8o
Улаанбаатар хот
mobile menu

Ус бохирдуулсны төлбөрийг багасгажээ

2018-04-13 16:23:35

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас  өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа  Нийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлагатай байгаа талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулгадаа дурдлаа. 

Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн  хуралдаанаараа хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй  гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, О.Содбилэг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, М.Оюунчимэг нар  Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авч, санал хэллээ. Гишүүдийн зүгээс ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулсны шалтгаан нөхцөл,  хуулийн төсөлд усаа цэвэршүүлж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах, зохицуулалт тусгасан эсэхийг илүүтэй тодруулсан. 

Ажлын хэсгийнхэн хариултдаа, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд  батлагдсан хэдий ч хэрэгжиж эхлээгүй өдийг хүрсэн. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгжид оногдох татварын дарамтыг багасгахын тулд ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулсан. Төлбөрийг тооцохдоо ус бохирдуулсан бодис, хэмжээг нь нарийвчилан тооцсон аргачлалыг гаргасан. Энэ аргачлалд заасны дагуу аж ахуйн нэгжийн усны хэрэглээ, цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа усны бохирдлын хэмжээ, бодисны орцоос хамаарч төлбөр нь харилцан адилгүй байгаа. Тухайлбал, энэ аргачлалаар тооцоход нэг аж ахуйн нэгжид 3.3 сая төгрөгийн төлбөр ногдуулна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа бохир усаа цэвэршүүлэх шинэ техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг тодорхой хэмжээгээр татвараас чөлөөлөхөөр тусгасныг онцолж байлаа. 

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,4 хувь нь дэмжив. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Өмнөх хуулиа хэрэгжүүлж чадаагүй, одоо хуульд өөрчлөлт оруулж байгаль орчныг хамгаалах зорилтоосон ухарч байгааг юү гэж үзэх вэ. БОАЖЯ -нд гадаадынханд худалдагдсан, төрийн мэдээллийг хулгайлж ...
2018/04/14 182.160.1.167