8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Чинзориг: Бүх нийтийн амралт бямба ням гарагт таарвал ажлын өдөр нөхөн амраана

2018-04-13 12:53:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг нийт гишүүдийгн 75.6 хувийн саналаар дэмжлээ. Энэ үеэр гишүүд саналаа хэлж, хууль санаачлагаас асуулт асууж хариулт авсан юм. 

Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой эрх зүйн заалтууд цаашлаад цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, амралт гээд бүхий л харилцааг энэ хуулиар зохицуулж өгөх юм. 

"Хамгийн явдалтай хууль бол Хөдөлмөрийн хууль" 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Хөдөлмөрийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаагүй байвал хариуцлага тооцохоор байгаа. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олноор нь ажиллуулсан бол хэрхэн дэмжих юм гэдэг дэмжлэг байхгүй байна. Бид цагийн хөдөлмөрийн хөлсийг хуулиар тогтоож яагаад болохгүй гэж. Цагийн ажлын систем рүү орох цаг нь болсон гэж бодож байна. Тиймээс энэ асуудлыг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Хөдөлмөрийн хуульд ажлын байрны тогтвортой байдлын хамгаалалт тусгагдаагүй байна. Харин ч бөөнөөр нь ажлаас халах зохицуулалтыг нэмээд оруулчихсан байх юм. Ингэхээр чинь аж ахуйн нэгжүүд жаахан хүнд байдалд орохоороо л ажилчдыг бөөнөөр нь ажлаас нь халахаар байна" гэлээ.

Ажлын хэсэг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тогтоодог. Засгийн газар дангаараа тогтоож ирсэн. Сүүлд 2011 онд ажил олгогчдын төлөөлөлтэй олгож байгаа. Хуульд тодорхой тоо тогтоож болдоггүй. Тодорхой хүчин зүйлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоодог. Энэ хавар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох асуудлыг ярилцана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахтай холбоотой тухай албан байгууллагын ажлын нөхцлийг сайжруулах төсөл явж байгаа" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Хамгийн явдалтай хууль бол Хөдөлмөрийн хууль байдаг.  Ажил олгогч, ажилтны эрх ашгийг тэнцвэржүүлэх вэ гэдэг анхаарлын төвд байдаг учраас маргаан дагуулж байгаа. Монголд үйлдвэрчний хөдөлгөөн 1920-иод онд байгуулагдсан ч өнөөгийн МҮЭХ-г төлөвшүүлж чадаагүй байгаа бид. Энэ парламент зөв тэнцвэрийг зохицуулах шаардлага байна. Ажил амралтын цагийн нийлбэрийн харьцааг бусад орны жишигтэй ижил байна уу. Хүмүүсийн дунд амралт их байна гэх шүүмжлэл яваад байна" гэж асуув. 

Ердийн цагийн ажил долоон цаг байна гэж тусгасан 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Ажил амралтын цагтай холбоотой өөрчлөлт оруулаагүй. Долоо хоногийн ажлыг цаг 40 цагаас илүүгүй, ердийн өдрийн цагийн ажил долоон цаг гэж байгаа. Нийтээр амрах өдөр амралтын өдрүүдэд таарсан бол ажлын нэг өдөр нөхөж амардаг байх зохицуулалт оруулж өгсөн. 12 жилийн дунджаар үзэхэд нийтээр амрах өдөр жилд гурав өдөр нь амралтын өдөртэй давхацдаг юм билээ. Тиймээс ийм зохицуулалт оруулж өгсөн. Нийтээр амрах өдөр долоо хоногийн амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөрт шилжүүлдэг амардаг туршлага олон оронд байдаг. Нөгөө талаар олон амралтын өдөртэй буюу 14 хоногоос дээш бүх нийтийн амралтын өдөртэй 127 орноос Монгол Улс эхний 30-д багтаж байгаа гэсэн судалгаа байна. Тиймээс энэ асуудлыг  ажлын хэсэг дээр дахин ярилцана" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "100, 500, 1000-аас дээш ажлын байр бий болгож байгаа хүмүүсийг хөдөлмөрийн хуулиар яаж дэмжих зохицуулалт оруулж байгаа юм бэ. Ямар ямар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна вэ. Цалин хөлс тавьж үзээгүй, нэг ч татвар төлж үзээгүй хүмүүс боловсруулсан хууль учраас дэмжих боломжгүй" гэлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай олон жил зөвлөмж авч ажиллаж байгаа. Зөвхөн зөвлөмжөөр бус Монголын хөрсөнд буусан, ажил олгогч, ажилтны эрх үүргийг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарч ажиллаж гэж бодож байна. Энэ хууль өөрөө аль аль талын эрх ашгийг тэнцвэржүүлэх зорилготой. Ажил олгогч, МҮЭХ зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтарч, санал солилцож, саналыг нь тусгахыг хичээж, ажлын хэсгийн хүрээнд ойлголцоогүй саналуудаа тусгахаар ажиллаж байна. Ажил хаялтыг өргөжүүлсэн зүйл байхгүй гэдгийг дахин хэлмээр байна. Зөвхөн сонирхлын маргааны үед ажил хаялт хийх зохицуулалт оруулж өгсөн. Аль аль талынх нь эрх ашгийг тусгах гэж хичээсэн гэж бодож байна"гэв. 

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зз
Тийм шдээ.амралт ихдээд байгаа юм байхгүй
2018/04/14 103.229.121.48
Хулан
Ашгүй дээ. Гэр бүлдээ зарцуулах цаг гарах нь. Амралт ихэдлээ л гэх юм. Надад лав тэр амралт нь цаг наргүй ажиллаж, өдрийг өнгөрөөдөг бид нарт гэр бүлдээ цаг гаргах боломж олгодог гэж боддог.
2018/04/13 202.72.245.165