өвчний улмаас хорихоос суллагдсан.18 настай байхаасаа эхлээд сахарын өвчинтэй болсон. Өнгөрсөн жил 50 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан.
  9. 2009 онд 36 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлэхдээ хуурамчаар гарын үсэг үйлдсэн.
  10. Буруу юм хийсэн. Буруутай үйлдэлдээ тохирсон шийтгэлээ хүлээнэ.
  11. Харин өөр юм над дээр наахыг зөвшөөрөхгүй.
  12. "Эрдэнэт" үйлдвэр  санхүүгийн хариуцлага үүрэхгүй гэдэг гэрээ хийсэн. Тэр гэрээгээ гаргаж өгөөгүй байж байгаад шүүх дээр уначихсан. 
  13. Эрдэнэт үйлдвэр дээр гурван гэрээ хийгдсэн. 28 хуудас. Хуудас болгон дээр хуурамч гарын үсэг зурсан. 
  14. Баригдвал би хариуцлага хүлээнэ гэж байр сууриа илэрхийлсэн. Харин "Эрдэнэт" үйлдвэр хариуцлага хүлээх боломжгүй. 
  15. Оргиналь гэрээгээ өгөхгүй явж байгаад "Эрдэнэт" үйлдвэр уначихсан. Яагаад гэрээгээ гарахгүй уначихав. 
  16. "Эрдэнэт" үйлдвэр мөнгө төлөхгүй ш дээ. Хэсэг хүмүүс л дэвэргээд байна. 
  17. Нэгэнт хуурамч гэрээ юм чинь шийдвэр нь хүчингүй байдаг. Мөнгийг нь өгөхгүй байж болно. 
  18. Надад буруутай үйлдэл бий. Харин надаас болж Эрдэнэт унасан гэвэл тэр нь шиг худлаа юм байхгүй.  
  19. Давж заалдах эрхээ санаатай унагасан гэж бодож байна. 
  20. Уг нь юмны учир олдоно.  
  21. Эрдэнэтийг гадагшаа гаргаж хувааж идэх сонирхол зарим хүмүүст  байна уу гэсэн сэрдэх сэтгэл төрөөд байна. 
  22. С.Баяр дарга хэзээ ч нөлөөлж надад Зэсийн баяжмал авч өгөөгүй.
  23. С.Баяр, Ганзориг дарга нар дээр ороод  ингэж зээл авах гэсэн юмаа гээд ярьвал шууд хөөж гаргана. Ямар хуурамчаар үйлдэнэ гэж хэлэх юм уу. 
  24. Жинхэнэ үнэнээ л би ярьж байна. Өчнөөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгалаа.
  25. Амьдрал бол байнгын тэмцэл. Ялж болно ялагдаж болно.
  26. Хийсэн хэрэгт харамсаж байгаа хоёр юм байна. 1.Надад итгэж байсан Стандартынхныг эвгүй байдал оруулсан. Тэд нар чинь миний дотны найзууд. 2.Хамгийн их харамсаж байгаа зүйл нь муу ээжийнхээ насыг хэдэн жил хороолоо доо.
  27. Зам дээр би машин бариад явж байсан нь үнэн. Арын суудал дээр Монголын эдийн засаг, стандарт гээд хоёр хүн сууж явсан. Би аваар хийгээд онхолдсон. 
  28. Миний нэг мэдэрсэн юм бол надтай хамт 10 сар хамт миний ээж хамгийн их зовж, хамт байлаа. Ээжийгээ л нэлээд зовоолоо.
  29. Айвал бүү хий. Хийвэл бүү ай гэдэг шүү дээ. Хэзээ нэгэн цагт үнэн л олдоно.
  30.  Алдаа хийсэн ч , онож явсан ч би гэр бүлдээ үнэ цэнэтэй юм байна. 
Анхаар: Нисэхийн замд ноцтой осол гарчээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн замд өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан байна.

Ослын дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн зургаан албан  хаагч 14:04 цагт очиход, иргэн Б /41 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн байна. Харамсалтай нь иргэн А ГССҮТ-д хүргэгдэх замдаа нас баржээ.Мөн автобусанд зорчиж явсан З /12 настай, эмэгтэй/ хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.3 хувийг 15-34 насныхан байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд гуравдугаар сарын эцэст 34.2 мянга болжээ. Үүнээс 23.1 (67.6 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.1 (32.4 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 11.3 (32.8 хувь) мянган хүнээр, өмнөх сараас 1.5 (5.9 хувь) мянган хүнээр буурч, 23.1 мянга болсны 12.1 (52.5 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна.

Ажилгүй иргэдийн 7.5 (32.4 хувь) мянга нь Улаанбаатарт, 4.7 (20.5 хувь) мянга нь Баруун бүсэд, 4.6 (19.7 хувь) мянга нь Төвийн бүсэд, 3.6 (15.5 хувь) мянга нь Хангайн бүсэд, 2.7 (11.9 хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.



Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний улиралд ажилгүй 18.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 3.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 17.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.



Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 0.7 (3.6 хувь) мянган хүнээр буурч, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.2 (7.6 хувь) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 0.4 (15.4 хувь) мянган хүнээр өсчээ.

Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хувьд ажил хайж буй шалтгаанаар нь задлан харахад хамгийн өндөр хувийг ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд буюу 46.4 хувь нь эзэлж байна.

Ажилгүй иргэдийн 44.3 хувийг бүрэн дунд, 31.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 8.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.5 хувийг суурь, 2.0 хувийг бага, 1.3 хувийг магистр, доктор, 1.0 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.


Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.3 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Говьсүмбэр, Өвөрхангай, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон, Архангай, Сэлэнгэ,Төв, Дорнод, Дорноговь аймгуудад улсын дунджаас 1.8-21.4 пунктээр илүү байна.
 

Төв цэвэрлэх байгууламжид хэт авиан тоног төхөөрөмжийг суурилууллаа

Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 1200-1500млаг ялгардаг. Тус ялгарсан лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр хэт авиан тоног төхөөрөмжийн ажиллагаа хэр байгаатай газар дээр нь очиж танилцлаа.

Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавин Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж засвар шинэчлэлт, тоног төхөөрөмж шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах, Төв цэвэрлэх байгууламжийн урд ТЭЦ-ийн үнсэн сангийн баруун талын 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжих, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг ажлыг 2016 оноос хийж хэрэгжүүлсээр байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Бехийн ергее овоо л орлогтой газар юм бна
2018/04/12 27.123.214.103
zochin
2- Prime Minister буруу юм хийсэн бол хоригдоол биз. Олон улсад хэн л тоов гэж Өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм. Эцсийн эцэст Монгол улсын эрх ашиг хэзээд 1 тавигдах естой
2018/04/12 43.242.243.110